sonin.mn
“Танд энэ өдрийн мэнд хүргэе. ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал, Улаанбаатар хотын хүндэт иргэн Г.К.Жуковын дурсгалын музейд тавтай морил” хэмээн инээмсэглэн угтах нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой энэ бүсгүйг хошууч Д.Амартайван гэдэг. Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, тайлбарлагч тэрээр удам дамжсан цэргийн хүн бөгөөд гадаад хэлний багш-орчуулагч мэргэжилтэй. Түүний ажлын анхны гараа Хилийн цэргийн 0101, 0108 дугаар ангиудад бичиг баримтын шалгагч, хилчин шалгагч, орчуулагч-шалгагчаар эхэлж байсан. “Монгол Улсын дархан хилийн манаанд алхаад марш" хэмээх үүрэг авсан тэр үеэс ээж, аав, эх орон гэдэг зүйл хэчнээн үнэ цэнтэй, эрхэм болохыг ойлгохын зэрэгцээ эх оронч байх, эх орноо хайрлах эгэлхэн бөгөөд агуу үзлийг өөртөө бий болгож чадсан юм. Учир нь хүн бүрийн унтаж байдаг цагаар, олон  цагийн турш хилийн зурвас дагуух газарт алхан хилийн манааны үүрэг гүйцэтгэх хугацаанд тэрээр “миний” гэх тодотголтой бүхий л зүйлийнхээ амгалан тайван, аюулгүй байдлын төлөө, үнэнчийн тангараг өргөн үүрэг гүйцэтгэдэг хилчин байсан. Хэдий бага хугацаанд Хилийн байгууллагад харьяалагдан үүрэг гүйцэтгэж байсан ч тэр бээр одоо хэр нь хилчин охид, хөвгүүдийн талаар ярихдаа омогшиж, тэднийгээ хайрлахын зэрэгцээ Монгол Улсын хил өнө мөнхөд аюулгүй тайван байх болтугай хэмээн сүслэн залбирдаг нэгэн.
 
 
Тэрээр Зэвсэгт хүчин хэмээх их айлаар 2004 оноос овоглож эхэлсэн. Тухайн үед амьдралын шаардлагаар хил хамгаалах байгууллагаас гарч Зэвсэгт хүчинд алба хаах өргөдлөө өгөхөд ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтэст ажиллаж байсан дэд хурандаа О.Чадраабал, Г.Үнэнбаяр нар дуртайяа хүлээн авч Зэвсэгт хүчний 013 дугаар ангид соёл хүмүүжлийн зааварлагчаар томилж байжээ. Тэр үед ҮБХИС-д  улс төрийн ажилтан, соёл хүмүүжлийн мэргэжлээр төгсгөдөггүй байсан учир "Гадаад хэлний өндөр мэдлэгтэй мэргэжилтэн Зэвсэгт хүчинд хэрэгтэй” хэмээн уриалгахан хүлээн авсанд тэрээр одоо хэр нь талархаж явдаг.  
 
 
 
Шинэхэн дэслэгч байлдагчдад соёл хүмүүжлийн ажлыг явуулна гэдэг тухайн үед хамгийн бэрх даваа байсан гэдэг. Юу хийхээ, юу хэлэхээ мэдэхгүй, хаанаас ажлаа эхлэхээ ойлгохгүй шинэхэн дэслэгчийн өөдөөс хараа салгалгүй ширтэх байлдагчдын өмнө тэр офицер болсон түүхтэй. 
 
 
 
 
Түүний дараагийн томилгоо нь Зэвсэгт хүчний 330 дугаар ангид соёл хүмүүжлийн офицерын албан тушаал  байлаа. Өнөөгийн Бригадын генерал С.Дашзэвэгийн удирдлагад дөрвөн жил ажиллахдаа би ажилдаа мэргэшсэн гэж боддог хэмээн тэрээр дурссан. Энэ, тэр гэж зааж хэлэмгүй их зүйлийг сурсан газар бол яахын аргагүй Зэвсэгт хүчний 330 дугаар анги маань байсан. Удирдагч хүн, цэргийн хүн ямар байх, хамт олон хэрхэн төлөвших зэргийг мэдэрч, нүүдлийн шувуу шиг хоёр газар амьдарч байсан миний бие гэр бүлээ хэрхэн авч явах зэрэг энгийнээс ээдрээтэй олон зүйлийг тухайн ангид ажиллахдаа сурсан гэж тэр өгүүллээ. Миний хоёр охин Дархан, Улаанбаатарын замд мөн ч их унтаж явсан даа хэмээн дурсан ярихад нь цэргийн хүний давах ёстой давааныхаа нэгийг нь ардаа хийжээ хэмээн эрхгүй бодогдож билээ.
 
Тус ангид ажиллахдаа  бие бүрэлдэхүүнтэй зохиох  соёл хүмүүжлийн ажлыг төлөвлөн зохион байгуулах, сургалт бэлтгэлийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг нь чийрэгжүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлийг нь дээшлүүлэх зэрэг ажлыг амжилттай удирдан хэрэгжүүлж,  биелэлтэд нь хяналт тавихад түлхүү анхаарч ажиллажээ. Мөн соёл хүмүүжлийн болон социологийн судалгааны дүн, мэдээг тогтмол гаргаж, үр дүн, цаашдын зорилтыг нь тодорхойлон хууль тогтоомж, цэргийн дүрмийн хэм хэмжээг ёсчлон сахих үүргээ ч сайн гүйцэтгэхийн зэрэгцээ санаачилгатай, үр дүнтэй ажиллаж  ирсэн нь түүний хийж хэрэгжүүлсэн олон ажлаас нь харагддаг. Тухайлбал, Энхийг сахиулагчдын гэр бүлийнхнийг дэмжих өдөрлөгийг зохион байгуулж, Дархан-Уул аймаг дахь “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран  “Гэр бүлийн үндсэн ойлголт”, “Хосуудын харилцааны зөрчил, тэдгээрийг зохицуулах нь”, “Сэтгэл татам эхнэр, нөхрийн эрхэм чанар, эхнэр, нөхрийн харилцааны үндсэн зарчим”, “Хүүхдийн сэтгэл зүй ба танин мэдэхүйн онцлог” сэдвээр сургалтыг анхлан зохион байгуулж байв. Мөн ангийнхаа 20 орчим цэргийн алба хаагчидтай орос хэлний анхан шатны дамжааг зохион байгуулж амжилттай төгсгөжээ.
Түүний дараагийн томилгоо нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Иргэн-цэргийн харилцааны офицер. Энэ үед хамгийн чухал нь юу байв хэмээн асуухад “Гэр бүлтэйгээ нэг дор хамт байх” хэмээн торолгүй хариулсан. Энгийн ч гэсэн энэ хариулт цэргийн гэх тодотголтой олон арван алба хаагчдын хүсэл мөрөөдөл, зорилго гэлтэй. Тухайн ангид ажиллах хугацаандаа тэрээр Нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт сурталчилгааны ажлыг хоёр үе шаттайгаар  амжилттай зохион байгуулжээ. Мөн БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ-аас жил болгон зохион байгуулдаг “Хийморь өөдөө Монгол цэрэг”  уламжлалт тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж 2014 онд тусгай байр, 2015 онд тэргүүн байрт шалгарсан бөгөөд энд түүний гүйцэтгэсэн үүрэг тун их юм. Мөн тэрээр тус ангид ажиллах хугацаандаа Батлан хамгаалахын сайдын тушаалаар Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд орчуулагчаар томилогдон үүргээ үлгэр жишээ биелүүлснээр ЗХЖШ-ын даргын тушаалаар үндсэн цалинг 30 хувиар хоёр сар нэмэгдүүлэн шагнасан нь түүний хувьд ихээхэн урам зориг өгсөн үйл явдал болжээ. Энэхүү аяллаас ирээд нэг их удаагүй байтал түүнийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга дуудаж Г.К.Жуковын дурсгалын музейд эрхлэгч, тайлбарлагчаар томилжээ. Анх томилогдож байхдаа үнэндээ юу хийхээ мэдэхгүй байлаа хэмээн тэрээр нуулгүй хэлсэн. Ангиас ангийн хооронд томилогдоход хийх ажилдаа нэг их тордоггүй байсан бол энэ ажил тэс өөр ажээ. Нэг л их "харанхуй" хүн явж байхад тухайн үед Монгол цэргийн музейн захирал байсан хурандаа Г.Золзаяа 14 хоногийн чөлөө олгон Чойжин ламын сүм музейтэй танилцаж, дадлага хийх үүрэг өгсөн. Тус музейд очиход 26 настай О.Дарханчимэг гэх бүсгүй музейн анхны “А”-г нь зааж өгснөөр хаана, юу хийхээ мэдэж яг л өөрийнх нь хийх ажил юм шиг хүлээн авч ажлаа эхлүүлж байсан аж. Өдгөө Чойжин ламын сүм музейн эрдэм шинжилгээний ажилтан О.Дарханчимэг нь түүний багш бөгөөд байнгын холбоотой байж зааварчилгаа, зөвлөгөө өгч ажилладаг гэнэ. Түүнчлэн Г.К.Жуковын дурсгалын музей байрлах ойр орчимд амьдардаг маш олон ахмад Г.К.Жуковын хөшөө болон музейн үзмэрүүдийн талаарх алдаа дутагдлыг нь хэлж орж ирдэг бөгөөд өдгөө тэдгээр ахмадуудтайгаа хэдийнээ найз болж тэднийхээ саналыг ажилдаа тусгахыг хичээдэг болжээ. Түүнчлэн тэрээр энд ажиллах хугацаандаа  “Зэвсэг нэгт ахан дүүс”, “Туркменистан улсын урчуудын”, "Зөвлөлт Холбоот Улсын Баатар эмэгтэйчүүд", "Эх орны дайны жилүүдэд фронт командлагч нар", "Аугаа их Эх орны дайны жилүүдэд Г.К.Жуковын үүрэг, оролцоо", "Аугаа их Эх орны дайны жилүүдэд монголын ард түмэн бүхнийг фронтод, бүхнийг ялалтад" зэрэг олон тооны үзэсгэлэнг дэлгэжээ. Тэрээр энэ бүхнийгээ би энэ ажилд дурласан. Энэ музей, үзэсгэлэн, үнэт өв гэдэг зүйлд би дурласан, тиймдээ ч бүх зүрх сэтгэлээ зориулан ажиллахыг хичээдэг гэв. Мөн үндсэн ажлаасаа гадна өөрийнхөө шинээр сурсан, дадаж буй ажлаа илтгэн харуулсан хүүхэд, залуучуудад зориулсан хоёр номыг бүтээсэн ба энэ нь түүнийг ажилдаа эзэн болсныг нь илтгэн харуулж буйн жишээ юм. Г.К.Жуковын талаар маш олон уран бүтээл, гарын авлагууд байдаг хэдий ч хүүхдүүдэд зориулсан, тайлбарт зурагт ном хараахан байдаггүй байсан бөгөөд энэхүү орон зайг харж тус бүтээлүүдээ гаргасан нь ихээхэн олзуурхууштай юм.
 
Үүнээс харахад, тэрээр Зэвсэгт хүчний нэг ангиас нөгөөд томилогдон ажиллахад нэг их түүртэлгүй, мэдэхгүй, чадахгүй зүйл ховор байсан юм билээ. Харин одоогийн ажлаа хүлээн авснаас хойш маш олон зүйлд суралцсан ажээ. Тэдгээрээс хамгийн чухал нь соёлыг танин мэдэх, хүнтэй харилцах харилцааны соёлд суралцахад чиглэгдсэн бөгөөд энэ талаар өөрийгөө нэг шат ахисан гэж хэлж болохуйц гэнэ. Түүнчлэн түүнийг энэхүү албан тушаалд томилогдоход болон ямар нэг ажлыг зохион байгуулахад түлхэц болсон хамгийн чухал зүйл бол орос хэлний мэдлэг юм. Түүний унаган гэж хэлж болохуйц  орос хэлд сургасан хүн бол ээж нь аж. Орос хэлний багш мэргэжилтэй ээж Л.Бурмаа нь багаас нь орос хэлээр үлгэр уншуулан зөв бичих болон ярианы дүрэмд сургасан бөгөөд түүний үр хүүхдүүддээ зааж сургасан тэр л эрдэм тэдний нэг насны хоолоо олж идэх мэдлэг байсан, тиймээс ч сайхан ээждээ баярлаад ханашгүй гэв. Харин түүний аавыг Р.Доржсүрэн гэдэг. Барилгын цэрэгт анхан шатнаас нь ангийн захирагч, хурандаа болтлоо ажиллаж байсан бөгөөд мөн л удам дамжсан цэргийн хүн аж. Хошууч Т.Амартайван нь аливаа зүйлд зарчимч, хичээнгүй, идэвх зүтгэлтэй байхыг эрхэмлэж ирсэн бөгөөд энэ нь аав, ээж хоёрых нь төлөвшүүлсэн  хүмүүжил биз ээ.  
Түүний ханийг Т.Цахиур гэдэг бөгөөд "Сайхан ханийн үлгэр жишээ болсон бурхан шиг ханьтай, би азтай эмэгтэй" хэмээн тэрээр ярианыхаа төгсгөлд хэлсэн. Ийм л эгэл даруухан, хүлээсэн үүргээ мадаггүй биелүүлдэг эрхэм зан чанартай бүтээлч, авьяаслаг хүмүүсээр Монгол Улсын Зэвсэгт хүчин арвин юм.
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин