sonin.mn

Аливаа чухал шийдвэр гаргахын тулд ядаж хааяа ч гэсэн ард түмнээсээ асууж байх нь нөгөө ардчилал энэ тэрийнх нь нэр хүндэд нэмэр болно уу гэхээс нэрмээс болохгүй нь мэдээж. Манай улсын хувьд тэртээ 1990 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан ч ард түмнээсээ асууж, тэднийхээ үгийг сонсох замаар шийдвэр гаргаж байсан уламжлал байхгүй гэхэд болно.

 

Төр иргэнээ бууддаг байж таарахгүй. Цаазаар авах ялыг халах нь зөв гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзсэн. Улмаар “Намайг төрийн дээд эрх мэдлийг атгаж байгаа цагт нэг ч ялтанг цаазаар хороохгүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ өөрийнх нь итгэл үнэмшил ард түмний нийтлэг үзэл санаатай нийцэх, эсэхийг бодолцоогүй гэхэд болно. Өөрөөр хэлбэл, сонгогч олон түмний байр суурийг харгалзан үзэх замаар энэхүү эмзэг шийдвэрээ гаргах нь зөв гэдэг хандлагаас эрхэм төрийн тэргүүн холуур байлаа.

 

Хэрэв санал асуулга явуулсан бол ямар үр дүн гарах байсныг хэн ч шууд хэлэх боломжгүй. Юутай ч Ерөнхийлөгч маань ард түмний сэтгэл санаа үүнд бэлэн биш гэж үзэж, асуудалд өөрийн сонирхлоор хандсан юм.


-Би Ерөнхийлөгчтэй олон зүйл дээр санал нэгддэг. Гэхдээ цаазаар авах ялыг халах нь зөв үү гэдэг дээр миний хувьд цаг нь болоогүй гэж үзэж байгаа. Хүн алахын өвчин туссан биш. Хорооё гэсэн бодол ч алга. Гэхдээ манай улсын өнөөгийн нөхцөл байдал, ядуурлаас улбаалаад гэмт хэрэг өсч байна. Гэмт хэрэг дотроо урьд хожид сонстож байгаагүй онц хэрцгий үйлдлүүд их гарч байна. Ийм үед цаазаар авах ялыг цуцлах цаг нь мөн үү, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө гэдгийг хэлж байгаа юм. Тодорхой цаг хугацааны дараа олон улсын Пактад нэгдэх эсэх нь нээлттэй. /УИХ-ын гишүүн асан З.Алтай. 2010 он/


-Энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Бид дэндүү цөөхүүлээ. Суурь хүмүүжил, оюун ухаанд нь хөрөнгө оруулалт хийх цаг болсон. Эрүүгийн хуулиа эргэж харах хэрэгтэй. Шоронд ял эдэлж байгаа хүн “дахин хулгай хийхгүй юм шүү” гэж бодохын оронд яаж улам болгоомжтой хулгайлах вэ гэсэн сэдэл төрүүлсэн хууль шүү дээ. Ухаарал өгөх л хууль шаардлагатай. /УИХ-ын гишүүн С.Ганбаатар/


-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охиныг хүчиндэн амь насыг бүрэлгэн жижиглэн цүнхэнд хийсэн. Өчигдөр Баянзүрх дүүрэгт дөрвөн настай охиньг хүчинджээ. Ийм хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг ард түмний нүдэн дээр цаазалмаар санагдах юм. /иргэн А. Ганбат/


-Хэтэрхий сэтгэл хөдлөл дээр тулгуурлаад дүгнэлт хийгээд байвал хүн бүрийн сэтгэлзүйн онцлогоос шалтгаалаад сонин шийдэлд хүрэх байх. Өнөөдөр дэлхий олон орнууд цаазаар авах ялаас түдгэлзсэн байгаа. Энэ нь магадгүй хүний эрхэнд хандах хандлагийн түвшингээсээ шалтгаалдаг болов уу? Ерөөс маргаантай байдаг аборт эвтанази цаазын ял гэх мэт асуудлууд ёс зүйн олон хэмжээстэй учир үргэлж маргааны сэдэв байсаар байдаг. Миний хувьд цаазын ялаас татгалзах нь зөв гэж боддог. Гэхдээ манайд байхгүй болгосон. Дахин бий болгох асуудал ярих шаардлагагүй болов уу. Учир нь Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд түдгэлзүүлсэн байгаа. /иргэн С. Ундрахбат/


-Байх ёстой зүйлийн талаарх эрүүл үзэл бодол болон хохирогчийн сэтгэлзүй, аффектыг хооронд нь харьцуулж огт болохгүй. Тиймээс "Чамд ийм юм тохиолдсон бол чи өршөөх үү?” гэж ярих нь утгагүй. Миний хувьд өс хонзон авах, гомдол бухимдал тайлах арга гэдэг утгаар нь бус байх ёстой эрүүгийн ялын төрөл болохынх нь хувьд дэмждэг. Үүний гаргалгааг эрх зүйн философи, эрх зүйн социологи, криминалоги талаас хийхээс бус тухайн тохиолдол, фактад хувь хүний жигшил хорслын мэдрэмжээр бий болсон "Ийм юмнуудыг алаад хаячих юмсан" гэдэг үнэлэмжээр цаазаар авах ял байх хэрэгтэй, хэрэггүйг дүгнэж болохгүй. / иргэн Т.Батжаргал/


-Улсын хэмжээнд 2012 оны эхний 8 сарын байдлаар 14515 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1569 хэргээр буюу 12.1 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (974), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (310), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (162), байгаль хамгаалах журмын эсрэг (128) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. /Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны албан ёсны статистик мэдээ/


Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимыг мэддэггүй хүн ховор. Долоо хоног бүр иргэдийнхээ үгийг сонсч, санал хүсэлтийг нь авдаг гэдэг утгаараа яах аргагүй дэвшингүй ардчилсан орчин тэнд бүрдээд байна. Шүүх, эрхзүйн шинэтгэлийн хүрээнд маш олон эгэл жирийн хүний сэтгэгдлийг авсан гэдэг. Хамгийн гол нь дугаар хорооны иргэний үнэхээр чухал санаа шүүхийн шинэтгэлийн багц хуульд хэр зэрэг тусч чадсанаас Иргэний танхимын ач холбогдол хамаарах биз ээ.

 

Өөрөөр хэлбэл, хэлбэрээс илүү агуулга талаасаа үр нөлөө нь тодорхой харагдаж байвал иргэний дуу хоолой төр засгийн бодлогод тусч байна гэсэн үг. 2013 оны нэгдүгээр сарын 18-нд Блю скай цамхагт Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хуулийн төслийг иргэний танхимаар хэлэлцүүллээ. Хууль санаачлагчид байр сууриа хамгаалж, харин уул уурхайн салбарын хувийн хэвшлийнхэн багагүй шүүмжлэлттэй хандсан юм байх.  Эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдэхээсээ илүү салбарынхны үгийг сонссон нь олз. Цаашилбал хуулийнхаа төсөлд тусгавал бүр гоё.
 


Сонгуулийн хууль ард түмний үзэл бодлоос холуур өнгөрөв

2000 оны сонгуулиас хойш УИХ-ын сонгуулийг ямар хувилбараар явуулах вэ гэдэг дээр MAH, АН хоёр удаан маргалдаж билээ. АН-ын хувьд пропорциональ буюу хувь тэнцүүлэх хувилбар дээр олон жил тууштай зогссон. 2000 оны сонгуулиар ардчилсан хүчин сонгогчдын 50 хувийн дэмжлэг авсаар байхад парламентад ганцхан төлөөлөлтэй болсон нь мажоритар тогтолцооны гажиг хэмээн уйгагүй гомдоллосон.

 

Өөрөөр хэлбэл, сонгууль пропорционалиар явагдсан бол ардчилагчид арай ч ингэж доошоо орохгүй байсан юм гэдэг төсөөлөл тэр үед л итгэл үнэмшил болтлоо ухаан бодолд нь нэвчсэн гэсэн үг. Гэвч тухайн үед УИХ-д үнэмлэхүй олонхийн төлөөлөлтэй байсан МАХН (МАН) сонгуулийн хуулийг өөрчлөх нь бүү хэл өчүүхэн төдий ч салхи оруулаагүй юм. 2004 оны сонгууль хуучин хувилбараар явагдсан. Үр дүн нь харин МАН-д тийм ч ашигтай гараагүй.

 


2004-2008 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлийн хоёр жилд нь АН сөрөг хүчний байр суурьнаас оролцсон болохоор 2008 оны сонгуульд хуульд төдийлөн нөлөөлж чадаагүй. Эрх баригч МАН энэ удаагийн сонгуулийг томсгосон мажоритар хувилба- раар явуулахаар шийдсэн юм. 2008-2012 оны УИХ сонгуулийн хууль дээр бас л их маргасан. МАН 52:24 гэдэг хувилбар дээр хатуу зогсож, үүнийгээ хүчиндэх маягтайгаар тулгасан.

 

Ардчилсан Нам 26:50 гэсэн пропорциональ давамгайлсан холимог хувилбарыг хүчтэй зүтгүүлж эрх баригчдыг тэр хэрээр барьц алдуулах шахаж байлаа. ИЗНН-ын хувьд АН-ыг ерөнхийд нь дэмжсэн. Тэдний “Бүр аргаа ядахад 38:38 гэсэн хувилбар дээр тогтох ёстой” гэсэн шаардлага нь тийм ч сул байгаагүй. Уг асуудлыг хэлэлцэх болоход АН-ын бүлэг өөрийн байр сууриа хатуу хамгаалж, улмаар УИХ-ын үйл ажиллагаа үе үе гацаж байлаа.

 

МАН аргаа бараад “Ард түмэн шийдэг. Санал асуулга явуулая” гэж уриалав. АН эхэндээ хүлээн авч байгаагаа илэрхийлсэн ч төдий л удалгүй хэлсэн үгнээсээ ухарсан юм даг. Эцсийн дүнд МАН буулт хийснээр, хоёр нам тохиролцоонд хүрч 48:28 гэсэн холимог хувилбараар сонгууль явагдав. “Ард түмнээс асууя” гэсэн прагматик санаа намуудын эрх ашгийг давж чадалгүй бүдгэрэв.

 

“Сонгуулийн тогтолцоо янз бүр. Аль аль талд нь давуу болон дутагдалтай талууд байдаг. Ер нь бид 1992 оноос хойш мажоритар гэж нэрлээд байгаа олонхи, дийлэнхийн системээр сонгууль явуулж ирсэн. Нийт таван удаагийн сонгуулийг ийм системээр явууллаа. 2008 онд “Олон мандат-нэг тойрог” гэдэг системээр явуулсан. Энэ тогтолцооны дутагдалтай талыг таван удаагийн сонгуулиар олоод харчихлаа шүү дээ.

 

Тухайлбал, жижиг тойрог нь мөнгө төгрөг тараах боломжтой ч гэдэг юм уу, эсвэл УИХ-ын гишүүд хэтэрхий жижиг тойргоос сонгогдсон учраас улсын хэмжээний нэгдсэн бодлого ярихад хүндрэлтэй  орон нутгийн жижиг асуудлыг хэлэлцдэг ч гэдэг юм уу, янз бүрийн шүүмжлэл гараад байгаа. Цаашдаа энэ системийг өөрчлөх нь зүйтэй юм болов уу, улс орны хувьд нэгдсэн бодлого шаардлагатай гэдэг үүднээс пропорциональ системийг сонгох нь зүйтэй гэсэн саналтай байх шиг байна.

 

Гэхдээ намын бүлгүүдийн саналаар шийдэгдэнэ шүү дээ”. Тухайн үед УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн Сү.Батболд ийм байр суурь илэрхийлж байлаа. Энэ бол ганц түүний биш, МАН-д ийм бодолтой гишүүн цөөнгүй байсан нь удирдлагадаа нөлөөлсөн хэрэг. Юутай ч өнгөрөгч сонгууль анх удаа мажоритар давамгайлсан холимог хувилбараар явагдаж өндөрлөсөн.

 

Гэвч шинэ УИХ бүрдээд дөнгөж хагас жилийн нүүр үзэж байхад улстөрийн хүрээнийхний болоод олон нийтийн дунд 2012 оны сонгуулийн системийг шүүмжилсэн уур амьсгал ил далд дэгдээд эхлэв. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн гажиг байгаад, түүний үр дагавар нь харагдаж эхэлсэн гэсэн үг юмуу даа. “Сонгуулийн хуулийг боловсруулахдаа ард түмнийхээ саналыг авсан бол яах байсан бол” гэж боддог шийдвэр гаргагчид одоо байдаг болов уу?



Саяхан буруу талдаа жолооны хүрдтэй машиныг замын хөдөлгөөнд хязгаарлалтай оруулах нь зөв, эсэх талаар нийслэлчүүдээсээ санал авав. Дийлэнх нь буюу 75 орчим хувь нь буруу гэсэн хариу өгчээ. Хотынхны бараг 80-90 хувь нь Японоос оруулж ирсэн “солгой гартай" тэрэг хөлөглөж байна гэсэн үг. Нэгэнт цаг зав, тодорхой хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж байж ийм судалгаа хийсэн болохоор иргэдийн саналын дүнг хүндэтгэж үзэх байх.

 

Дээр нь Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр Ерөнхийлөгч солгой машиныг өмөөрч хотын даргыг "толгой түрүүгүй" загнасан нь "сайхан санаа" сэдэгчдэд нэгийг бодогдуулсан нь мэдээж. Ямартаа ч олон түмнийхээ үгийг сонсч, тэдний байр суурийг тушаал шийдвэртээ тусгах чиглэлээр жишиг болох алхам хийлээ гэж үзэж болох талтай. “Олны санаа оломгүй далай” гэдэг мэргэн үг ухаант ардын дундаас л гарсан билээ.


Д.Лхагвадорж

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"