sonin.mn
Сонгогчдын эрх, боловсролын талаар “Нээлттэй нийгэм форум”-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхантай ярилцлаа.
 
-Ард түмэн төр барих эрхээ сонгуулийн үеэр эдэлж, төлөөллөө сонгодог. Гэтэл сонгогчдын эрх зөрчигддөг асуудал тасардаггүй. Энэ нь сонгогчдын боловсрол сул байгаатай холбоотой юу?
 
-Сонгогчдын боловсролыг ярихаас өмнө сонгуулийн мөн чанарыг ойлгох хэрэгтэй.  Сонгууль гэж юу вэ гэдгийг Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 25 дугаар зүйлд “Сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох эрхтэй гэж тодорхойлсон.
Энэ ойлголтыг задалж үзвэл бүх нийтийн гэдэгт сонгуулийн эрх бүхий иргэн бүгд сонгуульд оролцох эрхтэй” гэж заасан.
 
Харин сонгуулийн эрх гэдэгт зүй ёсны хязгаарлалтууд байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, насны хязгаар, шүүхээс хорих ял шийтгэгдсэн иргэдээс бусад бүх хүн сонгуульд оролцох эрхтэй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй, гадаадад амьдарч байгаа, санал авах өдөр албан томилолт болон зайлшгүй шалтгаанаар харьяа дүүрэг, хороондоо байж чадаагүй хүмүүсийн сонгуульд оролцох эрх тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байна.  
 
Үүн дээр нэмээд энэ жилийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор тусгаарлах байранд байгаа хүмүүс саналаа өгч чадсангүй. Уг нь сонгуулийн үеэр иргэдийг аль болох санал өгөх боломжийг төр нээж өгч байх ёстой. Ингэж байж иргэдийн сонгох эрх баталгаажих нөхцөл бүрддэг. Өмнө нь манайд урьдчилан санал өгөх эрхзүйн боломж нээлттэй байсан. Үүнийг үгүй хийсэн нь санал авах өдөр албан томилолт, зайлшгүй шалтгаанаар шилжилт хөдөлгөөн хийх  иргэдийн сонгуульд оролцохыг хязгаарлалаа. Мөн цахим болон шуудангаар гадаадад оршин суугаа иргэдээс санал авч байсан. Тиймээс цаашид цахим, шуудан, урьдчилан санал авах хувилбаруудыг ашиглах боломжийг нээх хэрэгтэй. Цар тахлын дэгдэлт дэлхий нийтэд маш том сургамж өгч байна. Олон зүйлийг биечлэн биш алсын зайнаас оролцох боломжийг нээж байна. Сонгуулийн үеэр ч гэсэн энэ боломжийг ашиглаж болно.
 
 -Иргэний нийгмийн байгууллагууд сонгуульд хөндлөнгийн ажиглагчаар оролцдог. Алдаа, оноо юу байв?
 
-Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн хүрээнд Шударга сонгуулийн төлөө эвсэлтэй хамтарч сонгуулийн үеэр ажиглалт хийсэн. Сонгуулийн 112 хэсэг дээр ажиглалт хийхэд 36.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй орц, гарц байгаагүй, 45 хувь нь сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүст хүртээмжгүй байгаа дүн гарсан байсан. Энэ бол өндөр үзүүлэлт. Уг нь тэргэнцэртэй хүн заавал хэн нэгнээр үүрүүлэхгүйгээр санал авах байр луу орох боломжтой байх ёстой. Мөн тэргэнцэртэй хүнд зориулагдсан бүхээгтэй байх стандартыг Сонгуулийн хорооноос тогтоож өгсөн. Гэвч хэрэгжилт тааруу байгаа нь зохион байгуулалтаас болж санал өгөх эрх нь хязгаарлагдаж, цаад утгаараа сонгох эрх нь зөрчигдөж байгааг харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал авах байрны  стандартаа мэдэж, шаардах хэрэгтэй. Ингэж байж алдаа дутагдлаа засч сайжруулна. Сонгогчдын нэрсийн жагсаалт хөндлөнгийн ажиглагчдад хаалттай байгаагийн улмаас дөрвөн ам бүлтэй өрхийн тоон дээр 10-20 хүн бүртгэлтэй байгааг хөндлөнгөөс хянах боломж тун бага байна. Үүнийг мухарлахын тулд хөндлөнгийн хяналтыг сайжруулах шаардлагатай.
Сонгуулийн ямар тогтолцоо ашиглаж байгаагаас үл хамаараад тэгш байдлын зарчмыг онцгой анхаарч үзэх шаардлагатай. Тухайлбал,сонгогчдын саналын жин тэнцүү байх ёстой. Өөрөөр хэлбэл, хот, хөдөө амьдарч байгаагаас хамаарч саналын жин ялгаатай байж болохгүй. Зарим нь хөдөөд 10 гаруй мянган хүний саналаар ялсан байхад хотод 30 мянган хүний санал авсан ч сонгогдож чадаагүй байх жишээтэй. Мөн сонгогчдын саналын нууцлал маш чухал. Хэсгийн хорооны байр, камерны байршил, саналын хуудсаа хар машин руу авч явахад хүртэл нууцлал алдагдахгүй байхад анхаарах ёстой.
 
Энэ жилийн хувьд 112 хэсгийн хороонд ажиглалт хийснээс 26 хувьд нь  саналын нууцлал алдагдах магадлалтай гэсэн дүгнэлтийг хийсэн байсан. Санал авах байрны зай талбай хангалтгүйгээс ажилтан санал өгөх бүхээгтэй хэт ойр зогсох, саналын хуудсыг тусгай хавтсанд хийгээгүй зэрэг зөрчил ажиглагдсан байна лээ. Энэ жил санал авах хуудас хавтастай болсон ч зарим хэсэгт тараагдаагүй гэсэн гомдол ч гарсан байсан.
 
Нөгөө талаас сонгогчдын саналаа нууцлах талаарх мэдлэг, ойлголт муу байна. Сонгогчдод санал тоолох машинтай зөв харьцах, саналын хуудсаа нууцлахыг зааж сургах бүрэн боломжтой. Сонгогчид саналаа баримтжуулах оролдлого хийсэн тохиолдол ч байна. Энэ нь хууль бус, хариуцлага хүлээнэ гэдгийг иргэдэд таньж мэдүүлээгүйн жишээ. Нийгмийн сүлжээгээр дамжуулж иргэдийн сонголтод нөлөөлөх гэсэн оролдлогыг ч анхаарахгүй орхиж болохгүй. Эцсийн дүндээ сонгогчдод эрх, үүргийг нь сайтар ойлгуулж өгөх хэрэгтэй.
 
-Сонгогчдын боловсролын асуудал орхигдож ирсэн. Сурталчилгааны хэд хоногт яригддаг боллоо. Тухайлбал, тусгай дугаарын утсанд сонгогчид хэр хандсан бэ?
 
- Сонгогчдын боловсролын асуудалд Сонгуулийн ерөнхий хороо чухал үүрэгтэй.  Үүний зэрэгцээ улс төрийн намууд сонгогчдоо бэлтгэх ёстой. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн байгууллагууд сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Сонгуулийн үеэр иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан зохион байгуулах эрхэд дүн шинжилгээ хийх ёстой. Санал өгөхөд хөндлөнгөөс саад учруулах тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Аав, ээж, ах дүү, албан тушаалтан хэн нэгнээс үл хамааран сонголт хийх эрхтэй гэдгийг залуу үед ойлгуулах нь маш чухал. Энэ нь чөлөөтэй байх зарчмын гол шалгуур болдог.
 
Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэдэг ч зургаан сарын босгон дээр хуулиа өөрчилдөг жишиг тогтчихлоо. Гэтэл хуульд ямар өөрчлөлт орсныг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлаж мэдээлэл, сурталчилгаа явуулдаггүйгээс сонгогчид төөрөгдөлд орж байна.
 
Сонгогчид УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялгаа заагийг ойлгодоггүй. Тухайлбал, их хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсээс орон нутгийн төрийн захиргааны байгууллагын шийдвэрлэх ёстой асуудлыг шаарддаг.Парламентын гишүүний эрх, үүрэгт тохируулсан шийдлийг шаардаж, эргээд хариуцлага нэхэх хэрэгтэй. Хорооны асуудал шийдэж өгье гэж байгаа хүнийг УИХ-д биш орон нутагт нэр дэвшвэл яаж байна вэ гэдгийг хэлэх хэмжээний боловсролтой сонгогчдыг бэлтгэх хэрэгтэй. Ингэж байж гишүүд нь ч хариуцлагатай болно.
Сонгуулийн үеэр иргэд сонгогчид санал хураах цаг, байрны асуудлыг мэдсэн байх ёстой. Энэ жилийн хувьд сонирхол татсан нэг асуудал нь Сонгогчийн боловсрол төвөөс ажиллуулсан тусгай дугаарын утсанд ирсэн нийт дуудлагын 40 хувь нь санал авах байрыг асуусан байна лээ. Хэдийгээр коронавирустай холбоотойгоор санал авах байрны зай талбайгаас хамаарч шинэ байршлууд сонгож болох ч иргэдэд мэдээлэл муу хүрснийг энэ илтгэж байна. Дээр нь машины зогсоол, бие засах газар хангалтгүй байсан. Мөн тусгай дугаарын утсанд сонгогчдоос нэр дэвшигчдийн мэдээллийг хаанаас авах вэ гэсэн асуулт багагүй ирсэн нь чухал ач холбогдолтой. Энэ тал дээр иргэний нийгмийн байгууллагууд нэлээдгүй ажил хийсэн. Тухайлбал, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр хүний эрх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрхэн хангаж байгаад дүгнэлт хийсэн байгаа. Гадаадад бол нам, гишүүдийн амлалтад дөрвөн жилийн хугацаанд анализ хийдэг байгууллагууд байдаг. Амлачихаад өөрийг хийж байна уу гэдгийг баримтжуулж байгаа хэрэг. Энэ мэт дүн шинжилгээ хийсэн мэдээлэл олон байх тусам, эдгээр мэдээллийг сонгогчид хаанаас хэрхэн олж авах талаар ойлголт өгч байж сонгогчдын боловсрол, ухамсар дээшилнэ.
 
-Сонгогчдод ямар хэлбэрээр боловсрол олговол үр дүнтэй вэ. Үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч  мөн адил хаягдах ёсгүй?
 
-Сонгогчдод боловсрол олгоход мэдээлэл түгээхдээ энгийн ойлгомжтой, хялбар үг хэллэгтэй байхын зэрэгцээ үндэсний цөөнхөд эх хэлээр нь бэлтгэн хүргэх хэрэгтэй.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол дохионы хэл, баррель үсгийг ашиглах нь чухал ач холбогдолтой. Сонгууль дөхөхөөр сонгогчдын боловсролыг ярих биш дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилж байх ёстой. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд эрх баригч намын амлалт, мөрийн хөтөлбөрийг сануулж, үр дүнг нэхэж ажилладаг нь сонгогчдод боловсрол олгож буй хэлбэр юм.
 
Сонгуулийн санхүүжилтийг сонгогчид мэдэх эрхтэй. Иргэний нийгмийн байгууллагуудын ажигласнаар МАН таван тэрбум гаруй, АН хоёр тэрбум орчим төгрөг зарцуулсан бол бусад нам, эвсэл, бие даагчдын сонгуулийн зардал 27 iphone 11 гар утас авах хэмжээтэй хөрөнгө зарцуулсан байгааг залуучуудын сонгуулийн санхүүжилтэд хийсэн ажиглалтын дүнд туссан байна лээ.
 
Нэр дэвшигчид, намууд сонгуулийн зарцуулалтаа зөв тайлагнаж, нээлттэй байгаа эсэх нь сонгогчдын итгэлийг татах чухал мэдээлэл байдаг. Ухамсартай сонголтод нөлөөлөх чухал мэдээлэл бол санхүүжилтийн ил тод байдал юм.  Глоб интернэйшнл ТББ-ын хийсэн ажиглалтаар сонгогчдын боловсролд чиглэсэн мэдээлэл нийт мэдээллийн 16 хувийг эзэлж байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоог харуулж байна. ЕБС-ийн арваннэгдүгээр ангийн Иргэний боловсрол хөтөлбөрт сонгуультай холбоотой агуулга бий. Гэхдээ сонгогчийн боловрол олгох агуулга, практик хэт хуурай. Энэ бүхнээс гадна сонгуулийн зохион байгуулалтад анхаарах зэргээр асуудал олон байна. Гэхдээ зөвхөн сонгогчдод буруу өгөхгүйгээр улс төрийн намын төлөвшил, нэр дэвшиж байгаа хүмүүсийн шалгуурыг өндөрсгөх шаардлагатай. Сонгогчид яагаад цагаан сонголт хийгээд байгааг улс төрийн намууд бодох ёстой.
 
-Сонгуулийн хороонд төрийн албан хаагчид голчлон ажилладаг нь  сонгуулийг будилаантуулах нөхцөл болдог. Үүнийг хэрхэн зохицуулах хэрэгтэй вэ?
 
-Хөндлөнгийн ажиглагч ямар чухал вэ гэдгийг энэ жилийн сонгуулиас харагдлаа. Тиймээс энэ талын боломжийг маш сайн хангаж өгөх хэрэгтэй. Иргэний нийгмийн залуучууд ажиглагчаар бүртгүүлэхэд нэлээн асуудал үүссэн. Бүртгүүлсний дараа улс төрийн намын ажиглагчидтай хоёр цагаар ээлжлэх шаардлага тавьсан зэргийг тэд хэвлэлийн хурлын үеэр танилцуулж байсан. Иргэний нийгмийн ажиглагчид бол улс төрийн намуудынхаас ялгаатай. Нийт сонгогчдыг төлөөлж байгаа учраас ямар нэг хязгаарлалт тавихгүйгээр сонгуулийн үйл явцыг бүрэн дүүрэн хянах нөхцлийг бүрдүүлж өгснөөр сонгуулийн дараа хардлага үүсэхгүй. Ардчилсан сонгуулийн үйл явцад хөндлөнгийн ажиглалт явуулах боломжийг бүрдүүлж өгснөөр зүй бус хардлагыг таслан зогсоож бодит дүгнэлтэд тулгуурласан мэдээллийг сонгогчдод өгөх боломжтой. 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин