sonin.mn
Монгол сайхан. Хаана байна, манайх шиг эрх чөлөөтэй улс?
Монголд бүх юм чөлөөтэй. Хуулийг хуулийн дагуу зөрчиж болдог.
2019 оны гуравдугаар сарын сүүлчээр Баабар нар Монголын төр, нийгмийн хамгийн нэр цэвэр хүмүүсийг цуглуулж, “Электорат” хөдөлгөөн гээчийг байгуулснаа зарлаж байв.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө Баабар “Төр дэх хулгайчдын тоог цөөлцгөөе” гэдэг гарчигтай нийтлэл бичсэн байдаг. Түүндээ  “...Нэр дэвших 76 өрсөлдөгчийг олон түмнээр жилийн турш хэлэлцүүлэх ба үүнийг нь шалгаруулж сонгуулийн урьдчилсан жишиг хянах “Электорат” хэмээх хөдөлгөөн байгуулах саналтай байна. Электоратууд нь олон нийтэд танигдсан, нийгэм улс төрийн талаар гайгүй ойлголттой, олны ярьдгаар “нэр цэвэр” ийм хүмүүс байг. Тэдний хэн нь ч өөрснөө сонгуульд нэр дэвшихгүй” гэж бичжээ.
 
 
 
“Электорат” хөдөлгөөн байгуулсан тухай анх зарлахдаа гаргасан тунхагт “...Энэхүү хөдөлгөөн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субъект биш. Юуны өмнө 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилготой юм. Улмаар бие даан нэр дэвшигчдийн дундаас олон түмний шалгуурт нийцсэн хэсгийг шалгаруулан дэмжих үүргийг “Электорат “хөдөлгөөн хүлээх болно.
 
 
 
“Электорат” хөдөлгөөний гишүүд нь, олон нийтэд танигдсан, нийгэм-улс төрийн талаар гайгүй ойлголттой, олны итгэлийг хүлээсэн хүмүүс төдийгүй өөрсдөө сонгуульд нэр дэвшихгүй гэж үзэж байна.
Ингэснээр тодорхой тооны бие даан нэр дэвшигчдийн ард нь олон түмний итгэл найдварыг хүлээсэн, нэр хүндтэй хүмүүсийн сайн дурын эвсэл байх юм” хэмээж байлаа.
Баабар ч тэр үеэр хэвлэлд ярихдаа “...Бид бие даан нэр дэвшигчдэд зөвхөн зөвлөж ажиллана. Нөгөө талаасаа хэний ч эсрэг сурталчилгаа явуулахгүй. “Электорат” хөдөлгөөн сонгууль дуусахаар үйл ажиллагаагаа бүрэн зогсооно. Бүрэн зогсооно гэдэг нь цаашдаа өөрсдийн дэвшүүлж гаргасан хүмүүсээр далимдуулж  хэн нэгэн нь ашиг сонирхолд хүрэхгүй гэсэн үг” гэж байжээ.
“Электорат” хөдөлгөөний гишүүдийг олны танил, сонгуульд нэр дэвшихгүй, ямар нэгэн ашиг сонирхол хөөгөөгүй, хөдөлгөөний нэр дэвшүүлж байгаа хүнийг дэмжих, хэний ч эсрэг сөрөг сурталчилгаа хийхгүй гэсэн шалгуураар сонгосон хэмээн мэдээлж байв.
“Электорат”-ыг байгуулагчид хөдөлгөөнөө анх “Бие даагчдыг дэмжих хөдөлгөөн” гэж нэрлэж байжээ. Хөдөлгөөн байгуулах цугларалт дээр олонхийн саналаар “Зөв хүнээ дэмжих хөдөлгөөн” болсон байна.
Ерөөс “Электорат” нь зөв хүн байвал хэнийг ч дэмжинэ. Бие даагч гэдэг бол Монгол Улсын өнөөдөр үйлчилж байгаа хуулиар намын гишүүн ч байж болно, нам бус ч байж болно гэж бас ярьсан.
 
 
 
2019 оны зун, наадмын өмнөхөн “Электорат"’ хөдөлгөөний III чуулган болсон. Энэ чуулганаар “...“Электорат” хөдөлгөөн нь улс төрийн дунд, доод шатны албан хаагч, Монголын нэр хүндтэй эрдэмтэн сэхээтнүүд, уран бүтээлчид, алдар гавьяатнууд нийт 2000 гаруй иргэнд хандан захидал илгээж саналыг нь нэгтгээд 563 хүнийг “Хууль тогтоох байгууллагад сонгох боломжтой” хэмээн тодорхойлон, саналаа ирүүлсэн байна” гэсэн дүгнэлтийг хэлэлцүүлж байв.
 
 
 
Мөн өвөл арваннэгдүгээр сард “Электорат” хөдөлгөөний IV чуулга уулзалт болж, тус хөдөлгөөнөөс 2020 оны сонгуульд улс орныг зөв чиглүүлж чадах улс төрчдийн судалгааг явуулсныг танилцуулж байв.
“... Гурван удаа явуулсан судалгаанд иргэдийн санал өөрчлөгдөлгүй 60 гаруй хувь нь цоо шинэ, мэдлэг боловсролтой, залуу улс төрийн хүчин гаргаж ирэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, улс төрд байгаа МАН, АН-ын рейтинг төдийлөн өндөр байж чадсангүй. Гэхдээ энэ нь сонгуулийн дүн гэсэн үг биш, зөвхөн судалгаа. Сонгуулийн дүн нь сонгуулийн тухай хуулиар дамжин  илэрхийлэгддэг зүй тогтолтой. Харин судалгааны үр дүнгээр намууд бодлогоо тодорхойлох хэрэгтэй” гэсэн тайлан яригдаж байлаа.
Ингээд 2020 он гарч сонгуулийн уур амьсгал орж, улс төрийн намууд, улстөрчид бужигнаж эхлэхэд “Электорат” үлдсэнгүй. Тэд 2020 оны гуравдугаар сарын 20-нд ХҮН, МСДН, ЗЁН-тай нэгдэж “Зөв хүн Электорат” эвсэл  байгуулжээ. Мөн оны тавдугаар сарын 16-нд “Зөв хүн Электорат” эвсэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлав. Ер нь ч тэгээд “Электорат” хөдөлгөөн УИХ-д нэр дэвшүүлэх эрхтэй эсэх нь ихээхэн эргэлзээтэй байдаг. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1-д “....Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй”, 6.2-т “...Сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож, нэр дэвшүүлж болно” гэж заасан. “Электорат” хөдөлгөөн бол нам биш. Тэгэхээр эвсэл үүсгэх боломж байхгүй.
Маш ноцтой нь “Электорат” хөдөлгөөний зарим гишүүн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн амлалтаасаа буцав. Угтаа тэдний энэ амлалт л олны итгэлийг тодорхой хэмжээнд хүлээхэд хүргэж байсан юм. 
Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр, “Ийгл” телевизийн хөтлөгч Б.Жаргалмаа нар МАН-аас, нийтлэлч, нийгэм судлаач Д.Түмэн-Өлзий “Зөв хүн Электорат” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшив.
 
 
 
Амьдрал дээрх олон зөв хүмүүсийг цуглуулж, нэр хүнд, нөлөөгөөр нь олны анхаарлыг татаж чадсан “Электорат” хөдөлгөөний зорилго нь өөрөө зөв байж чадах уу. Энэ хөдөлгөөний санхүүжилт, зохион байгуулалтыг Баабараар дамжуулж хэн хийдэг вэ. УИХ-д нэр дэвшигчдийг мөнгө санхүүгээр дэмжиж байна уу, хүн хүчээр дэмжээд байна уу. Дэмжсэн нэр дэвшигчид нь сонгогдвол тэднээс юу хүсэх вэ.
 
 
 
Нэгэнт эргэлзээ төрүүлсэн учраас ийм олон асуулт хөвөрч гарч ирж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд, “Электорат” бол монголчуудыг молигодсон америк механизм ажээ. Эхнээсээ худлаа амласан, хуурч молигодсон хөдөлгөөний ард хэн байгаа нь маш сонирхолтой юм шүү. Тиймээс “Электорат”-д эргэлз, “Электорат”-ынхнаас эмээ!!!
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин