sonin.mn

Монголчууд жил бүрийн цагаан сарын ард дээр хурдан морины өвлийн уралдаалга хийж заншсан улс. Уяа сойлго нь бүрдсэн шандаст хурдан хүлгийнхээ ид хавыг үзэж, ур ухаанаа уралдуулсан уяач Монгол эрсийн хийморь сэргэдэг Монгол морьдын уралдаан гэдэг үнэхээр бахтай сайхан. Морьд эргэлээ гэх сургаар үзэгч олон түмэн ам булаалдан нутаг усныхаа хурдыг гайхан шагшиж, уяач бүхэн хусуураа шүүрэн алдаж, амьсгаа даран дурандаж хүлээзнэнэ.

 

Эхний хэдэн морьд цойлох торгон агшин унасан хүүхэд, уясан эзэн, үзэгч түмний бахархал хайр, халуун найдварыг төрүүлэн барааны газраас тасран сугарах нь гайхамшиг. Гэвч морьд ирэх агшинд мориноосоо унасан унаач хүүхэд, түүнийг үзсэн уяач хийгээд хүүхдийн эцэг эхийн сэтгэл ямархан гунддагийг бид юу эс андах вэ.

 

Өнөө жил мөн заншил ёсоороо Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 7-ны билэгт сайн өдөр аймаг сумдын өвлийн морин уралдаанууд болж өнгөрлөө. Монголчууд бид цагаан сарын гэлтгүй өвлийн уралдаалгууд нэлээдгүй зохиодог нь үндэсний хэмжээний өвөрмөц заншил ч гэлээ чамгүй асуудал дагуулдагийн нэг нь унаач хүүхдийн аюулгүй байдал болоод эрүүл мэнд юм.

 

Уралдааны үеэр гараанаас гарах үед болон давхил дунд унаж бэртэх хүүхдүүд олон гардаг. Өндөрхаан хотноо болсон шинийн долооны дээд гурван насны морины уралдаалгад азарганы уралдаанд 22 хүүхэд унаж нэг хүүхэд нурууны, нэг хүүхэд хөлийн шилбэ хугарсан, их насны уралдаанд 11 хүүхэд унаж нэг хүүхэд нүдний зөөлөн эдийн гэмтэлтэй, соёолон дээр гурван хүүхэд унаж нэг хүүхэд өвдөгний гэмтэл тус тус авчээ.

 

Морьд эргэхэд гарааны төхөөрөмжийг амжиж сөхөөгүйн улмаас хүүхдүүд унсан бөгөөд уралдаалгын үеэр энэ нь томоохон шуугиан дэгдээгээд авсан юм. Эх сурвалжуудын мэдээллэснээр нийтдээ 36 хүүхэд мориноосоо унаж, дөрвөн хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж нэг хоног үзлэг шинжилгээ хийлгээд эмнэлгээс гарсан байна.

 

Одоогийн байдлаар бэртэж гэмтсэн хүүхдүүдийн биед хүндрэл гараагүй байгаа хэдий ч үзэгч олон түмний хувьд сэтгэл гонсгор байгаа төдийгүй морин уралдаалгыг муу зохион байгуулсан, эмх цэгц муутай, унаач хүүхдийн аюулгүй байдалд халгаатай тун чанаргүй боллоо гэж үзэж байгаа юм. Морио уралдуулна гэж ардын хүүхдүүдийг бэртээж гэмтээх эрх ер нь энэ уяачдад байна уу?

 

Унасан эдгээр хүүхдүүдийн ихэнх нь даатгалгүй байсан бөгөөд бүр болоогүй хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй ядаж тэдэнд хамгаалалтын малгай өмсгөөгүй байсан аж. Мөн энэ үеэр Галшар сумын Буянт баг дээр болсон морины уралдаалгаас хүнд гэмтэл авсан нэг унаач хүүхэд Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж биеийн байдал сайнгүй байна.

 

Эл морин уралдаанаас аймгийн уяачдын холбоонд ямар нэгэн мэдээлэл ирээгүй, унаж бэртсэн хүүхдэд тус сумын морины комиссоос ямар ч дэмжлэг туслалцаа бүү хэл хэл чимээ ч дуулдаагүй байгаа нь сонирхол татах ажээ. Хурдан мориноосоо дорд үздэг эдгээр хүүхдүүдийг ядаж уяач эзэд нь даатгуулах хэрэгтэй байгааг энэ уралдаан тод харууллаа.

 

Морь унасан хүүхэд нь эмнэлэгт оччихоод байхад уяач нь ирэхгүй, олдохгүй байсан ч тохиолдол гарч байсан нь зарим уяачдын занг таниулсан хэрэг байв. Үүний мөрөөр хариуцлагыг хаанаас эрэх тухай томоохон асуудал гарч ирж байгаа юм. Ингээд бид эл асуудлын эргэн тойронд буй эрхмүүдээс нөхцөл байдлыг тодрууллаа.

 


Хэнтий а ймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Д.Мөнхбат: Хүүхэд тахир дутуу болох эрсдэл өндөр байдаг


-Шинийн долооны морины уралдаанаас олон хүүхэд бэртэж, Нэгдсэн эмнэлэгт ирж хэвтсэн гэсэн. Хичнээн хүүхэд ирсэн, биеийн байдал нь ямар байна, яг ямар бэртэлтэй байгаа юм бол?

Манай эмнэлэгт аймгийн төвд болсон цагаан сарын морины уралдаанаас бэртэж гэмтсэн дөрвөн хүүхэд ирсэн. Холбогдох шинжилгээнүүд нь хийгдээд гарсан. Ихэвчлэн гавал тархины битүү гэмтэлтэй, тархины доргилт гэсэн оноштойгоор ирж хэвтэж шинжилгээ хийлгээд тархины доргилтын хөнгөн хэлбэр гэсэн оноштой зөвлөгөө аваад нэг хоног эмчлэгдээд гарсан.

 

Гавал тархины битүү гэмтэл, тархины даралтын хөнгөн хэлбэрийн хувьд гэрээр эмчилгээ заалгаад эмчлэгдэх боломжтой. Хүсвэл өөрсдөө цаашдаа комьпютер томограф хийлгэж болно гээд нэг хүүхдийг нь явуулсан байгаа. Нэг хүүхэд нь нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй юм билээ. Рентген зурган дээр бол нурууны ясны хугарал байхгүй. Хүсвэл мөн өөрсдөө Улаанбаатар хот руу яваад нурууны комьпютер томограф хийлгээрэй гэсэн зөвлөгөө өгөөд гаргасан.

 

Галшар сумын Буянт багаас нэг хүүхэд ирсэн, биеийн байдал нь хүндэвтэр байна. Гавал тархины битүү гэмтэлтэй, тархины эдийн доргилтын хүндэвтэр зэрэг, хүзүүний нугалмын сэртэнгийн хугарал байж магадгүй гэсэн оноштой байна. Холбогдох шинжилгээнүүд хийгдэж байна. Өнөөдөр хүзүүний зураг авагдсан хариу нь хараахан гараагүй. Эмчилгээнүүд хийгдээд хүүхдийн биеийн байдал харьцангуй тогтвортой л байна



-Мориноос унаж бэртсэн хүүхдийн эрүүл мэндэд цаашдаа ер нь ямар хүндрэл гардаг вэ?

Морины уралдааны үеэр болон мориноос унаж бэртэж гэмтсэн хүүхдийн эрүүл мэндийн хувьд тухайн үед нь түргэн эмчилбэл эрүүл мэндэд нь хор уршиг багатай. Хугарал бэртэлтэй байх юм бол мөчдийн хэлбэр дүрс алдагдах, хүүхэд гэдэг өсч яваа балчир учраас ясны өсөлтийн хувьд хүндрэл бэрхшээл гарч хуурамч үе үүсэх, гажиг тогтох гээд нэлээдгүй зовлон тохиолддог. Үүнээс болоод хүүхэд тахир дутуу болох эрсдэл өвдөр байдаг.



-Хэнтий аймагт зохиогддог морин уралдаануудын үеэр мориноос унаж бэртэл гэмтэл авсан, эмнэлгээр үйлчлүүлж буй хүүхэд олон байдаг уу?

Морин уралдааны үеэр амбулториор болон манай хүлээн авах тасгаар ийм төрлийн бэртэл гэмтэл авсан хүүхдүүд олон ирдэг. Өвчитнүүдийг үзээд зохих шаардлагатайг нь хэвтүүлж эмчилдэг. Нодлин нэг хүүхэд нэлээд хүнд хэлбэрийн ясны ил хугаралтай буюу шууны ясны ил хугаралтай ирж хэвтсэн. Бид шархыг нь цэгцэлж өгөөд Улаанбаатар хотруу нарийн мэргэжлийн эмчилгээний гурав дахь шатанд явуулж байсан. Тэндээ эмчлүүлээд гайгүй болсон юм байлгүй. Эргэж бидэнд хандсан юм одоогоор алга байна. Бусад төрлийн бэртлийг нь орон нутагтаа эмчилдэг.



“Сэцэн ханы хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүн Т.Батжаргал: ОБГ-ынхан алдаа гаргасан ч гэхэд хэцүү, хэн дүгнэх вэ дээ, тэрийг

 

Аймгийн уяачдын холбооны тэргүүнтэй бид өнгөрөгч 19-ний өдөр утсаар холбогдож дээрх асуудлаар тодрууллаа. Тэрбээр шинэ ажил аваад 10 гаруй хонож байгаа юм байна.

-Шинийн долооны морины уралдаанд хүмүүс нэлээд гомдолтой байна. Олон хүүхэд унаж гэмтсэн. Зохион байгуулалт муу боллоо гэхчилэн асуудал чамгүй гарлаа. Яг юу болсон талаар мэдээлэл өгөөч?

Гараан дээрээс 12-13 хүүхэд мориноос унасан. Хоёр хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн. Өчигдрийн байдлаар хоёулаа эмнэлэгээс гарсан. Ийм байдалтай байна.



-Яг юунаас болж хүүхдүүд унасан гэж үзэж байна вэ?

Манай Онцгой байдлын газрынхан гарааныхаа төхөөрөмжийг байрлуулдаг шүү дээ. Тэгээд үүнийг нь алдаа гаргасан ч гэхэд хэцүү, хэн дүгнэх вэ тэрийг. Бидний хувьд Онцгой байдлын газрынхан сайн ажилласангүй л гэж бодож байгаа. Онцгой байдлын газар бол гарцаа байхгүй өөрсдөө дайраад гараад явсан гэсэн л тайлбартай байна.



-Гарааны төхөөрөмж шинэ төхөөрөмж байсан. Энэ уралдаанаар туршиж байсан гэх яриа мэр сэр байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

Түүнийг би ёстой мэдэхгүй. ОБГ өөрсдөө гарааны төхөөрөмжийг ажиллуулдаг, найдвартай сайн, олон жил болсон төхөөрөмж гэсэн.



-Унаж бэртсэн хүүхдүүдийн хохиролыг хэн хариуцах вэ?

Хүүхдүүд даатгалтай байдаг. Хүүхдийн төлөө газар байна.



- Аймгийн уяачдын холбооноос унаач хүүхдүүдийнхээ тал дээр хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байна вэ?

Бүх л тал дээр нь анхаарч ажиллаж байна даа. 7 наснаас дээш хүүхдээр унуулсан байх ёстой. Аюулгүй байдал талаасаа анхаарч, даатгуулсан байх ёстой, шаардлага хангасан байх ёстой гээд аль болох улам сайн анхаарч ажиллахыг хичээж байна даа.



-Галшараас мөн морин уралдааны үеэр бэртсэн нэг хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Биеийн байдал нь хүндхэн байгаа. Хөдөө сумдад энэхүү уралдаалга нэлээд олноороо зохион байгуулагдсан. Ер нь өвлийн цагаар хүүхдүүдийг даарч хөргөөд ийм уралдаалга зохион байгуулах нь хэр нийцтэй зүйл юм бол?

Миний хувьд олныхоо байр суурийг хадгалж явдаг. Би ганцаараа уралдуулахгүй гээд байвал хэр нийцтэй байх вэ.



-Тэгвэл энэ тал дээр та хувь хүнийхээ хувьд ямар үзэл бодолтой байдаг вэ?

Манай Монголчууд цагаан сараар уламжлал болгож уралддаг болохоор үүнийгээ дэмжих нь зөв. Гэхдээ хамгийн гол нь аюулгүй байдал талаа хангах хэрэгтэй.Галшарт сайн малчин уралдаан хийсэн гэсэн. Тэр талаар манай уяачдын холбоонд мэдээлэл өгөөгүй. Би ч ажлаа аваад үндсэндээ арваад хонож байна. Нэг их мэдээлэлгүй байгаа.

 

Одоо тун удахгүй уяачдын зөвлөгөөн байгуулаад бүгдийг нь цуглуулж байгаад Хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад ажиллая гээд тохирчихсон байна. Аль болох энэ уяач хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, уяачдын ёс зүй талаас нь анхаарах зүйлс чамгүй бий.

 

Намрын дунд сараас хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хүртэл өвлийн уралдаалга зохиохгүй байх талаар арга хэмжээ авна. Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээсээ хойш тэртэй тэргүй даяараа уралддагаас хойш бололгүй яахав



-Саяын морины уралдаалгын үеэр зохион байгуулах комиссоос маш олон авто машинд морь дагах зөвшөөрөл худалдсан. Их олон авто машин дагасан болохоор хүндрэлтэй байсан гэх хүмүүс олон бий. Хичнээн автомашин морь дагасан бэ?

Эхлээд азарганы ураддаан дээр 22 автомашинд зөвшөөрөл өгсөн. Цагдаагийн алба хаагчдын хамгаалалтын авто машин дагасан. Замаас орж байгааг нь яаж ч чадаагүй. Ингээд бараг 30, 40 авто машин болчихсон.

 

Их насан дээр 13-хан машинд зөвшөөрөл өгсөн. Соёолон дээр ямар ч авто машинд зөвшөөрөл өгөөгүй. Гэтэл дахиад л замаас нь олон автомашин орчихсон. Ер нь бол бид хорь, хорин зөвшөөрөл өгч бай шагналынхаа санг дэмжье гэсэн зорилготой нэг автомашины зөвшөөрлийг 100 мянган төгрөгөөр үнэлсэн.



-Саяхан уяачдын холбоо шинэчлэн байгуулагдсан. Холбоо хичнээн гишүүд, хичнээн тэргүүлэгчидтэй байна вэ?

-Хэнтий аймгийн бүх уяачид гишүүн болж явж байна. 15 тэргүүлэгчтэй байна.



Хэнтий аймгийн ОБГ-ын дарга, "Сэцэн ханы хүлэг" уяачдын холбооны тэргүүлэгч Д.Батжаргал: Аль алиндаа л буруу байгаа байх
 

-Шинийн долооны морины уралдаанд хүмүүс нэлээд гомдолтой байна. Олон хүүхэд унаж гэмтсэн зохион байгуулалт муу боллоо гэхчилэн асуудал чамгүй гарлаа. Яг юу болсон талаар мэдээлэл өгөөч?
 

Гараа руугаа хүүхдүүд уралдаж очоод төхөөрөмжөө дээш татуулалгүй түрээд орцгоочихсон. Түүнээс болж хүүхдүүд ойчсон асуудал гарсан. Түүнээс буруу зохион байгуулаад ч юм уу аль эсвэл өөр нэгэн шалтгааны юм болоогүй л дээ. Хүүхдүүд унасан нь харамсалтай асуудал болсон. Мэдээж 200 гаруй хурдан адуу давхиад ирэхээр тэнд ажиллаж байгаа хүмүүс маань яаж дийлэх вэ. Зогсоож арын төхөөрөмжийн цаана тогтоох гэж байтал ар араасаа давхиад л шахаад ороод ирсэн.



-Төхөөрөмжний буруу гэсэн үг ч сонсогдож байсан. Яг хэнийх нь буруу юм бэ?

Бид манайх буруугүй гээд байх юм бол байхгүй ээ. Манайд ч буруу байгаа. Аль алиндаа л буруу байгаа байх. Цаанаас морь тавьж өгсөн тэр олон хүмүүсийн яаруу давчуугийнх ч байгаа л байх.



-Өмнө нь та олон удаа зохион байгуулалцаж явсан. Иймэрхүү осол гэмтэл хэр гарч байсан бэ?

Нодлин зун наадмаар хязаалан дээр төхөөрөмж нурсан юм.



-Гарааны төхөөрөмж шинэ төхөөрөмж байсан. Энэ уралдаанаар туршиж байсан гэх яриа мэр сэр байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

Тийм яриа гарсан байна лээ. Хуучин манай ашиглаж байсан л төхөөрөмж л дөө. Гэхдээ шинэ төхөөрөмж хийнэ гэж ярьж байгаа. Энэ яриаг л эндүүрч ойлгосон болов уу.


Унаач хүүхдийн ээж Г.Оюунцэцэг: Галшар сумын морины комисс нь огт тоогоогүй, ирээгүй

-Таны хүүхдийн биеийн байдал ямар байна. Хүүг тань хэн гэдэг вэ, хэдэн настай вэ?

Хүүг маань О.Наранцацрал гэдэг. 13 настай. Одоогийн байдлаар бие нь тааруухан, хүндхэн л байна. Оношлогдоод эмчлэгдэж байгаа. Уураг тархины гэмтэлтэй гэсэн. Манай хүүхэд Галшар суманд болсон шинийн 7-ны уралдаанаар мориноос ойчиж бэртсэн.



-Хүүхэд тань уналаа, бэртлээ гэхээр уяачынх нь зүгээс мөн уяачдын холбоо, морины комисс нарын зүгээс эргэж тойрч харж хандаж байиа уу?

Одоогоор уяачын маань талаас хүмүүс ирээд биеийг нь асуугаад эргэж тойроод л явж байна. Морины комиссынх нь зүгээс ирээд байгаа хүн амьтан одоогоор алга даа.



-Унах үед нь хэн хариуцаж дэргэд нь байсан юм бол, морины комисс нь байгаагүй юм уу?

Тухайн үед нь би байгаагүй.  Аав нь байсан.  Гуравдугаар багийн эмч нь ирээд хөдөлгөөнгүй боож анхны тусламж үзүүлээд аваад явсан байсан. Хүүхэд маань, шууд ухаан алдсан юм билээ. Тэр морины комисс энэ тэр нь огт тоогоогүй юм шиг байна лээ. Одоогоор төдийд өдийд гарна, тийм ийм гэсэн баттай онош нь гараагүй л байна.



"Уралдаж хурдлаад байна уу, уралдаж унаад байна уу л гэж бодсон. Хүүхдүүд унасан нь төхөөрөмжний буруу гээд байгаа юм даа. Автомашин осолдлоо гэхэд жолооч нь биш, автомашин нь буруутай болж таарах нь ээ дээ" гэх шум тасраагүй шинийн 7,8-ны өдрүүд манайхны өргөн дэлгэр цагаан сарын баярын өндөрлөл болжээ.

 

Уралдааны үеэр морины комиссын зүгээс морь дагах автомашинүудад нийтдээ 60 зөвшөөрлийн бичгийг 100 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөсөн боловч морь дагасан иргэдийн эмх цэгцгүй байдлаас шалтгаалан 33 автомашинд зөвшөөрөл өгсөн. Уралдааны замын дундаас олон автомашин зөвшөөрөлгүй орж ирсэн гэх аж.

 

Монголчууд бид жилийн жилд наадам наргиан, уралдаан, сунгаанаас болж эх орныхоо ирээдүй хойч болсон хичнээн олон бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, ирээдүйгээр тоглож, шоглож суугааг одоогоор эргэж харж, бодитой авч хэлэлцсэн ухаантан нь хэдсэн билээ.

 

Ямартай ч аюул дагуулсаар буй морин уралдааны зохион байгуулалт, унаач бяцхан үрсийн аюулгүй байдлыг цаашид хэрхэн хангах , хариуцлагыг хаана, хэзээ, хэнээс нэхэх зэргийг холбогдох эрхмүүд,  Хэнтий аймгийн удирдлагууд ч тунгаах цаг нь болоод удлаа гэдгийг сонордуулмаар байна.

 

Д.Бат-Эрдэнэ

Эх сурвалж: “Хэнтийн мэдээ”