sonin.mn
Суут гэдгийг “сууту” гэж худам монголоор бичдэг. Суу заль гэдэг гэрэгэний бичээс “сууту” гэдэгтэй ижилхэн утга илэрхийлдэг синоним үг биш бүлгээ. Гэсэн ч утгазүйг нь суу ухаан хэмээх хоршоо үгтэй дүйцүүлэх гэж элдвээр чармайж байгаа харагддаг. Суу гэдэг бол сул үг. Дангаараа ямар нэгэн утга үл илэрхийлнэ. Босож, суух хэлбэр биш учраас. Өөр үгтэй хоршвол сая утга орж амилна. Суу гэдэг нь XIII зуунд ариун шүтээн гэсэн бие даасан утгатай үг байжээ. Анализ хийсэн аргументаа үзүүлсү. 1305 онд илхан Өлзийтөөс Францийн IV гоо Филиппт бичсэн захидал дээр дарагдсан шунхан улаан тамга бий. Тамганы бичээсийг эвхмэл үсгээр сийлжээ. Гэхдээ ханз бичгийн эвхээс юм байна. Францад хадгалагдаж байгаа энэ захидал дээрх тамганы текст дараах байдлаар эдүгээ хөрвүүлэгдсэн байдаг.
 
 
 
Бичээсийг нь  "Тэнгэрээс заяат суу хүчит эзэн ханы түмэн хэрэг шийтгэх тамга” гэж тайлан уншжээ. Суу хүчит гэдэг үгэнд суут ухаан геннальный ум” гэсэн агуулга алга. Далд болон дам байдааар ч ийм утга илэрхийлэгдэх боломж үгүй харагдав. Суу хүчит гэдгээс ариун шүтээний хүч гэсэн бишрэх утга надад мэдрэгдлээ.
 
 
 
Илхан Өлзийт султан захидал дээрээ энэ тухай хоёронтоо тодотгосон байдаг. Жишээлбэл: 1. Эдүгээ Тэнгэрийн хүчинд бид их ор суусан. 2. Эдүгээ Тэнгэрийн хүчинд бид их сууринаа суугаад гэх мэт. Тэнгэрийн хүчийг илхан султан Өлзийтийн тамганд суу хүч “священная сила” гэсэн хувилбараар шившжээ. МНТ-н дахь дээр тэнгэрээс заяат гэдэг текстийг илхан Өлзийтийн тамганд охорлосон хэлбэрээр оруулсан бололтой. Харин Мөнх тэнгэрийн хүчинт гэсэн текстийг Өлзийт ханы тамганд шившиж үл болмой. Зөвхөн их хаган Чингис, Өгөөдэй, Мөнх, Гүег, Аригбөх, Хубилай нарт энэ эрх хадгалагдана. МНТ-ны 275-д Батханаас Өгөөдэй хаганд элч илгээжээ. Тэнд: Мөнх тэнгэрийн хүчинт хаган авгын суу дор Оросууд иргэнийг дагуулав гэсэн байдаг. Дахиад нэг түүхийн баримтыг сөхөж харуулсу. 1289 онд илхан Аргунаас францийн IV гоо Филиппт илгээсэн дипломат захидлыг нээе. Мөнх тэнгэрийн хүчинт хаганы суу дор Аргун үг ману гэж захидлаа эхлүүлжээ. Аргун бол илхан. Мөнх тэнгэрийн хүчинт хаган бол тэр үед Хубилай байсан. Суу дор гэдэг нь их хааны суут ухааны дор бөхийв гэсэн утга биш юм. Мөнх тэнгэрийн хүчинт их хаганы ариун шүтээн дор Аргун миний үг гэсэн андгай байна гэж Энхпүрэвийн оюуны тунгаалтаар тайлагдлаа.
 
 
М.ЭНХПҮРЭВ