sonin.mn
Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын  2020 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд зарим сонирхолтой мэдэгдлийг хийх боллоо.
АН, МАХН, ШИНЭ намууд хамтран ажиллаж, нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн тойрогт нөгөө нам нь нэр дэвшүүлэхгүй байх хэлбэрээр ажиллаж, НИТХ-ын 2020 оны сонгуулийн дараа нэгдсэн бүлэг байгуулж ажиллахаа өчигдөр зарлав.
Харин ХҮНам НИТХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Нийслэлийн ХҮНамын хорооны дарга, "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч Р.Наранбаярыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллуулахаа зарлаад буй билээ.
 
Хачирхалтай нь эрх баригч МАН НИТХ-ын 2020 оны сонгуульд хэрхэн оролцох нь одоо хүртэл тодорхой бус хэвээр л байна.
 
Нийслэлийн МАН-ын хороо гэдэг нэгжийг цаашид татан буулгаж, дүүргийн МАН-ын хороодыг МАН-ын ЕНБДарга өөрөө шууд удирддаг болно гэх буюу Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар сонгуулийн штабаа удирдаж орно гэх мэтчилэн олон хувилбар яригдаж буй бөгөөд хэрэв НИТХ-ын 2020 оны сонгуульд МАН олонхи болвол Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэнийг ажиллуулах нь одоо хүртэл тодорхой бус байна.
УИХ-ын 2020 оны сонгуульд С.Амарсайхан сонгогдсон тул Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр Ж.Батбаясгалан ажиллаж буй билээ.
Түүнийг жинхлэх эсэх тухай яриа МАН дотор яригдсан ч олонхийн дэмжлэг авах магадлал бага аж.
Учир нь Ж.Батбаясгалан нь  улс төрд яахын аргагүй цуут "Т.Бадамжунайгийн хүн" гэх тодотголтой явдаг нэгэн.
 
Үнэхээр ч "Түшээ" дээд сургууль төгссөн залууг анх улс төрд оруулж,  ажил амьдралынх нь гараанд хүргэсэн хүн бол Түнжингийн Бадамжунай юм.
Тодруулбал 2006 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Т.Бадамжунай Ж.Батбаясгаланг өөрийн бие төлөөлөгчөөр ажилд авч байжээ.
 
Үүнээс ч хойш тэрээр Т.Бадамжунайгийн багтдаг МАН дахь хотын фракцийн гол бааз суурь гэгддэг Нийслэл Улаанбаатар хотын захиргаанд ажилласаар өнөөдрийг хүрсэн юм.
 
Жанцангийн Батбаясгалангийн намтар
 
1983 онд төрсөн.
 
1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль,
1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль,
2000-2004 онд “Түшээ” дээд сургууль,
2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн. 
 
2004-2006 онд УИХ-ын Тамгын газар,
2006-2008 онд УИХ -ын гишүүн Т.Бадамжунайгийн бие төлөөлөгч,
2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
2008-2012 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга,
2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн,
2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн,
2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга,
2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч,
2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор тус тус ажиллаж байгаа. Одоо Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч.
 
 
 
 
Э.Мягмар