sonin.mn

10 дугаар хорооллын буудлаас автобусанд суув. Зорчигчдын ихэнх нь залуучууд. Тэр дундаа оюутнууд болох нь өмссөн зүүсэн хувцас, үүрсэн цүнх савнаас нь тодорхой. Тэдний хувьд визагаа үзүүлээд л ногоон гэрлээр үнэгүй зорчих эрх нь нээлттэй. Энэ удаад ч тэр эрхээ эдлэв. Дараагийн буудал дээр 40 орчим насны эр ес, арваад насны жаахан хүүгийн хамт орж ирэв.

 

Хүүхэд нь биеэр бага юм. Кондуктор тэрхүү эрд тасалбар өгсний дараа хүүхдээс нь учиргүй мөнгө нэхэж эхэллээ. Наад хүүхдийнхээ билетийг авч чадахгүй юм бол яах гэж автобусанд орж ирсэн юм бэ ч гэх зэргээр “уран үгийг” хайр найргүй цацав. Аав нь бололтой эр “Харин мөнгө алга” гэдгээс өөр үг хэлсэнгүй. Амьтан хүнээс санаа зовж байгаа бололтой ийш тийшээ гэм хийсэн аятай хялалзана.

 

Хүүхэд нь гэнэн цайлган зангаар хий дэмий л аав руугаа наалдана. Кондуктор бүр ширүүслээ. Дараагийн буудал дээр буу гэж ирээд тачигнаж гарав. Харин нэгэн 30 орчим насны залуу “Хүн учраа хэлж байна шүү дээ. Наад хүнээ хүүхэдтэй нь буулгачихаар яаж гэр рүүгээ явах юм бэ. ийм жаахан хүүхдээс мөнгө нэхэх муухай биш үү” гэж хүнд байдалд орсон хоёрыг өмөөрөв.

 

Кондуктор энэ үгэнд бүр ширүүсч 7 наснаас дээш мөнгөөрөө зорчих ёстой. Чи муу мал яаж мэддэг юм бэ гэж хэл амаа билүүдэх нь соёл ертөнцөд хар толбо үүсгэх мэт эвгүйг яана. Өнөөх залуу харин зүгээр доромжлуулаад байхыг хүссэнгүй. “Харин мал гэвэл чи байна даа. Уг нь хуулиараа 12 наснаас дээш л мөнгө төлөх ёстой. Наадах чинь харваас жаахан хүүхэд байна.

 

Танай хувийн компани л 7 наснаас гэж заасан болохоос биш 12 нас хүрээгүй хүүхдээс мөнгө нэхэх ёсгүй” гээд хатуухан хэлчихэв. Бусад хүмүүс ч дуугүй байсангүй “Оюутан нэртэй баахан хүн автобусыг дүүргэчихээд үнэгүй явж байхад чи нэг жаахан хүүхдээс мөнгө нэхэхээсээ ичээч. Энэ төмөр чинь даахгүй байна уу" гэх зэргээр кондуктор руу “асав”.

 

Олны дайралтад хүчэн мөхсдсөн мөнгө хураагч арай л зөөлөрч “Над руу арслан бар шиг агсраад яах вэ. Тэр автобус компанид очиж хэл” гэж учирлав. Автобусанд “гал асч" байх хойгуур үүдний хажуу талын сандалд тухалсан 40 хэвийсэн насны эгч бүр их эгдүүцсэн бололтой кондукторт хандаж ширүүхэн үг чулуудав. Түүнтэй хэд гурван үг солив.



-Хүүхдээс мөнгө авах нь ер нь зөв үү?

-Би буруу л гэж боддог. Манайх 3 хүүхэдтэй. Нэг нь ч яахав. Том болчихсон. Ажил хийдэг юм. Харин хоёр нь бага. Сургалтын чанарыг нь бодоод бид 4 дүгээр хороололд сургуульд явуулдаг юм. Тэр хоёроос маань мөнгө нэхээд их хэцүү байдаг. Ирэх, очихын 400, нийлээд 800 төгрөгийг автобусанд төлдөг. Бүхэл бүтэн талхны мөнгө шүү дээ. Нөхөр маань бие муутай. Би ганцаараа ажил хийдэг. Автобусны үнэ ер нь дарамт болдог. Ядаж байхад энэ автобусны мөнгө хураагчдын ааш занг яанаа. 

   

-Та тэгээд автобусанд сард хэдийг төлж байна вэ?

-Манай гэр Ханын материалд байдаг. Харин ажил маань Амгаланд. Хоёр дамждаг гэхээр чинь сард 50 мянга орчим төгрөгийг зөвхөн унаанд өгч байна. Хоёр хүүхдийнх үүнээс арай бага. Тэгэхлээр нийлээд 80 мянга орчим төгрөгийг автобусанд зарлагдаж байна даа. Хэрэв хүүхдээс мөнгө авахаа больчихвол их л нэмэртэй юм даа.



-Хоёр хүүхэд чинь сард хүүхдийн 20 мянган төгрөг авч байгаа биз дээ?

-Мөнгө өгөөд, түүнийгээ автобусанд буцаагаад авчихаар ямар хэрэг байхав дээ. Уг нь тэр 20 мянгыг хүүхдийнхээ хөгжилд зориулаасай гэж өгч байгаа гэж би боддог.


Эгч үүнээс өөр зүйл ярихыг хүссэнгүй. Ер нь энэхүү автобусанд яваа хэд хэдэн хүнээс санаа бодлыг нь сонсов. Үндсэндээ 90 хувь нь хүүхдээс мөнгө авахыг эрс буруушаасан юм. Хамгийн гол нь нас биенд хүрсэн оюутнууд визагаар үнэгүй зорчиж байхад ирээдүй болсон алаг үрсээс мөнгө нэхэж дарамтлахыг ихэнх нь буруушааж байлаа.

 

Нээрэн ч тэдэнд ямар орлого гэж байх биш. Энэ утгаараа эцэг, эхчүүдэд л хүндээр тусна. Өөрөөр хэлбэл, албан ёсны төлөх төлбөр дээр нь өөр төлбөрийг шууд үүрүүлж байна гэсэн үг. Нөгөө талаас хүүхдээс мөнгө авахгүй болчихвол автобус дампуурах мэтээр ярьж, учирладаг. Үнэн хэрэгтээ тасалбараа тасалдаггүй кондуктор маш олон бий.

 

Билет нэхэхээр манайх хувийнх гээд зорчигчдыг хээв нэг даажигнадаг кондуктор захаас аван элбэг. Энэ мэтдээ дүгнэлт хийж арга ажиллагаагаа боловсронгуй болгоогүй цагт автобус тасалбарын үнээ хэчнээн удаа нэмээд ч, хүүхэд багачууд гэлгүй мөнгө шуудайлаад ч байдал нь өөрчлөгдөхгүй нь тодорхой.

 


Өөрөөр хэлбэл, менежментийн шинэ бодлог хэрэгжүүлэхгүй зүгээр л урсгалаар өдрийнхөө орлогодоо найдаад явбал ард иргэдийн нуруун дээрх ачаалал өдөр ирэх бүр нэмэгдэх биз ээ. Ялангуяа хүүхэд багачуудаасаа мөнгө нэхэж сэтгэхүйд нь дарамт учруулахаа болих цаг болжээ.


Д.Дорж

Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ”