sonin.mn
Найз нөхдийн нандин дурсамж дотроос цэргийн андуудын гэгээн дурсамж өнө мөнхийн байж, тэдний насан туршийн нөхөрлөл нь амьдралын туршид үргэлжилдэг гэдэгт байнга итгэж, бишрэн хүндэлж явдаг хүний нэг нь би билээ. Аливаа хүмүүн насан туршдаа нандигнасан олон сайхан дурсамж хэдэн арваар тоологдох найз нөхөдтэй байдаг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэхдээ цэргийн хуаранд ижилдэн дасаж, дуутай жагсаалд алхаа нийлүүлж, өглөөний бослогоос оройн зугаалга, тооллого хүртэлх бүхий л хугацааг хамтдаа өнгөрүүлж, нэгээс дөрвөн жилийн хугацаанд нэг л цэргийн байранд амьдарч, өдөр тутмын хичээл сургууль, хээрийн гаралт, полигоны дадлагад цугтаа хичээллэж, соёлын төв, биеийн тамирын зааланд чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэхийн хамт нэгдсэн журмаар нэг дор хооллож, чухамдаа тугийн доор зэрэгцэж, тушаал дор амьдарч, цэргийн дүрэм, заавраар жигд амьсгалж явна гэдэг аливаа бүхэнд тохиох хувь заяа биш гэлтэй.
Тиймээс цэргийн нөхөрлөл нь насан туршийн дурсамжтай гэсэн тодотголтой явдгийн бодит жишээ энэ билээ. Эрхэм уншигч таны хувьд ч энэ тухай тодруулбал, эр цэргийн тангараг өргөж, энэ л хүндтэй албыг хаасан хэн бүхний амнаас хангалттай сонссон гэдэгт эргэлзэх юун билээ.
Энэ тухай төрийн шагналт зохиолч Ч.Чимэд “Дайчин нөхрийн тухай” дуундаа
Саарал шинелиэ тайлаагүй
Буурал найз минь хаана байна
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү
Дууны ая хангинасан
Найрын дуунд танилцаагүй
Бууны дуу тачигнасан
Дайны галд танилцсан юм
Нэгэн эхээс цуван төрж
Нэхий өлгий дамжаагүй юм
Цэргийн хуаранд ихэр болж
Цэгц журмын нөхөр болсон юм
хэмээн уран яруу өгүүлсэн нь нүдэнд харагдаж, нэгийг бодогдуулах ажээ.
Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир нь эдүгээгээс 34 жилийн тэртээ тухайн үеийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ариун жагсаалд нэгдсэн дайчин нөхдийнхөө нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулахыг зорьсон нь тэр билээ.
Бид тэртээ 1986 оны 8 дугаар сарын 1-ний өдөр эх орныхоо өнцөг бүрээс энэ л сургуулийнхаа хашаанд цугласан түүхтэй бөгөөд чухамдаа
“Будилж явсан багынхаа занг орхиж
Буугаа үүрсэн сонсогч болсон
Түмэн олноо амгалан байлгах гэж
Төр, улсдаа тангараг өргөсөн насан туршийн андууд" болсон түүхтэй.
 
Тэр л оны намар бидний 200 гаруй сонсогчид цэргийн тангаргаа өргөснөөс хойших дөрвөн жилийн хугацаанд хамтдаа амжилт дүүрэн суралцсан бөгөөд тэртээх он жилүүд алсран одсон ч одоо мэт санагдах нь нэн бахдалтай.
 
Энэ мэт бүхий л дурсамжийг дэлгэсэн цэргийн андууд маань энэ сарын 7-ны өдөр алдар гавьяаны хос одонтой, амжилт бүтээлийн 99 жилийн бахархам түүхтэй, их жанжны нэрэмжит төрөлх сургуулийнхаа жагсаалын талбайд цуглан төгсөлтийнхөө 30 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж билээ. Цэргийн андууд маань 1990 оны зун Цэргийн нэгдсэн дээд сургуулийг өөрсдийн сонгосон мэргэжлээр дүүргэж дэслэгчийн алтан мөрдсөө гялалзуулан эх орныхоо өнцөг бүхэнд байрлах Ардын Армийн анги, салбаруудад томилогдож ажилласан юм. Бидний төгссөн оны хувьд “Цагаан морин жил” байсан ба эх орон даяар ардчиллын салхи хүчтэй салхилж, их, дээд сургууль төгсөгчдийн хувьд философи, түүх, нийгмийн ухааны улсын шалгалтыг өгөхөөс татгалзаж, олон ургалч үзэл, шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг бодитойгоор өрнүүлэн улс орон маань төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байсан үе юм. Ийм л онцлог цаг үед бид офицерын албанд томилогдсон бөгөөд тухайн цаг үеэ дагаад олон нөхөд маань хувийн бизнес эрхлэн нэлээд олонх нь ганзагын наймаанд хүчээ сорьж, эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан жамтай.
Тэдгээр дурсамжийг хүүрнэн, цэргийн нөхөрлөлөө бататгах, үеийн нөхдийнхөө ажил, амьдралтай гүнзгий танилцах, сургуулийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлэхийг эрхэм болгосон төгсөлтийн ойн баяраа нэгдсэн журмаар хийх талаар олон санал, санаачилга өрнөсний эцэст энэ л өдрийг сонгож, хамтдаа чуулсан нь тэр билээ. Тэрчлэн бид энэхүү уулзалтынхаа үндсэн зорилгыг Цэргийн нэгдсэн дээд сургууль төгсөгчдийн 30 жилийн ойн баярыг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх, төгсөгчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Үндэсний батлан хамгаалахын их сургуулиар бахархах сэтгэлийг төрүүлж, төрөлх сургуулийнхаа үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцаа, цэргийн дайчин нөхөрлөлийг бэхжүүлэх хэмээн тодорхойлсон юм.
 
 
Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгсөгчдийн дотроос бригадын генерал хэмээх эрхэм дээд цолтон нэг, хурандаа цолтон 20 гаруй төрсөн бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажиллаж буй ахлах офицерууд, гавьяаныхаа амралтаа эдэлж яваа бэлтгэл офицерууд ч цөөн бус байлаа. Нөгөө талаар хувийн хэвшлийн салбарт амжилт дүүрэн яваа найзуудынхаа амжилтаас цухас мэдэрсэн бөгөөд энгэрт нь гялалзах “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, салбар бүрийн тэргүүний ажилтны цол, тэмдэг нь тэдний амжилт бүхнийг нь илэрхийлж буй нь үнэхээр бахадмаар байсан. Энэхүү төгсөлтийн ёслолын ажиллагаанд 1990 онд төгсөгчдөөс гадна тухайн үед биднийг удирдаж байсан рот, курсийн дарга нар болон сургалтын төвийн жагсаалын дарга, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.
Эл баяраа тэмдэглэхээр ирсэн хүндэт зочид, төгсөгчдийг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Сургалт, цэргийн алба эрхэлсэн тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн захирал, хурандаа М.Болдбаатар тэргүүтэй удирдах албан тушаалтнууд угтан авсан ба төгсөгчдөд ёслолын ажиллагааны хөтөлбөрийг танилцуулснаар үндсэн үйл ажиллагаа эхэлсэн юм.
 
Ёслолын ажиллагааны эхэнд төгсөгчдийг курсийн зохион байгуулалтад оруулан сургуулийн төв индрийн дэргэд жагсаасны дараа Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Сургалт, цэргийн алба эрхэлсэн тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тус сургуулийн Байлдааны тугийг залсан юм. Цэргийн хөгжмийн яруу тунгалаг аялгуу дор тус сургуулийн Байлдааны тугийг Хүндэтгэлийн байранд залсны дараа төгсөгчид курсийн зохион байгуулалтаар сургуулийнхаа Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэхдээ өөрийн эрхгүй ихэд баярлаж, зарим нь баярын нулимс дуслуулан бахдал дүүрэн байсан нь илт мэдрэгдсэн юм. Хүндэт зочдын дотор ротын захирагч асан бэлтгэл хурандаа Н.Эрдэнэ, курсийн дарга асан бэлтгэл хурандаа Ч.Хуягтбаатар, чөлөөнд байгаа ахмад Д.Пүрэвдаш, С.Галбадрах, Д.Мандах, “Карантин”-ы жагсаалын дарга асан бэлтгэл дэд хурандаа Л.Гантөмөр нар манлайлах үүрэгтэй оролцож билээ.
 
 
Харин энэ өдөр 120 гаруй төгсөгчид цугларсан бөгөөд тэдний манлайд Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа О.Нямчулуун, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, Удирдлага, холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа З.Майдар, Архангай, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Ганбаатар, Н.Нацагдорж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж, Зэвсэгт хүчний 232, 310 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож, Ж.Баясгалан, Нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Гансүх нар жагссан юм.
Ийнхүү Байлдааны тугандаа хүндэтгэл үзүүлсний дараа төгсөгчид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн бөгөөд хүндэт зочдын хамтаар дурсгалын зураг авахуулахад тун идэвхтэй хамрагдлаа. Энэ үеэр сургуулийн жагсаалын талбайд “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагчдын жагсаалын үзүүлэх тоглолтыг үзүүлсэн ба тэднийг үзүүлбэрээ дуусган жагсаалын алхаагаар алхахад нь сонсогч үеэ дурсан төгсөгчдийн зүгээс гүн хүндэтгэлтэйгээр баяр хүргэн улам их амжилтыг хүсэж билээ.
Мөн энэхүү баярын хөтөлбөрт тусгаснаар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн штаб, Батлан хамгаалахын удирдлагын академийн хичээлийн танхимуудаар орж, сургуулийн үндсэн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ тус сургуулийн музейг курсийн зохион байгуулалтаар шимтэн үзсэн нь бас л нэгийг бодогдуулсан биз ээ.
 
Үүний дараа “Тэмүүжин Өрлөг” сургуулийн хурлын зааланд төгсөгчдийн баярын хурал, хүндэтгэлийн цуглааныг зохион байгуулсан ба энэхүү ёслолын ажиллагааг нээж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатарыг үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэх ахуйд төгсөгчид нийтээр даган дуулсан нь үнэхээр бахдам байлаа.
 
 
Энэ үеэр бэлтгэл хурандаа Д.Байгаль, хурандаа Ц.Анхбаяр, бэлтгэл хурандаа Б.Болдбаатар, төгсөгч Д.Отгонбаяр, хурандаа М.Золзаяа, Ч.Баатарзориг, бэлтгэл дэд хурандаа О.Мөнхням, хурандаа Ж.Баясгалан нар Ерөнхий цэргийн “А”, “Б”, Улс төр, Артиллери, Холбоо, Авто, Танк, Ар талын курсийнхээ төгсөгчдийг тайзнаа урин тэдний дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, найз нөхдийнхөө амжилтын буухиаг илтгэж байсан нь бахархах сэтгэлийг төрүүлсэн. Дээрх танилцуулгыг хийсэн журмын нөхдийн дотроос Артиллерийн курсийн сонсогч асан Д.Отгонбаяр хэлсэн үгэндээ “Хэдхэн хормын өмнө сүлд хийморь, зориг баатарлагийн оройн дээд шүтээн болсон Байлдааны тугандаа 30 жилийн дараа хүндэтгэл үзүүлсэндээ сэтгэл догдлон буй “онжав”-ууддаа энэхүү баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Бидний хувьд хэзээ ч мартагдашгүй, давтагдашгүй, нэн дурсамжтай энэ л уулзалт, баярыг зохион байгуулж байгаа эрхэм нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ажил, амьдралын арвин замыг туулж, алдаж оносоор ирсэн өнгөрсөн он жилүүдэд цагийн аясыг дагаж, аливаа сорилт, бэрхшээлийг амжилт дүүрэн даван гарах сэтгэлийн хат, тэсвэр хатуужил, эх оронч хүмүүжлийг бүрнээ төлөвшүүлсэн, хөрвөх чадвартай мэргэжлийг эзэмшүүлсэн төрөлх сургууль, эрдэмтэн багш нар, рот, курсийн захирагчдадаа цаг ямагт баярлаж, тэднээрээ бахархаж явдгаа илэрхийлэхийг хүсэж байна” гэдгийг онцолсон юм.
Тэрхүү танилцуулгын дараа Батлан хамгаалахын сайдын тушаалаар зарим рот, курсийн захирагч нар болон “Карантин”-ы жагсаалын даргыг Батлан хамгаалах яамны шагналаар шагнасныг нь Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа О.Нямчулуун нар гардуулсан юм. Мөн төгсөгчдийн эгнээнээс тодорсон ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, доктор, бригадын генерал Ч.Цогтжаргалд номын дээжийг хийморийн морины хамтаар дурсган хүндэтгэл үзүүлсэн бөгөөд эрхэм генерал маань нийт төгсөгчид, эрдэмтэн багш нартаа талархсан сэтгэлээ бахархал дүүрэн илэрхийлж билээ.
Энэхүү уулзалт, төгсөлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийнхэн төрөлх сургуулийнхаа сургалт, соён гэгээрүүлэх болон мэдээлэл, сурталчилгааны ажилд нэн шаардлагатай байсан асуудлыг нь шийдвэрлэхийг эрхэм болгон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвийн хэрэгцээнд 12 зам бүхий чадлын өсгөгчийг хос яригчийн хамтаар хандивласан бөгөөд энэхүү хүндтэй үүргийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл хүлээж, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Сургалт, цэргийн алба эрхэлсэн тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очирт гардуулсан юм.
Баярын хурал, хүндэтгэлийн цуглааны ажиллагаа өндөрлөсний дараа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг төгсөгчдөд үзүүлсэн ба тоглолтын хөтөлбөрт бидний сонсогч насанд дуулагдаж байсан олон дуу багтсан учраас тэд дээрх дуунуудыг уран бүтээлчдийн хамтаар цугтаа дуулж, нэгэн өдрийг баясал дүүрэн өнгөрүүллээ. Тоглолтын үеэр нэгэн оны төгсөгчдөд зориулан бэлтгэл хурандаа Д.Байгалийн бичсэн шүлгээр гавьяат жүжигчин Н.Чулуунхүү хөгжмийг нь зохиосон “Цэргийн нөхөрлөл” хэмээх шинэхэн дуу төрсөн нь тэдний сэтгэлийн нандин утсыг хөндөж билээ.
 
Энд ганц жишээг тодруулахад, монгол түмний болоод цэргийн алба хаасан хэн бүхний бахархал болсон “Манай цэргийн жавхаа” дууг тус чуулгынхан дуулахад төгсөгчид суудлаасаа босон нэн хүндэтгэлтэйгээр даган дуулсан бичлэгийг цахимд байршуулснаар даруй 3000 гаруй үзэгчийн хүртээл болоод байгаа нь бас л нэгийг бодогдуулж буй гэдэгт эргэлзэх юун билээ.
 
 
Төгсөгчид дээрх ёслолын ажиллагааны дараагаар сургуулийнхаа гал тогоонд сонсогч үеийн үдийн хоолоо зооглосон ба тогооч, бэлтгэгч нарын зүгээс бидний байнгын идэх дуртай байсан шөлтэй хоол, гуляшийг бэлтгэсэн байсны зэрэгцээ тухайн үеийг минь санагдуулахаар талхыг зургаа хуваан нэг дор тавьсан нь ч содон байв. Түүний зэрэгцээ одоогоос 34 жилийн тэртээ биднийг анхны амтат хоолоор дайлсан тогооч Ж.Шүрэнцэцэг эгч маань энэхүү үдийн хоолны үеэр ирж бүх төгсөгчдийг эхийн халуун сэтгэлээр тэврэн мэндчилсэн нь бас л нэгэн бахархал байлаа.
Тэрхүү үдийн зоогийн дараагаар төгсөгчид Цэргийн нэгдсэн дээд сургууль, Аюулгүй байдлын дээд сургуулийн үйл ажиллагаатай товч танилцан өөрийн төрөлх цэргийн тэнхимүүдээрээ зочилсноор энэхүү баяр маань ёслол төгөлдөр өндөрлөсөн юм.
Энэ л төгсөлтийн баяр, дурсамж дүүрэн уулзалтыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийнхэнд хандсан чин сэтгэлийн талархлын үгс өнөөдөр ч ирсээр байгаа нь дараа дараагийн төгсөгчдөд бодит үлгэрлэл болж, тэр бүхнээс санаа авах буй заа хэмээх зорилгын үүднээс ийнхүү дэлгэрэнгүй толилуулсан нь энэ билээ.
Цэргийн андуудын дайчин нөхөрлөл цаашид ч өнө мөнхөд үргэлжлэх болно.
 
 
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин