sonin.mn

Түүний тухай Стив Жобсын дурсамжаас

Дэлхийн хамгийн том технологийн компани гэгдэх Аррlе-ыг үндэслэгч Стив Жобсын намтрыг зохиолч Уолтер Айкаксон маш сонирхолтой байдлаар бичиж, өнгөрсөн онд хэвлэгдсэн нь дэлхийн олон оронд оронд бестселлер болсон билээ. 2003 онд хорт хавдартай гэдгээ мэдсэн Стив Жобс өөрийнхөө намтрыг бичих саналыг зохиолчид тавьсан боловч эрс татгалзан 2007 он хүртэл түүний намтрыг бичих асуудал хойш тавигдсаар ирсэн юм.

 

"Яагаад заавал надаар намтраа бичүүлэх болсныг" зохиолч сонирхоход "Чи хүнийг их сайн яриулж чаддаг" гэж Стив Жобс хариулсан нь өмнө Бенжамин Франклин, Альберт Эйнштейний намтрыг бичээд байсан Айзаксонд ихэд сонирхолтой санагдсан байна. Жобс яахын аргагүй үнэн хэлжээ. Түүний намтрыг бичихийн тулд маш олон хүнтэй уулзах хэрэгтэй байв.

 

Зохиолч ч ингэж уулзаж, аливаа дурсамж бүхэнд олон талаас нь хандахыг хичээжээ. Жобсын намтрыг уншиж байхад нэг сонирхолтой зүйл бол Роберт Фридланд гэсэн хэсэг. Үнэндээ яг энэ хэсгийн нэрийг уншчихаад өнөөх Айвенхоугийн Фридланд юм биш биз, бараг л үгүй биз дээ, Америкт ижил нэртэй хүмүүс олон л байх гэж дотроо бодож сууснаа нуух юун.

 

Гэтэл "өнөөх" Фрийдланд мөн боллоо. Стив Жобс Рид коллежод суралцаж байхдаа нэгэн хүнтэй багахан ч болов хугацаанд нөхөрлөсөн нь Роберт Фрийдланд байв. Тэд коллежийн дотуур байрны найзууд байв. Ингээд технологийн суутан Стив Жобс Роберт Фридландын талаар юу гэж дурссаныг сонирхоцгооё. Энэ бол "Стив Жобсын бүрэн цадиг" номны Гуравдугаар бүлгийн "Роберт Фридланд" гэсэн хэсэг.



Роберт Фридланд

"Жобст мөнгө хэрэг болсон нэг өдөр тэр IBM-н Selectric загварын цахилгаан бичгийн машинаа зарахаар шийджээ. Ингээд худалдаж авна гээд байсан залуугийн оюутны өрөөнд ортол нөгөөдөх нь найз хүүхэнтэйгээ энгэр зөрүүлж байхад нь таарав. Жобс эргээд гарах гэтэл өнөөх оюутан түүнийг суухыг уриад, одоохон дууслаа гээд түр хүлээж байхыг хүсжээ.

 

"Би энэ ч арай дэндэнэ ээ гэж бодсон" хэмээн Жобс хожим дурссан юм. Түүний амьдралд Жобсыг бүрэн ховсдож, сэтгэлийг нь татсан цөөн хэдэн хүний нэг болох Роберт Фридландтай анх ийнхүү танилцжээ. Жобс түүний бусдыг өөртөө татах, хүнд нөлөөлөх чанарыг даган дуурайж, хэдэн жил бараг багш шигээ ханддаг байсан ажээ.

 

Гэвч аажимдаа түүнийг зальхай этгээд болохыг мэдэж эхлэв. Фридланд Жобсоос дөрөв ах боловч мэргэжил эзэмшиж амжаагүй л байлаа. Ошвицын хорих газраас амьд гарсан Чикагогийн баян архитекторын хүү эхлээд Мэйн дэх чөлөөт урлахуйн Бодуан коллежид оржээ.

 

Гэтэл хоёрдугаар курсдээ 125000 долларын үнэтэй 24000 ширхэг мансууруулах бодис агуулж яваад баригдсан байна. Мөрөөр татсан долгиолог шаргал үстэй түүний баригдаж явахдаа зурагчин руу инээмсэглэж байгаа зураг орон нутгийн сонинд нийтлэгджээ. Тэр Виржиниа дахь улсын шоронд хоёр жил хоригдохоор заагдсан ч 1972 онд хугацаанаасаа өмнө суллагдсан байна.

 

Ингээд намар нь Ридэд ороод шууд л Оюутны зөвлөлийн дарга болохоор нэрээ дэвшүүлжээ. Шүүхийн буруугаас болж хэлмэгдсэн нэрээ цэвэрлэх хэрэгтэй байна гэж мэдэгдээд л тэр ялалт байгуулсан байна. Фридланд "Одоо цагт оршихуй" номыг зохиогч Баба Рам Дассын Бостонд хэлсэн үгийг сонсоод, Жобс, Коттке хоёр шиг дорнын гүн ухааны үзэлд гүнзгий оржээ.

 

Тэрээр 1973 оны зун Рам Дассын хинду багш, олон арван дагагч нартаа Маражи хэмээн алдаршсан Нийм Кароли Бабаг олж уулзахаар Энэтхэг явжээ. Намар нь шашны зүтгэлтэн нэртэй болоод эргэн ирсэн бөгөөд Энэтхэг маягийн урт хувцас намируулан, хөлөндөө сандаалтай алхах болов. Оюутны хотхоны гаднах гараажийн дээд талд байх түүний өрөөнд Жобс олон орой түүнийг хайн очжээ.

 

Төгс гэгээрэл гэж байдаг, түүнд хүрч болно гэсэн Фридландын үнэнхүү итгэл, үнэмшлийг Жобс гайхан бахддаг байв. "Тэр намайг оюун санааны өөр түвшинд гаргасан юм." Фридланд ч Жобсыг бахддаг байв. "Тэр үргэлж хөл нүцгэн явдаг байсан. Юманд чин сэтгэлээсээ ханддаг зан нь надад их содон санагдаж билээ. Сонирхсон ямар нэгэн юмандаа ухаангүй автдаг хүн" гэж Фридланд хожим нь нэг ярилцлагадаа дурджээ.

 

Хүмүүсийг дуугүй ширтэж байгаад аргандаа оруулдаг аргаа Жобс улам боловсронгуй болгосон бөгөөд энэ тухай "Түүний олон аргын нэг нь ярилцаж байгаа хүнээ цоо ширтэх юм. Тэр нөгөө хүнийхээ яг нүд рүү нь ширтэж байгаад асуулт тавихад цаад хүн нь нүдээ буруулж ч чадахгүй шууд хариулах болдог байсан" гэжээ.

 

Котткегийн бодлоор Жобсын амьдралынхаа турш гаргаж байсан зарим ааш авир Фридландаас гаралтай гэнэ. "Фридланд Жобст бодит байдлыг яаж өөрчлөх, эргүүлэхийг зааж өгсөн. Фридланд хүн татах чадвартай, бага зэрэг зальтай, ямар ч нөхцөл байдлыг өөрийн хүслээр эргүүлж чаддаг, тогтворгүй, өөртөө итгэлтэй, бага зэрэг захирангуй.

 

Стив түүний эдгээр занг биширдэг байсан бөгөөд түүнтэй хамт байх тусам түүн шиг болж байв" хэмээн Коттке ярьж байв. Жобс бас Фридландын хүмүүсийн анхаарлыг татдаг чадварыг шингээж авав. "Роберт хүнтэй нийцтэй, хүмүүсийг өөртөө татаж чаддаг, жинхэнэ панзчин хүн. Би анх Стивтэй танилцахад тэр бүрэг ичимтгий, төлөв даруу, зожигдуу залуу байсан.

 

Роберт түүнд яаж үүрнээсээ цухуйж, өөрийгөө нээн, арилжаа хийж, аливаа нөхцөл байдлыг хяналтандаа оруулахыг зааж сургасан гэж би боддог. Фридландыг хүн анзаарахгүй байна гэж үгүй. Түүний танхимд орж ирэнгүүт чи харах болно. Стив анх Ридэд ирж байхдаа үүний яг эсрэг байснаа Роберттой найзалж эхэлснээр энэ нь бага багаар өөрчлөгдсөн" хэмээн Коттке өгүүлж билээ.

 

Бүтэн сайны орой Жобс, Фридланд нар Коттке, Холмс хоёрыг дагуулан, Портландын баруун хаяанд байх Харе Кришна сүмд очиж, хоолойн чадлаа шавхан дуулж, бүжиглэдэг байв. "Бид солиортлоо хөөрдөг байв. Роберт хачин авирлан, газлуу юм шиг бүжиглэнэ. Стив энэ бүхнээс санаа нь зовох мэт арай нам жим байдагсан" гэж Холмс ярьжээ.

 

Дараа нь тэд цаасан тавган дээр өндөр овоолсон цагаан хоол иддэг байв. Фридланд Швейцарьт байдаг саятан нагац ах Марсель Мюлерийн эзэмшил, Портландаас баруун урагшаа 65 орчим километрийн тэртээд байдыг 90 га алимны фермийг арчилж, тордох үүрэгтэй байжээ. Дорнын үзэл суртлыг дагаснаас хойш Фридланд фермдээ "Бүгд хамтдаа" хэмээх нэр өгөөд хамтралын маягаар ажиллуулах болов.

 

Жобс, Коттке, Холмс болон тэдний ижил үзэлтэй гэгээрэлд тэмүүлэгч нар ирж хагас, бүтэн сайны амралтаа өнгөрөөдөг байлаа. Фермийн эзэмшилд нэг байшин, том саравч, Коттке, Холмс хоёрын хонодог ногооны пин байдаг. Жобс хэсэг залууг ахлаад алимны моддыг засаж янзлах үүрэгтэй байж.

 

"Харе Кришна сүмийн багш, шавь нар ирж, үүсүү, гоньд мэтийн төрөл бүрийн амтлагч үнэртсэн ногоотой хоол бэлдэж өгнө. Стив гэж өлссөн хүн ирээд гэдсээ дүүртэл цохиж өгнө. Тэгээд л босоод өөрийгөө "цэвэрлэнэ дээ". Би түүнийг хоол идчихээд бөөлжиж гаргадаг өвчтэй гэж дандаа боддог байсан.

 

Хичнээн их ажил болж, ширээ дүүрэн сайхан хоол унд бэлдэж байхад тэр шингээж чадахгүй байгаад нь их гомдоллодог байсан" гэж Холмс дурсав. Жобс Фридландын хамтралын дарга аятай загнахыг тэвчихээ больж эхэллээ. Коттке "Аягүй бол өөрийгеө Роберттой олон талаараа адилхан болохыг олж хараа биз" гэв.

 

Материаллаг зүйлсээс холдохоор хамтрал маягаар нийлсэн мөртлөө Фридланд бизнес эрхэлж байгаа мэт ажиллуулах болжээ. Тэр хүмүүсээр түлээний мод хагалуулан заруулж, алимны шүүс шахагч, мод түлдэг зуух хийлгэх гэх мэтээр улам бүр л ашгийн төлөө ажиллуулах мөртлөө цалин хөлс өгдөггүй байлаа.

 

Нэг шөнө Жобс гал тогооны ширээн доогуур унтаж хонохдоо хүмүүс байн байн ирээд л хөргөгчнөөс бусдынхаа хоол, хүнснээс хулгай хийж байхыг харж хөх инээд нь хүрчээ. Түүнд нийтийн, хамтын гэх эдийн засаг таалагдсангүй. "Бүгдээрээ материаллаг сонирхолтой болж эхэлсэн. Робертын ферм дээр маш хүнд ажлыг үнэ хөлсгүй хийж өгч байгаагаа бүгд ухаарч, нэг нэгээрээ фермээс явж эхлэв.

 

Би ч залхаж гүйсэн дээ" гэж Жобс дурсжээ. Олон жилийн дараа Фридландыг Ванкувер, Сингапур, Монголын зэс алтны уурхайгаас баяжиж, тэрбумтан захирал болсон хойно нь би түүнтэй Нью-Йоркод таарч, нэг юм хувааж уусан сан. Орой нь би Жобст явуулсан и-мэйлдээ энэ уулзалтынхаа тухай цухуйлгатал Калифорниас тэр дороо л залгаж, Фридландын талаар анхааруулсан юм.

 

Зарим уурхайнх нь байгаль орчинд хөнөөлтэй үйл ажиллагаанаас болж Фридланд асуудалд ороод байхдаа Жобстой холбоо барьж, Билл Клинтонтой яриулж өгөөч гэхэд нь Жобс хариу өгөөгүй ажээ. Тэрээр ярианыхаа төгсгөлд "Роберт өөрийгөө нэг их оюунлаг хүн мэтээр харуулдаг.

 

Гэвч тэр хүмүүсийг байлдан дагуулагчаасаа хүмүүсийг хууран мэхлэгч болсон. Залуу насанд минь таарсан оюунлаг хүмүүсийн нэг нь шууд ба шууд бус утгаараа алтны уурхайчин болсныг бодохоор сонин санагддаг юм" гэж билээ.

 


Эх сурвалж: “Хөх толбо”