sonin.mn
Нийслэлийн "Өргөө" амаржих газар буюу 1-р төрхөд 2021 оны 1-р сарын 14-ны өдөр амаржсан эмэгтэй короновирусийн халдвар авсан нь тодорхой болж, эмнэлгийн эмч, ажилчид, амаржсан эхчүүдийг эмнэлэгт 14 хоног тусгаарлаж, мөнөөх эмэгтэйг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ хүнлэг бус харьцсан нь сошиал орчинд шүүмжлэлд өртөж байна. Энэ нь Улсын Онцгой Комисс  цар тахлын үеэр үүсэх олон төрлийн хувилбаруудад ямар ч зохион байгуулалт, бэлтгэлгүй байсны бас нэг жишээ боллоо.
Гэтэл Монгол Улсын Шадар Сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар энэ тухай: "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний  ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. 
 
Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
 
Хичнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн  байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна." гэжээ. Өөрөөр хэлбэл зохион байгуулалт муу байгаагийн хариуцлагыг УОК-ийн дарга Я.Содбаатар, Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхан нар биш тэдний хийсэн бэлтгэл, зохион байгуулалтын дагуу ажиллаж буй эмч, ажилтнууд үүрэх аж.
 
С.Сарнай