sonin.mn
Үндэсний урлагаа шинэлэг хэлбэрээр хөгжүүлж яваа авьяаслаг уран бүтээлч битбокс Рэй буюу Б.Нарандэлгэр үргэлж шинэ содон, гайхмаар зүйлсийг сэдэж, олныг алмайруулдаг нэгэн. Тэрбээр энэ удаа бас нэгэн шинэ санаачилга гарган ажиллаж байгаагийн нэгээхэн жишээ нь хөөмийбит болон битбокс урлагийг сонирхдог хүүхэд залуучуудад онлайнаар сургалт явуулахаар болж байгаа явдал юм. Энэ нь Монголын үндэсний битбокс холбооноос анх удаа онлайнаар явуулж буй сургалт болж байгаагийн зэрэгцээ маш олноор нь нэгэн зэрэг битбоксын үндсэн элементүүдийг хэл хуур, аман хуур, хөөмийтэй хэрхэн хоршуулах тухай багц ойлголт өгөх үнэ цэнтэй сургалт гэдгээрээ шинэлэг ажээ. Сургалт ганцаарчилсан болон группийн гэсэн хоёр сонголттой. Түүний сургалтаар амьсгалын дасгал, битүү амьсгаа, техник тохиргоо, хөөмий болон аман хуур хөгжмийн анхан шатны мэдэгдэхүүн өгөх юм. Үүний дүнд олон арван хүүхэд залуус соёлын өв тээгч болж, үндэсний урлагийн дархлаанд ихээхэн ач холбогдолтой. Энэхүү онлайн сургалтаар дамжуулж, үндэсний хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Хөөмийбит” төслийнхөө эхлэлийг Б.Нарандэлгэр тавьж байгаа ажээ. Монголын биет бус өв, тэр дундаа хөөмий, хэл хуурыг битбокстой холбож, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол хөгжимчин, Монголын үндэсний битбокс холбооны тэргүүн Б.Нарандэлгэрийг хэдэн хором хүлээлгэлээ.
 
–Хөөмийг битбокстой хослуулах боломжтойг та харуулж, одоо бусдадаа зааж сургаж байна. Гэхдээ хүссэн болгон нь сурчихдаггүй энэхүү урлагийн төрлийг онлайнаар сурах боломжтой гэж та бодож байна уу?
 
-Монголын үндэсний битбоксын холбооноос зохион явуулдаг энэхүү сургалтыг суралцагсдад  өмнө нь ч заадаг байсан. Энэ удаа хүмүүсийн хүсэлтийн дагуу онлайнаар зохион байгуулж байна. Сургалтаар анхан болон дунд шатны хичээл заана. Манай сургалтад хамрагдаж байгаа хүмүүс өөрийгөө хэрхэн сурч, хичээллэж байгаагаа онлайнаар шалгуулж, үзүүлэх боломжтой. Сургалтад ганцаарчлан хамрагдаж болно. Мөн группийн хэсэгт хамрагдан суралцаж ч болох юм.
 
-Хөөмийбитийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
 
-Хөөмийн нэг төрөл болох хархирааг битбокстой хослуулсан нэг төрлийг залуучууд маш их сонирхдог нь хөөмийбит. Дээрх сургалтад хархирааг хэрхэн битбокстой хослуулах талаар заахын зэрэгцээ төслийн нэг хэсэг гэдгээрээ онцлогтой. Ер нь хөөмийн талаар суурь мэдлэгтэй хүмүүст хөөмийбитийг зааж байна.
 
-Та хэнээс хөөмийн урлагийг өвлөн суралцсан бэ?
 
-Би хөөмийг хэн нэгэн багшаар заалгаагүй. Өөрөө судалж сурсан. Одоо ч гэсэн суралцаж байна. Энэ утгаараа өөрийгөө хөөмийч болсон гэж хэлэхгүй. Харин хөөмийбит гэсэн шинэ төрлийг хөгжүүлэхийн төлөө хичээж байна.
 
-Та битбоксыг мөн бие дааж сурсан уу. Эсвэл багшаар заалгав уу?
 
-2004 онд Rahzel-ын “Four elements” бүтээлийг сонсож битбокстой анх “танилцсан”. Анхандаа хөгжим дуугараад байна гэж бодсон. Гэтэл  хөгжмийн аялгууг ямар ч зэмсэггүйгээр гаргаж байгааг мэдээд битбокс миний сонирхлыг ихэд татсан юм. Түүнээс хойш битбоксыг судалж байна. Улмаар 2005 онд хөөмийбитийг санаачилсан. Нэг зүйлийг хэлэхэд, хөгжмийн найруулагчийн анхан шатны мэдлэгийг хөөмийбитээр хичээллэснээр суралцаж болно.
 
 
Битбоксын тухай товчхон
 
-Битбокс нь АНУ-ын Чикаго болон Лос-Анжелес хотын гудамжнаас орчин үеийн хип хоп хөгжмийн нөлөөгөөр үүссэн
-Ам, хэл, уруул зэргээ ашиглан бөмбөр болон өөр олон хөгжмийн зэмсгийн дуу авиа гаргадаг. Мөн зарим судлаач үүнийг а-капелла хөгжмийн нэг төрөл гэж үздэг.
-1880-аад оны сүүлчээс үсчний газарт ажилладаг хар арьстнууд а-капелла дуулж, хөгжмийг одоогийн битбоксоор орлуулдаг болжээ.
-“Pink Floyd” хамтлагийн 1967 оны “The Piper at the Gates of Dawn” цомгийн “Pow R. Toc H..” дуунд орсон авиаг орчин үеийн битбоксын эхлэл гэж үздэг.
-Орчин үеийн битбоксын хамгийн том төлөөлөгчид бол Rahzel, Kenny Muhammad нар юм. “The Roots” хип хоп хамтлагийн гишүүн Razhel 2001 онд анх дуучин Aaliyah-гийн “If your girl only knew” дуунд битбокс хийснээр дуу болон битбоксыг хослуулж болдгийг харуулсан байна.
-Дэлхийн аварга шалгаруулах битбоксын тэмцээн 2005 онд Германы Лейпциг хотод болжээ.
-Битбокс сурахыг хүсвэл  юуны түрүүнд үлгэрлэн дуурайж болохуйц хэн нэгнээс суралцах нь зүйтэй. Эхэндээ та сайн хийж чадахгүй байж болох ч дасгал сургуулилалт шаргуу хийх юм бол хэзээ нэг өдөр амжилтад хүрнэ.
-Бусдыг сайн сонс. Өнөөгийн алдартай битбоксчдын олонх нь Razhel-ын “If your mother only knew”-г анхлан сонссон байдаг.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин