sonin.mn
Түүний тухай өнөө үеийнхэн төдийлөн мэдэхгүй байх. Арга ч үгүй юм. Дэлхий ертөнцийн улс орнууд “хавтгай” болох тухай мөрөөдөөд ч нэмэргүй байсан 1970, 1980-аад оны үед тэрбээр капитализмын мөлжлөг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг цогтой тэмцэгч байлаа. Түүнийг Дин Рид гэх бөгөөд АНУ-ын нийгмийн томоохон зүтгэлтэн, кино жүжигчин, дуучин нэгэн байсан юм. Тэрбээр 1938 оны наймдугаар сарын 22-нд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын ойролцоох сууринд Сирила Рид багшийн гэр бүлд төрсөн байна. Түүний ээж Анна Рут гэрийн ажилтай байжээ. Эднийх гурван хүүхэдтэй байсны хамгийн бага нь Дин бөгөөд Верн, Дейл гэх хоёр ахтай. Дин 12 настайгаасаа гитар тоглож эхэлсэн бөгөөд 18 нас хүрмэгц, Колорадогийн их сургуульд цаг уур судлалаар суралцжээ. Энэ хугацаанд тэрбээр баар, клубэд гитар тоглодог байснаа сургуулиа орхиж Холливудыг зорьсон байна. Дараа нь Лос-Анжелес, Калифорноор зорчиж, дуу хөгжмийн “Capitol Records” студитэй бага хэмжээний гэрээ байгуулжээ. Түүний хөгжмийн сонсголыг мэдэрсэн тус студи хэд хэдэн пянзыг нь бичиж, үндэсний телевизээр ч гаргаж амжсан байна.
 
1961 онд түүний “Бидний зуны романс” цомог нь хэвлэгдэж, түүнийг нэрд гаргасан төдийгүй Латин Америкт ч дуунууд нь түгэн тархаж, Элвис Преслигээс ч илүү алдар хүндийг авчирчээ. Тэрбээр Аргентинд үлдэхээр шийдэж, тэнд байхдаа дууныхаа альбомыг гаргаж, кинонд тоглож бас телевизийн хөтөлбөртэй болоод түүнийгээ хөтөлдөг болсон байна.
 
Нөгөө талаар улс төрийн үйл хэрэгт оролцож, Вьетнамын дайн, цөмийн зэвсгийн эсрэг утга агуулгатай концерт тавьдаг байсан нь Аргентины эрх баригчдын дургүйцлийг төрүүлж, нэг удаа түүнийг гэртээ байхад нь буудаж байжээ. Тиймээс 1966 онд Аргентинаас явж, Римд нэлээд хэдэн жил амьдрахдаа АНУ-ын зүгээс Вьетнамын эсрэг хийж буй дайныг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулж, баривчлагдаж ч байв. Дараа нь Чилийн Сантьяго хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яамны өмнөх талбайд Америкийн төрийн далбааг шатааснаас болж хэдэн өдөр баривчлагдсан байна. Эдгээр он жилүүдэд тэрбээр Чилийн социалист ерөнхийлөгч Сальвадор Альендагийн улс төрийн ажил хэрэг, сонгуульд тусалж байсан аж.
 
 
Дин ЗХУ /хуучин нэрээр/-д олон удаа ирж байсан бөгөөд тэнд амьдрахыг хүсч, Москвад байртай ч болжээ. Зөвлөлтийн ард түмэн түүнд хайртай байсан төдийгүй тэрбээр Байгаль-Амурын төмөр зам /БАМ/-ын бүтээн байгуулалт дээр олонтаа очиж, залуучуудтай нөхөрлөж, энэ аварга том ажлын тухай олон дуу зохиосон байдаг. Дин Рид 1973 онд БНАГУ-д хүрэлцэн очиж, дуугаа дуулж, кинонд тоглохын зэрэгцээ улс төрийн үйл ажиллагаагаа ч орхисонгүй. Тэрбээр 1973 онд Чилийн дарангуйлагч Пиночетийн цэргүүдэд алагдсан дуучин Виктор Харагийн гэгээн дурсгалд зориулж, түүний амьдрал, тэмцлээс сэдэвлэсэн “Дуучин” гэдэг киног бүтээж, гол дүрд нь өөрөө тогложээ. Мөн дэлхийн хамгийн том улс төрч Сальвадор Альенда, Ясир Арафат нартай нөхөрлөж явсан төдийгүй Өмнөд Ливанд зочилж, Тунис дэх “Сальва” зочид буудалд гэргий Ренат Блюм, өргөмөл хүү Александр нартай цөөнгүй хоногийг өнгөрөөж байсан ажээ. 1986 оны зургаадугаар сарын 13-нд Зүүн Берлиний ойролцоох Цойтен нуурын эргээс түүний цогцос олджээ. Түүнийг живж нас барсан гэж албан ёсоор зарласан ч хожим Штаз дахь архивын баримт, нотлох материал зэргийг үндэслэн үйлчилгээ өндөртэй нойрсуулах эм хэрэглэснийг баталжээ.
 
 
Тэдгээр баримт дотор Дин Ридийн гэрээслэл байсан гэдэг. Түүнийг Берлинд оршуулсан ч хожим гэр бүлийнхний нь хүсэлтээр 1991 онд Боулдер дэх Грин-Маунтиний оршуулгын газарт шарилыг нь шилжүүлжээ. Дин найман насны зөрүүтэй Рамона, Наташа гэх хоёр охинтой байсан нь эхнэр Патриса, Вибка нараас төрсөн байна. Хожим 1981 онд Зүүн Германы алдарт жүжигчин Ренат Блюмтэй гэрлэсэн бөгөөд хүү Александраг өргөж авсан байдаг. Түүнээс өмнө Эстонийн жүжигчин Эвэ Кивитэй цөөнгүй жил хамтран амьдарч байжээ.
 
ТҮҮНИЙ ТОГЛОСОН “ДУУЧИН” КИНО ХАМГИЙН АЛДАРТАЙ ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛ НЬ БАЙЖЭЭ
 
Дин Ридийн дуулсан “Белла Чао”, “Хава Нагила” зэрэг олон дуу нь капитализмын дарангуйлал, Вьетнамын эсрэг хийж байсан АНУ-ын дайныг эсэргүүцсэн утга агуулгатай бөгөөд түүний тэмцлийг социалист системийн орнууд, тэдгээрийн дотроос БНАГУ, ЗХУ илүүтэй талархан дэмждэг байжээ.
 
 
 
Сонирхуулахад, нэрт дуучин, нийгмийн зүтгэлтэн Дин Рид тухайн үеийн БНМАУ-д зочлон ирж, “Дэлхийн хамгийн жаргалтай хүүхдүүд Монголд байна” гэж хэлж байсан удаатай. Тэрбээр Монголын хүүхэд багачуудтай хийсэн уулзалт дээр Чилийн эх оронч, дуучин Виктор Харагийн “Венсеремос” дууг толилуулж байжээ.
 
 
 
Түүний “Зүүний арга мэх” пянзыг Зөвлөлтийн “Мелодия” фирмд бичиж, тэр үеийн социалист бүх оронд хэдэн сая хувиар хэвлэн тарааж байлаа. Дээрх дуу бичлэгийн фирм 1966 оноос хойш таван удаа Дин Ридийн дууны бичлэгийг студидээ хийж, пянз болгож хэвлэсэн байна. Тэрбээр эмгэнэлтэйгээр нас барахаасаа хэдхэн долоо хоногийн өмнө “Deutscher Fern-She Funk” теле компанийн “Дин Рид ба түүний дуунууд” хөгжмийн шоунд оролцсон байдаг. Уг шоу концертод Михаил Тучный, Людмила Солоденко, Нил Якобс болон бусад олон орны дуучин, жүжигчид ая дуугаа өргөж байжээ. Дин Рид дэлгэцийн авьяаслаг жүжигчин байсан бөгөөд 20 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээж, заримыг нь өөрөө найруулсан байна.
 
 
 
Тэрбээр 1960 онд “Цорын ганц эцэг” кинонд дуучин Диний дүрийг бүтээсэн нь дэлгэцийн анхны бүтээл нь байлаа. Дараа нь “Миний анхны бүсгүй", “Зоррогийн ач хөвгүүд”, “Бухарт”, “Үхэл хүртэл 20 алхам”, “Сабата минь, баяртай” “Ногоон арлын дээрэмчид”, “Китийн адал явдал”, “Цуст ахан дүүс” зэрэг аж байдал, хайр дурлал, адал явдалт олон арван кинонд тоглосноос хамгийн алдартай нь Виктор Харагийн тухай “Дуучин” хэмээх кино юм.
 
 
 
 
Түүнийг улс түмний найрамдал, империализмын эсрэг эв санааны нэгдэл, энхтайвны төлөө тэмцэлд оройлон оролцож, түүнд зориулан олон арван дуу бүтээсний учир 1979 онд Лениний комсомолын шагналаар шагнаж байжээ. Зөвлөлт-Оросын алдарт дуучин Земфира Рамазанов нэгэн дурдатгалдаа “Би таван настайдаа Дин Ридэд ухаангүй дурлаж, бүр Америк явна гэж ээждээ хэлтэл “Тэнд чинь хүмүүс үрэгдэж, бөөн эмгэнэл болж байхад юу ярина вэ,чи. Би л лав түүний нэг ч дууг санахгүй байна” гэж зэмлэж билээ” хэмээн бичжээ. 2000-аад оны эхээр Америкийн кино од Том Хэнкс түүний тухай “Эрхэм рок-од” нэртэй кино хийхээр завдсан ч төслөө хэрэгжүүлж чадаагүй гэдэг. Харин Оросын Амурын хязгаарын Тында хотын нэгэн гудамжийг түүний нэрэмжит болгожээ.
 
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин