sonin.mn
Орчин үед байгууллагын соёл, менежмент, бүтээмжийн тухай их ярьдаг болсон. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь эдгээр ухагдахуунд тулгуурладаг болохоор аргагүй. Харин эдгээр ойлголтын үндсийн үндэс нь Emotional Intelligence Quotient буюу EQ. Үүнийг манай зарим судлаач оюуны чадамж, сэтгэл хөдлөлийн чадамж гэж орчуулсан байдаг. Мөн бусадтай харилцах чадвар, удирдах харилцааны чадамж ч гэж монголчилсон нь бий. Гэхдээ дэлхий нийтэд хэвшсэн нэр томьёогоор нь хэрэглэвэл илүү ойлгомжтой ажээ. ЕQ-гийн тухай 1920 оноос анх ярьж эхэлсэн ч эрдэмтэн судлаачдын явцуу хүрээнд эргэлдэж байв. Харин 1969 онд энэ чиглэлээр гол судалгааны үр дүнг нэгтгэсэн ном гарч байж. Үүнээс хойш 1990-ээд онд ЕQ-гийн тухай судалгааны ном, материалыг цөөнгүй хэвлэжээ. Түүний нэг нь Даниэл Коуэлманны “Emotional Intelligence” ном. Уг ном 1995 онд хэвлэгдэн гарангуутаа, жил гаруйн турш “Нью-Йорк таймс"-ын шилдэг номоор шалгарч байжээ. Түүнээс хойш ч энэ ном олны анхаарлаас гарсангүй. Өнгөрсөн хугацаанд 40 гаруй хэлээр хэвлэсэн байна. Харвардын их сургуулийн сэтгэл судлаачийн тэнхимд багш байсан эр сүүлд сэтгүүлч мэргэжил эзэмшин, улмаар ЕQ-гийн тухай ном бичиж олныг шуугиулжээ.
 
СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ХУРД СЕКУНДИЙГ 1000 ХУВААСНЫ 12-ТОЙ ТЭНЦЭНЭ
 
Юутай ч ЕQ гэж юу вэ гэдгийг тайлбарлах гээд үзье. ЕQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжийн физиологийн гол үндэс нь хүний тархитай холбоотой. Сэтгэл хөдлөл гэж юу вэ гэдгийг ойлгохын тулд хүний тархи яаж ажилладгийг эхлээд ойлгох хэрэгтэй болно.
 
 
 
Хүний тархи анхдагч, эмоцинал, иррациональ гэсэн гурван үндсэн үүрэгтэй. Анхдагч тархи рефлекстэй холбоотой унтах, идэх гэх мэт үйлдлийг хариуцна. Харин эмоцинал тархи нь сэтгэл хөдлөлийг, иррациональ тархи нь логик сэтгэлгээг хариуцдаг байна.
 
 
 
Орчин үед физик, газарзүй гэх мэт шинжлэх ухааны бүхий л салбарыг маш их судалсан. Харин хүний тархи, сэтгэл хөдлөлтэй холбоотой судалгааг л тун бага хийжээ. Тиймээс энэ салбарын судалгааг хийх хэрэгтэй гэдгийг олон улсын эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ. Хүний эмоци буюу сэтгэл хөдлөлтэй холбботой үүсдэг ЕQ-г аваад үзэхэд эмоцинал тархи маш богино хугацаанд хариу үйлдэл үзүүлдэг байна. Бүр тодруулбал, секундийг 1000 хуваасны 12-той тэнцэх хугацаанд эмоцинал тархи аливаад хариу үйлдэл үзүүлдэг ажээ. Ёстой л гэрлийн хурдаар гэсэн үг. Гэтэл хүн төрөлхтөн энэ талаар өөрөөр хэлбэл, эмоцинал тархийг маш бага судалжээ. Сэтгэл хөдлөл гэж юу вэ гэдгийг ойлгохын тулд хүний тархины бүтцийг судлах хэрэг гарна. Хүний сэтгэл хөдлөлийн төрөл гээд ярихаар уйлах, инээх, баярлах, гомдох, гансрах гээд л олон төрлийг нэрлэж болно. Энэ бүхэнд тулгуурлаад сэтгэл хөдлөлийг өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх, ойлгох, хянах тэдгээрийг ялган салгах, өөрийн болон бусдын санаа бодолд зөв хариу үлдэл үзүүлэх чадварыг хэлнэ гэж тодорхойлжээ.
 
ЕQ-Д ОРОЛЦОХГҮЙ ЮМ ГЭЖ ҮГҮЙ
 
Дээр дурдсан Даниэл Коуэлманны “Emotional Intelligence” номд гэр бүл, манлайлал, анагаах ухаанд ЕQ яаж нөлөөлөх вэ гэдгийг судалжээ. Үр дүн нь маш сонирхолтой. Гэр бүлд ЕQ хэрхэн нөлөөлдөг вэ гэвэл хүн гудамжид яваа хэн нэгэнд биш гэр бүлийнхэн, эхнэр, нөхөртөө сэтгэл хөдлөлөө хамгийн хурдтай, хяналтгүй илэрхийлдэг гэдгийг юуны өмнө тогтоожээ. Энэ бол сэтгэл хөдлөлийн процесс хэрхэн өрнөдгийн нэг жишээ юм. Гэр бүлийнхэн, ойр дотнынхондоо сэтгэл хөдлөлөө хамгийн хурдан, хяналтгүй илэрхийлдэг юм бол энэ процессыг хэрхэн удирдан жолоодох вэ. Мэдээж судлаачид арга зүйг нь зааж өгсөн байдаг аж. Уурласан, баярласан ямар ч тохиолдолд сэтгэл хөдлөлийн оргил хугацаа 13-15 секунд, дээд тал 20 секунд байдаг гэнэ. Ямар ч тохиолдолд 20 секунд өнгөрөхөд хүний сэтгэл хөдлөл хэвийн байдалдаа ордог ажээ.
 
Энэ 15 орчим секундийн дотор л та бид эмоцио гаргадаг байх нь. Тэгээд дараа нь хэрэггүй юм хэлчихэв үү, дэмий үйлдэл хийчихэв үү гэж боддог. Энэ бол логик тархи буюу иррациональ тархи ажиллаж байгаа хэрэг. Тэм нь урдаа гэмшил нь хойноо” гэдэг шиг л сэтгэл хөдлөл хэдийнэ хийдгээ хийчихсэний дараа оюун бодол дүгнэлтээ гаргах нь байна шүү дээ. Харин сэтгэл хөдлөлийг дамжуулдаг тархи бол яг түргэн тусламж шиг ажилладаг гэсэн үг. Хүн намайг зөв, эсвэл буруу гэх болов уу гэж огт бодохгүй. Шууд өөрийгөө өмөөрнө, хамгаална. Эсвэл баяр хөөр, уур уцаар гээд сэтгэл хөдлөлийн бүх төлөв агшин зуур л гарна. Тиймээс гэр бүлд хэрвээ эхнэр нөхөр хоёр санал зөрөлдвөл хэсэгхэн хугацаанд завсарлага авах нь зөв гэнэ. Тэгээд буцаад уулзахад тэд эрүүл ухаанаар ярих бөгөөд маргааныг амархан шийдчихдэг ажээ. ЕQ гэр бүлийн харилцаанд ямар үүрэгтэйг үүгээр жишээлээд орхиё. Гэр бүлийн нарийн нандин харилцаа, хүүхдийн хүмүүжил гээд олон асуудалд ЕQ “оролцдог” гэдгийг хэлэх юун. Харин анагаах ухаанд ямар ач холбогдолтой вэ гэдгийг Стэнфордын их сургуулийн эмэгтэйчүүдийн эмч, эрдэмтэд судалсан байна.
 
 
Эмчдээ итгээгүй, айдастай багаа хүний хагалгаанд асар хүндрэл гардгийг тэд судалгааныхаа дүнд олж тогтоожээ. Эмнэлгийнхэн ч үүнийг хүлээн зөвшөөрсөн ажээ. Тиймээс Стэнфордынхны энэ судалгаанд үндэслээд зарим эмнэлэг айдастай байгаа өвчтөний хагалгааны хуваарийг хойшлуулдаг болсон байна.
 
 
 
СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ЮУНД ХЭРЭГТЭЙ ВЭ?
 
Тэгвэл ер нь сэтгэл хөдлөл гэдэг юунд хэрэгтэй юм бэ. Emotion буюу эмоци нь үг зүйн талаасаа хөдлөх хөдөлгөөнд байх гэсэн утгатай. Сэтгэл хөдлөл гэдгийг тодорхойлох юм бол энэ нь тодорхой нэг нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдэл. Үүгээр дамжуулан бид өөрсдийн болон бусдын талаарх гол мэдээллээр хангагддаг байна. Эерэг, сөрөг ч бай тухайн сэтгэл хөдлөл нь бидний ажлын үр бүтээлд ихээхэн нөлөөлдөг гэдэг нь хамгийн чухал. Мэдээж эерэг сэтгэл хөдлөл бидний ажлын үр бүтээлийг дэмжиж сэдэлжүүлдэг байна. 
 
 
 
Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар багатай удирдагчид уур, бухимдлаа хэрхэн зохицуулахаа мэддэггүй учраас энэ нь хамт олон дахь уур амьсгалыг эвдэж буйг анзаардаггүй. Харин эсрэгээрээ ЕQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар өндөртэй удирдагчдын хувьд хамт олноо сэдэлжүүлж тэдний санаа бодлыг сонсон ажлын шинэ санаа, шийдэл гаргадаг гэнэ. Энэ нь ажлын бүтээмжийг сайжруулахад тус болдог ажээ. Энэ бол ЕQ манлайлалд ямар нөлөөтэй вэ гэдэг гурав дахь асуултын хариу юм.
 
 
 
Нөгөө талаас бидний сэтгэл хөдлөл нь маш олон талтай. Тухайн харилцаж буй хүнээс хамааран өөр байдлаар хариу үйлдэл үзүүлэх боломжтой ба энэ нь бидний зан төлөв болон нөхцөл байдлаас хамааран янз бүрээр ойлгогдох боломжтой. Тухайлбал, олонх хүн харилцааны гол хэрэглүүр үг гэж боддог. Хүмүүсийн харилцаанд үг 50-аас дээш хувийн үүрэгтэй гэж боддог. Гэтэл үг хэл хүмүүс бидний харилцааны 10 хувьд л нөлөөдөг гэдгийг ЕQ судлаачид тогтоожээ. Тэгэхээр бидний харилцаа 90 хувийн сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг байх нь. Аливаа үгийг ямар хандлагаар хэлж байгаа нь харилцаанд маш чухал. Өөрөөр хэлбэл, Body language буюу хэл, дууны өнгө аяс, хандлага хүмүүс хоорондын харилцаанд гол мэдээллийг дамжуулдаг байна. “Сайн байцгаана уу” гэж егөөдөх ёжлох маягтай хэлэх, эсвэл “Сайн байна уу” хэмээн хүндэтгэлтэйгээр асуух хоёрт асар зөрүү бий. Дээрх бүхнээс харахад ЕQ-г хүнээр жишээлбэл, хэрэгт дуртай, өөрөөр хэлбэл, бүх юманд оролцож, “хошуу дүрдэг, маш хурдан шаламгай, бүхнийг амжуулдаг, басхүү захирангуй, сайнаар хэлбэл, манлайлагч нэгэнтэй зүйрлэж болох юм. Ийм этгээд гажиг “нөхөр”-ийг удирдана гэдэг амаргүй. Тиймээс ч ЕQ чадвар буюу сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ гэдэгт эрдэмтэн хариулт хайж, өөр өөрийнхөөрөө гаргалгаанд хүрсэн байдаг аж. Даниэл Коуэлманны хувьд ЕQ-г дараах таван чадварт хуваажээ. Энэ нь,
1. Өөрийгөө танин мэдэх (Self-awareness)
2. Өөрийгөө удирдах чадвар (Self control)
3. Өөрийгөө идэвхжүүлэх чадвар (Motivation)
4. Бусдыг ойлгох чадвар (Empathy) 
5.Бусадтай харилцах чадвар (Handle relationship) юм.
Энэ тавын эхний гурав нь хувийн чадвар бол сүүлийн хоёр нь нийгмийн шинжтэй чадвар аж. Энэ таван чадвараа хөгжүүлэх 15 хүчин зүйлийг ч тэрбээр тодорхойлжээ. Эцэст нь сонирхуулахад, 2000 онд Дээрхийн гэгээнтэн Далай ламын хүсэлтээр 10-50 мянган цаг бясалгал хийсэн лам нарын тархины судалгааг хийжээ. Судалгаанд хамрагдсан 256 бясалгагч ламын дундаас аз жаргалын индекс хамгийн өндөр буюу хамгийн аз жаргалтай хүнээр Матье Рикар гэгч лам тодорсон байна. Түүнээс “Аз жаргал гэж юу вэ” гэж асуухад “Аз жаргал гэж зүгээр нэг тааламжтай мэдрэмж эсвэл түр зуурын сэтгэл хөдлөл биш. Харин онцгой эрүүл ухаанаас үүсдэг хөгжил цэцэглэлтийн талаарх гүн мэдрэмж бүхий оршихуйн хамгийн оновчтой төлөв бдйдал” хэмээн хариулжээ.Дэлхийн хамгийн аз жаргалтай хүн хэмээгдсэн энэхүү Матье Рикар ламтан бол франц хүн бөгөөд Балбын нэгэн сүмд суудаг аж. Тэрбээр молекулын биологич, орчуулагч, гэрэл зурагчин, зохиолч хүн юм.
 
 
Г.Хангарди
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин