sonin.mn

УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт “Та Бидний Эвсэл”-ээс нэр дэвшиж буй МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Буяагийн Тулга, эдийн засагч Дашаагийн Бямбасүрэн нар өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

 

 

Эдгээр төлөөлөгчид Сонсголын бэрхшээлтэй иргэдээ төлөөлөн санал бодлоо солилцохоор ирсэн бөгөөд одоо эрхэлж буй ажил, цаашид ямар ажлууд төлөвлөснөө танилцуулсан юм. “Та Бидний Эвсэл” нь мөрийн хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагч нарт зориулсан 10 заалт бүхий нэг бүлэг зорилтыг тусгасан. Эдгээр зорилт хэрэгжиж эхэлбэл бидний нийгэм, эрхзүйн орчинд томоохон дэмжлэг болох юм гэдгийг төлөөлөгчид онцлон сайшааж, нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

 

 

Төлөөлөгчдийн мэдээлснээр, сонсголын бэрхшээлтэй 10 орчим хүн санаачлан 1000 гаруй иргэнийг хамруулах Хөгжлийн төв байгуулан төвийнхөө байрыг тохижуулж эхэлсэн байна. Энэхүү төв нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг нэгтгэн тэдний хамтдаа сурч хөгжих орчинг бүрдүүлэн, ирээдүйд нь хөтөлсөн бодлого зорилтууд хэрэгжүүлэн ажиллах зорилготой сайн дурын үндсэн дээр байгуулагдаж буй анхны төв гэдгээрээ онцлог юм.

 

 

Энэхүү төвийг үүсгэн байгуулагч “DEAF CLUB OF MONGOLIA” клубын залуус засварын ажлаа өөрсдөө гардан хийж байгаа бөгөөд засварт шаардагдаж буй материалын зардлыг “ТӨСӨЛ Хөгжлийн төв” гаргаж байгаа аж.  “ТӨСӨЛ Хөгжлийн төв” нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан онлайн сургалтаас олсон бүх орлогоо энэхүү засварын ажилд хандивлаж байгаа бөгөөд төслийн менежментийн нэгдсэн ойлголтын талаарх онлайн сургалт авах, сонирхох хувь хүн албан байгууллагыг хамтран ажиллахыг уриалсан юм.