sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрмонголын өөртөө засах орны сургуулиудад Монгол хэл бичгээр заах хичээлүүдийг хязгаарласан тухай мэдээлэл тархсан. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй хэвлэлийнхэнд өнөөдөр албан ёсоор мэдээлэл өглөө.
 
Тэрбээр, “Аливаа улс үндэстэн нэгдсэн хэл хэрэглэдэг. Энэ бол бол улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг. 2017 онд Хятадад Улсын нэгдсэн сурах бичиг боловсруулах комисс байгуулсан. Энэ хүрээнд бүх улсын хүрээнд нэгдсэн сурах бичиг нэвтрүүлэх болж, 2017 онд Шинжаан Уйгурын өөртөө засах орон, 2018 онд Төвдийн өөртөө засах оронд эхэлж нэвтрүүлсэн. Энэ оны намраас Өвөрмонгол, Гансу, Жилин, Ляонин, Чинхай, Сычуань мужид нэвтрүүлж байгаа юм. Өөртөө засах орон болон мужуудад бид Хэл бичиг, Ёс суртахуун ба эрх зүй болон Түүхийн хичээлийг хятад хэлээр заах шийдвэрийг бага ангийн 1 дүгээр анги, дунд сургуулийн 1 дүгээр анги буюу Монголоор бол 6 дугаар ангиас шууд нэвтрүүлсэн. Харин Өвөрмонголын нөхцөл байдал, Боловсролын хэлстийнх нь хүсэлтийг харгалзан энэ жил зөвхөн Хэл бичгийн хичээлийг Хятад хэлээр заах болж байна. Хэл бичгийн хичээл бол өмнө Хятад хэлний хичээл гэсэн нэртэйгээр бага сургуулийн 2 дугаар анги, дунд сургуулийн 2 дугаар анги буюу монголоор 7 дугаар ангиас заадаг байсан. Үүнийг л нэг жил урагшлуулж байгаа юм. Харин ирэх оноос Ёс суртахуун ба эрхзүй, 2022 оноос Түүхийн хичээлийг хятад хэлээр заахаар шат дараатай нэвтрүүлж байгаа юм. Энэ сурах бичгийг нэвтрүүлсэн нь үндэсний цөөнхийн хэлээр хичээл заах цагийг хязгаарласан гэсэн буруу ойлголт хүмүүст байна. Үнэндээ тийм биш. Манайд хос хилээр хичээл заах системтэй. Тиймуус математик, биологи, физик зэрэг бүх хичээлийг өмнөхтэйгөө ижил хос хэлээр заана. Монгол хэл бичгийн хичээлийг нэгдүгээр ангиас нь Монголоор заана.
 
 
 
Манай улсад 56 үндэстэн, 1 тэрбум гаруй хүн ам бий. Нийтлэг хэл мэдэхгүй хүний ажил хийх, амьдрах орон зай маш их хумигдана шүү дээ. Хятад хэлний хичээлийн сурах бичгийг нэгтгэсэн нь үндэсний цөөнхүүдийг хоорондоо харилцах, ойлголцоход тус дөхөм болно. Баян-Өлгий аймгийн казах иргэд Монгол хэл мэдэхгүй бол Улаанбаатар хотод ирээд амьдрах хүндрэлтэй шүү дээ.
 
 
 
Үүнтэй ижил. Тиймээс үндэсний цөөнхүүдийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, сурч боловсрох, хөгжих, ажиллах боломжийг хангах үүднээс энэ ажлыг хэрэгжүүлж байна. Өвөрмонголын дийлэнх иргэд энэ шийдвэрийг талархан хүлээн авч байгаа. Харин цөөхөн хүмүүс Монгол хэл бичгээр заадаг хичээл нийт сургалтын хөтөлбөрийн 25-30 хувийг эзэлдэг хэвээр байгааг зарим хүмүүс хараахан ойлгоогүй байна. Тиймээс Өвөрмонголын эрх бүхий байгууллагууд өвөрмонголчуудтай уулзаж, бодлого, шийдвэрээ танилцуулж байна. Хүмүүсийг баривчилсан, албадан тулгасан зүйл байхгүй. Хүмүүстэй харьцах ажил бол албадлагын аргаар амжилтад хүрэхгүй учраас сэтгэлд нь хүрэх бодлого баримталж байна. Хятадын Жуан үндэстэн гэж бий. Өөрийн гэсэн хэлтэй хэдий ч бичиггүй байсан. Тиймээс бид эрдэмтэн мэргэд уриад, тухайн үндэстэнд таарсан бичиг үсэгтэй болгосон. Өөрөөр хэлбэл, үндэсний цөөнхүүдийн хэл бичгийг устгах биш хамгаалах, сэргээхээр бид ажиллаж байна. Монгол, БНХАУ бол найрсаг хөрш. Бидний хэрэгжүүлж буй ажлыг дэмжихийг Монгол нөхдөөсөө хүсэж байна. Аливаа үл ойлголцол нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлнө. “Модыг суулгах амархан. Тарих хэцүү” гэж үг бий. Хоёр орны харилцаа бол үүнтэй яг ижил” хэмээв.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг