sonin.mn
Сүүлийн үед Монголын боловсролын системийг шүүмжилсэн, өнөөгийн боловсролын системийн бий болгож байгаа нийгмийн тэгш бус байдлыг баримт нотолгоотой гаргаж тавьсан, короновирусээс үүдсэн нөхцөл байдалд теле хичээл, онлайн сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулах шаардлага гарч байгаа тухай, Кембрижийн хөтөлбөрийн сайн муу тал, манайд тохирох эсэх тухай мэтгэлцээн дахин өрнөж, боловсролын системийг хямралаас гаргах арга замын талаар санал бодлоо дэвшүүлж байна. Эдгээр хэлэлцүүлэг, мэтгэлцээнд өөрийн бодол саналаа нэмэрлэх зорилгоор энэ өгүүллийг тэрлэв.
 
Улс эх орондоо мэдлэг боловсролтой, авьяас ур чадвартай хүний капиталыг бий болгож бойжуулах боловсролын тогтолцоотой болохын тулд боловсролын системийг бүхэлд нь системийн үүднээс авч үзэж, яагаад бид ийм байдалд хүрэв, бидэнд юуг өөрчлөх шаардлага тулгарч байна, бидэнд ямар бололцоо байна вэ гэсэн асуултууд тавьж, тал бүрээс нь нухацтай авч үзэх шаардлагатай юм. Тулгамдаж байгаа асуудлуудыг ганц нэгээр нь тус тусад нь салгаж авч, засаж сайжруулах арга барил ямар ч үр дүнд хүргэхгүй гэдгийг сүүлийн жилүүдийн туршлага харуулсан. Энд системийн сэтгэлгээгээр хандаж, асуудлыг нухацтай авч үзэж, авах арга хэмжээг няхуур төлөвлөж, тууштай хэрэгжүүлэх төрийн бодлого, улс төрийн эр зориг хамгаас чухал юм.
 
Яагаад бид ийм байдалд хүрэв?
 
Боловсролын системийн алдаа гажуудлын учир шалтгааныг авч үзэхдээ төр засгийн баримталж ирсэн нийгэм эдийн засгийн бодлогыг бүхэлд нь системийн үүднээс авч үзэж тунгаан бодож шинжлэхгүйгээр бүрэн бүтэн зураглалыг гаргах боломжгүй юм.
Бүр өнгөрсөн зууны наяад оноос Кейнсийн эдийн засгийн онолыг сөргүүлж, Маргарет Тэтчер, Доналд Рейган нар Попперын “Нээлттэй нийгэм”, Хайекийн “Боолчлолд хүрэх зам” болон бусад бүтээлүүдийг үндэслэн улс төр, эдийн засгийн неолиберал онолыг хүчтэй хэрэгжүүлж эхэлснийг та бид мэдэх болсон.
Чөлөөт өрсөлдөөн, нээлттэй эдийн засгийг шүтсэн энэхүү номлол нь эдийн засгийг либералчлах, үнэ ханшийг чөлөөлөх, гадаадын хөрөнгө оруулалтын хяналтыг сулруулах, улсын секторыг хувьчлах замаар бүтцийн өөрчлөлтийг хийх зэрэг шинэчлэлийг хийхэд чиглэсэн бөгөөд боловсрол, эрүүл мэндийн салбар ч энэхүү өөрчлөлтийн гадна үлдэж чадаагүй байна. Зах зээлд шилжсэн ардчиллын эхний жилүүдээс манай улсын төр засгийн удирдлагууд гаднын зөвлөхүүдийн зөвлөмж, донор байгууллагуудын тусламжтайгаар эдийн засгийн неолиберал үзэл санааг тууштай хэрэгжүүлж ирлээ. Нийгмийн амьдралын бүхий л салбаруудыг неолиберал үзэл санаанд нийцүүлэхийн тулд суурь зарчмуудыг нь эвдэж өөрчлөхөд хүрсэн юм. Аливаа асуудалд илүү прагматик шинжтэй хандах болж хязгаар тавиагүй өрсөлдөөн амжилтад хүрэх гол хэрэгсэл болж хувирлаа.
Неолиберал өөрчлөлтийн прагматик шинж чанар нь даяаршлын үйл явцыг шийдэх тохиромжтой хариу үйлдэл байлаа. Гэвч прагматик хандлага нь зөвхөн өнөөдрийн ашгийн төлөө анхаарлаа төвлөрүүлж байдаг учраас ирээдүйн асуудалд зохих хариулт өгч чаддаггүй гэдгийг бидний туулж ирсэн шинэхэн түүх харуулж байна. Дэлхийг нөмөрсөн 2007-2008 оны нийгэм эдийн засгийн хямрал нь даяаршил, зах зээлийн өрсөлдөөн бол амьдралын туйлын зөв хууль гэсэн неолиберал номлолд итгэх итгэл үнэмшлийг хөсөрдүүлэхэд хүргэсэн юм.Тиймээс ч дэлхий дахинаа неолиберал өөрчлөлтийн давуу сул талуудын тухай эрдэмтэд өргөн хүрээтэй шүүмжлэлт хэлэлцүүлэг, маргаан өрнүүлж байна.
Нобелийн шагналт Жозэф Стиглиц, Амартяа Сэн болон алдарт философич Ноам Хомски зэрэг олон эрдэмтэн судлаачид неолиберализмыг хүчтэй шүүмжилж байна. Хөгжиж байгаа орнуудад (тэр дотор манай орон ч багтаж байна) явуулсан эдийн засгийн неолиберал бодлого бүтэлгүй болсны дараа ийм шүүмжлэл эсэргүүцэл бүр эрчимжсэн юм.
 
 
 
Неолиберал номлолын амлаж байсан шударга төр, ард иргэдийн сайн сайхан амьдрал, баялгийн тэгш хуваарилалт зэрэг олон зүйлүүд үнэн хэрэг дээрээ хэрэгжиж чадсангүй. Харин ч нийгэмд шударга бус ёс газар авч, авлигын торонд төрийн бүх шатны байгууллага орооцолдож, хүний эрх зөрчигдөж, тэгш бус байдал газар сайгүй бий болж улс орон гүнзгий хямралд орсон байна.
 
 
 
Боловсролын салбарт неолиберал үзэл санааны үр дүнд гарсан өөрчлөлтийн талаар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч асан Шахид Жавид Буркигийн тодорхойлсныг өөрийн орны жишээн дээр авч үзье.
 
• Боловсролын салбарт хувьчлал хүчтэй явагдсан. Манай оронд хязгаар тавиагүй өрсөлдөөн бий болгох бодлогыг боловсролын салбарт бодлогогүй явуулснаар 2005 он гэхэд боловсролын салбарын хувьчлал оргил үедээ хүрч, 180 гаруй их дээд сургуультай болж байлаа. Уламжлалт их сургуулийн мөн чанар алдагдаж, хүний оюун ухааныг хөгжүүлж, гэгээрүүлэхийн оронд диплом, зэрэг цол арилжаалдаг “түргэн үйлчилгээний цэг” болгон өөрчлөгдөх хандлага газар авч байна. Нөгөө талаас, зөвхөн хөрөнгөжих зорилгоор хувийн сургууль байгуулах хандлага дэлгэрч, эрх мэдэлд ойр хүн бүр сургууль нэртэй “түрийвч”-тэй болж амжсан байна. Багшлах эрх, эрдмийн зэргийг массаар худалдаж байгаагаас багшийн нэр хүнд уналтад орлоо.
 
• Боловсролд тэр тусмаа дээд боловсролд олгох төрийн санхүүжилтийг бууруулах алхам хийсэн. Төрийн их сургуулиудад төрөөс олгож байсан тогтмол зардлыг улсын төсөвт тусгахаа болиод 4 жил болж байна.Боловсролыг арилжаанд оруулсан. Их дээд сургуулиуд сургалтын үндсэн үүргээ умартаж, барилга барих, засвар үйлчилгээ, худалдан авалт хийдэг арилжааны байгууллагын шинжтэй болж хувирлаа. Төрийн их сургуулиуд сургалтынхаа үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхээ бараг зогсоолоо.
 
• Боловсролын үйлчилгээний дэлхийн хэмжээний зах зээл бий болгож чадсан. Дэлхийн бусад улс орнуудын сургалтын хөтөлбөрийг өөрийн орны хөрсөн дээр буулгахгүйгээр шууд хуулбарлан хэрэгжүүлэх хандлага гаарч байна. Мөн оюутны төлбөрийн нэлээд хэсгийг гадаадын өндөр үнэтэй мөнгө хүүлэгч магадлан итгэмжлэх байгууллагаар хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхэд зарцуулж байгаа боловч, түүний үр дүн нь тайланд бичигдэж, дарга нарын үйл ажиллагааны үнэлгээнд нэмэр болохоос оюутан багш нарт хүрч байгаа өгөөж огт байхгүй байна. Гадаадын суруулиудын салбар байгуулагдаж, тэдний сургалтыг янз бүрийн хэлбэрээр явуулах болж байна.
• Уламжлалт их сургуулиуд антрепренер их сургууль болох зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Антрепренер их сургууль яаж болох, инновацийг хэрхэн хөгжүүлэх, нэвтрүүлэх арга зүйгээ ойлгож амжаагүй байж ийм сургууль болох зорилго тавьж, инновацийг нэвтрүүлж байгаа гэх зэргээр нийгмийн тархийг нэг хэсэг угаалаа. Үүний үр дүн өнөөдөр нүдэнд харагдахгүй байна.
 
Өөрөөр хэлбэл, нийгмийн салбар тэр тусмаа боловсролын салбарт улс орны эрх ашгийг урьтал болголгүй хэрэгжүүлсэн неолиберал өөрчлөлт нь боловсролын чанарыг доройтуулж, ард иргэдийн дийлэнх хэсгийн соёлын түвшнийг унагаж, өмчийн тэнцвэргүй хуваарилалт, нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж, Монгол улсын хүний капиталын хөгжилд хор уршиг тарьж байна. Ардчилал, эрх чөлөө, шударга ёс, үг хэлэх эрх чөлөө, хүн чанар зэрэг олон үнэт зүйлс маань зах зээлийн харилцааны захиргаадалтын нөлөөнд орлоо. Өнөөдөр боловсролыг дэлгүүр хоршоо, гуанз ресторан, тэр ч бүү хэл үсчин зурагчин зэрэг үйлчилгээний газартай харьцуулах болсноор боловсролын үнэ цэнэ буурч, хувь хүний мэдлэг туршлага, авьяас, ур чадварыг зохих түвшинд үнэлэхээ болиод удаж байна. Соёл, урлаг бол аливаа үндэстний ёс заншил, уламжлал, гоо сайхны билэг тэмдэг байхаа больж, арилжааны хэрэгсэл болж хувирлаа. Ардын урлаг, үндэсний соёлыг чанар муутай хошин шогоор орлуулах боллоо. Үр хүүхдэдээ нийгмийн хүмүүжил төлөвшүүлэх гэр бүлийн үүрэг ихээхэн суларлаа.
 
 
 
Энэ бүхнээс дүгнэж үзвэл Монголчуудынхаа эрдэм оюунд түшиглэсэн өөрийн гэсэн бодолтойгоор эдийн засгийн неолиберал бодлогыг хэрэгжүүлж чадалгүй, гаднын эдийн засгийн неолиберал номлолыг гадаадын байгууллага, шинжээчдийн удирдлага, зөвлөмжийн дагуу сохроор шүтэн хэрэгжүүлж ирснээс бид өнөөгийн энэ арчаагүй байдалд орсон байна. Хамгийн том аюул бол улсын маань хамгийн үнэт баялаг болох хүний капиталыг бэлтгэх боловсролын систем маань гүнзгий хямралд оржээ.
 
 
 
Бид юуг өөрчлөх шаардлага тулгарч байна вэ?
Энэ удаагийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд нь нийгмийн бухимдлыг намжаахаас өөр мэдэгдэхүйц үр дүнд хүрэхгүй, тодорхой шийдэлгүй сайхан санаанууд болж хувирах шинжтэй болж байна. Яагаад гэвэл санал болгож байгаа ганц нэг шийдлүүд нь хутгаар эсгэсэн хурууны шархан дээр лент наахтай амьсгал нэг түр зуурын гал унтраах маягийн шинжтэй харагдаж байна. Харин яагаад хуруугаа эсгэчихэв гэсэн гол асуудлыг огт тоохгүй өнгөрч байгаад асуудлын гол учир утга оршино. Боловсролыг өөрчлөх шинэчлэх тухай ярихдаа шинэ сургууль байгуулах, сургалтын шинэ хөтөлбөр боловсруулж нэвтрүүлэх, багшийг хөгжүүлэх тухай л санаа бодлоо уралдуулж цэцэрхэнэ. Харин хүн бүр өөрсдөө яаж юм сурсан, юуг сурч чадаагүй, сургуульд сурсан зүйлээс маань бидэнд одоо үлдсэн зүйл юу билээ, ямар мэдлэг чадвар бидний амьдралд илүү хэрэг болов гэж сайн бодож үзэх цаг болсон санагдана. Яагаад гэвэл сурах үйл ажиллагаа яаж явагддаг, хүн яаж юм сурдаг, яавал сурах үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох тухай хэн ч бодитой санал дэвшүүлэхгүй байна.
2018 онд Дэлхий банкнаас гаргасан “Суралцахуй” нэртэй дэлхийн хөгжлийн тайланд боловсролын тухай статистик мэдээлэл болон боловсролын тухай аливаа яриа хэлэлцүүлэгт сурах үйл ажиллагааны талаар анхаарахгүй байгааг зориудаар анхааруулсан юм.
Үүний учир шалтгаан юунд байна вэ? Миний үзэж байгаагаар энд хоёр гол хүчин зүйл нөлөөлж байна. Нэгд, боловсрол бол цар хүрээ том, маш нарийн нийлмэл бүтэцтэй том систем юм. Боловсрол бол олон янзын өнгө цацруулж байдаг эрдэнийн чулуутай ижил учраас хүн бүр өөрийнхөөрөө төсөөлж, өөрийнхөө туршлагадаа тулгуурлан тэр өнцгөөсөө харж, түүнийг өөрчилж болно гэж боддог юм. Тийм ч учраас боловсролын салбарыг хэн ч удирдаж болно гэсэн ойлголт тархсан байдаг. Хоёрт нь бидний эзэмшсэн мэдлэг боловсрол бол амьдралаас тасархай, хэтэрхий хийсвэр учраас боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийн талаар том том юм ярьсаар хамгийн энгийн ойлголтуудаа орхигдуулаад байна.
Энгийн бүдүүлэг сэтгэлгээгээр авч үзвэл боловсрол бол нэг талаас хүн, нөгөө талаас мэдлэг- ур чадвар гэсэн хоёр элементийн тухай асуудал бөгөөд хүн яаж хамгийн богино, хялбар аргаар сайн мэдлэг ур чадвар эзэмших вэ гэсэн тэгшитгэлийн хариуг олох явдал юм.
Энэ тэгшитгэлийн хариуг олохын тулд эхлээд зуу орчим жилийн түүхтэй манай боловсролын салбарт өнөөг хүртэл баримталж ирсэн үндсэн зарчим, философийн тулгуур ойлголтуудыг эргэж харья.
1. Манай боловсролын систем бол ямар ч хүн өөрөө бие дааж сурч чадахгүй, заавал ч үгүй хэн нэгэн зааж сургах ёстой гэсэн хатуу үзэл баримтлал дээр тулгуурлаж ирсэн. Өнөөдөр шинжлэх ухааны хөгжил дэвшлийн үр дүнд хүн бүр сурах хүсэл эрмэлзэлтэй бөгөөд зөв чиглүүлж өгвөл сонирхсон чиглэлээрээ өөрөө бие дааж сурч чадна гэдгийг баталж харууллаа. Тухайлбал, тархи судлалын шинжлэх ухаан хүүхдийн тархины нейроны тоо насанд хүрсэн хүний тархины нейроны тоотой адил байдаг бөгөөд нейроны холбоосны тоо ч орчинтойгоо харьцах явцад маш хурдацтай өсөж байдгийг батлан харууллаа. Хүүхдэд 5 нас хүртэл тоо заах хэрэггүй гэсэн сурган хүмүүжүүлэх ухааны алдарт эрдэмтний дүгнэлт эргэлзээ төрүүлэх боллоо. Учир нь хүүхэд эхийн хэвлийд байхдаа нэг хоёрын ялгааг мэдэрч эхэлдэг гэдгийг тархи судлалын шинжлэх ухаан баталлаа. Эндээс бага насны хүүхдийн оюуны боломж, багтаамж нь насанд хүрсэн хүнийхээс дутахааргүй гэж ойлгож болох юм. Өөр нэг жишээ, хүүхэд төрөлх хэлээ багшаар заалгахгүй сурчихдаг гэдгийг мартах учиргүй. Харин гадаад хэл сурах гэж хэчнээн багшаар хэчнээн жил заалгаад ямар үр дүнд хүрч байгаа билээ гэдгээ эргээд нэг саная. Сүүлийн үед дээд сургуулийн сонирхсон мэргэжлийнхээ ангид орж чадаагүй монгол оюутан сургуулиа хаяж, гэртээ 3 жил бие даан суралцаад одоо дэлхийн хэмжээнд өөрийн бүтээсэн программ, дизайны бүтээлээ худалдаад сууж байна. Дэлхийн нэртэй улс төрчид, бизнесийн манлайлагч олон хүмүүс их дээд сургуулиа орхиж, амжилтад хүрч нэр төрөө дэлхий даяар дуурьсгаж байгаа жишээ олныг нэрлэж болно. Эндээс хийх гол дүгнэлт бол хүн бүрд төрөлхийн сурах авьяас заяасан гэсэн ойлголтыг бид сайтар ухамсарлах ёстой болж байна. Харин хүнээр заалгаж байж л эрдэмтэй болдог гэсэн өрөөсгөл ойлголтыг эргэцүүлэн бодох цаг иржээ.
2. Мэдлэг бол авьяаслаг ухаалаг, тухайлбал эрдэмтэд, багш зэрэг хүмүүсийн эзэмшилд байдаг бөгөөд мэдлэгийг юуны өмнө тэднээс, тэдний бичсэн ном сурах бичгээс мэдэж авч болно гэж үздэг байлаа. Харин мэдлэг бол бүх нийтийн баялаг болох тухай философийн шинэ ойлголтыг ЮНЕСКО-оос саяхан дэвшүүллээ. Өнөөдөр мэдлэг цөөн хүний эзэмшлээс гарч, интернэтийн сүлжээнд бүх нийтэд хүртээмжтэй байдлаар оршиж, тэрхүү мэдлэгийн сан өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Дэлхий даяар нээлттэй боловсролын философи хүчтэй дэлгэрч, сонирхсон чиглэлээрээ сургалтын нээлттэй,үнэ төлбөргүй эх материал, хичээл, сургалтыг интернэтийн сүлжээнээс олж авах, тэр ч бүү хэл дэлхийн тэргүүлэх их сургуулиудын профессорын хичээлийг гэрээсээ үзэж судлах боломжтой болж байна. Ямар ч хүн мэдэхгүй зүйлээ сошиал сүлжээний найз нөхдөөсөө асууж, олж мэдэж, Google-ээр хайж, сургуулийн танхимаас гадуур асар их мэдлэгийг эзэмших боллоо. Ганцхан жишээ дурдахад сүүлийн гучаад жилд Монголчууд эрүүл мэндийнхээ талаар урд өмнөхөөс илүүтэй анхаарч, санаа тавьж, эрүүл хоол, дасгал хөдөлгөөн, эрүүл аж төрөх ёсны талаар өргөн мэдлэгтэй болсны дүнд бидний дундаж нас долоогоор нэмэгдсэн байна. Энэ мэдлэгийг хичээл сургууль, багшаас бус, юуны өмнө интернэт, сошиал ертөнц, найз нөхдөөсөө олж авч байна.
3. Сайн дүнтэй суралцаж, дээд сургуулийн зэрэг, цол, дипломтой бол сайн ажилд орж, сайхан амьдрах болно гэсэн философи бидний амьдралын чиг замыг тодорхойлж ирлээ. Тийм ч учраас яаж сайн дүн, диплом зэрэг цол авах вэ гэдэг асуудал хүн бүрийн өмнө тэргүүн зэрэгт тавигдаж, юуг, яаж сурах вэ гэдэг асуудал орхигдох хандлага гарч ирлээ. Үүнээс үүдэн их дээд сургуулийн дипломтай боловч ажил хийх чадваргүй, тэр ч байтугай дор хаяж төрөлх монгол бичгийн соёл эзэмшээгүй “дээд боловсролтой” ажилгүй залуучууд олширч, “цүнх баригч” гэсэн нэр хочтой залуучууд бидний өдөр тутмын ярианы нэг сэдэв болчихоод байна. Харин суралцах гэдэг бол амьдрал, амьдрал бол суралцах гэсэн философийг шүтэж, насан туршдаа суралцах нь орчин үеийн залуучуудын амьдралын хэв маяг болж байна. Нөгөө талаас, диплом зэрэг гэхээсээ авьяас гэдэг шалгуураар хүмүүсийг үнэлж, ажилд авдаг жишиг тогтож эхэлж байна.
4. Бүх хүүхдийг бөөнөөр нь нэг ангид суулгаад дундаж хүүхдийн мэдлэг чадварын түвшинд тохируулж тогтоосон стандартын дагуу мэдлэг олгож болно гэсэн үзэл баримтлалыг хатуу баримталж ирсэн. Энэ философи нь хүүхэд бүрийн сонирхол, сурах хэв маяг, онцлогийг үл хайхран нэг загвараар зүтгүүлдэг учраас өндөр үр дүнд хүрэхгүй явж ирлээ.Тэгвэл хүн бүр угаасаа сурахын төлөө төрсөн “амьтан” бөгөөд юм сурч мэдэхдээ өөр өөрийн онцлог арга барил, хэв маягтай байдаг. Ховард Гарднерийн оюуны олон талт шинж чанарын тухай онол үүнийг баталж, хүн бүр өөрийн гэсэн онцлог сурах арга барилтай бөгөөд түүнийг нь харгалзан үзэж сурах боломж олговол эцсийн үр дүн өгөөжтэй байдаг гэж дүгнэсэн байна. Тийм учраас хүүхдийн оюуны хөгжил, түүнд хамгийн тохиромжтой сурах хэв шинжийг багаас нь таньж мэдэх явдал чухал ач холбогдолтой болж байна.Нөгөө талаас, уламжлалт хандлага нь төрөлхийн авьяастай хүүхдийн сурах урам зоригийг хугалж, мохоож байдаг. Ер нь хүүхдийн сонирхлыг нь дагуулж, багаас нь тэр талыг нь түлхүү хөгжүүлэх талаар дэмжиж өгвөл авьяаслаг чадварлаг хүн болох төдийгүй, нийгэмдээ үнэ цэнтэй капитал болох ирээдүйтэйг амьдралын олон жишээ харуулсан юм.Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч гэсэн өөртөө тохирсон арга барилаар суралцаж, мэдлэг чадвар эзэмшээд нийгмийн идэвхтэй гишүүн болж чадахыг сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүн харуулж байна.
5. Үнэлгээний тухай философи бол боловсролын системийг хөгжүүлэх бус чөдөрлөж улмаар маш хортой үр дагавар дагуулж ирлээ. Хүүхдийг багаас нь сайн муу гэж ялгаж, гадуурхаж явсны үр дүнд хүүхдийн оюуны хөгжил зогсоход хүрдэг байна. Энэ бол хүний эрхийн түгээмэл баталгааг ганхуулахад хүргэж байна. Стэнфордын их сургуулийн профессор Карол Двек хориод жилийн турш явуулсан судалгааныхаа үр дүнд оюуны хөгжлийг зогсоодог, эсвэл хөгжүүлдэг шалтгааныг тогтоож, хүн алдаан дээрээ суралцах замаар оюунаа хөгжүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Харин хүүхдийг багаас нь сайн мундаг гэж магтсанаар оюуны хөгжлийг нь зогсоох аюултай байна. Тийм учраас сайн муу гэхээсээ илүүтэй, сурах үйл ажиллагааг дэмжих философи барьж ажиллавал оюуны хөгжилд түлхэц болно.
Бидний баримталж ирсэн боловсролын философийн зах зухаас нь авч үзэхэд бидний хүсэж мөрөөдөж байгаа боловсролын системийн эсрэг үйлчилж, сурах үйл ажиллагааны үр өгөөжийг бууруулахад хүргэж байгааг харж болно.
2050 он гэхэд нийгмийн идэвхтэй, аз жаргалтай Монгол хүнийг хөгжүүлэх гэсэн том зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид боловсролын философио одооноос эсрэгээр нь өөрчилж, цоо шинэ философийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Энэ философийн мөн чанар нь нэн тэргүүнд суралцах үйл ажиллагаанд хамаг анхаарлаа төвлөрүүлж, багшийн хөгжил, сургалтын агуулга, үнэлгээ зэрэг бусад асуудлыг түүнээс хамааруулж шийдэхэд оршиж байна.
 
Бидэнд ямар бололцоо байна вэ? Хүн нэг бүрийн онцлогт тохирсон суралцах арга, барил, хэв маягийг дэмжсэн цоо шинэ суралцахухааныг хөгжүүлж, хэрэгжүүлэх ажлыг системийн сэтгэлгээний үүднээс авч үзэж байж үр дүнд хүрэх болно.
 
Өнөөдөр ийм цоо шинэ сурах орчин, арга ухааныг хэрэгжүүлэх онолын үндэс болон технологийн шийдлүүд, хүний нөөцийн цөм манайд бий болжээ. Монголчууд өөрсдийнхөө оюун ухаан, эрдэм билгээрээ боловсролынхоо салбарыг уналтаас гаргаж, улс орныхоо үнэт капитал болсон хүний капиталын үр өгөөжтэй нөөцийг богино хугацаанд бий болгож, улс орныхоо хөгжил дэвшилд дорвитой үсрэлт хийх бүрэн боломжтой.
 
1.Ардчиллын эхний жилүүдийг бодвол өнөөдөр манай оюуны сор болсон эрдэм номтой үе үеийнхэн улс төр, нийгмийн хөгжлийн онол практикийн орчин үеийн мэдлэгтэй болж Монгол орны хөгжлийн философийг боловсруулж, хэрэгжүүлэх оюуны чадамжтай болсон байна. Үүний нэг жишээ бол Алсын хараа-2050 стратегийн төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөөнд бүрэн тусгаагүй, цааш нь сайжруулах зүйл олон байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ баримт бичгийг манай үе үеийн эрдэмтэд, төрийн зүтгэлтнүүд хамтарч бүтээсэн.
Энэ туршлагадаа тулгуурлан эрдэмтэн мэргэдийн судалгааны ажлыг улс орныхоо хөгжлийн загварыг гаргахад ашиглавал зохино. Неолиберал эдийн засгийн номлолыг ухаалгаар өөрийн орны онцлог нөхцөлд тохируулан хэрэгжүүлж, уламжлал, тэргүүний арга барилаа авч үлдэж чадсан олон улс орон байгаа. Тэдгээр улс орнууд өөрийн орны оюуны чадавх дээрээ тулгуурлан даяаршлын давуу талыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан байна.Энэ туршлагаас сургамж авах хэрэгтэй.
2.Сүүлийн 30 жилд дэлхийн тэргүүлэх их дээд сургуульд суралцаж, дэлхийн улс орнуудын боловсролын талаар номноос бус биеэрээ мэдэрсэн залуу эрдэмтэд олширсоор байна. Төр засгийн болон боловсролын байгууллагын багш ажилтнууд ч гаднын туршлага судалж, сургалтад хамрагдаж, тодорхой ойлголттой болсон байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн боловсролын тухай мэдлэгийн ой санамж манай оронд бий болжээ. Америкийн дунд боловсролын чанар сайн биш, Их Британи улс мэдлэг ур чадварын үнэлгээнд гол анхаарлаа төвлөрүүлж, хичээл заах мэдлэг олгох талыг орхигдуулж яваа, бакалаврын сургалтыг өөрийн улс орондоо дэлхийн түвшинд олгох боломж байгаа, эрдмийн зэргийн сургалтыг америк, канад, япон, герман, англи зэрэг улс оронд явуулж эзэмшүүлбэл хувь хүндээ төдийгүй улс орны хөгжил дэвшилд чухал гэх зэрэг наад захын ойлголтыг жирийн иргэд гадарлах болж байна.
 
Боловсролын салбарын өнөөгийн байдлын суурь судалгааг Боловсролын хүрээлэнгээс эрхлэн нэлээн нухацтай гаргаж тавьж, тулгамдаж буй бодлогын гол гол асуудлыг ул суурьтай тодорхойлсон байна.Энэ бүх мэдлэгийн сандаа түшиглэн Монголын боловсролын хөгжлийн философийг боловсруулах үндэсний оюуны цөм бүрдсэн бөгөөд гагцхүү тэднийг ухаан бодлыг улс орны эрх ашгийн үүднээс зангидан төвлөрүүлж, академик эрх чөлөөг хангах манлайлал чухал болж байна.
 
3.Суралцах арга ухаанд гол анхаарлаа төвлөрүүлж, түүнийг хөгжүүлэх нь хамгийн гол асуудал гэдгийг судалгаа туршилт явуулж ирсэн эрдэмтэд, мэргэжилтэн залуучууд анхааруулж байна. Хүүхдэд мэдлэг чадвар олгох хамгийн үр өгөөжтэй арга барилыг эзэмшүүлэх талаар үр дүнд хүрч байгаа залуу эрдэмтэн мэргэжилтэн залуучуудын заримаас дурдъя. Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар хүүхдийн ой ухааныг хөгжүүлэх арга барилыг сэдэж, улмаар олон улсад өөрийн ноу-хауг хүлээн зөвшөөрүүлж, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлж байна. Сант сургуулийн захирал З.Энхмөнх жил бүр дэлхийн тэргүүлэх их сургуульд элсэх хэмжээнд сурагчдаа бэлтгэж, дэлхийн түвшинд хүрсэн залуу эрдэмтдийг бэлтгэхэд дорвитой хувь нэмэр оруулж байна. Ёс-эрдэм бүрэн дунд сургуулийг санаачлан байгуулж, хүүхдийг багаас нь оношилж, бодит мэдлэг чадварын түвшнийг тогтоож,хүүхэд нэг бүрд тохирсон сургалтын төлөвлөгөө боловсруулж үр дүнд хүрч яваа электрон жаал Э.Энхпүрэвийг энд нэрлэхгүй байхын аргагүй. Монгол хүүхдүүдийг дүүлэн нисгэх уриатай Нест дунд сургуулийг Google, Amazon зэрэг дэлхийн том компаниудад ажилладаг хэсэг залуучууд байгуулж, эх орондоо 10000 программ зохиогч, дизайнер бэлтгэх зорилго тавиад амжилттай ажиллаж байна. Энэ бүгд бол монгол залуучуудын оюун ухаан, уран сэтгэмжийн үр дүнд бий болж байна. Эдний цаана шинэ санаа сэдсэн, хийж бүтээх урам зориг дүүрэн уран сэтгэмж бүхий олон залуучууд байгаа.
4. Хүүхдийг багаас нь сурах үйл ажиллагаанд дурлуулж, тэдний сурах арга барил, зан төлөв, сэтгэн бодох онцлогт тохируулан суралцах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний сурах үйл явцыг бодит цаг хугацаанд хянаж, багш эцэг эхчүүдэд шуурхай мэдээлэл өгдөг суралцахуйн цоо шинэ философийг хэрэгжүүлэх технологийн шийдлүүд бий болсон байна.
 
Ийм системд шилжих зайлшгүй хэрэгцээ байгааг болон ийм систем нь одоогийн боловсролын системээс хавьгүй сонирхолтой бөгөөд үр дүнтэй гэдгийг сүүлийн жилүүдэд манайд амжилттай хэрэгжиж байгаа олон санаачилга харуулж байна.
 
Түүхч доктор Өлзийбаатарын ярьдаг ном монголчуудад эх орныхоо түүхийн талаар олон шинэ мэдээллийг өгч, түүхээ танин мэдэхүйд жинтэй хувь нэмэр оруулж байна. Мөн манай залуучууд дэлхийн шилдэг мэргэжлийн ном, зохиолуудын талаар подкастаар дамжуулах болсон нь өнөө үеийн залуучуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж байна. Мөн Монгол контент, Маржаахай зэрэг орчин үеийн VR, AR зэрэг технологиудыг ашиглан хүүхдийн зохиолуудыг “амилуулж” байгаа компаниуд ч бий болж байна. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвөөс 40 гаруй багш, мэргэжилтнүүдийн хүчээр монгол хэл дээр анхны нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл (MOOC)-ийг боловсруулж сургалт явуулж бодит ажил болголоо.Өнөөдөр хувь хүн өөрийн сонирхол, онцлогт тохируулан суралцах, багшийн хичээлийг хичээлийн танхимд бус сурах бичгээсээ “амьдаар” нь үзэх, сурч буй зүйлийн агуулгын талаар олон эх үүсвэрээс авч үзэж, өөрийн гэсэн дүгнэлт хийх, сэтгэн бодох, тунгаан ухаарах сэтгэлгээгээ хөгжүүлэх, ойлгохгүй зүйлээ багш болон найз нөхдөөсөө тодруулж авах зэрэг өргөн боломжийг орчин үеийн хиймэл оюун, технологийн шийдлүүд олгож байна.
Эдгээрийг хэрэгжүүлэхэд төрийн тууштай бодлого, хөрөнгө оруулалт, бүх нийтийн дэмжлэг чухал үүрэгтэй. Төр засаг боловсролын салбарыг өөрчлөн шинэчлэх талаар үнэхээр санаа зовниж байгаа бол юуны өмнө, боловсролын салбарт мэдлэгийн өрсөлдөөнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, жалга дов, хамаатан садан, найз нөхдийн татуурга, улс төрийн өгөө авааг таслан зогсоож,мерит зарчимд тулгуурласан сонгон шалгаруулалт томилгоог бүх шатанд хийх улс төрийн эр зориг гаргаж чадваас амжилтад хүрэх болно.Түүнээс гадна боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг сурч мэдэх үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлийн судалгаа, туршилт хөгжүүлэлтийн ажилд чиглүүлэх нь богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүнд өгнө.
 
 
Д.Бадарч