sonin.mn
Халуун зууханд гараа бүү хүрэг, түлэгдэнэ
Хатуу архинд дураа бүү өг, үрэгдэнэ
Залхуу хойргод биеэ бүү дасга, уруудна
Заль мэхэнд бодлоо бүү эзэмдүүл, буруутна         
(шүлгийн дэвтрээс)
   
Шинжлэх ухааны сүүлийн үеийн бүтээлүүдээс харвал орчин цагийн оюунт хүн (homo sapiens sapiens) Африк тивд 200 000 орчим жилийн тэртээ үүсээд, тэндээсээ 50 000 жилийн өмнөөс аажмаар тал тал тийшээ тархаж, дэлхийн тив болгонд хүрч, дасан зохицон суурьшиж, өнөөгийн хэв зургийг бүтээж амжжээ. Мөнхийн зунтай халуун тивээс зарим нь далайн хөвөө даган Ази тивийн өмнөд хэсгээр зүүн тийш нутаг тэлж, зарим нь арал арал дамжин бүр Австрали тивд хүрсэн бол өөр нэг хэсэг нь Газар Дундын тэнгис орчмоор Евроази тивд нэвтэрч, цааш нүүж тэлсээр хойд мөсөн далайд тулж, Аляскийг дамжин Америк тивд хүрчээ. Анх дассан газраасаа аажмаар холдохын хирээр, цаг уур, байгаль орчин, хоол хүнсний олдоц газар бүрт өөр тул тэнд ирэгчдийн амьдралын хэв маяг ч түүндээ зохицон байнга өөрчлөгдөж байсан нь дамжиггүй. Үүний нэг жишээ нь зарим төрлийн хоол ундыг шингээх чадвар нь хүртэл ялгаатай болсон явдал юм. Өнөөгийн Монголчууд бид хүйтэн өвөлтэй Сибир нутгийн доод хормойд төв Азийн зэлүүд өндөрлөг нутагт хангай, хээр тал, говь гурван бүсийг нь эзлэн таван хошуу малаа маллан бэлчээр ус, цаг улирлын ая даган нүүдэллэж мянга мянган жил амьдрарч ирсэн хүн төрөлхтний нэгэн хэсэг нь билээ. Одоогийн бидний мэдэхээр Монголчууд хүйтний улиралд махан голдуу илчлэг хоол иддэг ба сүү сааль дэлгэрсэн зун цагт цагаан идээ голлон хооллодог байлаа. Архи дарсны хувьд зун намрын дэлгэр цагт гүүний саамаар айраг эсгэж, сүүний хоормогоор шимийн архи нэрж, улирлын чанартай ууж хэрэглэж иржээ. Энэ хоёр ундаа бол сүүн гаралтай, согтоох градус багатай, орчин үеийн водка мэт хатуу архины дэргэд эрүүл мэндэд хор багатай идээ болой. Архийг нэрвэл арз, арзыг нэрвэл хорз, хорзыг нэрвэл хор болно гэдэг. Би өдий 60 наслахдаа нэрж гаргасан хорзтой бүү хэл арзтай ч таарч байсангүй.  Бодвол миний дээдэс хорны нөлөөнөөс хол байсан нь өлзийтэй хэмээгээд арзыг ч нэрэлгүй амьдарч 20 зуунд хүрч ирээ биз ээ. Ийнхүү энэ олон жилийн турш хатуу дарснаас хол явж ирсэн монголчууд бидэнд өндөр градустай архийг шингээх чадвар тогтоогүй байдаг аж. Анагаах ухааны хэлээр "aldehyd dehydrogenбza" гэдэг фермент (амьд бие дэх биохимийн урвалуудын хурдыг өөрчилдөг өвөрмөц уураг) монгол хүнд байдаггүй байна. Миний сонссоноор Оросын Сибирийн уугуул-ази төрхтэй оршин суугчид, Америк тивийн уугуул иргэд-индианчууд, Австрали тивийн уугуул иргэд(aborigins) ийм фермент үгүй ажээ.
 
Нэг удаа би европ танилтайгаа энэ талаар дуулж сонссоноо хуучилж байтал тэр маань " Бидний архи сайн шингээдэг болсон нь нэг ч их бахархаад байх зүйл биш дээ. Их л олон жил бөөнөөрөө архидаж ирсний л баталгаа" гэж хэлж билээ. 
 
Яг тэр үгийг сонсоод миний толгойд доорхи бодол орж ирсэн билээ. Монгол хүний оюун бодол хэнээс ч дутахгүй сайн байдгийн нэг шалтгаан нь үнэндээ бид "олон мянган жил архидаагүй"н ач юм байна. Хүмүүс өөрийн биед архи шингээх "чадвараа" сайжруултал чухам хэдэн мянган жил архидах хэрэгтэйг би мэдэхгүй юм. Харин Монголд хэдий үеэс архи (водка) дэлгэрч эхэлснийг бол би гадарлах юм. Энэ бол миний мэдээ орж байсан 1970-аад он юм.  Анх хөдөө сумын агентуудад цөөн тооны өвөл хөлддөггүй "Архи" (Водкаг архи гэж монголчилсон бололтой) гэсэн цэнхэр наалттай 28 төгрөгний үнэтэй, дунд гарын шилтэйгээр гүйлгээнд гарч эхэлсэн. Энэ нь малчин хүний сарын хөдөлмөрийн хөлсний арван хувиас илүү гарсан үнэ байлаа. Гурил, будаа, лаа шүдэнз, цай давснаас гадна бас архи гэдэг зүйл авч эхэлсэн гэсэн үг. Зарим тохиолдолд бараа дагуулж "Заавал ав" гэж өнөөгийн хэллэгээр шахдаг байсан байх магадлалтай.   Шашин шүтлэгээ дагаад архи уух ёсгүй казах эхнэр архийг нь агентын гадаа асгачихаад "Шил нь хэрэглэж болмоор юм." гээд аваад харьж байсан гэдэг яриа байдаг юм. Миний аав тал нутгийн малчин, өрх толгойлсон 30 гарчихсан эр хүн зэргэлдээ суманд багын андындаа айлчилж, найз нь шил архи задлаад хоёулаа хоёр өдөр дамжуулан ууж байж арай чүү гэж барж байснаа хуучилдаг байлаа. Би нэгэнтээ нилээд хэдэн жилийн өмнө 70 шүргэж явсан нагац ахаасаа "Таныг бага ахуйд манай нутагт (Булгуудын хэц) архи уудаг хүн хир олон байв?" гэж асуусан билээ. Тэр ах маань нилээд удаан бодож байснаа "Гэндэн гэж завод саалийн үеэр архи уугаад авгай хүүхнүүдэд загнуулж явдаг нэг хүн л санаанд орж байна. Өөр хүн байгаагүй." гэж хариулсан билээ. 1980 оноос архи ховор идээ байхаа больж элбэгшиж ирээд 1990 оноос хойш архины үйлдвэрүүдийн "их тэсрэлт" болсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол монголын түүхийн сүүлийн 50-аад жилд л хамрагдаж байгаа зурвасхан үе юм.   Өөрөөр хэлбэл одоогийн нүдээр харахад урт мэт боловч элэнц дээдэс маань  африк тивээс өнөөгийн Монголын нутагт иртэл үргэлжилсэн 50 000 жилийн  урт хугацаатай харьцуулбал мянга дахин бага өчүүхэн хугацаа юм. Гэтэл бидний оюун санааны чадавхи  магадгүй арслан зааныг амь дүйн агнаж явсан тэр чулуун, хүрэл зэвсэгтнээсээ эхлээд араатан гөрөөс агнаж, аж амьдралаа залгуулсаар, зарим ан амьтныхаа араншинг нээн таньж, зэрлэг байсан тэднийг гэршүүлж гаршуулж, эрс тэс уур амьсгалт энэ газар нутагт овог отгоороо амь мэнд гарахын тул ухаан овсгоо зарж, чадахаасаа чадахгүйгээ хүртэл тэмцэж явсны хүчинд аажмаар бүрэлдэн тогтож, сэтгэн бодох чадвар нь хэний ч доор орохгүй эн зайнд хөгжсөн байж таараа.
 
 
 
Архи уусан хүн нэг тасраад босоход тархины үй олон эрүүл эс нь эргэж сэргэхгүйгээр үхэж хорогддог юм бол, байнга уудаг хүн өөрөө эрүүл мэндээ алдахаас гадна бэлгийн эс нь гэмтэж, үр хүүхэд нь ургийн гажигтай төрдөг юм бол, согтуу хүний үйл бүхэн өөртөө болоод бусдад гай зовлон далладаг юм бол архи яаж ч бодсон бидний амьдралын, оюун ухааны минь том дайсан гэдэг нь ойлгомжтой бус уу.
 
 
 
Тэгвэл бид энэ сүүлийн хэдэн жилд тэр олон мянган жилээр бүрэлдсэн хур их баялгаа ямар их ариг гамгүй үрэн таран хийж байна вэ?
Энэ бол гуядаж сүрдүүлээд айлгахгүй, гуйж мөргөөд аргалахгүй, эм уулгаад эдгээхгүй, эмтэрч уйлаад зөөллөхгүй, хүний нэг наснаас хол давсан хирнээ хүн бүхэн оролцож байж бүтэх, тогтоон сайжруулахад мянга мянган жил хомстох, унагаан доройтуулахад арав хорьхон жил хүрэлцэх ийм адармаатай, агуу их үнэтэй зүйл байгааг бид ухаж ойлгох цаг нь нэгэнт болжээ.  "Могойг гурав хуваасан ч гүрвэлийн дайтай" гэгчээр хагас зуун жил өөрсдийгөө хордуулсаар ирсэн ч өнөө хир нь дэлхийд оюуны тогтоох чадварын олон дээд амжилтыг монгол хүн эвдсээр, олон улсын математикийн олимпиадад 3 сая монголоо төлөөлж оролцоод сурагчид 30, 40 саятай улс орнуудын хүүхдүүдийг ардаа орхин медаль авчирсаар байна.  Гэвч их, дээд сургуулиудад математикийн шалгалтандаа тэнцдэг хүүхдийн тоо цөөрлөө, боловсролын систем болохоо байлаа гэсэн аюулын дохиог хүмүүс сануулсаар байна. Дэлхийн түмэн олон  даяаршин ойртоцгоож, хиймэл оюун, мэдээллийн технологийн тэсрэлт болж буй өнөө үед хүн болгонд хэрэгтэй болоод байгаа хурц оюуныг элэнц дээдэс маань бидний генэнд эрдэнэ мэт шигтгэж үлдээгээд явсныг ёстой ТЭНГЭР ЗАЯА гэлтэй. Тэгвэл бид согтуугаараа "тэнгэр заяатан" гэж хоосон орилолдоод тэр заяагаа архинд живүүлээд явж байгаа бус уу. Гүрэн улсыг минь мөхөөж мэдэх хорон архины уршгийг ойлгож, нэг талаас засаг төр архины татвараас олдог улсын төсвөө (20% орчим гэсэн тоо сонсож байснаа санаж байна) өөр эх үүсвэрээс нөхөх зам хайж, бодлогоо өөрчлөх, нөгөө талаас иргэд хувийн ухамсраа өндөрсгөж, юм бүхнээр далим хайж хавтгай архиддаг зангаа хямгадах цаг болжээ. Монгол хүмүүн биднийг ардынхаа дуунд өгүүлдэгчлэн энэ биений чимэг болсон сайн үйл, саруул ухаан нь түшиж, тэнгэр заяа нь сэргэн мандах болтугай гэсэн ерөөл талибан энэхүү нийтлэлээ өндөрлөе. Хурай хурай хурай.Болтугай, Бүтэтүгэй  
                                                                       
Товуугийн Батмэнд
 
Словак Улс, Стара Любовня хот