sonin.mn
Оросын хэдэн оюутан анх санаачилан Аргентин, Бразил, Испани, Британи, Франц, Америк, Нидэрланд, Словак, Украйн, Турк, Сэрби зэрэг олон үндэстний хүмүүс сэтгэл санаа нэгдэн Lostisland Federeal Republic буюу Алдагдсан Холбооны Улс гэгчийг байгуулж тоглодог юм байна л даа. 2008 онд энэ тоглоом эхэлж, 2011 онд Улс гэгчээ зарлан тунхаглаж. Улмаар “цаасан” дээр байдаг Павловын Вант улс гэгчтэй нэгдэж Холбооны Бүгд Найрамдах Улс болсон юм байхаа. Бас зүгээр ч шууд нэгдчихээгүй, Павловынхон дотороо үймээн самуун болж Ерөнхий сайд нь огцорч гэнэ.
 
Нэгдсэн улс нь сүлд, далбаатай. Ерөнхийлөгчтөй, Ерөнхий Сайдтай. 312 ширхэг хүн амтай гэж байгаа. Тэд нь уран бүтээлчид, хуульч өмгөөлөгч, ИТ мэргэжилтнүүд, сэтгүүлчид, тэгээд есөн жорийн хүмүүс байдаг гэнэ.
 
Номхон далайн өмнөд хэсэгт эзэн харьяалалгүй Хантэр хэмээх 43 км2 талбайтай жижиг арал дээр улсаа байгуулах хүсэлтэй юм байх. 2012 онд Шинэ Зеландын далайчин Мартин Легоф дээрхи арал дээр улсынхаа далбааг мандуулсан гэх тул Тээвэрийн яамны сайд болж! 2015 оны Шинэ жил угтах ёслолын үеэр Ярослав Мар гэгч шинэ улс гэгчийнхээ Үндсэн хуулийг тунхаглаж, улс төрийн намуудын амыг барьсан бөгөөд өөрийгөө насан туршийн Ерөнхийлөгчөөр өргөмжилсөнөө 312 ширхэг ард түмэндээ баяртайгаар мэдэгдсэн гэнэ! Засгийн Газар нь Гадаад, Аюулгүй байдал, Эрүүлийг хамгаалах, Үндэсний хөгжил, Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн яамдтай. Ерөнхий Прокурортой, цэрэг, цагдаатай тэр ч байтугай тагнуулын газартай гэнэ шүү, базарваань!
Нэг ийм наргиантай мэдээлэл интернэтэд явж байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ улс гэгчийн нэрээр хэсэг зальтан хуурамч шуудангийн марк хэвлэн дэлхийгээр нэг цацаж ихээхэн хэмжээний мөнгө олж бас бохир мөнгө угааж байдаг бололтой! Түүн дотор манай Чингэс хааны маань дүр бүхий марк явж байх юм! Хуурамч марк гэж юу вэ гэхээр, Дэлхийн Шуудан Холбооны байгууллага (Universal Postal Union)-д албан ёсны бүртгэлгүй маркийг хэлээд байгаа юм! Энд бүртгэгдсэн маркийг дэлхийн маркийн нэртэй том каталогуудад зохих ёсны тоо дугаартайгаар бүртгэн баталгаажуулж байдаг. 1980-аад оны сүүлээс ийм бүртгэлгүй хуурамч марк гарч эхлээд ДШХБ хяналт тавих гэж оролдсон байх, сүүлдээ замбараагаа алдсан.
 
Зураач Т.Отгонбаяр