sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийг зогсоож магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоос тодрууллаа.
 
-Засгийн газраас Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах агуулга бүхий захидлыг Туркойз Хилл рүү явуулсан уу?
 
-Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх үндсэн зорилготой ажлын багийг 2019 оны 12 дугаар сард байгуулсан. Энэ баг Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах үндсэн чиглэлтэй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн олон ажил бий.
Оюутолгой төслийн далд уурхайн эдийн засгийн үр өгөөж Монгол Улсад хэрэгтэй. Гэхдээ 2020 оны Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийн шинэчилсэн тодотголын санхүүгийн тооцооллоос харахад Оюутолгой далд уурхайн эдийн засгийн үр өгөөж буурахаар байна. Бид энэхүү санхүүгийн тооцоололд дүн шинжилгээ хийж байгаа.
 
 
 
Урьдчилсан байдлаар далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Үүн дээр нэмээд 2051 он хүртэл Оюутолгой компани Монголд ашгийн буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ердөө 4 жил төлөхөөр байгаа.
 
 
 
Уурхай 40 жил ажиллалаа гэхэд 4-хөн жилд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлнө гэдэг  маш чамлахаар үзүүлэлт. Монгол Улс ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй татварын орлого хүртэл буурч байгаа тул энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй юу гэдгийг хөрөнгө оруулагчтай нухацтай ярих хэрэгтэй гэсэн утгатай албан бичгийг Засгийн газраас хөрөнгө оруулагч талд өгөөд байгаа. Засгийн газраас УИХ-ын 92 дугаар тогтоол учраас уг тогтоолын хэрэгжилтэд ихээхэн анхаарал хандуулж байгаа.
Энэ тогтоолоор Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө гээд 2015 онд байгуулсан баримт бичиг Монгол Улсын хууль тогтоомж болон эрх ашигт нийцээгүй байна гэсэн дүгнэлтэд үндэслээд засаж сайжруул гэсэн чиглэлийг УИХ-аас өгсөн байгаа. Тэгэхээр үүнтэй уялдуулаад Засгийн газар тодорхой санал, шаардлагуудыг хөрөнгө оруулагч талд тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Гэхдээ Оюутолгой төслийг зогсоох хэмжээнд асуудал хурцдахгүй болов уу гэж бодож байна. Төслийг зогсооно гэсэн байр суурийг ч Засгийн газар илэрхийлээгүй.
Рио Тинто компанийн өөрийнх нь өгсөн санхүүгийн тооцооллоор бол Монгол Улсад ирэх өгөөж маш их буурчихаад байна. Нэгэнт л Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа төсөл учраас манай улсад татварын орлого хуримтлуулах хэрэгтэй байна. Энэ асуудал нэг тийшээ шийдэгдэнэ гэж харж байна. Татварын асуудал шийдэгдэх хугацаанд Далд уурхай ашиглалтад орж, дэлхийн хэмжээний том уурхай Монгол Улсад ажиллах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
 
-Далд уурхайн бэлтгэл ажил хэвийн үргэлжлэх үү. Зогсоно гэсэн ойлголт олон нийтэд төрөөд байна?
 
-Рио Тинто, Туркойз Хилл компаниас асуудал төслийг зогсоох хэмжээнд байна гэж хэлээгүй. Бид ч төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байгаа. Ер нь бол, 2015 онд Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлах үед Засгийн газар энэ оны нэгдүгээр сард ашиглалтад оруулна гэсэн хүлээлттэй байсан. Гэвч энэ хугацаа 2022 оны 10 дугаар сар хүртэл хойшилсон байгаа.
 
-Төслийн өгөөжийг нэмэх талаар яг ямар санал гаргасан бэ?
 
-Төслийн өгөөжийг бууруулж байгаа хэд хэдэн томоохон хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн. Мөн хөрөнгө оруулалтын зардал өсөх тусам Монгол Улсад төлөх ногдол ашгийн хугацаа хойшилж байгаа. Жишээ дурдвал, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх 5.3 ам.доллар байсан ч 1.4 тэрбум ам.доллароор өссөн байна. Төсөвлөснөөсөө 30 орчим хувиар өсөхөөр төсөөлөгдөж байгаа гэсэн үг. Мөн Оюутолгой төслийг зээлээр их санхүүжүүлдэг. Төслийн санхүүжилт хэлбэрээр 4.4 тэрбум ам.долларын зээлийг томоохон банкуудаас авсан. Дээрээс нь Туркойз Хилл компаниас авсан хувь нийлүүлэгчдийн 7 тэрбум орчим ам.долларын зээл байгаа. Нийт 11 тэрбум ам.долларын зээлтэй компани. Энэхүү зээлийн хүүнд их хэмжээний төлбөр төлдөг. Дээрээс нь Рио Тинто компани өөрөө Оюутолгой компанид менежментийн үйлчилгээ хүргэдэг бөгөөд төлбөрөө хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардлаас хувь тооцож авдаг байгаа. Тэгэхээр Засгийн газраас нэгдүгээрт, менежментийн үйлчилгээнд төлж байгаа төлбөрийг гүйцэтгэлтэй уялдуулах, хэмжээг багасгах санал тавьсан. Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах шаардлагатай гэсэн байгаа. Одоогоор хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү бол 6.5 хувь дээр лайбор хүү төлж байгаа. Тэгэхээр энэ зээлийн хүүг бууруулснаар Монгол Улсад ирэх өгөөж нэмнэ. Ер нь бол зардал хэтрээд байгаа нь үнэхээр геологийн хүчин зүйлсээс болж байна уу, зардлыг бууруулах тодорхой ажил хийж болох уу гэдэг асуулт мэдээж гарч байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ямар шалтгааны улмаас нэмэгдэв гэдэгт хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах санал тавьсан. Засгийн газар энэ асуудлыг дангаараа шийдвэрлэх нь олон оролцогч талуудын оролцоог хангахгүй байх тул Оюутолгой төслийн ТУЗ дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Оюутолгой төслийн ТУЗ Монгол Улсын Засгийн газрын хоёр төлөөлөгч, Туркойз Хилл компанийн хоёр төлөөлөгч орсон тусгай хороо байгуулж, хөндлөнгийн шинжээчийг томилохоор ажиллаж эхэлсэн.
Хөндлөнгийн шинжээч томилогдвол зургаан сарын дараа дүгнэлт гарна гэсэн хүлээлттэй байна. Энэ дүгнэлтээр Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал яагаад нэмэгдсэн бэ гэдэг шалтгаан, нөхцөлийг тодруулна. Үүнтэй холбогдуулан гадаадын улс оруудад хяналт шалгалт, маргаан өрнөж байгаа тухай мэдээллүүд гарч байгаа. Тухайлбал, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон асуудлыг хөрөнгө оруулагчдад цаг тухайд нь мэдэгдээгүй, төөрөгдүүлсэн гэдэг асуудлаар АНУ, Канад улсад Туркойз Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид хэрэг маргаан үүсгээд байна. Түүнчлэн, АНУ болон Английн Үнэт цаасны зохицуулах газруудаас энэ асуудлыг тодорхой гомдлын хүрээнд судалж, хянан шалгаж эхэлсэн гэдэг мэдээллийг Засгийн газар авсан. Тэгэхээр зардал яагаад хэтрэв гэдэг асуудалд ул суурьтай хандаж, шалтгааныг нь тодруулах нь зүйтэй гэдэг байр сууринаас хандаж байгаа. Мэдээж хөндлөнгийн шинжээч ямар дүгнэлт гаргахыг хэн ч хэлж мэдэхгүй. Үнэхээр геологийн хүчин зүйлээс болоод зардал хэтэрсэн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаасаа төсөлд оролцогч талуудын эргэлзээ, үйл ойлголцлыг арилгах, төслийг урт хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэхэд тус дөхөм болох болов уу гэсэн үүднээс хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг эхлүүлээд байна.
 
-Оюутолгойн алтыг урьдчилж борлуулан санхүүжилтээ шийдвэрлэх хөрөнгө оруулагчийн саналын талаар ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Оюутолгойн нийт нөөцийн 80 хувийг далд уурхайгаас олборлоно. Одоо байгаа үзүүлэлтээр Оюутолгой компани ил уурхайгаасаа Монгол Улсын экспортод гаргадаг зэсийн тал хувийг олборлож байна. Борлуулалтын орлого нь 1.1 тэрбум ам.доллар орчим байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа нь өргөжөөд, далд уурхай ашиглалтад ороод ирэхээр олборлолт эрс нэмэгдэнэ. Далд уурхай ашиглалтад орсноор олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээр байрт орох хэмжээний том уурхай болно гэсэн зарим нэг тооцоолол бий. Мэдээж энэ хэмжээний том уурхай ажиллах нь Монгол Улсад хэрэгтэй. Тийм учрас бид энэ төслийг дэмжиж байгаа.
Нөгөө талаасаа эдийн засгийн үр өгөөж нь буурч байгаа нь яах аргагүй бидний санаа зовох асуудал. Баялгаа ашиглуулчихаад өртэй үлдэнэ гэдэг санхүүгийн тооцоо хараад энэ хэлбэрээр нь урагшлуулахад хэцүү. Тиймээс энэ төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг сайжруулах ажил хийнэ. Үүнийг ч хөрөнгө оруулагч тал дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байгаа. Дээр дурдсан хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах болон бусад асуудлуудыг хоёр талаасаа ярилцаад харилцан ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг