sonin.mn
Монголын залуу найруулагчид олон улсад хүчээ сорьж байна. Тэд олон сэдэв, сонирхолтой төрлөөр бүтээл хийж кино наадмуудад сойх болжээ. Тэдгээрийн нэг, Баварын кино наадмын шилдэг залуу найруулагчаар шалгарч байсан Б.Үйзэнмаагийн бүтээлийг энэ удаа онцоллоо. 12 дахь удаагаа болж буй  “Улаанбаатар” олон улсын кино наадамд түүний хамгийн сүүлд үзэгчдийн хүртээл болгосон “Хар сүү” урилгаар оролцож байгаа юм. Энэхүү кино нь Берлиний олон улсын кино наадмын панорама хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ хийсэн билээ. “Black milk” буюу “Хар сүү” киноны гол дүрд найруулагчийн үеэл дүү  Ц.Гүнсмаа тоглосон бөгөөд энэ удаа түүнтэй ярилцаж, дүр бүтээсэн сониноос нь хуваалцлаа.
 
-Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа “Хар сүү” киноны зургийг хэзээнээс авч эхэлсэн юм бэ?
 
-2018 оноос авч эхэлсэн. Би киноны зохиолыг бичихэд найруулагчтай хамт байгаагүй учраас тухайн үеийн мэдрэмж, үйл явдлаас мэдээлэл өгч чадахгүй. Харин “Хар сүү” кинонд тоглохдоо би бие давхар, гурван сартай жирэмсэн байсан.
 
-Та хүүхэд төрүүлдэггүй эмэгтэйн дүрийг бүтээсэн. Гэтэл өөрөө бие давхар байжээ. Энэ зөрчлийг хувь хүний хувьд хэрхэн зохицуулж, дүрээ гаргав?
 
-Бүр ихэр хүүхдийн ээж болох гэж байлаа. Мэргэжлийн жүжигчин биш ч дүрээ сайн гаргахын төлөө хичээсэн. Кинонд жендэрийн асуудлыг хөндсөн. Бид мэдэхгүй зүйлээ яагаад “болохгүй” гэдэг үгээр ам тагладаг юм бэ, шашин шүтлэгтэй юунд холбоод байна вэ гэсэн асуудлыг бүтээлдээ дэвшүүлсэн. Мөн соёлын ялгаанаас болоод хүн хоорондын харилцаанд ямар асуудал үүсэж болохыг хөндсөнөөрөө онцлог бүтээл болсон гэж бодож байна.
 
-Дүр бүтээхэд хамгийн хэцүү нь юу байв?
 
-Эхний зураг авалтад би галын дэргэд суугаад уйлах хэсэг байдаг. Зураг авч эхэлсний дараа уйлах гэсэн ч болдоггүй. Сэтгэл хөдлөлөө яаж гаргахаа мэдэхгүй хэцүүдсэн. Тэгсэн надад нэг зул харагдсанд ээжийгээ санаад өөрийн эрхгүй уйлсан. Киноны зургийг авч дууссаны дараа ч сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй байлаа. Түүнээс цааш дүр гаргахад хөврөөд л явчихсан шиг санагдсан. 
 
-Жүжигчид дүрээ хэрхэн амилуулснаа үзэхийг тэсэж ядан хүлээдэг юм билээ. Таны хувьд?
 
-Би киног үзэгчдэд хүргэхээс өмнө уран бүтээлчидтэй хамт сонирхож чадаагүй. Тиймээс энэ удаа заавал үзнэ гэж бодож байгаа.
 
 
 
Зарим жүжигчин өөрийнхөө тоглосон киног үздэггүй гэсэн. Миний хувьд дахин дахин үзмээр байна. “Хар сүү” киноноос ойлгоогүй үлдчихсэн хэсэг байгаа учраас дахин үзнэ.
 
 
 
-“Хар сүү”-г үзэгчид яаж хүлээж авах бол гэсэн бодол сэтгэлд тань уяатай байна уу?
 
-Хүмүүс өөрийнхөөрөө хүлээж аваасай гэж бодож байна. Бидний ярилцлагыг уншсан зарим хүн “Хар сүү”-г үзэхээр төлөвлөж магад. Эсрэг бодолтой ч хүн байхыг үгүйсгэхгүй. Ер нь киноны аль нэг дүр энэ хорвоогоос халиад, үзэгчдийг уйлуулаад дуусахаас илүү нэг санаа өгөөд орхичих ёстой гэж боддог. Киног үзээд ойлголгүй үлдэж ч болно шүү дээ. 
 
-“Хар сүү”-г арт кино гэж ойлгож болох уу?
 
-Тийм, дээр нь хүний сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээл, сэтгэл зүйн кино гэж ойлгож болох юм. Хүнд ямар нэгэн өгөгдөл өгөхөөр. Эгчтэй хүмүүс үзвэл илүү ойлгоно. Мөн гадаадад олон жил амьдарсан хүн үзвэл төрсөн нутгийн сэтгэлд хоногшсон үнэр ханхлахаар бүтээл болсон. Нэгэн герман хүн манай киног үзээд “Энэ киноноос дүүгээ хайрлах эгчийн сэтгэл мэдрэгдэж байна” гэж хэлсэн байдаг.
 
-Миний дараагийн асуулт дүр сонголтын тухай юм. Та найруулагч Б.Үйзэнмаагийн үеэл нь, танаас гадна аав нь “Хар сүү” кинонд тоглосон. Яагаад ийм сонголт хийсэн тухай та найруулагчаас сонирхон асууж байв уу?
 
-Бусдыг нь мэдэхгүй ч намайг сонгосон нь дүрийн харилцаатай холбоотой байх. Өөрөөр хэлбэл, бид кинонд эгч дүүсийн дүрийг бүтээдэг бол амьдрал дээр ч үеэлүүд. Үүнээс дүгнэхэд найруулагч илүү амьд харилцааг хүссэн байх. Мэргэжлийн жүжигчид оролцоогүй учраас кино илүү амьд болсон гэж бодож байна.
 
-Киног олон улсын үзэгчид хэрхэн хүлээж авсан бол?
 
 
 
-Европууд гайхалтай хүлээж авсан. Танхим дүүрэн үзэгчдийн алга ташихыг сонсоод сэтгэл хөдөлж байлаа. “Хар сүү” киног монголчууд зорин ирж үзэж байсан. Зарим нь сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй нулимс унагасан.
 
 
 
Тэр бүх зүйл, бидний киног хүлээж авч байгаа үзэгчдийн сэтгэл хөдлөл надад гэнэтийн байлаа. Тиймээс монголчууд маань ч гэсэн ингэж хүлээж аваасай гэж хүсэж байна. Биднийг Берлиний олон улсын кино наадмын дараа Арабад урьсан ч цар тахлаас шалтгаалан бүх зүйл хойшлогдсон. Гэхдээ “Хар сүү” киног Герман, Австрийн бүх хотод гаргалаа. Ер нь цаашид ч олон орны үзэгчдийн хүртээл болох байх. “Цар тахал гараагүй байсан бол Оскарын наадамд багтах кино” гэж хүмүүс ярилцаж байсан.
 
-Монголчууд цагаан өнгө, есийн тоог ихэд бэлгэшээдэг. Жишээлбэл, сайхан зүйлийг цагаан сүүтэй зүйрлэдэг. Гэтэл таны тоглосон киноны нэр нь “Хар сүү”. Магадгүй энэ нь үзэгчдэд нэрнээсээ эхлээд асуулт дагуулах байх?
 
-Миний бодлоор бүх зүйлийн далд өнцөг нь хар байдаг. Найруулагчийн хувьд орчин цагт хүмүүс бүх зүйлийг хар бараанаар хүлээж авдаг болсон гэдгийг үүгээрээ илэрхийлэхийг хүссэн байх. Гэхдээ энэ зөвхөн миний бодол шүү. Жишээ нь, бид эмэгтэй хүнийг зарим хайрхан дээр гарч болдоггүй гэдэг. Энэ тухай кинонд ч гардаг. Миний ажигласнаар найруулагч Б.Үйзэнмаа аливаа юмыг ухаж ойлгохыг хичээдэг шиг санагдсан. Би мэргэжлийн жүжигчин биш. Гэхдээ найруулагч намайг сонгож кинондоо тоглуулсан. Зарим кинонд тоглоход хэлэх үгийг нь хүртэл бэлтгэчихсэн байдаг бол “Хар сүү” тэдгээрээс ондоо. Найруулагч киноны тухай ерөнхий ойлголтыг өгч, би түүнийг нь өөрийнхөөрөө илэрхийлэхийг хичээсэн.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин