sonin.mn
Дэлхийн түүхэнд нэгэн онцгой үзэгдэл байдаг.
Хүн ам цөөн, малчин монголчууд XIII зуунд Азийн гүнээс цойлон гарч ирж, дэлхийд урьд байгаагүй том эзэнт гүрнийг байгуулжээ. 1930-аад онд Өрнөдөд бичигдсэн Монголын эзэнт гүрний тухай ном зохиолд “Татарын энх тайван” (Pax Tatarica) хэмээх нэршил үзэгдэх болсон бөгөөд энэ нь монголчуудын захиргаан дор Евразийн бүс нутагт энх тайван тогтсон эрин үе гэх утгаар хэрэглэгдэх болсон байна. Үүгээр нь Монголын эзэнт гүрнийг дэлхийн түүхийн тавцанд Ром (Pax Romana), Британи (Pax Britannica) зэрэг хамгийн агуу хэмээгдсэн эзэнт гүрнүүдтэй зэрэгцүүлэн тавих болжээ. Гэвч Өрнөдийн эрдэмтдийн хувьд, монголчууд эзэнт гүрэн байгуулсан нь түүхийн “этгээд тохиолдол” аж.
Баруун Европоос мэндэлсэн Ром, Британийн эзэнт гүрнүүд нь тухайн цаг үеийнхээ соёл иргэншлийн охь болж явжээ. Гэтэл монголчуудын түүх тун ойлгомжгүй байв. Өрнийн  судлаачдын харснаар монголчууд асар том эзэнт гүрэн байгуулсан боловч тэдний нийгэм нь гайхмаар эгэл бүдүүлэг байсан аж.
 
 
 
Монголчуудын нийгэм нь төр, засаг захиргаа бус, харин ахлагч бүхий “овог” хэмээх ураг төрлийн нэгдэл, холбоогоор зохион байгуулагддаг бөгөөд тэр нь бараг өөрчлөгдөж хөгждөггүй байна. Ийм нийгэм Европт соёл иргэншил үүсэхээс өмнөх балар үед байсан ажээ.
 
 
 
Тэгвэл төргүй, балар үеийн нийгмээс агуу эзэнт гүрэн хэрхэн төрөн гардаг билээ?
Ингээд тэд энэхүү зөрчилт үзэгдлийн хариултыг олох эрэлд гарчээ. Гэтэл тэд ямар ч хариулт олсон, тэр нь монголчуудын нийгмийн тухай өмнөх төсөөллийг л улам бататган хөгжүүлсэн нь хачирхалтай. XX зууны эхэн гэхэд Өрнөдийн олон нийтийн соёлд монголчуудын байлдан дагууллыг байгаль дэлхийгээс заяасан асар их тэвчээр, зэрлэг догшин авиртай холбон ойлгох болж, морьтон монголчуудыг эртний грек үлгэрт гардаг кентавр хэмээх хүн цээжтэй, морь бөгстэй хагас хүн, хагас адгуус маягийн өвөрмөц дүрээр төсөөлөх жишиг тогтсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй ээ.
Гэвч сүүлийн жилүүдэд дээрх мэт ойлголт нь маш алдаатай болохыг Өрнөдийн ч, Монголын ч судлаачдын зүгээс хүчтэй шүүмжилж эхэлж байна. Тэдгээр судлаачид монголчуудын талаарх энэ ташаа ойлголтыг залруулж, монголчуудын нийгмийг шинээр харах гэсэн эрэл хайгуул хийж, хэд хэдэн судалгааны бүтээл гаргасан байна. Энэ тал дээр онцгой байр суурь эзлэх нэгэн эрдэмтэн бол Кэмбрижийн их сургуулийн профессор, соёлын антропологич Дэвид Снийт юм. Тэрбээр монголчуудын эзэнт гүрний түүхийг зэрлэг бүдүүлэгчүүдийн гайхамшиг мэтээр “домогжуулж” ирсэн явдалд өөрийн судалгаагаар томоохон няцаалт өгчээ.
Британийн антропологич Д.Снийт монголчуудын нийгмийн талаарх Өрнөдийн нийгмийн шинжлэх ухаанд тогтсон хэвшмэл төсөөллийг эвдсэн “Тэргүүнгүй төр: Язгууртны дэглэм, ураг төрлийн нийгэм ба нүүдэлчдийн Дотоод Азийг ташаарч ойлгосон нь” (The Headless State: Aristocratic Orders, Kinship Society, and Misrepresentations of Nomadic Inner Asia) хэмээх бүтээлээ 2007 онд хэвлүүлсэн байна. Тухайн үед энэ бүтээл олон улсад түүхчид, нийгэм судлаачдын хүрээнд багагүй шуугиан тарьсан байдаг. Тэр цагаас хойш аль хэдийнээ 10 гаруй жил өнгөрчээ. Гэвч харамсалтай нь энэ бүтээл Монгол Улсад өнөө хүртэл орчуулагдан хэвлэгдээгүй байна. Хэрэв энэ бүтээлийг унших аваас Дотоод Азийн нүүдэлчид хийгээд монголчуудын түүхэн дэх нийгэм, төрийн асуудал төдийгүй ер нь өнөөгийн нийгэм, соёл судлалын ухааны талаар ч чамгүй ихийг мэдэх боломжтой.
 
Ингээд антропологич Д.Снийт “Тэргүүнгүй төр” бүтээлдээ юуны талаар өгүүлснийг уншигч танд зарим гол санааг нь машид хураангуйлан хүргэж байна.  
 
Д.Снийт ямар зорилгоор энэ бүтээлийг туурвисан бэ?    
 
Соёлын антропологич Д.Снийтийн энэхүү бүтээл зөвхөн Дотоод Азийн нүүдэлчид хийгээд монголчуудын нийгмийг таниулах бус, харин өнөө хүртэл амь бөхтэйгээр оршсоор буй хувьслын онолд суурилсан нийгмийн ухааны парадигмыг засаж залруулахад тус нэмэр болох үндсэн зорилготой ажээ. Тэрбээр бүтээлдээ
XX зууны нийгмийн шинжлэх ухаан, сэтгүүл зүй, бодлого боловсруулалт, нийтийн соёлд гүн нэвчсэн ташаарлыг залруулах,
антропологи хийгээд бусад нийгмийн ухаанд баримталж ирсэн төр ба төргүй нийгмийг эсрэгцүүлэх уламжлалт үзлийг эргэн харах гэсэн хоёр зорилгыг дэвшүүлжээ.
Зохиогч бүтээлдээ Дотоод Азийн нүүдэлчин ард түмнүүд, ялангуяа монголчуудын нийгмийг судалгааныхаа гол жишээ болгон авч үзсэн байна. Тэр бээр Дотоод Азид хүннү, түрэг, монголчууд дараалан хүчирхэг эзэнт гүрнүүдийг байгуулсан нь онцгой үзэгдэл байсныг онцлон дурджээ. Гэвч эзэнт гүрэн байгуулсан ард түмнүүд, ялангуяа монголчуудыг антропологи хийгээд түүх, нийгмийн ухааны утга зохиолд “төргүй нийгэм”-ийн гол онцлог болох эгэл бүдүүлэг ураг төрлийн байгуулалтай байсан хэмээн үзэж ирсэн нь Снийтийн хачирхлыг төрүүлсэн байна. Тэр бээр асуудлыг хөөж судлаад, Дотоод Азийн нүүдэлчдийн нийгмийн талаарх тэрхүү хачирхалтай тайлбар нь үнэн хэрэгтээ өнөөгийн антропологи, нийгмийн шинжлэх ухааны парадигмд буй урхагшсан асуудлаас үүдэлтэй гэж үзжээ.
 
Нийгмийг “төрийн өмнөх” ба “төрт” гэсэн эсрэгцлээр үл харахуй
 
Д.Снийт орчин цагийн антропологийн судалгаанууд нь аливаа нийгмийг “төрийн өмнөх” ба “төрт” гэсэн эсрэгцэлд (dichotomy) үндэслэн ангилж, “урьдач ялгаварлал” үүсгээд, аль нэг ангиллын хүрээн дотор анализ хийж буй чиг хандлагыг шүүмжилсэн бөгөөд энэ нь тухайн нийгмийн талаар хэрхэн уран төсөөллийн домог бий болгож, баримт нотолгоогүй ташаа ойлголтод хүргэж буйг Дотоод Азийн нүүдэлчдийн нийгмийн түүхэн жишээнүүдээр харуулжээ.
Тэрбээр энэ судалгааг хийхдээ нийгмийг төрийн өмнөх ба төрт гэсэн эсрэгцлийн аль нэгэнд ангилалд оруулахгүйгээр эхлээд сайтар ажиглах, үүний тулд төр нь нийгмийн харилцааны хэлбэр гэсэн илүү уян хатан онолын ойлголт хэрэглэх аргазүйг ашигласан байна. Үүний тулд Д.Снийт хамгийн нөлөө бүхий онолчдын нэг болох Макс Веберийн “төр нь тодорхой газар нутаг дахь эрх мэдлийн монополь юм” гэсэн үзлийн оронд төрийн эрх мэдэл нь тархмал оршдог гэсэн Антонио Грамши, Мишель Фуко нарын сэтгэгчдийн санаагаар харжээ.
Грамши, Фуко нарын үзлээр, орчин цагийн төр нь эрх мэдлийн төвлөрлийн эх сурвалж бус, харин нийгмийн янз бүрийн салбаруудын эрх мэдлийн тархмал хэлбэрүүдийн торон огтлолцолын үр дагавар аж. Тэр бээр нүүдэлчдийн төрийг орчин цагийн Европын төрт улсуудын үүсэл хөгжлийн жишгээр харахын оронд Грамши, Фуко нарын санааг орчин үежилтээс өмнөх нүүдэлчдийн нийгмийн хөгжлийн асуудалтай холбож, нүүдэлчдийн төрийг тэрхүү санаагаар харж болохыг түүхэн жишээ баримтаар харуулсан байна.
 
Монголчуудын нийгмийг “бүдүүлэг” хэмээх ташаарал юунаас эхтэй вэ?  
 
Энэхүү судалгааг хийхдээ Д.Снийт юуны өмнө Дотоод Азийн нүүдэлчдийн нийгэм нь түүхэн хөгжлийн хувьд төрийн өмнөх ураг төрлийн байгуулалд суурилдаг гэсэн хэвшмэл үзэл нь юунаас эхтэйг хөөж нягталжээ. Түүний шүүмжилснээр, нүүдэлчдийн нийгмийн талаарх дээрх үзэл нь XIX зууны антропологич Льюис Хенри Морганы нийгмийн хувьслыг тайлбарласан онолоос эхтэй ажээ. Л.Х.Морган Америкийн индианчуудын талаарх өөрийн ажиглалт дээр үндэслэн эрт цагт Европын нийгмийн байгууллын анхны нэгж нь ч цусан төрлийн холбоо байсан гэж үзсэн. Түүнийхээр тэрхүү балар үеийн “клан” буюу ураг төрлийн нэгдлүүд нь ардчилсан, эрх тэгш байсан бөгөөд “төртэй” байх боломжгүй ажээ.
Снийт Морганы онол нь орчин цагийн антропологийн ухааны онол, аргазүй төдийгүй Өрнөдийн оюун санаа, улс төрийн үзэл сурталд хэрхэн хүчтэй нөлөөлснийг тайлбарлажээ. XIX дүгээр зууны сүүл үе, XX зууны эхээр Морганы санааг Өрнөдийн улс төр, эдийн засгийн ухааны хамгийн нөлөөтэй онолчид өлгөн авч, өөрийн онолд ашигласнаар, энэ нь хүчтэй үзэл суртлын тулгуур болж хувирсан байна. Морганы санааг марксистууд болон либериалчууд аль аль нь уухайн тас шүүрч авчээ. Түүх бичлэгийн үүднээс харвал, төрийн өмнөх үеийн нийгмийн эрх тэгш ёс, ардчилалын тухай Морганы санаа нь либерал үзэлтнүүдийн хувьд “хүний жам ёсны эрх чөлөө”-г, харин марксистуудын хувьд өмч ба ангийн ялгаварлалаар бий болсон мөлжлөгийн үндсийг тайлбарлах сайхан боломж болж хувирсан байна.
Зохиогчийн онцолж буйгаар, Морганы хувьслын онолыг хүчирхэгжүүлсэн өөр нэг чухал хүчин зүйл нь XIX зууны Европын колоничлогчдын үзэл суртал байв. Европчууд Ази, Африкт колоничлол явуулахдаа нутгийн уугуул ард түмнүүдийг төрийн өмнөх балар үедээ гацсан, цусан төрлийн нэгдлээр амьдардаг иргэншээгүй бүдүүлгүүд юм гэх үзэл суртлыг зохиосон байна. Ингэхдээ Европын колоничлолын үзэл суртал нь “трайб” (tribe) хэмээх үгийг өргөн далайцтай зээлдэн хэрэглэж, колоничлогдсон ертөнцийн нийтлэг ижилсэл болгосон ба “төртэй-иргэншсэн”, “төргүй-үл иргэншсэн бүдүүлэгчүүд”-ийн ертөнцийн хооронд хатуу зааг тогтоожээ.
Хэдийгээр XX зууны сүүл үеэс “трайбализм” хэмээх ойлголт нь колоничлолын үр дагавар гэдгийг Африкийн жишээгээр шүүмжлэх хандлага бий болсон гэдгийг Снийт дурдсан боловч энэ нь Дотоод Азийн монгол мэтийн нүүдэлчдийн нийгмийг шинээр харахад онц нөлөө үзүүлээгүй ажээ.
 
 
 
Тухайлбал, Дотоод Ази судлалаар хамгийн нэрд гарсан антропологичдын нэг Томас Барфилд Дотоод Азийн нүүдэлчдийн нийгмийг “коникал клан” буюу эцгээс салбарласан ураг төрлийн бүлгүүд угсаа залгамжлалаараа зэрэг дэв бүхий зохион байгуулалттай байснаар тайлбарладаг бол П.Рачневский зэрэг нэртэй түүхчид ч Чингисээс өмнөх монголчууд ураг төрлийн нийгэмтэй байсан гэж үзжээ. 
 
 
 
Монголчуудын тухай түүхэн эх сурвалжуудыг ташаарч хөрвүүлсэн нь   
 
Түүхийг эх сурвалжаас сэргээдэг. Эх сурвалжийг ташаарч хөрвүүлбэл түүхэн эндүүрэл гарна. Өрнөдийн судлаачид монголчуудын талаарх түүхэн эх сурвалжуудыг судлахдаа яг ингэж эндүүрсэн болохыг Снийт онцолжээ.
Тэр бээр колоничлолын үзлийн нөлөөнд автсан орчин цагийн антропологийн ухааны онол, аргазүйн систем хийгээд Өрнөдийн улс төр-эдийн засгийн үзэл суртал нь Монголын түүхэн эх сурвалжуудыг европын хэлэнд орчуулахад шууд л нэр томьёоны ноцтой алдаанд хүргэж байгааг олж харсан байна.
Тухайлбал, тэр бээр Чингис хаанаас өмнөх монголчуудын тухай гол сурвалж болох “Монголын нууц товчоо” (МНТ)-д нийгмийн анги давхраа, язгууртны засаглал, угсаа залгамжлалын талаар хангалттай баримт нотолгоо бий гэж бичжээ. Гэтэл өмнөх судлаачид МНТ-нд нийгмийн анги давхраа, язгууртны засаглалтай холбоотой гардаг “иргэн”, “улус”, “овог”, “аймаг” гэх мэт нэршлүүдийг “трайб” хэмээн ураг төрлүүдийн нэгж мэтээр ташаа орчуулж ирснийг Снийт шүүмжлээд тус зохиолд гардаг овог, аймаг гэх мэт нэршлүүд нь ураг төрлийн байгууллын систем дэх бүлгүүдийг бус, харин албат харъяат бүхий угсаа залгамжилсан язгууртнуудын улс төрийн зохион байгуулалтын нэгжүүдийг заасан болохыг залруулан тайлбарлажээ.
Тухайлбал, Снийт монголчуудын “овог” хэмээх нэршил нь ураг төрлийн нэгдэл биш, харин улс төрийн зохион байгуулалтын нэгж гэж үзээд, Монголын эзэнт гүрнээс өмнөх монголчуудын нийгмийн тухай гол сурвалж болох МНТ-нд дурдагддаг олон тооны овгоор жишээ авч тайлбарлажээ. Монголчууд хэрхэн овог үүсгэж байсны нэг жишээ нь Жүрхин овог аж. Сурвалжид өгүүлснээр, Жүрхин овгийг Хамаг Монголын Хабул хан өөрийн ахмад хүү Охинбархагт зоригтой, хүч чадалтай эрсийг шилж өгснөөр үүсгэж байна. Снийт овог үүсгэхдээ хүмүүсийг элсүүлж, язгуур угсаа бүхий хан хүүд өгч захируулж байгаа нь овог ураг төрлийн холбоо биш болохыг харуулж байна гээд, Жүрхин овогт ураг төрлийн бус хүн байсан тохиолдлыг дурджээ.
Мөн монголчуудын талаарх өөр нэг гол сурвалж болох Ил хаант улсын түшмэл, түүхч Рашид ад Дины эмхэтгэн бичсэн “Судрын чуулган” хэмээх алдарт зохиолыг орчуулахад дээрх алдаа давтагдсан байна. Үнэндээ, Рашид ад Дин “Судрын чуулган”-д цусан төрлийн “клан” буюу “трайб” гэсэн нэршилтэй утга дүйх үг хэрэглээгүй ажээ. Тэр бээр олон цөөн хүнтэй эсэхээс үл хамааран хэрэглэгддэг, ураг төрлийн агуулгагүй “квам” буюу бүлэг гэсэн ерөнхий нэр хэрэглэсэн байна. Гэтэл Такстон Судрын чуулганыг орчуулахдаа ураг төрлийн нэгдлийг илэрхийлдэг “трайб” гэх ойлголтыг шууд хуулбарлан хэрэглэжээ.
Снийт нүүдэлчдийн нийгмийг колоничлолын үзлээр харахад Европын судлаачид эртний хятад сурвалжуудыг ташаа орчуулж хэрэглэсэн нь ч ихээхэн нөлөө үзүүлсэн болохыг тайлбарлажээ. Эртний Хятадад харь ард түмнүүдийг “бүдүүлгүүд” хэмээн тодорхойлох үзэл хөгжсөн ажээ. Хятадууд ном зохиолдоо “бүдүүлгүүд”-ийг Дундад улсаас хол, хараахан иргэншээгүй гэж дүрслээд зогсохгүй, тэднийг боловсрол хүмүүжлээр, эсвэл эрхэмсэг хүчээр хувиргаж, иргэншлийн хүрээнд оруулах ёстой хэмээн номлодог байв. Хятадуудын үзлээр хятад соёлын нөлөөнд орж өөрчлөгдөөгүй ард түмнүүдийг “түүхий”, харин тэдний нөлөөнд орж хагас өөрчлөгдсөнийг нь “болсон” гэх ажээ.
Снийт бусад ард түмнүүдийг “түүхий ба болсон” гэх хятадын түүхэн ном зохиол дахь ялгаварлал нь “зэрлэг-бүдүүлэг-иргэншсэн” гэх XIX зууны Өрнөдийн колонийн схемтэй гайхалтай адил байсныг тэмдэглээд, нүүдэлчдийн талаарх өрнийн колонийн хийгээд хятад төвт үзлийн энэхүү давхцал нь Өрнөдийн судлаачдад нүүдэлчдийн нийгмийг ураг төрлийн байгуулал бүхий “трайб”-аар төсөөлөхөд ихээхэн түлхэц болсон гэжээ. Энэ давхцлын нөлөөгөөр Өрнөдийн судлаачид монголчуудын түүхэн сурвалжийн нэр томьёог ташаарч орчуулах болсон байна. Тухайлбал, монголчуудын “аймаг” хэмээх үгийг хятад хэлээр “було” гэж орчуулсныг Европын судлаачид шууд “трайб” хэмээн орчуулж хэвшжээ.
 
XX зуунд монголчууд “ураг төрлийн нийгэм”-тэй болсон нь     
 
Зохиогч “хувьслын онол” нь монгол мэтийн нүүдэлчдийн нийгэм ч биш, ерөөсөө төрийн өмнөх үеийн бусад нийгмүүдийг ч ураг төрлийн байгууллаар тайлбарладаг нь алдаатай болохыг тайлбарлажээ. Тэр бээр ураг төрлийн бүлгийн зохион байгуулалт нь төрийн өмнөх шатанд бус, харин төрийн дараа, төрийн бодлогоор дээрээсээ зохион байгуулагдаж ч болохыг Мин болон Манж Чин улсын жишээгээр харуулжээ.
Мин улсын үед нео-күнзийн сургааль төрийн үзэл суртал болсноос үүдэн эрх баригчдын бодлогоор дэг журамт төрийг бий болгохын тулд эцгийн шугмыг дагасан ураг төрлүүд нь язгууртны болон жирийн хүмүүсийн түвшинд нийгмийн институт, нэгж болж зохион байгуулагдсан байна. Хятад дахь төрийн энэ бодлого нь харьяат иргэдийг ураг төрлөөр нь хамтын хариуцлага, дэг журамтай байлгах, тэднээс алба татвар хураах ажлын зохион байгуулалтыг дөхөм болгох зорилготой байжээ. Энэ жишээ ураг төрлийн нэгдлүүд нь зөвхөн төрийн өмнөх шатанд бус, харин ч хожим төрийн бодлогоор зохион байгуулагдаж байсныг харуулж байна.
Харин Чин улсын үед монголчуудын нийгмийн зохион байгуулалт дээрхтэй адилгүй байсныг зохиогч тайлбарласан. Монголчууд түүхэндээ “ургийн нэр” буюу “family name”-тай байгаагүй бөгөөд XIX зуунд Халх, Өвөр Монголд алтан ургийн язгууртнуудыг эс тооцвол жирийн хүмүүсийн дунд гурав, дөрвөн үеийнхээ угсааг мэдэх явдал ч ховор байсныг зохиогч дурдсан байна. Тэр бээр монголчуудын нийгэм нь ураг төрлийн угсаа гарвал дагасан бүлгүүдэд бус, харин төрийн засаг захиргааны зохион байгуулалтын нэгжүүдэд хуваагддаг хийгээд анги давхарга, эзэн-харьяатын ёс, алба татвар, төрийн хууль цаазтай байсныг МНТ зэрэг дундад зууны үеийн сурвалжаас эхлээд XX зууны эхэн хүртэлх үеийн сурвалж мэдээг шинээр хөрвүүлэн тайлж, баримт нотолгоо гарган тайлбарлажээ.
Снийтийн бичсэнээр, XX зууны эхээр Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний нөлөөгөөр монголчуудын үндэсний үзлийн шинэ ойлголт бий болж, энэ нь ураг төрлийн “трайбализм”-д суурилсан байна. Энэ үзлийн нэг гол үндэслэгч, Хаант Оросын нийслэл Санкт-Петербургт боловсрол эзэмшсэн буриад сэхээтэн Ж.Цэвээн монгол үндэсний ойлголтыг шинээр бий болгохдоо Европын үзлийг Монголын хөрсөнд буулгасан аж.
 
 
 
Тэрбээр монголчуудын улс төр, засаг захиргааны зохион байгуулалтаас үүсэлтэй уламжлалт улс төрийн нэгдлүүдийг “трайб” буюу орос хэлний “племена” болгон орчуулжээ.
 
 
 
Түүнийхээр шинэ тулгар улс нь нийтлэг хэл, угсаа, шашин, суртал, газар орон бүхий хүмүүсээс бүрэлддэг ажээ. Үүний улмаас язгууртны ураг төрлийг нийгмийн доод хэсэг рүү өргөжүүлж, язгууртнууд нь өөрсдөө нэг угсаа гарвалтай ард түмний улс төрийн категорын гишүүд болж хувирсан байна. Ийнхүү Монгол улсын доторх Халх, Дөрвөд гэх мэт хуучин язгууртан эзний харъяанд байсан улс төр захиргааны нэгжүүд нь цусан төрлийн хувьд нэг гарвалтай хүмүүсийн нэгдэл буюу ураг төрлөөрөө нэгдсэн төрийн өмнөх шатны “трайб”-уудтай адил утгаар эндүү ойлгогдох болсон байна. 
Монголчуудын нийгмийг Дэвид Снийтийн үзлээр харвал...     
Дэвид Снийт бүтээлдээ Дотоод Азийн нүүдэлчдийн нийгмийн тухай өнөөгийн судалгааны байдлыг ингэж дүгнэжээ: “Догшин бөгөөд эрх чөлөөт овгийн хүмүүсээс бүрдсэн нүүдэлчдийн нийгмийн төгс жишээ нь зүгээр л нэг сайхан домгийн араатан шиг юм: хэн ч түүнийг өөрийн нүдээр хараагүй... Энэ загвартай адил нийгэм хэзээ ч байгаагүй гэдгийг батлах боломжгүй байж магад боловч ч нарийвчлан шалгахаар үзэх бүрт нотолгоо нь замхран алга болох мэт болой.”
Тэгвэл, нийгмийн хувьслын онолыг хурцаар шүүмжилсэн Д.Снийт өөрөө Дотоод Азийн нүүдэлчдийн нийгмийг тайлбарлах ямар загвар санал болгож байна вэ?
Тэрбээр юуны өмнө, нийгмүүдийг “төргүй ба төртэй” хэмээн эсрэгцүүлдэг аргазүйд баригдахаа зогсох хэрэгтэй гэжээ. Түүний бичсэнээр, “Хэрэв бид энэ ялгаанд баригдахаа зогсвол ганц задлан шинжлэлийн хүрээнд эрх мэдлийн бүтэц дэх янз бүрийн залгамж холбоо, адил төсүүдийг харна. Төвлөрсөн төр ба бусад улс төрийн бүрдлүүдэд удаан хугацааг өнгөрүүлсэн язгууртны орд хийгээд угсаа залгамжлалын амжилт нь удам угсаа, ураг төрлийг тэгш байдал гэхээс илүүтэй эрх мэдлийг удаан хугацаанд хадгалах арга техник ба давхраажлын талууд болохын хувьд илрүүлж байна... цаг хугацаагүй нүүдэлчдийн нийгмийн ураг төрлийн байгууллын загварыг няцааснаараа бид тэдний улс төрийн шинэчлэлт, өөрчлөлт болон залгамж холбоог таниж чадна.”
 
Снийтийнхээр, монголчууд түүхэндээ “язгууртны дэглэм” бүхий төрт нийгэмтэй байжээ.
 
Снийт монголчууд нь эрт үеэс төрт нийгэмтэй байж ирсэн бөгөөд тэрхүү төр нь үзэл суртал, эзэн-харьяатын ёс, угсаа залгамжилсан язгууртнууд, төрийн албан тушаал, алба татвар, албат харъяатууд, засаг захиргааны аппарат, хууль цааз гээд бүхий л шинжүүдтэй байсан гэж бичжээ. Монгол нутагт Чингис хааны байгуулсан Их Монгол улсаас өмнө мянга гаруй жилийн тэртээд Хүннүгийн төр байсан. Тэрхүү төрийн уламжлал хэдэн зууныг элээж Чингис хааны үе хүрсэн бол Чингисийн төрийн уламжлал түүний алтан ургийнхнаар дамжин XX зуунтай золгожээ.
Гэхдээ Снийтийн бүтээл нь язгууртны дэглэм бүхий төр нь зөвхөн монголчууд хийгээд Дотоод Азийн  бусад нүүдэлчдийн онцлог бус, бас дэлхийн бусад газар оронд, тухайлбал Европын нийгэмд ч байсан гэх ойлголтыг төрүүлж байна. Иймээс монголчууд бусдын адил төр ёст ард түмэн байжээ.        
Снийт монголчуудын төр нь өмнөх үеийн уламжлал, залгамж холбоог хадгалахын сацуу ба шинэчлэгдэн өөрчлөгдөж байсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн төр нь өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлдэг байжээ. Снийтийн бичсэнээр, ийм нэг шинэчлэлийн жишээ нь тухайн цаг үеийнхээ дорнод Евразийн тал нутгийн хамгийн хүчирхэг эзэд болох Халх-Ойрадын ноёд 1640 онд шинэ төр бий болгож, хууль батлахаар их чуулган хийсэн үйл явдал юм. Тэрээр “Төвлөрсөн засаг бүхий Чингисийн эзэнт гүрэн унасны дараах XVII зууны үед 1640 оны эвсэл нь бүхний дээр ганц эзэн үгүй өөр нэг шинэчлэлийг илэрхийлж байгаа юм” гээд, тэрхүү эвсэл нь давхардмал утгагүйгээр өөрийгөө “төр” гэж тодорхойлсон бөгөөд хамтаар баталсан хуулиа бүгд дагаж мөрдөж, түүгээр нийгмийн бүхий л түвшинд амьдралын олон талт байдлыг зохицуулсан гэж үзжээ.
 
Зохиогч номоо “Тэргүүнгүй төр” хэмээн нэрлэсэн тухайд
 
Снийт бүтээлээ “Тэргүүнгүй төр” хэмээн нэрлэсэн нь содон сэтгэгдэл төрүүлдэг.
Гэвч энэхүү бүтээл өмнө нь хэн ч бодож байгаагүй тэрслүү санаа дэвшүүлсэн, эсвэл зарим нэг судлаачийн шүүмжлэн бичсэн шиг детектив зохиол мэт санагдахуйц ном огт биш ээ. Энэ бүтээл харин ч Дотоод Азийн нүүдэлчдийн нийгмийг тайлбарлах гээд дороо эргэлдэж, эндээсээ баримт нотолгоо муутай “этгээд тайлбар” руу халтирч буй орчин цагийн антропологийн голлох онол, аргазүйг шүүмжлэх, засах зорилготой бүтээл болсон ажээ. Снийтийн судалгаа нь тэрхүү онол, аргазүйн үндэс болсон нийгмийн хувьслын онолоос болж нүүдэлчдийн нийгмийг судалсан Өрнөдийн ч, хуучин Зөвлөлтийн ч түүхч, антропологичдын тайлбарууд нь сурвалж, баримт нотолгоотой зөрчилдөж байгааг харуулжээ.      
 
 
 
Зохиогч бүтээлээ “Тэргүүнгүй төр” хэмээн нэрлэсэн нь нүүдэлчдийн төр царцанги бус, харин ч өөрийн динамиктай, шинэчлэгдэж өөрчлөгдөж байсныг илэрхийлэх зорилготой бололтой. Түүний жишээ нь Халх-Ойрадын язгууртнууд 1640 онд их чуулган хийж хууль батлаад, тэрхүү хуулиа хамтдаа мөрдөж, түүгээр нийгмийн бүхий л шатанд амьдралын олон талт байдлыг зохицуулахын тулд “тэргүүнгүй төр” байгуулсан үйл явдал ажээ.
 
 
 
Эцэст нь хэлэхэд, Дэвид Снийт энэ бүтээлээрээ зөвхөн Дотоод Азийн нүүдэлчдийн нийгмийн асуудлыг хөндөөгүй юм. XIX зууны Өрнөдийн нийгэм нь марксист, либерал үзэл суртал, үндэстэн улсын популист үзэл, колоничлолын үзэл суртлын талбар болж байсан нь Өрнөдийн судлаачид өөрийн ч, бусдын ч нийгмийг ажиглах онол, аргазүйд нөлөөлжээ. Хэрэв энэ нөлөөллийн хөшгийг хажуу тийш нь сөхөж харвал орчин үежилтийн нийгэм хүртэлх төрийн түүхийн асуудал Өрнө дахинд ч, Дорно дахинд ч өөрөөр тавигдаж болох юм.  Снийтийн бичсэнээр, тэргүүнгүй төр нь зөвхөн Дотоод Азид байгаагүй аж. Тэр бээр Август хаант засаглал тогтоох хүртэл Ромын бүгд найрамдах улсыг хүчирхэг гэр бүлүүд удирдаж байсан гээд, Аристотелийн хэлснийг иш татжээ: “Ардчилал бол ердөө л нэлээд өргөн гишүүнчлэлтэй язгууртны засаглал юм.”
 
 
 
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш П.Мягмар