sonin.mn

Цар тахлын үед иргэдийн “хөл дүүжлэх” хамгийн ойрын унаа нь нийтийн тээвэр болоод байна. Тиймээс холбогдох газруудаас үүнд анхаарал хандуулж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг зөвлөж, зарим арга хэмжээг аваад байгаа билээ. Тухайлбал, нийтийн тээврээр үйлчлүүлж буй хүн хоорондын зайг холдуулах үүднээс тусгайлан тэмдэглэгээ хийж, анхааруулах зөвлөмжийг автобусны зарим суудалд тогтоож, наасан. Түүнчлэн нийтийн тээвэрт хамгийн удаан ажилладаг жолоочийг автобус баазынхан нөөц бололцоондоо тааруулж тусгаарласныг иргэд харсан.

 

 

Анхаарууштай нь, тэдгээрийн хажуугаар эрчтэйхэн өнгөрөхөд урагдчихмаар гялгар уутаар тусгаарлалт хийсэн нь нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил харагдсаныг нуух юун. Тэр яахав, зарим жолооч тусгаарласан гялгар уутаа урж тасдан тусгай цоорхой гаргасныг хүмүүс ажигласан байх. Түүгээрээ жолооч нар автобусны картгүй иргэдээс бэлэн мөнгө авах бөгөөд энэ нь халдвар хамгааллын дэглэм зөрчиж байгаа хэрэг юм.

 

 

Ийм үйлдлийг голдуу хувийн автобус компанийнхан гаргаж байгааг анхаарах шаардлагатай байна. Мэргэжлийн байгууллагаас коронавирусийн халдвар хаанаас авсан нь тодорхойгүй, шинж тэмдэггүй халдвар тээгч олон нийтийн дотор явж байхыг үгүйсгэхгүйг анхааруулсаар байхад хэдхэн төгрөгийн төлөө бусдыг төдийгүй орчин тойрныхоо хүмүүсийг эрсдэлд оруулж байгааг тэдэнд анхааруулж, цаашилбал арга хэмжээ авах ёстой. Иргэд ч гэсэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ автобусны картаа цэнэглүүлж зорчих нь өөрийгөө төдийгүй гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалж буй нэг хэлбэр билээ. Коронавирусээр хэн ч халдварлаж болно. Гэхдээ энэ цар тахлаас хүн бүр өөрсдийгөө хамгаалах бүрэн боломжтой. Түүний тулд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа ягштал баримтлах шаардлагатай байна.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин