sonin.mn
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас “Байгаль эн тэргүүнд” аяныг өрнүүлсэн. Тус аяны талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.АНУРАТАЙ ярилцлаа.
 
-Экологийн цагдаагийн алба “Хогоор бүү хорло” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд ямар ажлууд зохион байгуулж байна вэ. Хотын болон аяллын дүрэм, “Хог хаягдлын алтан дүрэм” зэрэг сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийнэ гэсэн. Чухам ямар ажил байх вэ?
 
-ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Уг аяны хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйл Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн “Хотын болон аяллын дүрэм”, “Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг хийж байна.
Тодруулбал, энгийн аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын талаарх мэдээллийг Олон нийтэд өгөх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөн иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс ирэх сарын 10-ны хооронд сарын хугацаанд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, “Монкон” группийн хэрэгжүүлж буй “Мандала Гарден” төсөл, “М-Си- Эс Кока-Кола” хамтран хэрэгжүүлж байна.
 
-Олны танил эрхмүүд ч аяныг их дэмжин оролцож байна. Одоогоор хэчнээн хувь хүн, компани аяныг дэмжин хамтарч ажиллахаар болоод байна вэ?
 
-Олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажилд нийгмийн олон талт салбар төлөөллийн идэвх оролцоо шаардлагатай. Манай аянд өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарын 12, барилгын салбарын 12, нийтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найм, эмийн салбарын хоёр аж ахуйн нэгж нэгдэж хог хаягдлын менежментийн чиглэлд дотооддоо тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Хог хаягдлын асуудал хэсэг бүлгийн бус нийтэд хамааралтай учир иргэдээс ч идэвх оролцоогоороо олон шинэлэг бүтээлч ажлыг санаачлан өрхийн хэмжээнд шийдэл гарцыг бий болгосон мэдээллээ бидэнд ирүүлж байна.
 
-Урьд нь танай байгууллага “Ногоон дуу хоолой” аяныг бас зохион байгуулсан. Аян хэр үр дүнтэй болсон бэ?
 
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сан WWF-тай хамтран улсын хэмжээнд “Ногоон дуу хоолой”, “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна" уриан дор “Байгалиа хамгаалъя” олон нийтийн соён гэгээрүүлэх арга хэмжээг дөрөвдүгээр сарын 15-наас нэг сарын хугацаатай зохион байгуулсан. Энэ хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 11 шторк, хууль бусаар мод бэлтгэх, ан агнах, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, байгаль орчныг бохирдуулах, химийн хорт бодистой холбоотой зорилтот найман нэвтрүүлэг, шалгалт явуулсан хоёр нэвтрүүлэг, ухуулга нөлөөллийн 25 постер, олны танил 19 хүнийг аянд нэгдүүлэн уриалга гаргуулж, цахим шууд дамжуулалтыг бэлтгэн, нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд хүргэсэн. Мөн арга хэмжээний хүрээнд 42 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 39, зөрчил 65-ыг илрүүлэн шалгаж, 64 зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж, 775 иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө өгч ажилласан байна.
 
 
 
Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг энэ оны I улиралд нийт 216 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 97 хэргээр буюу 81.5 хувиар өссөн. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн 8125 хэргийн 2.7 хувийг эзэлж, илрүүлэлт 15.9 хувьтай байна. Нийт гэмт хэргийн 196 буюу 90.7 хувь нь орон нутагт, 20 буюу 9.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад орон нутагт бүртгэгдсэн гэмт хэрэг 92 хэргээр буюу 88.5 хувиар, Улаанбаатарт бүртгэгдсэн гэмт хэрэг таван хэргээр буюу 33.3 хувиар тус тус өссөн нь хяналт, шалгалтыг чанартай зохион байгуулсны үр дүн юм.
 
 
 
-Бид дахин ашигладаг бүтээгдэхүүнийг сонгосноор байгаль дэлхийд үлдэх хогийг бага хэмжээнд ч болов бууруулна. Иргэд энэ тухай мэддэг хэрнээ хэвшил болгож чадахгүй юм. Жишээлбэл, гялгар уут маш удаан жил байгаль дэлхийд уусдаггүй хог гэж мэднэ. Гэхдээ нэг удаа хэрэглээд хаях уут биш даавуун уут сонгож хэрэглэдэг иргэн ховор шүү дээ. Зориулалтын бус газарт хогоо хаях, голын эрэгт машин угаах гэх зэрэг зөрчилд хуулийн дагуу иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
 
-Хог хаягдлаа зориулалтын бус газар хаях, усны сан бүхий газар машинаа угаасан зөрчил үйлдвэл торгуультай болохыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдэд байнга анхааруулж хэлдэг. Манай албанаас нийслэлийн Туул, Улиастай, Сэлбэ зэрэг голын эрэг ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтаар ажиллахад иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслийг угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил ихээр үйлдэж байсныг баримтжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулсан. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд усны сан бүхий газарт хог хаягдал хаях, машин техник, бохир зүйл угаах, усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг/100 мянган төгрөг/, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй /нэг сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Үүний дагуу иргэн аж ахуйн нэгжид арга хэмжээ авдаг.
 
-Монгол Улс жилд хэчнээн тонн хог хаягдал гаргадаг вэ. Дахин боловсруулах боломжтой хог хаягдал хэр хэмжээнд гардаг бол?
 
-2000 оноос өмнө хүмүүсийн хэрэглээнээс үүсэх хог хаягдлын бүтэц бараг тодорхой байжээ. Үүнээс хойш хүмүүсийн хэрэглээний соёл, бүтээгдэхүүний нэр төрөл, эрэлт хэрэгцээ хурдтай өөрчлөгдөж, үйлдвэр, ААН-ийн тоо ч эрс нэмэгдсэн. Тэр хэрээр хог хаягдлын хэмжээ ч эрс ихэссэн. Ялангуяа сүүлийн дөрвөн жилд хог хаягдлын хэмжээ огцом өссөн. Улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ жил бүр 500 мянган тонноор нэмэгдэж байна гэсэн БОАЖЯ-ны албан ёсны тоо бий. Нэг иргэн өдөрт дунджаар 270-900 грамм хог хаядаг гэсэн судалгаа ч гарсан. Энэ их ахуйн хог хаягдлын 40 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой цаас, хуванцар сав, хөнгөн цагаан лааз, шил гэх мэт бүтээгдэхүүн эзэлдэг.
 
-Хог хаягдлын цэгийн стандарт гэж бий юү. Нийслэлд ил задгай нэг гуу жалганд хог хаясан л харагддаг шүү дээ. Улаанбаатарчууд өдөрт хэдий хэмжээний хог гаргадаг бол?
 
-Нийслэлийн хэмжээнд томоохон гурван хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3000 тонн хог гардгаас 100 тонн нь Цагаан давааны хогийн цэгт ирдэг бөгөөд үүнийг ландфилл буюу дарж булах технологиор устгадаг. Дахин боловсруулах боломжтой, боломжгүй гэдгийг иргэд ангилан ялгадаг байх шаардлагатай. Өндөр хөгжилтэй орнуудад дарж булах технологийг ашиглахаа больж, аль болох бүрэн хэмжээгээр боловсруулах үйлдвэрлэлийн арга технологид шилжсэн байдаг.
 
-Бид байгаль дэлхийн ашиг шимийг хүртэж амьдардаг. Гэтэл уул уурхайн компаниуд байгалийн нөөц баялгийг хүртчихээд эргээд нөхөн сэргээлт хийхгүй байгаа тухай баримт дэлгэгдсэн байсан. Энэ тохиолдолд нөхөн сэргээлт хийхгүй байгаль дэлхийг сүйтгэж байгаа аж ахуйн нэгж иргэдэд хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
 
-Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн газарт шинжилгээ явуулахад байгаль орчны хохирлын үнэлгээг тооцох эрх бүхий хувийн хэвшлийн байгууллагыг шинжээчээр томилж, 1-5 сая төгрөгийн хөлс төлдөг. Хэргийн газрын үзлэгээр авагдсан хэмжилтүүд гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр өөрчлөгдөж хохирлыг бодитой тооцоход хүндрэл үүсгэдэг. Одоогийн мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол зөрчилд тооцож, өөр газарт хууль бусаар олборлолт явуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож байна. Энэ хоёр үйлдэл нь ашиг олох зорилготой газрын хэвлийд халдаж байгаа хууль бус үйлдэл юм. Уул уурхайн олборлолтоос үүдэн Монгол Улсад 27 мянган га газар эвдэрч сүйдсэн бөгөөд үүний 8000 га-д нөхөн сэргээлт хийх шаардлагатай.
 
-Экологийн цагдаагийн албаны алба хаагчид ямар үүрэг хариуцлага үүрч ажиллах вэ. Албан тушаалынхаа хүрээнд байгальд хог хаяж бохирдуулж буй иргэдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх эрхтэй вэ?
 
-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Экологийн цагдаагийн албыг байгуулсан. Манай алба Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн хэлтэстэй. 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, байцаагч нийт 170 алба хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албыг байгуулсан гэж хэлж болно.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин