Нийгмийн түвшинг сэхээтнүүдээр нь төлөөлүүлж тогтоодог тогтсон хэмжүүр үзүүлэлт байдаг. Сэхээтнүүд нь ямар байна, тийм л нийгэм байдаг. Өнөөгийн сэхээтний давхаргад гурван шатлал үүсжээ.
Нэгд, хулгайч сэхээтнүүүд. Үүнд, манай улс төрийн хүрээллийнхэн тэр чигтээ багтана. Үе үеийн ерөнхийлөгчид, ерөнхий сайдууд, улсын их хурлын болон засгийн газрын гишүүд тэдний тойрон хүрээлэгчид, нам дагаж хоолоо олж иддэг төрийн албан хаагчид, гишүүд дэмжигчдээс бүрдсэн маш том аалзны тор үүссэн. Үнэндээ тэд бол өөрсдийгөө сэхээтэн гэж төөрөлдсөн хулгайч, луйварчид юм.
Хоёрт, бэртэгчин сэхээтнүүд. Хэдий эзэмшсэн мэргэжил боловсролдоо сайн, зан чанарын хувьд зөв хүмүүс байх ч, өөрсдийн албан тушаал, ажил төрлөө алдчих вий гэсэн айдас, явцуу эрх ашгаасаа болж бусдын төлөө байх, бусдад хүртээлтэй байх гэсэн сэхээтэн хүний үндсэн үүргээ умартсан, амаа үдүүлсэн, нийтийн эрх ашгийн төлөө огт дуугардаггүй, тэмцдэггүй бэртэгчин сэхээтнүүд.
 
Гол төлөөлөл нь манай төрийн албан хаагчид. Өнөөдөр манай төрийн албан хаагчид үндсэндээ 2 хуваагдчихаад МАН, АН хоёрыг дэмжээд байгаа. МАН, АН хоёр нь хулгайч луйварчдын үүр болсон гэж үзвэл тэднийг дэмжээд байгаа төрийн албаны албан хаагчдыг үнэндээ сэхээтэн гэж хэлэхэд хэцүү. Учир нь жинхэнэ сэхээтэн хулгайч сонгохгүй. Хэнийг сонгож байна вэ гэдэг нь өөрөө сэхээтэн хүний дархлааг тодорхойлж өгч байгаа гол үнэлгээ нь юм.
 
Манай төрийн алба тэр чигтээ ийм төрлийн бэртэгчин сэхээтнүүдийн төлөөллөөс бүрдэж байна. Нийт сэхээтнүүдийн дийлэнх хувийг эзлэх тэднээс болж нийгмийн ялзрал үүсэж байдаг. Тэд нэг талаар, нийгмийг хамарсан ялзрал доройтолтой тэмцэх, нөгөө талаар, олон түмнээ ороо бусгай, хүнд хэцүү цаг үед ухааруулж сэхээрүүлэх, соён гэгээрүүлэх үүрэг хүлээдэг ч энэ үндсэн үүргээ ухамсарладаггүйгээс өнөөгийн нийгмийн ялзралыг үүсгэдэг.
Гуравт, сэхээрсэн сэхээтнүүд гэж бий. Үнэндээ сэхээтэн гэж сэхээрсэн нэгнийг хэлдэг. Харамсалтай нь ийм сэхээтнүүд тун цөөн. Өнөөдөр манайд ийм жинхэнэ сэхээтнүүдийн хувь хэмжээ нийт сэхээтнүүдийн 1 %-д ч хүрэхгүй байна. Нийгэмд сэхээрсэн сэхээтнүүдийн эзлэх хувь хэмжээ 8-10%-д хүрэх үед нийгэм аяндаа өөрчлөгддөг гэж үздэг. Хүссэн ч эс хүссэн ч бэртэгчин сэхээтнүүд бусдын төлөө байх гэсэн сэхээтэн хүний үндсэн үүргээ ухамсарлаж, нийгмийн сайн сайхны төлөө дуугарч эхлэх тэр цаг үеэс эхлэн нийгэм өөрчлөгдөж, шинэчлэгдэх зам нь нээгдэнэ.
Иймд нийт сэхээтнүүддээ уриалахад бэртэгчлэлийн үүр ичээнээсээ гарч, ирээдүй хойч үедээ эрүүл саруул нийгэм өвлүүлэхийн төлөө өнөөгийн нийгмийн ялзралтай тэмцэж, үгээ  хэлээчээ! Тэгж байж л та бүхэн сэхээтэн хэмээх энэ үнэ хүндтэй давхаргын жинхэнэ гишүүд болно. Учир нь сэхээрээгүй нэгэн бол угаасаа сэхээтэн биш.
 
 
Үнэндээ өнөөдөр манайд сэхээтний давхарга огт байхгүйтэй адил. Төр засгийг хулгайч луйварчид удирдаж байгаа нь үүний баталгаа юм. Сэхээрсэн сэхээтний давхаргатай улс оронд хулгайч луйварчидад төрд залрах боломж олдохгүй.
 
Тэгэхлээр дээд боловсрол эзэмшчихвэл сэхээтэн болчихдог гэсэн гэнэн төөрөгдлөөсөө салвал яасан юм. Би үнэхээр сэхээтэн мөн  үү гэсэн асуулт өөрсдөдөө тавиад үзвэл яасан юм. Нийгмээ ялзрал завхралаас салгах ариун үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулбал яасан юм. Эцэст нь сэхээтнийхээ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж, дотроосоо огшиж явбал яасан юм, сэхээтнүүдээ!!!
Сэрцгээе сэхээтнүүдээ! Шинэ цагийг авчрах манлайлагч нар нь сэхээтнүүд байх ёстой.
 
 
Шагдарсүрэнгийн Гантулга