sonin.mn

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн судалгааны баг “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааг БШУЯ, Нийслэлийн боловсролын газар болон Боловсролын хүрээлэнтэй хамтран амжилттай гүйцэтгэж дууслаа.

 

2017-2020 оны хооронд нийт 4000 гаруй өрх, гурван удаагийн түүвэр судалгаанд хамрагдсан. Судалгааг Канадын РЕР олон улсын байгууллага болон Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.

 

Уг мэдээллийг хүргэж байна.

 

 

Монголын эмэгтэйчүүдийн, ялангуяа, хүн амын бараг тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо (АХО) буурсаар байна. Хүүхэд төрүүлэх, асрах нь эмэгтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг бууруулдаг гол хүчин зүйл юм. Тухайлбал, 25-39 насны хүн амын дунд АХО-ны хүйсийн ялгаа хамгийн их байна.
 
Хөдөлмөрийн насны бүх эмэгтэйчүүдийн хувьд хүүхдийн асаргаа нь тэтгэвэрт гарсан болон суралцдаг гэсэн шалтгаануудын дараагаар ажиллах хүчинд оролцохгүй байх гурав дахь гол шалтгаан болдог. Харин хоёр хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн ажиллах хүчинд оролцохгүй байгаа хамгийн гол шалтгаан нь хүүхдийн асаргаа байдаг. Энэ нь төслийн хүрээнд улсын цэцэрлэгийн үйлчилгээ нь эцэг эхийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд үзүүлэх нөлөөг судлах шалтгаан болж байна.
 
Судалгааны үр дүнд улсын цэцэрлэгийн хөтөлбөр нь эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй хэрэгсэл бөгөөд ялангуяа олон хүүхэдтэй ээжид улсын цэцэрлэгийн үйлчилгээг чиглүүлэх нь ажил эрхлэлтийг дэмжихэд илүү үр дүнтэй гэдэг нь харагдлаа.
Харин элсэлтийн эхний жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн өвчлөх магадлал өндөр байдаг ба энэхүү сөрөг нөлөө нь хоёр дахь жилд алга болж байна. Эхний жилд өвчлөл өндөр байгаа шалтгааныг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
Түүнчлэн, элсэлтийн тасалбар аваагүй олон тооны хүүхэд улсын цэцэрлэгт хамрагдсан байна. Сугалаа нь хязгаарлагдмал орон тоог шударга хуваарилах арга зам хэдий ч, элсэлтийн тасалбар аваагүй олон хүүхэд улсын цэцэрлэгт орсон нь бага насны хүүхдүүдийн боломж тэгш бус байгааг харуулж байна.