sonin.mn
АНУ-ын Зэвсэгт хүчин нь 1700-аад оны сүүлчээр үүссэн гэж үздэг бөгөөд анх энгийн хүний удирдлага дор үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тус улсын Зэвсэгт хүчний байгуулалт нь улам хөгжсөөр энэ цагтай золгосон ч өөрчлөгдөөгүй үлдсэн нэг зүйл нь бүх төрлийн цэргийн командлалууд нь бүгд иргэний хяналтад байсаар байна. Тус улсын Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Тэнгисийн явган цэрэг, Тэнгисийн цэрэг, Агаарын цэрэг, Сансрын цэрэг, Эргийн хамгаалалтаас бүрддэг. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нь АНУ-ын Ерөнхийлөгч байдаг бөгөөд Ерөнхий командлагчид илтгэдэг хүн нь тус улсын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга юм. Энэхүү Төрийн нарийн бичгийн дарга нь энгийн хүн байдаг бөгөөд Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, Сенатын танхимаас томилдог Батлан хамгаалахын дээд албан тушаал юм. Өөрөөр хэлбэл Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга нь Ерөнхийлөгчийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой шийдвэр гаргахад нь нөлөөлж чаддаг гол албан тушаалтан ажээ. Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн даргын шууд удирдлага дор Төрлийн цэргийн командлалууд байна. Төрлийн цэргийн командлалуудыг мөн л Төрийн нарийн бичгийн дарга нар удирдах бөгөөд тэднийг ч мөн Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, сенатын танхимаар хэлэлцүүлсний дүнд томилдог. Эдгээр Төрлийн цэргийн Төрийн нарийн бичгийн дарга нар нь Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн даргын шууд удирдлага дор ажилладаг. 
 
 
 
Харин хамгийн өндөр цолтой цэргийн алба хаагчид нь тэдгээр төрлийн цэргийнхээ штабын дарга нар нь байдаг ажээ. Тэдгээр нь генерал болон адмирал цолтой бөгөөд тус улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цолыг олгодог. Эдгээр цэргийн удирдах албан тушаалтнууд нь Төрлийн цэргийн командлалынхаа Төрийн нарийн бичгийн даргад шууд захирагддаг. Гэсэн ч дээд офицерууд нь АНУ-ын Зэвсэгт хүчний өдөр тутмын үйл ажиллагаа, сургалт бэлтгэл, стратегийн түвшний шийдвэр гаргах бүх асуудлыг хариуцдаг өндөр хариуцлагатай албан тушаал юм.
 
 
 
Мөн тус улсад цэргийн дээд цолтой офицерууд болон бусад үндэсний аюулгүй байдалтай холбоотой албан тушаалтнуудаас бүрдсэн Нэгдсэн штаб үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга болон бусад удирдах албан тушаалтнуудад цэргийн мэргэжлийн зөвлөгөө өгч, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлдэг Пентагонд байрладаг гол штаб юм. Тус штабын даргаар нь Хуурай замын цэргийн генерал Марк Милли томилогдон ажилладаг бол орлогч даргаар нь Агаарын цэргийн генерал Жон Хайтан ажилладаг ажээ.
 
 
М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин