sonin.mn
Өнөөгийн нийгэмд хүн бүр стресс, уур бухимдал, элдэв өвчлөлд өртөмтгий болсон. Эдгээрийн дийлэнх нь хүн амын нягтаршил, завгүй нэг хэвийн амьдрал, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй. Үүнээс сэргийлэх, эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсэж буй хүн бүрийн сонголтод тааруулан олон төрлийн үйлчилгээ бий болж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх спиннинг, фитнес, иог зэргийг нэрлэж болно. Эдгээрээс хүний биед сэтгэл санаа, дотоод заслыг хамтад нь бүрдүүлж чаддаг нь иог аж. Тиймээс бид иогийн давуу тал, ач тусын талаар "Асури повер" иогийн төвийг зорьж багш Д.Азжаргалтай ярилцлаа.
 
Иог гэж юу вэ?
 
-Иог нь дотроо олон төрөлтэй. Хүмүүсийн дунд иогийг зөвхөн эмэгтэйчүүд хийдэг гэсэн ойлголт элбэг байдаг. Энэтхэгт хамгийн анх иогийг эрэгтэй хүн үүсгэж байсан түүхтэй. Иог гэдгийг зарим хүмүүс их хүндээр тусгаж авдаг. Хүнд хэлбэрийн дасгал, хөдөлгөөн хийх нь иог юм байна гэж ойлгоод энэ бодлоосоо үүдэн шантардаг. Иог нь зүгээр л өөрийгөө эрүүл байлгах энгийн нэгэн дасгал гэдгийг ойлгочихвол хичээллэж эхлэх гэж буй хүнд төдий чинээ амар. Иогийн дасгал хүнээс уян хатан хөдөлгөөн, тэвчээр хатуужлыг ихээр шаарддаг ч заавал уян хатан байх ёстой гэж ойлгож болохгүй. Учир нь иог өөрөө хүнийг уян хатан болгодог юм. Ер нь иогийн дасгалыг шууд өндөр ачаалал авахгүйгээр бага багаар өөрийгөө дасгаж хийх нь чухал. Хэрэв хүн иогийг амьдралынхаа нэг хэсэг, хэмнэл болгож чадвал эмнэлэг явах шаардлага гарахгүй. Учир нь иогийн дасгал, хөдөлгөөн нь хүний гадна, дотор бүх эд эс, булчин, шөрмөст хүрч тэдгээрийг эрүүлжүүлэх, дархлаажуулах увдистай байдаг. Мөн иогт дурласан хүмүүсийн ихэнх нь ямар нэг асуудлаас болж иогийн төвийг зорихоосоо өмнө эмнэлгийг зорьсон байх нь элбэг.
 
Иогийн төрлүүдийн тухайд ...
 
-Энэтхэгийн иогийн үндэс бол Хатха иог юм. Он жил өнгөрөх тусам хатха иог дээр үндэслэн иогийн олон төрлүүд бий болсон. Тухайлбал, Хатха иог, Айенгар иог, Аштанга иог, Виньяаса иог, Бикрам иог, Халуун иог, Бихар иог, Кундалини иог, Агаарын иог, Повер иог зэрэг.
 
Эдгээрээс манай улсад аль иог нь эрчимтэй хөгжсөн байдаг вэ?
 
-Энгийн буюу Хатха иог нь хамгийн түгээмэл. Мөн агаарын иог хүч түрэн орж ирж байна.
 
Тэгээд Халуун иог болон Повер иогийн төрлүүд цөөн тоогоор үйл ажиллагаагаа явуулдаг. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, хүний нас, биеийн онцлогоос шалтгаалан ямар төрлийг сонгон хичээллэх нь өөр өөр байх хэдий ч иог гэсэн ерөнхий ойлголтоороо хүн бүрд чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. 
 
Та ямар төрлийн иогийг заадаг вэ?
 
-Миний хувьд Повер иогийн багшаар ажилладаг. Манай Повер иог Монголдоо цор ганц гэдгээрээ онцлог.
 
Повер иог нь бусад иогоос юугаараа онцлог давуу талтай вэ?
 
-Түргэн хугацаанд үр дүнгээ өгдөг. Хамгийн гол нь галбиржих, эрүүлжих, уян хатан болох зэрэг үйл явц биед цогцоороо бий болдог онцлогтой. Булчинг зэрэг дэмжих, булчин руу чиглэсэн дасгалууд ерөнхийлж ордог. Нэг бүрчлэн нэрлээд байвал маш олон давуу тал бий. Насан туршдаа нурууны өвчингүй амьдрах арга зам бол иогоор, тэр дундаа Повер иогоор хичээллэх гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл, хүн иогийн дасгал хийх үед биеийн баруун, зүүн талд хоёуланд нь яг ижилхэн тэнцвэртэй ачаалал өгч, булчинг хөгжүүлж бас суллаж чаддаг. Хамгийн том ач тус бол турна, галбиржина, эрүүлжинэ, залуужина, стрессээс ангижруулах зэрэг ач холбогдолтой.
 
Та сая залуужуулна гэлээ, энэ тухайгаа тодорхой тайлбарлана уу?
 
-Шөрмөсний сунгалт нь хүнийг залуужуулдаг. Иог хийгээд сунгалт сайжраад байхаар шөрмөснөөс гарч байгаа хөлс хүнийг дотроос нь тэжээдэг. Повер иогийн дасгалууд дунд залуужуулах дасгал ч ордог.
 
 
Дийлэнх хүмүүс асар богинохон хугацаанд хүссэн үр дүнгээ харах хүсэлтэй байдаг. Повер иогоор хичээллэснээр хэр хурдан хугацаанд үр дүнгээ өгч эхлэх вэ?
 
-Эхний өдрөөс л эхлэн үр дүнгээ өгч эхэлнэ. Эхний өдөр бие булардаг. Хүний биед хуримтлагдсан хортой хийнүүд маш сайн гадагшилна. Хэхрүүлэх, унгах, савны хий гарах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
 
Иогийн үед хоолны дэглэм барьдаг уу? Жишээ нь бусад тураах газрууд гурил, будаа гэх мэт бүтээгдэхүүнийг идэж болохгүй гэдэг шиг хориглох хоолны заалт байдаг уу?
 
-Иогийн үеэр хоолны дэглэм барьдаггүй. Яагаад гэвэл эрчимтэй булчинд чиглэсэн дасгалууд голлодог учир уураглаг хоолноос гадна хүссэн хоолоо иддэгээрээ бусад иогоос ялгарах нэг давуу тал болно. Гэхдээ дасгалын хугацаанд чихэрлэг зүйл, газтай ундаа гэх мэт цусан дахь холестеринийг нэмэгдүүлэх зарим цөөн хүнсийг түр хорих хэрэгтэй. Үүнийг хэрэглэхгүй 10-20 хоноод ирэхээрээ хүний бие цаанаасаа нэхэх дуршил нь алга болчихдог.
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин