sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцан тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, хэл судлаач Б.Түвшинтөгсийг урьж, ярилцлаа.
 
“Бид эх хэлдээ хэнэггүй хандаж ирсэн”
 
-Өвөрмонголд өрнөсөн хэл бичгийн төлөөх тэмцэл бидэнд хэд хэдэн зүйлийг ойлгууллаа. Өмнө нь бид өвөрмонголчуудынхаа аливаа асуудалд тоомжиргүй хандаж иржээ. Харин энэ удаагийн эх хэлний төлөөх тэмцлийг энд манайхан дэмжлээ. Жагсаал, цуглаан зохион байгуулж, урд хөршийн удирдлагуудад нээлттэй ил захидал ч хүргэлээ. Өвөрмонголчуудаа илүү ойлгох шиг боллоо. Тэд ямар нөхцөлд аж төрж, амьдарч байна. Том гүрэн дунд байгаа үндэсний цөөнх байхын зовлон бэрхшээл нь юу юм гээд тэднийг хайрлах сэтгэл улам илүү төрж байна. Нөгөө талаар хэл, соёлын үнэ цэнэ юу вэ гэдгийг бидэнд бага боловч ухааруулсан үйл явдал.  Хэрэв бидэнд  ийм зүйл тохиолдвол яах вэ гэсэн сэрэмжлүүлгийг ч авцгаав. Эх хэл, соёлын үнэ цэнэ, үүнийгээ хэрхэн хайрлаж хамгаалах ёстой вэ гэдэгт дүгнэлтээ хийлээ. Энэ мэтчилэн монголчууд бидэнд маш том дохио өгсөн үйл явдал гэж харж болно. Өнгөрсөн хугацаанд бид эх хэлдээ их хэнэггүй хандаж ирсэн. Монгол хэл, бичгээ бид мэддэг юм чинь үүнийг дахин дахин заах, сургах шаардлага байна уу.  Түүний оронд гадаад хэл сураад дэлхий ертөнцтэй өрсөлдөөд явъя л гэсэн хандлага давамгайлж байна.  Гэтэл тухайн хүн үндэсний хэлээ эзэмших, үндэстэн нь бичиг үсэгтэй байхын үнэ цэнэ юугаар ч сольшгүй давуу тал юм даа. 
 
“Монгол бичгийн хэрэглээний орчныг бий болгох шаардлагатай”
 
Блиц
 
Боловсрол:
 
-1994-1998 онд  -МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш
-2001-2005 онд -ОХУ, Санкт-Петербургийн их сургуульд “Глагольная лексика монгольского и маньчжурского языков (Историко-сопоставительный анализ)” сэдвээр доктор зэрэг хамгаалсан.
 
Ажилласан байдал:
 
-1998-2001 онд - ШУА, Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
-2001-2005 онд -ОХУ, Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахин судлалын тэнхимийн аспирант, орон тооны бус багш
-2005-2017 онд -ШУА, Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, төвийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга
-2017 оноос МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
-1990 оны үед нийгэм өөрчлөгдөж, үндэсний ухамсар сэргэлээ.  Үүнээс хойш монгол бичгээ сэргээн хэрэглэе гэсэн уриалга, санаачилга эрчимтэй өрнөсөн. 1990-ээд оны дундуур гэхэд нийтээрээ монгол бичигт шилжинэ гэсэн ойлголт ч байлаа.  Иргэд  маань ч бэлтгэлтэй байсан.  Гэвч улс төрийн нөхцөл байдал, санхүүгийн боломж бололцооноос шалтгаалан шилжиж чадаагүй.  Энэ асуудал нь дээгүүрээ биелэл болоогүй ч өнгөрсөн хугацаан дунд сургуулийн хэмжээнд монгол бичгийн сургалт явагдсаар л байсан. Үүнээс улбаалан өнгөрсөн онд  Монгол Улсын Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ыг баталлаа. Ингэснээр цаашид Монгол Улс үндэснийхээ бичгийг ямар хэмжээнд авч явах юм, нийтээрээ  суръя гэвэл яах шаардлагатай вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн оролцох вэ, бүх шатны сургуулиуд, төрийн байгууллагууд юу хийх ёстой. Цахим орчинд ямар түвшинд хэрэглэх хэрэгтэй вэ гэсэн шаардлагатай ажлуудынхаа дүр зургийг гаргаж авсан юм. Цаашлаад 2025 оноос монгол хэлний хуулиар төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж болох тийм заалт ч бий шүү дээ. Тиймээс их өргөн хүрээ хамарсан хөтөлбөр баталсан. Ер нь аливаа хэлийг хэрэглээ болгоход зөвхөн сургалтаар биш хэрэглээний  орчныг  бий болгох шаардлагатай. Цахимд кирилл үсгээр бичдэг шигээ монгол бичгээ ашигламаар байна.  Мөн эцэг эхчүүд маань өөрсдөө хүүхдийнхээ монгол бичгийн хичээлийг давтуулж чадахгүй хэмжээнд байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй.   Түүнчлэн монгол бичиг сурсан хүн түүнийгээ хаана хэрэглэх, юу бичих, юу унших юм.  Эдгээр ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр монгол бичгийн үндэсний хөтөлбөр бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.
 
“Бодлогоор дэмжих байтал хасч, танах талаар яриад эхэлсэн нь харамсалтай”
 
-Их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт монгол бичгийг заавал үзнэ гэж тусгасан байдаг.  Гэтэл хэрэгжиж чадахгүй байна.  Одоогоор сонгож судлах хичээлийн жагсаалтад л багтдаг. Тухайн оюутан хүсвэл судална. Үгүй бол орохгүй.  Уг нь хөтөлбөр дээрээ заавал судална гээд заачихаад байдаг. Гэтэл сургуулиуд нь сонгох руу оруулчихдаг.  Ийм асуудал бий.  Бас нэг асуудал нь багш, оюутнуудын хандлага.  Монгол хэл бичгийн хичээлийг “хэрэггүй, өмнө нь үзээд судалчихсан” гэх байдлаар эсэргүүцэх явдал ч байна. Үүнтэй зэрэгцээд саяхан боловсролын бодлого тодорхойлдог яамнаас их дээд, сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс Монголын түүх, хэл бичгийн хичээлийг хасах болсон гэх яриа гарлаа.  Бодлогоор дэмжих байтал хасч, танах талаар яриад эхэлсэн нь жаахан харамсалтай.  Хасах шалтгаан байж болно. Гэхдээ хасахгүй байх шалтгаан нь илүү том хүрээтэй юм. Дунд сургуульд Монголын түүх, хэл бичгийн хичээлийг  бид үзээд төгсдөг.  Тэр бол арай өөр хөтөлбөр. Харин их, дээд сургуульд тэр хөтөлбөр дээр суурилан бататгаж, монгол хүнийг бэлтгэж байгаа юм.  Тэгэхээр эх хэл бичгийн хичээлийг  үгүйсгэх аргагүй.  Ер нь бид бүх насаараа л түүх, эх хэлээ суралцах шаардлагатай. Энэ  төрлийн хичээл, сургалт илүүднэ гэж байхгүй.  Ер нь хэл, соёл түүхтэй холбоотой хичээлийг дунд сургууль гэхээс илүүтэй насанд хүрсэн хойноо илүү ухамсартайгаар хүлээж авдаг тал бий.   
 
Үр хүүхдээ гаднын “иргэн” болгох гэж хошуурдаг
 
-Дэлхийд монгол хүнийг монгол болгож байгаа цөөхөн зүйлийн нэг нь хэл юм.  Эх хэлээрээ дамжуулан өв соёлоо түгээх бодлогыг олон улс орон хэрэгжүүлж байна. Манайх тэр бодлогод нь автдаг.  Үр хүүхдээ гаднын “иргэн” болгох гэж хошуурдаг. Харин монгол хэл, бичгээ дөрөв, тавдугаар зэрэгт  тавьж ханддаг.  Ер нь хүүхдийг хэт багаас нь харийн соёл, зан заншилд автуулах нь буруу. Сургуулийн өмнөх насанд хүүхдийн хийсвэр сэтгэлгээ хөгждөг.   Энэ насанд нь үлгэр, домог, зүйр цэцэн үг уншуулах хэрэгтэй.  Энэ нь зүгээр ч нэг хэлбэр төдий зүйл биш.  Үүний цаана хүүхдийн сэтгэлгээ нь монголоороо төлөвшиж байдаг. Ингэснээр дэлхийн хөгжлөөс хоцроод байгаа асуудал байхгүй л дээ. Гадаад хэлний сургалттай цэцэрлэгт явах нэг хэрэг, гадаад хэлээр боловсрол эзэмших өөр хэрэг. Гэтэл эцэг эхчүүд “ширээ, нохой” гэдгийг гадаад хэлээр хэлж чаддаг хүүхэдтэй болох гээд л зүтгээд байдаг. Жишээ нь ширээ гэдэг үг ширээ тал гэх зэргээр хийсвэрлэгдээд  баялаг утгатай гэдгийг мэддэг монгол хүүхэд төлөвшүүлэх, цаашлаад монгол хүн бий болгохдоо дургүй байна уу даа.  Аливаа хэл зүйрлэл, хийсвэрлэл олонтой байдаг. Үүнийг зөв ойлгож мэдэрч чадсан хүүхдийн хийсвэр сэтгэлгээ хамгийн сайн хөгждөг. Улмаар хожим нь ёстой нөгөө эцэг эхчүүдийн хүсээд байгаа математик сэтгэлгээтэй болдог.  Математик сэтгэлгээ нь  хийсвэр сэтгэлгээний дараа суудаг зүйл.  Гэтэл манайхан байрыг нь сольчихоод л шууд математик гэж хүүхэд шахаад, дээр нь харь хэл үзүүлж эвдээд байдаг тал бий. Бид зүгээр нэг гадаадаар ярьдаг, тоо боддог хүүхэдтэй байгаад яах юм бэ. 
 
 
 
Эх хэлээрээ дамжуулж хүүхэд мэдрэмжтэй, хийсвэр сэтгэлгээтэй болно. Өөрийгөө  зөв ойлгуулж, хүний үг зөв хүлээж авдаг болно. Хошигнолыг ч хамгийн сайн эзэмшдэг.  Эх хэлээ мэдэрч, эртхэн сурч тууштай байх ийм их давуу талтай гэдгийг эцэг эхчүүд маань ойлгоосой.
 
 
 
 
“Монгол хэлийг шинжлэх ухааны хэл болгох хэрэгтэй”
 
-Бид гаднын соёлд хэт их автаж, өөрийнхөө эх хэлд тоомжиргүй хандаж байна. “Монгол хэлний хичээл яах вэ, болно. Монгол хүн монголоороо ярьж, бичиж чадна. Харин сайн хуульч, эдийн засагч болъё гэвэл бусад хичээлд анхаарах ёстой” гэдэг үг олонтоо сонсогддог. Үүний гор нь өнөө гарч, эх хэлээрээ алдаатай ярьж, бичдэг хүн олон болсон. Сургалтын бодлогын алдаанууд бас бий. Нэг үе хүүхдүүдийг монгол бичгээр сургаж байгаад, буцаагаад болихдоо шинэ үсэг, бичгээ сайн заагаагүйтэй, бас сургууль завсардсан хүүхдүүдийг тэр чигт нь орхисонтой холбоотой сөрөг үр дагавар ч гарсан. Энэ мэт нь нийлэхээр нийгэмд алдаатай, муу нь их болчихсон юм шиг ажиглагддаг байх. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүсийн алдаа бий.  Хуучны монгол хэлнийхээ сургалтыг шүүмжилж байв.  Баахан зураг зуруулаад байна,  монгол хэлний хичээл биш зургийнх болж дууслаа гэж нэг хэсэг ярьсан.  Энэ үнэн байх талтай.  Гэхдээ явж явж сургалтын арга хоцрогдсоных биш байсан гэдгийг  цаг хугацаа харуулж байна.  Ер нь хэл гэдэг амьд учраас байнга хөгжиж байдаг. “Монголын нууц товчоо” зохиолыг 1240 онд одоогоос 780 жилийн өмнө бичсэн. Нийтдээ 8200 орчим үгтэй. Өнөөдөр түүнийг тэр үеийнхээр нь уншъя гэвэл ойлгоход нэн төвөгтэй. Шалтгаан нь монгол хэл 780 жилийн хугацаанд өөрчлөгдсөнийх. Авиа зүй, үгийн бүтэц, үгийн сан, өгүүлбэрийн найруулгын хувьд ч гэсэн өөрчлөгдөж, хөгжин өнөөдрийн байдалтай болсон. Цаашид бид монгол хэлийг зөвхөн яриа, харилцааны хэл төдийгөөр үлдээж болохгүй. 
 
 
 
Монгол хэлийг шинжлэх ухааны хэл болгох хэрэгтэй.  Монголоор дэлхийн шинжлэх ухааны бүхий л зүйлийг уншиж, чаддаг байх хэрэгтэй. Ингэж байж монгол хүний, монгол хэлний, монгол соёлын дархлаа баталгаажих юм.
 
 
 
“Монгол бичгийг өөрчлөх халах, өөр бичгээр солих өчнөөн бодлого явсан”
 
-Монгол бичгийг яг хэзээ зохиосон бэ гэсэн тодорхой баримтууд алга байна.  1224, 1225  онд Чингисийн чулууны бичиг монгол бичгээр тэмдэглэгдсэн байдаг.  Үүнээс хойш гээд бодохоор 1000 орчим  жил хэрэглэжээ.  Энэ хугацаанд монгол бичгийг өөрчлөх халах, өөр бичгээр солих өчнөөн бодлого явсан. Ерөнхийдөө бид түүхэндээ 10 орчим бичиг хэрэглэсэн ард түмэн.  Үүнээс дүгнэхэд монгол бичиг бол цагийн  шалгуурыг давсан бичиг.  Монголчуудын түүхтэй салшгүй холбоотой, цаашид ч мянга мянган жил орших болов уу.  Цаашид монгол бичгийг хэрхэн хэрэглэх вэ гэдгийг  зөвхөн монгол хэлний судлаачид  ярих биш бүх мэргэжлийн хүмүүс хэлэлцмээр байна.   Санал бодлоо илэрхийлэх нь чухал. Эдийн засгийн хүмүүс, хуулийнхан,  зохиолч, сэтгүүлчид гээд хэрэглэхэд  ямар бэрхшээл тулгарч байна гэдгээ ний нуугүй ярь. Бидний ухамсар, үзэл санаа, ойлголт, сэдэл гээд бүхий л зүйл энэ үйл хэрэгт чухал байна. Ер нь монгол бичиг гэдэг монгол хүний ертөнцийг үзэх үзлийг тэр чигт нь шингээсэн зүйл. Тухайлбал, хэрчих, зүсэхтэй холбоотой зүйлийг бүгдэд нь “ки-” гэсэн язгуур хэрэглэдэг.  Мөн айх, аюул, аянга гэдэг үгийг  мөн л аюу гэсэн нэг язгууртай бичдэг.  Энэ бол эдгээр гурван зүйл нь утга, ойлголтын хувьд холбоотой гэдгийг харуулаад байгаа юм.  Тэгэхээр монгол бичиг бол бичвэр талаасаа ч маш өргөн агуулгыг тусгаад хадгалаад үлдсэн онцлогтой бичиг.  Бид монгол хүнийхээ энэ ойлголт, философийг  голж, шүүмжлэх  эрх байхгүй.
 
“Хэл бол аваа, өгөөтэй нээлттэй тогтолцоо юм”
 
-Би хэлийг хуучинсаг өөрөөр хэлбэл, түүхэн талаас нь судалдаг хүн.  Монгол хэл манж хэлтэй хэрхэн холбоотой вэ гэдгийг голчлон судалж байна. Дэлхийн хэлийг төрөл саднаар нь хувааж, ангилж үздэг. Үүнээс үзэхэд  Монгол хэл манж, түрэг, япон, солонгос хэлтэй нэг гаралтай буюу алтай хэлнээс эхтэй гэж үздэг. Үүнийг үгүйсгэдэг судлаач ч бий.   Уг нь хэл судлалынхан маань үүнийг  нэн тэргүүнд судлаад нэг байр сууринд хүрэх хэрэгтэй. Үүний дараа дархлааны асуудал яригдана.  Ер нь хэл гэдэг бол маш нээлттэй тогтолцоо.   Аливаа үгийг оруулаад авчихдаг. Буцаагаад тэрийгээ хэрэгцээгүй болсон гэж үзвэл бас гаргаад тавьчихдаг. Монгол Улс 1920 оноос Оростой олон талын харилцаатай байсны нөлөөгөөр европын хэлнүүдээс олон үг орж ирсэн. Тухайн үед ч гэсэн мэргэжилтнүүд эмзэглэж, санаа зовж, ярьж байсан. Гэтэл цаг нь болохоор тухайн хэлнээс хэрэгцээгүй үгс аяндаа шахагдан гарчээ. Жишээ нь яавлаг, аптек гэх зэрэг орос хэлний үгс хэрэгцээнээс гарчээ гэсэн үг. Хэл амьд организмын нэгэн адил хамгаалалтын системтэй гэдэг нь эндээс харагдана. Нээлттэй тогтолцоо учраас тодорхой хэмжээгээр харь үг орж ирж байх ёстой. Гаднаас үг орж ирж байдаг, бас өөрөө бусдынхад оруулж байдаг. Тийм болохоор гаднаас үг орж ирсээр байх болно. Цаг үеийн байдал, тухайн нийгмийн шилжилт, аливаа харилцаанаас хамаараад их, эсвэл бага байх тухай асуудал бий. Тэгэхээр монгол хэл маань бусад хэлний адил аваа, өгөөтэй нээлттэй тогтолцоо юм. Сүүлийн үед цахим орчны хэл гэж тусдаа нэг хэл бий болж байна.  Хэлний нэг чухал хэрэглээ нь харилцаа юм.  Тэд харилцаад ойлголцоод байвал буруутгах аргагүй.  Гэхдээ цахимд хэрэглэж байгаа өнгө аясаараа албан бичгээ бичилцээд байвал аюул болно.  Өөрөөр хэлбэл, бид ажилд явахдаа аятайхан цэвэр хувцсаа өмсөөд гэртээ энгийн  чөлөөтэй хувцастай байдагтай ялгаагүй зүйл. Энэ хэм хэмжээг зохистой хадгалах л хэрэгтэй байна.
 
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин