sonin.mn
Зэвсэгт хүчний түүхийг түүний ар талын байгууллага, арын албаны ажилтнуудын гавьяа зүтгэл, үйлс бүтээл, хөгжил дэвшилгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Дайн, тулааны бачим үед цэргийг гурил, будаа, бөс даавуугаар тасралтгүй хангах нь чухал” гэсэн Өгөдэй хааны түүхэнд үлдээсэн зарлиг арын албаны хүлээх үүрэг, хариуцлага нэн чухал болохыг илтгэх өнө эртний чухал баримтын нэг юм. Энэ л баримтын дагуу өнгөрсөн зууны эхний хагаст болж өнгөрсөн дайн, байлдаан, тулгаралт, тулалдаануудад арын албаныхны оруулсан хувь нэмэр ялалтад хүрэх гүүр болж, яруу алдраа дуурьсгаж мөнхөлсөн гэдэгтэй хэн ч үл маргана. Бид "Цэрэг хаана, бид тэнд ..." хэмээх уриатай Зэвсэгт хүчний материал хангалтын бааз болох Зэвсэгт хүчний 310 дугаар ангийг дугаарын сурвалжилгад оруулахаар зорилоо.
 
1978 оноос нэгтгэл, ангиудын ар талын байлдааны болон дайчилгааны бэлэн байдлыг дээшлүүлж, армийн төв агуулахуудад хүнс, хувцас, орон сууц, мал эмнэлгийн агуулахуудыг нэгтгэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тус баазын түүхийн үндэс юм.
 
Түүнээс хойш Зэвсэгт хүчний хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрсөн хангалт, тээвэр, үйлчилгээний төв болох олон арван ажлыг хийж гүйцэтгэж монгол орны өнцөг булан бүрд байгаа цэргийн нэгтгэл, анги, салбаруудын материал хэрэгслийн хангалтыг зохион байгуулах томоохон бүтцийг бий болгожээ. “Цэргийн байгуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2002 онд үүрэг, зориулалт адил Зэвсэгт хүчний ар талын зарим ангийг тус баазын харьяанд шилжүүлснээр түүхэн замналыг нь залгамжлах, гүйцэтгэж буй үүргийг нь хариуцсанаар төр, засаг, цэргийн дээд удирдлагын өмнө хүлээх баазын үүрэг, хариуцлага нэмэгдэн өргөжжээ. Түүнчлэн Зэвсэгт хүчний анги, салбаруудын ар талын материал хэрэгслийн хангалт, үйлчилгээг  зохион байгуулахын зэрэгцээ даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа Монгол Улсын цэргийн багууд, цэрэг дайчдынхаа хангалтыг ч тив алгасан амжилттай зохион байгуулж байна. Мөн цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, аж ахуйн олон талын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор “Ар талын бага мэргэжилтэн бэлтгэх төв-Найман шарга” амралт, сувиллын газар, Хөдөө аж ахуйн ойн албыг байгуулсан нь үр өгөөжөө өгч Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлж байгаагийн зэрэгцээ байгууллагуудын хэрэгцээнд сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны тодорхой хувийг нийлүүлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж ирсэн байна. 
 
 
Ангийн үйл ажиллагаа өдөр тутмын цагийн хуваарийн дагуу явагдахаас гадна эрх зүйн баримт бичиг, хууль тогтоомж, тушаал, шийдвэр, БХЯ, ЗХЖШ-аас ирсэн удирдлагын баримт бичгүүдийг хэрэгжүүлж, бие бүрэлдэхүүнд судлуулах арга хэмжээ тогтмолжсон аж. Үүнээс гадна тус анги мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжил, олон нийтийн ажлыг тасралтгүй явуулж бие бүрэлдэхүүний албандаа хандах хандлагыг дээшлүүлэн тавигдсан үүргийг хэрэгжүүлэхэд сэтгэл зүйн бэлтгэл хангагдсан байх шаардлагыг ч мөрдлөг болгон ажилладаг. Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай. 
Сүүлийн үед хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар ангийн захирагч, хурандаа Ж.Баясгалан бидэнд мэдээлэл өгсөн юм. Энэ тухайд, Баруун хараа дахь Хөдөө аж ахуйн ойн албаны материаллаг баазыг ашиглан энэ хавраас эхлэн махны чиглэлийн үйлдвэрлэл явуулж эхлээд байна. ЗХЖШ-ын даргын тушаалаар эхний ээлжид 18 толгой бяруу, гунжийг  худалдан авч бойжуулснаар эрчимжсэн аж ахуй болж өргөжин тэлэх бөгөөд ингэснээр Зэвсэгт хүчний хүнсний махны хэрэгцээнд дэмжлэг болох, цаашлаад махны хэрэгцээг дотоодоосоо хангах хэтийн зорилготой юм. Мөн тус ангид дулаан агуулах байдаггүйн улмаас зарим нэр төрлийн хүнс, хуурай хэрэглэлийг хөлдөж, чанар нь муудах эрсдэлээс сэргийлж хангалтын офицерууд өөрсдийн албан тасалгаандаа хадгалж байгаад ангиуд руу явуулдаг асуудал үеийн үед тулгарч байна. Энэ асуудлыг нааштайгаар шийдэхийн  тулд дулаан агуулахын зураг гаргаж, баригдах төсвийг нь боловсруулан Барилгын хөгжлийн төв болон мэргэжлийн байгууллагаар техникийн нөхцөлийг нь батлуулж БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албан тушаалтнуудад танилцуулсны үндсэн дээр Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас хөрөнгийг нь гаргаж барих байгууламжийн жагсаалтад багтсан нааштай мэдээг ч бахдан хэлж байлаа. 
 
Тус дулаан агуулах нь орчин үеийн агуулахын стандартад нийцсэн 60х60 метрийн хэмжээтэй байх аж. Үүнээс гадна тэд мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг анги байхын тулд бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу тогтмол, чанартай зохион байгуулахыг эрхэм болгодог. Хамгийн ойрын жишээ нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах "13 дугаар зуун" байгалийн цогцолбор газарт зохион байгуулсан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд оролцсон бие бүрэлдэхүүний хэрэглэсэн 1000 гаруй асар, майхныг  агуулахад эмхэлж хураах дадлага сургуулийг ангийн нийт бие бүрэлдэхүүнийг оролцуулан зохион байгуулсан ажээ. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын бэлтгэл хийгдэх явцад цаг агаарын хувьд бороо, салхитай байсны улмаас дээрх асар, майхнууд урагдах, төмөр хийцүүд нь эвдрэх, хугарах асуудлууд тулгарсан бөгөөд үүнийг ангийн бие бүрэлдэхүүнийг хамруулан хамтын хүчээр сэргээн засах, сэлбэх, хатаах, хураах ажлыг дадлага хэлбэрээр зохион байгуулсан нь  ихээхэн үр дүнтэй болсон аж. 
 
Тус ангийн Хөдөө аж ахуй ойн алба нь цэцэгжүүлэлт, мод үрсэлгээний ажлыг ихээхэн чанартай хийж байгаа бөгөөд БХЯ-ны Хар сүлдний өргөөний эргэн тойрныг зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх ажлыг хийж ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газраас талархал хүлээжээ. Мөн Нийслэлийн Байгаль орчны газраас зарласан “Түймрийн халз зурвасыг нөхөн сэргээх” төслийг авч Шарга морьт дахь шатсан хэсгийн газрыг ойжуулах ажлыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангитай хамтран амжилттай гүйцэтгэжээ. Үүнээс гадна тус алба нь цаашид Зэвсэгт хүчний хэмжээнд бүх нэгтгэл, анги, байгууллагын цэцэгжүүлэлт, үрсэлгээний модыг бэлтгэн нийлүүлж, эко орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэнэ. 
Өнгөрсөн өвөл дэгдсэн цар тахлын үеэр хөл хорио гээд гараа хумхиад суулгүй нийт бие бүрэлдэхүүнээ дайчлан дотоод нөөц бололцоогоо ашиглан тохижилтын ажлуудыг багагүй хийж гүйцэтгэсэн. Энэ нь ч нүднээ илт байх бөгөөд "Өөдлөх айл үүднээсээ" гэхчлэн хашааны гадна талын автомашины зогсоолыг тэлж шинээр төхөөрөмжилснөөс гадна ангийн хашааны автомашины хаалгыг орчин үеийн алсын удирдлагатай нуман хаалгаар сольсон байв. Мөн Мод үрсүүлэг, Хөдөө аж ахуйн албатай гэсэн шиг өнгө алагласан цэцэг тарьж, мод, бутыг хэлбэр гаргаж зассан нь ангийн гадна үзэмжийг чимж харагдсан. Ангийн штаб болон бусад барилгуудын гаднахыг ч тун “ганган”-аар будсан байх бөгөөд ийм өнгөтэй барилга нийслэл хотын хэмжээнд хоёр л байгаа талаар ангийн захирагч хэлж байсан. 
 
 
Ахмад Р.Золбоо Зэвсэгт хүчний нэгтгэл, анги болон Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан хээрийн сургалтад оролцогчдын хувцас, эд материал, асар, майхан зэрэг 12 нэр төрлийн зүйлийг хариуцан ажилладаг хувцасны хангалтын тасгийн бэлтгэл хангалтын офицер. ЗХЖШ-ын Материал хангалтын хэлтсээс батлагдсан хувцасны хуваарийн дагуу Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хувцасны хангалтыг хийдэг аж. Анги, байгууллагын хувцасны хангалтын офицеруудтай байнгын харилцаа холбоотой байж энэ ажил явагддаг бөгөөд Зэвсэгт хүчний анги, салбаруудын хувцасны албаны дарга нараас цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын хувцас, хэрэглэлийн хэмжээний судалгаа гаргуулан авч тэдний хувцасны захиалгыг боловсронгуй болгох зэргээр цэргийн алба хаагчдын нэрийн хуудас болсон дүрэмт хувцасны хангалтыг зохион байгуулдаг. Тус тасгийн хамт олны өдөр тутмын ажил нь бараа материалыг хүлээн авах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, бараа материалыг агуулах хооронд сэлгэн хураах, вандан тавиуруудын зай талбайг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэн, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авч, анги, салбаруудын болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн төрөл бүрийн хангалтыг зохион байгуулж ажилладаг. 
 
 
 
Цаг үеийн ажлын шаардлагаар тус ангиас түр хугацаагаар асар, майхан болон эд хэрэгсэл их гардаг бөгөөд буцааж авах үед ихээхэн хүндрэл тулгардаг бөгөөд энэ нь ангийн захирагч болон хангалт хариуцсан офицерууд, нярав зэрэг олон хүний санааг зовоодог асуудал аж. Үүнд эвдэх, урах, хугалах, эд хэрэглэлээс нь дутаах зэрэг хүндрэл гардаг ажээ. Энэ бүгд эцсийн бүлэгт Зэвсэгт хүчний өмч бөгөөд ирэх хавар, зун, намар, ээлжит хээрийн сургалт, дадлага гээд бид эргээд л хэрэглэнэ. Тиймээс аль ч анги, аль ч албан тушаалтан хэрэглэсэн асар, майхан, техник, эд хэрэглэлдээ эзний ёсоор хандаж байхыг Зэвсэгт хүчнийхэндээ хандаж хэлсэн юм. "Авсан шигээ өгдөггүй юм" гэхэд хэт их дордуулж алтыг нь аваад авдрын хаядаг шиг хандахгүй байхыг би ч мөн уриалахыг хүслээ. 
 
 
 
Ахлагч Ц.Отгонхүү Зэвсэгт хүчний 310 дугаар ангид тав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд анги, байгууллагуудын гал тогооны тоног төхөөрөмжүүдэд засвар, үйлчилгээ хийдэг. Мөн олон улсын хээрийн сургалт дадлагын үед хэрэглэгдэх гал тогооны тоног төхөөрөмжийг хариуцдаг. Хөдөө, орон нутагт байрлах Зэвсэгт хүчний ангиудын гал тогооны тоног төхөөрөмжүүдэд эвдрэл гарахад тэрээр томилогдон явах нь цөөнгүй. Тус ангид яг энэ чиглэлийн засварчин түүнээс гадна нэг бий. Энэ хоёр хүн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн гал тогооны засвар, үйлчилгээг хариуцдаг гэсэн үг. Иймээс тэдний  ажлын ачаалал, дуудлага их байх тохиолдол олон. Гэсэн хэдий ч тус анги Ар талын бага мэргэжилтэн бэлтгэх төвийг "Найман-шарга" амралт, сувиллын газрын материаллаг баазыг ашиглан байгуулсан бөгөөд тус төвд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн бага мэргэжилтэнг тун удахгүй бэлтгэж эхлэх юм. Одоогийн байдлаар сургагч багш болон тоног төхөөрөмжүүд бэлэн болжээ. 
 
 
Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлого, орчин цагийн жишигт нийцсэн хангалт, үйлчилгээг “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин”-тэй болох зорилтод нийцүүлэн ар тал, материал хэрэгслийн хангалтыг зохион байгуулах, үйлчилгээг тасралтгүй, чанартай явуулах үүрэг, зорилгоо ханган биелүүлэхийн төлөө эв нэгдэл, эрдэм боловсрол, эрч хүч, оюун билиг бүхий л боломжоо дайчлан ажиллаж буй ар талын ангийн бие бүрэлдэхүүний ажил үйлс ийм л өрнүүн, тийм л бахдам байлаа. 
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин