sonin.mn
Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын улмаас олон улсын эдийн засаг, санхүүгийн байдалд урьдчилан төлөвлөж байгаагүй элдэв сорилт тулгарч байна. Үүнийг дагаад тухайн улс орны хэмжээнд тодорхой боломж бололцоо нээгдэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Энэ талаар эдийн засагч Г.ГАНЗОРИГТОЙ ярилцлаа.
 
-Манай улсын хувьд нийгэм, эдийн засгийн амьдрал өмнө төсөөлж байснаас өөрөөр эргэж, ихэнх үзүүлэлт сөрөг гарч байна. Энэ байдлыг эерүүлэх ямар боломж байна вэ?
 
-Юуны өмнө Монгол Улс болон олон улсын банк санхүү, мөнгө зээлийн бодлогыг салгаж харах хэрэгтэй байх. Учир нь, олон улсын түвшинд валютын чадавх өндөр байдаг онцлогтой. Тухайлбал, дэлхий дахиныг хамарсан 1929 оны “Их хямрал”-ын үед АНУ-ын Төв банкнаас зах зээлд мөнгөний нийлүүлэлт хийхгүйгээр удаан хугацаанд харзнасан байдаг. Улмаар 40-өөд сарын дараа мөнгөний нийлүүлэлт хийж эхэлснээс хойш мөн төдий хугацааны дараа эдийн засаг нь сэргэж эхэлжээ. Гэтэл 2009 оны эдийн засгийн хямралын үед АНУ 18 сарын дараа зах зээлд мөнгөний нийлүүлэлт хийснээр 13 сарын хойно эдийн засаг нь сэргэж байсан түүхтэй. Энэ удаагийн “COVID-19” цар тахлын тархалтын үеэр нэг сарын дараа мөнгөний тэлэх бодлого буюу нийлүүлэлт хийсний үр дүнд зах зээлийг уналтаас сэргийлж чадсан байна. Гэхдээ энэ нь тухайн валютыг үнэгүйдүүлэх эрсдэлтэйг тооцож, АНУ гэхэд ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний ам.долларыг зах зээлд нийлүүлсэн байгаа юм. Ерөнхийдөө олон улсад мөнгө хэвлэх “дайн” болж, ам.долларын ханш бага зэрэг суларсан тал бий. Энэ хугацаанд БНХАУ хамгийн бага мөнгө хэвлэсэн учраас валютын ханш нь чанга байгаагаас гадна коронавирусийн халдвар, тархалтыг тодорхой хэмжээнд барьж чадаж буй учраас эдийн засаг нь богино хугацаанд сэргэж байна. Монгол Улсын хувьд мөнгөний нийлүүлэлтээр эдийн засгаа өөд нь татах ямар ч боломжгүй, экспортоос хараат буюу зэс, нүүрсээ борлуулж чадаж байгаа эсэхээс бүх зүйл хамаардаг. Коронавирустэй холбогдон манай улс эдийн засагтаа хоёр сувгаар маш хүндрэлтэй байдал үүсгэсэн гэж хэлж болно.
 
-Эдгээрийг арай  тодорхой хэлбэл юу байв. Энэ нь ямар сөрөг нөлөө үзүүлсэн бэ?
 
-Нэгдүгээрт, хорио цээрийн дэглэм тогтоосноор үйлчилгээний байгууллага хаагдсан. Үүгээр тухайн салбар тэг /0/ зогсолт хийж, тэнд ажиллагсад хүнд байдалд орсон байгаа юм. Хоёрдугаарт, экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний тээврийг хориглосон. Хэрвээ төмөр замаа барьчихсан бол байдал арай өөр байх байсан ч бүтэн гурван сарын нүүрсний орлогоо алдлаа. Үүний уршгаар оны эхний хоёр улиралд эдийн засаг 9-10 хувиар агшсан.
 
-Хэдийгээр улс орны эдийн засаг ийнхүү унасан ч ард түмний амьжиргааг хамгаалах, орлогыг тодорхой түвшинд барих, ажлын байрыг алдахгүйн тулд төр, засгаас зарим нэг арга хэмжээг авч байгаа. Үүнийг хэр үр өгөөжтэй гэж харж байна вэ?
 
-Засгийн газрын шийдвэрээр нийгмийн даатгалын шимтгэлийг авахгүй байх, зарим татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх, хөнгөлөх, хойшлуулах арга хэмжээ авсан нь зах зээлд нэмэр болж байгаа ч хангалттай биш. Дээр нь Төвбанк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан ч экспортоо хөдөлгөхгүйгээр нааштай үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Сүүлийн хэдэн сард нүүрсний экспортыг сэргээж, тээвэрлэлтээ бага багаар нэмэгдүүлж эхэлсний нөлөөгөөр эдийн засгийн үзүүлэлт өмнөхөөсөө ахиж байна.
 
-Энэ эрчээрээ явбал манай улсын эдийн засаг ирэх оноос сэргэх, сайжрах төлөв байх болов уу?
 
-Одоо улс орны эдийн засгийг гадаад ертөнцтэй холбож үзэх шаардлагатай болно. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад БНХАУ-ын эдийн засаг энэ онд эрчимтэй сэргэж, ирэх жилээс өндөр өсөлт үзүүлэх магадлалтайг олон улсын шинжээчид хэлж байна. ОУВС-гаас 2021 онд Хятадын эдийн засаг 9.1-ээс дээш хувиар өснө гэж таамагласан. Өмнө нь тус улсын эдийн засаг 5-6 хувиар л өсч байсан нь дээд үзүүлэлт болж байлаа. Дээрх өсөлттэй холбогдоод манай улсын хувьд ойрын ирээдүйн боломж нь Хятад гэж харж байна. Тэд дэлхийн томоохон хэрэглэгч учраас ямар ч нөхцөлд түүхий эдийн худалдан авалт хийдэг. Тиймээс жилээс жилд тэлж байгаа Хятадын эдийн засгийн өсөлт, хэрэгцээнээс бид тодорхой хэмжээнд хүртэх стратегийн шийдлийг яаралтай хийж, бодлогоо тодорхойлох хэрэгтэй юм.Үүний нэг нь төмөр замын бүтээн байгуулалтаа шуурхай гүйцэтгэж, дуусгах явдал чухал болж байна. Ингэж чадвал магадгүй 60 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэхийг ч үгүйсгэх аргагүй. Ер нь улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг 20-30, түүнээс ч урт хугацаанд харж хийх ёстой юм.
 
 
 
Харамсалтай нь, манайд сонгуулиас сонгуулийн хооронд дөрвөн жилийн хугацаатай л ажлыг төлөвлөж, энэ хэрээрээ төсвийн орлого өндөртэй жилүүдэд суурь бүтээн байгуулалтыг хийдэг байдал ажиглагдсан. Тодруулбал, сонгуулийн жилийн бүтээн байгуулалтын төсөв бусад жилийнхээс долоон хувиар их болдгийг олон жилийн дунджаас харж болно. Үүнийг дагаад төсвийн алдагдал нэмэгдэнэ. Түүнийг нөхөхийн тулд татварыг нэмэх юм уу  өр тавих хоёр л арга зам байдаг болову хоёулаа сайн гарц биш.
 
 
 
-УИХ-аас энэ оны улсын төсөвт тодотгол хийж, 4.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Энэ нь таны дээр хэлсэнчлэн төсвийн орлого муу байхад бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө төлөвлөсөнтэй  холбоотой болов уу?
 
-Нэгэнт УИХ ийм шийдвэр гаргаж, төсвөө баталчихсан учраас иргэн, хувийн хэвшлийнхэн дараагийн алхмаа зөв төлөвлөөд явахаас аргагүй. Том зургаар нь харвал, алдагдлаа нөхөхийн тулд татвар нэмэх магадлалтай. Үгүй бол гадаад дотоодоос мөнгө зээлж, өр нэмэгдэх нь тодорхой. Дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж, мөнгө босгоё гэвэл хөрвөх чадвар сайтайг нь бодож банкууд авч хадгалдаг. Хүү нь арай өндөр болохоор арилжааны банкууд түүнийг худалдан авах ч Засгийн газар тэдэнд өртэй болж, зах зээл дэх төгрөгийн хэмжээ нэмэгдэх ийм л үйл явц болно. Энэ нь инфляцыг хөөрөгдөж, төгрөгийн үнэ цэнийг унагах вий гэсэн болгоомжлол байна.
Үүний зэрэгцээ Засгийн газар төлбөрийн тэнцлээ эргэж харах, худалдааны зарим тарифыг шинэчлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тухайлбал, ийм хүнд үед үнэтэй виски худалдаж авах шаардлага байна уу. Автозамын түгжрэл ихтэй байхад зарим машины татварыг нэмж болохгүй юу гэхчилэн Монгол Улсаас гарч байгаа валютын урсгалд хяналт тавих шаардлагатай юм шиг харагдаад байна. Үндсэндээ зах зээлд эргэлдэж байгаа төгрөг, валютын харьцаа, ханшийн зөрүүг тогтвортой байлгах гэсэн санаа юм. Үүнийг төр, засгийн бодлоготойгоо зөв уялдуулж холбох нь чухал.
 
 
 
Макро эдийн засгийн үндсэн гурван бодлого л байдаг. Тодруулбал, микро түвшний жижиг бодлого, мөнгөний буюу сангийн бодлого, төлбөрийн тэнцлийн бодлого гэж. Эдгээрийг зөв гаргаж, бодлогоо сайтар тодорхойлох нь хамгийн чухал юм. 
 
 
 
-Энэ жил “COVID 19” цар тахлын улмаас гадаадын жуулчид хүлээж авах боломжгүй байлаа. Гэхдээ дотоодын аялал жуулчлал энэ салбарт илүү орлого оруулсан болов уу?
 
-Гаднын жуулчдын оруулдаг орлогыг дотоодынхтой харьцуулах аргагүй л дээ. Гэхдээ жил бүр манайхны гадагш зарцуулдаг хөрөнгө мөнгө дотооддоо үлдэж, төлбөрийн тэнцэл талдаа ашигтай байсан нь давуу болсон. Нэг зүйлийг онцлоход, суурин соёл иргэншилд эрт шилжсэн улсуудын ард түмэн эхлээд хуримтлал үүсгэж, тодорхой нөөцтэй болсны дараа аялж зугаалдаг бол Монголчууд эхний олсон мөнгөөрөө тансаглаад дуусгадаг. Энэ нь нүүдэлчин ахуй амьдрал, аж байдлын хэвшил сэтгэлгээтэй холбоотой байх. Төр, засгийн түвшний бодлого ч иймэрхүү байна уу даа гэж бодогдоод байдаг юм. Бүтээн байгуулалт хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Гэхдээ зөв цаг үед нөөц боломждоо тулгуурлаж, түүнийгээ сайтар тооцож байж л бүтээн босгох нь чухал. Эдийн засгийн ойлголтоор бол төлбөрийн тэнцэлдээ анхаарах шаардлагатай болжээ гэж хэлэх гэсэн юм.
 
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин