sonin.mn
Гарчигнаасаа үнэн ханхалж байна уу. Уянгаа жижигхэн нь үнэн. Ерөөсөө жижигхэн байгаа нь ч үнэн. Тэр 2012-2016 онд парламентын гишүүн байлаа. Час час хийтэл дуугардаг том гишүүн байлаа. Гэтэл 2016 оны сонгуульд ялагдсаныхаа дараа парламентын гишүүн байсан хүнд төрөөс өгдөг мөнгөн тусламжийг авах гээд Төрийн ордноор гүйж явсан байгаа юм. УИХ-ын Тамгын газарт ажилладаг түшмэдүүд ч шоолон инээлдэж. “УИХ-ын гишүүн байсан юм байж иймхэн мөнгөний араас гүйдэг байна шүү” гэцгээжээ. Нээрээ л дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажилласан атлаа мөнгөгүй буугаад явчихаж мань Уянга. Үнэхээр жижигхэн байна даа, Уянгаа минь...
 
Бид нэг салбарынхан, нэг үеийнхэн. Нэгнээ сайн мэднэ. Сайн сэтгүүлч байлаа, тэр. Гэнэт л сэтгүүлзүйгээс зодог тайлж, гудамжны тэмцэгч болчихсон юм.
 
Жагсана, сууна, өлсөнө, шаардана. Жирэмсэн байхдаа Сүхбаатарын талбайн хөлдүү чулуун дээр өлсгөлөн зарлаж голыг минь гогодсоноос хойш түүний тэмцлийг би л хувьдаа сайн анзаарах болсон юм. Хөл хүнд хүнийг өөрсдийнхөө эрх ашгийн өмнөөс төв талбайд өлсгөлөн зарлуулсанаа ард түмэн минь тийм ч сайн ухаараагүй л өдий хүрсэн дээ. Энэ утгаараа улс төр хатуу юм билээ. УИХ-д 4 жил суухдаа Ерөнхийлөгч Элбэгдоржийг огцруулахаар УИХ-д тогтоолын төсөл өргөн барьлаа. Огцрохгүй хүнийг барьж авч шоудлаа гэцгээв. Нээрээ л МАНАН- гийн толгойлогч явсан Ц.Элбэгдорж яасан ч гэж огцрох билээ. Харин Г.Уянгын энэ үйлдэл олон нийтэд анхаарлын тэмдэг болж үлдсэнийг хожим нь болж өнгөрсөн үйл явдлууд олонтаа нотолсон. Байнгын тэмцэл дунд амьдралаа барж, жагсаж, эсэргүүцэж, өлсөж сурсан Г.Уянга нэг удаа уйлсан юм. Тусгаар тогтнолын намыг байгуулж гишүүд дэмжигчид олноор бүчих яг тэр мөчид. Тэмцэлд хатуужсан, жирэмсэн байхдаа ч өлсгөлөн зарладаг Уянгаа уйллаа гэж үү... үнэхээр жижигхэн байгаа биз. Г.Уянгыг даргаар нь ажиллаж байхад олон түмэн тойрч нягтарч байсан намыг том намын том агаа нар нэг гэмт хэрэгтэн явуулаад булааж авахад Г.Уянгааг би уйлах байх гэж бодсон. Гэтэл уйлсангүй. Дахиад л тэмцэлд боссон. Гэхдээ би Г.Уянгыг гэртээ очоод нөхрийнхөө энгэрт тэврүүлээд уйлсан даа гэж боддог. Үгүй ч байж мэднэ дээ, хатуу сэтгэлтэй галзуу хүүхэн юм чинь... 2016 оны УИХ-ын сонгуулиар би Г.Уянгыг гарцаагүй сонгогдох хүмүүсийн нэг гэж тооцлоо. Гэтэл Эрдэнэчимэг гишүүн Төрийн ордонд тамхи татаад нэг үг хэлдэг бичлэг гараад ирлээ. Тэр бичлэгийг Г.Уянга хийсэн гэсэн яриа өвсөнд ассан түймэр шиг дэгдлээ. Би л хувьдаа Эрдэнэчимэг гишүүнийг дэмжигчдийн нэг байсансан. Ингээд гайгүй рейтингтэй явсан Эрдэнэчимэгийн нэр хүнд газар доогуур орж дагаад Г.Уянга годройтлоо. Хоёулаа УИХ-д гарсангүй. Хайран юм... Одоо бодоход л харамсмаар. Г.Уянгаад дургүй хүрлээ. “Хэргийн эзэн хэрээний хоол” гэж бодов.
 
Харин сүүлд сонсох нь ээ тэр бичлэг Г.Уянгын гар утсаар бичигдээгүй юм билээ. Хотын дарга асан тэр бичлэгийг хийчихээд өндөр үнээр зарж хоёр бүсгүйн нэр төрийг гутаажээ. Дахиад Г.Уянга дөрвөн жил завсарлав.
 
Харин энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэхэд нь дургүй хүрлээ. Бие даагч төрд юу ч хийж чадахгүй. Монголд хэрэгжиж байгаа эрх зүйн орчноор зөвхөн нам л төрийн эрхийг барина. УИХ-ын бүтцийн байгууллагаар дамжуулан бодлого гарна. Бүтцийн байгууллага болоход мөн л нам байх ёстой. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг сайхан үг байдаг ч өнөөгийн улс төрд яавч тохирохгүй. УИХ-д Уянга заавал байх ёстой улстөрч. Харин бие даагч байх юм бол түүний хатуу чанд байр суурь хадны цуурай мэт сонсогдоод л өнгөрнө. Г.Уянга шиг улстөрч бие даагчаар сонгогдчихвол... УИХ-ын танхим дотор үймүүлж гүйхийн оронд төрийн хууль дэглэж байх ёстой атал... Гэхдээ тэр УИХ-д байх ёстой. Яаая даа байз... Гэтэл АН-ын гишүүнчлэлээ сэргээж АН-аас Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр боллоо. Байх ёстой газраа очиж, хэлэх ёстой үгээ хэлж байхаар болов. Олоон жилийн өмнө Г.Уянга АН-ыг дэмжигч байсан, АН-ын гишүүн байсан. Гэвч намаасаа гарч хэд хэдэн нам дамжсан гэх. Тээр жил АН-ынхан нэлээд хэдэн улстөрчөө хөөж үзэгдэл боллоо. Гомдогсод нийлж МҮАН гээчийг байгуулаад МАХН-тай эвсэл болж УИХ-д орж хэдэн суудал авсаны нэг нь жижигхэн Г.Уянга. Дараа нь тэр Тусгаар тогтнолын намыг байгуулсан ч буцаагаад алдчихсан. Гэхдээ эх орноо, ижий ааваа, хань нөхрөө сольж гүйгээгүй л бол нам хэмээх байнгын үзэл бодлын зөрчил дунд орчих хөдөлгөөнт цул дүрсний хаана нь, хэн явах нь тийм сонин гэж үү.
Г.Уянга эх орноосоо урвасангүй. Харин урвагчдын аянга явсан.
 
Г.Уянга эр нөхрөө голж, үр хүүхдээ өнчрүүлсэнгүй. Харин ч өнчин ядуус, охид бүсгүйчүүдийг өмөөрч дуугарсан.
 
Г.Уянга газар шороогоо зарсангүй. Харин ч газар нутгаа цөлмөгчдийн эсрэг тэмцэж, Ноён уулыг Монголын хаадын өлгий, хөх түүхийн тамга хэвээр нь үлдээхийн төлөө тэмцсэн. Энэ бүгдэд тэр ялжээ. Байнгын зөрчил тэмцэл, атаа жөтөө, өшөө хорслын дунд өрнөх улс төрийн тэмцэлд Г.Уянга аянга шиг явсан атлаа гэртээ, үр хүүхэд, эр нөхөртөө энгийн нэгэн эзэгтэй, ижий яваа нь гайхам. Түүний ФБ хуудсыг уншдаг хүн бүхэн үүнийг мэднэ дээ. Хатуу чанд, хад чулуу шиг улстөрч бүсгүйн хаанаас нь гардаг уянга вэ гэмээр...
Хэрэггүй мэт боловч сонин гаргалгаа бас байна. Улс төр гэдэг юмтай зууралдаад, орооцолдоод л эхэлбэл нэр цэвэр явах улстөрч гэж бараг алга. Үүнийг та ч мэднэ, би ч мэднэ. Заавал нэг юм байдаг. Лиценз, тендер, ЖДҮХС-г тононо... Бүр аргаа ядвал төрийн сангийн мөнгөөр сурчихаад төлбөрөө төлөхгүй зугтана. Өөрөө биш бол үр хүүхдээ сургана. Төрөл саднаа албан тушаалд томилуулна. Харин Г.Уянгыг энэ бүхнээс аль нэгэнд нь орооцолдож явсаныг мэдэх хүн байна уу. Би 22 дахь жилдээ ажиллаж байгаа мэргэжлийн эрэн сурвалжлах сэтгүүлч. Г.Уянгатай холбогдох ганц ч зүйл олоогүй. Олдох ч үгүй. Жижигхэн Г.Уянгын том дүр, том нэрийн хуудас бол энэ. Г.Уянга том болжээ. Сүүлийн 20 жилийн тэмцэл нь жижигхэн Г.Уянгыг том болтол нь давтаж өнөөгийн нэр төрийг нь дархалж өгчээ. Сэтгүүлч сэтгүүлчээ магтах зэвүүн байдаг юм. Ядахдаа нэг үеийн, авьяас чадвар ойролцоо явсаны хувьд Г.Уянгыг магтах, саймширах нь надад тийм ч таатай биш байна. Нэг муу хор шар яваад байдаг бололтой дог. Гэхдээ үнэнийг үнэн гэж хэлж чадахгүй юм бол би сэтгүүлч байгаад юугаа хийнэ. Хэлэх ёстой үгийг хэлэх ёстой цагт нь хэлж чадахгүй юм бол ган үзэг барьж яана би. Том хүний том байгааг мэдэж хүлээн зөвшөөрнө гэдэг бас л зовлон юм байна шүү. Яг энэ үед эзэн Чингис хааны Алалтун бэхи охиноо алсын газарт бэр болгож мордуулахдаа захиж хэлсэн үг санаанд бууж байна. Их хаан “Бүсгүй хүнд гурван эр буй. Анхны эр нь алтан төр. Дараах эр нь ариун нэр. Удаах эр нь авсан эр болой. Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр аяндаа буй болно. Ариун нэрийг бөхлөн явахад авсан эр ангид үл одно” гэсэн гэдэг. Г.Уянгад энэ гурван эр гурвуулаа буй. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн анддаа агуу Чингис хааны энэ алтан захиасыг хэлж өгөөд ард нь баттай зогсож үлдье дээ... Г.Уянга минь.
 
Л.Мөнхбаясгалан