УДЭТ-ын жүжигчин СТА Д.Ганцэцэг. “Гэгээн муза”-д Моно драм буюу ганц хүний жүжгийн төрлөөр нэр дэвшин алтан цомын эзэн болсон. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.
 
 
- Танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авах мөчид хамгийн түрүүнд хэнд талархсан бэ?
 
-Баярлалаа. Хоёр хүүдээ л маш их баярласан даа. "Гэгээн муза"-гийн ёслолын арга хэмжээнд том хүү маань намайг дагаж ирчихээд "Би ээжийгээ шагнал авахыг харна" гээд явдаггүй. Хэрэв намайг шагнал авахгүй бол тэгж их хүсэн хүлээж байгаа хүүгийн минь сэтгэл эмзэглэх учраас "Миний хүү гэртээ харь.
 
 
Ээж нь шагнал авахгүй ч байж магадгүй шүү дээ" гэхэд "Үгүй. Би харихгүй. Та заавал шагнал авна. Би хармаар байна" гээд тайз руу ширтээд суучихсан. Тэгээд л миний нэрийг дуудахад хүү маань надаас илүү баярласан.
 
 
 
-Ганц хүний жүжиг тийм ч амаргүй болов уу. Энэ нөp их ажлын цаана гарахаар юу бодогдож байна вэ?
 
-Маш их хөдөлмөрлөсөн. Ганц хүний жүжиг тухайн жүжигчнээс ихээхэн ур чадвар шаардана, хэний ч оролцоогүйгээр олон дүрд хувирна. Жүжгийнхээ нэг үзэгдлийг гэхэд 7-10 хоног бэлддэг байсан. Дээр нь ганцхан энэ жүжиг ажиллаагүй.
 
 
Улсын драмын эрдмийн театрынхаа бүх тоглолтод оролцож байсан. Хоёр хүүдээ анхаарал халамж хандуулалгүй хоёр cap гаруй болсондоо, их харамсаж явлаа. Гэвч хөдөлмөр зүтгэлийн минь үр дүн гарсан. Энэ хугацаанд ээжийгээ тэвчээртэй, итгэлтэй хүлээсэн, дэмжсэн хоёр хүүдээ дахин баярлалаа гэж хэлье.
 
 
 
- Таны яриаг сонсоод урлаг, амьдрал хоёртоо зориулах цаг заваа тэнцүүлнэ гэдэг амаргүй юм гэсэн бодол төрлөө?
 
-Гэрийнхэндээ цаг зав зориулж гаргах нь ховор. Гар утсаа хүртэл унтраагаад сэтгэл оюун бүх зүйлээ урлагийн тайзанд зориулах тохиолдол олон. Анх Н.Наранбаатарын найруулсан "Цэцэрлэгт учирсан хоёр" хэмээх хоёр хүний жүжигт С.Болд-Эрдэнэтэй хамтарч тоглосон.
 
 
Манай улсад анх удаагийнх нь юм. Энэ жүжгээрээ "Гэгээн муза"-д нэр дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байсан ч... Нэр дэвшээгүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Итгэлтэй байсан жүжиг маань ороогүй учраас "Ганц хүний жүжгийн төрлийг би заавал авах ёстой" гэж өөрийгөө зоригжуулж бэлдсэн.
 
 
Б.Хишигзаяа маань сайхан зохиол өгсөн. Францын зохиолч Эрик Эммануэль Шмиттэд талархаж байна. Энэ зохиолын үзэл санаа миний ертөнцөд маш сайн нийцэж байсан.
 
 
Хүн аливаа зохиолын өнгө аяс, цэг, таслалыг нь хүртэл мэдэрч чадсан тохиолдолд тэр уран бүтээл сайн гардаг гэж боддог. Зохиолоо анх уншихад л сайхан мэдрэмж төрсөн. Гол дүр болох Оскар хүүгийн дүрийг бүтээхэд ч түүнийхээ адил урамтай байлаа.
 
 
 
-Таны уран бүтээлээс харахад өөртөө тавих шалгуур, сорилт их юм. Эхлээд дөрвөн хүний жүжгийн төрөлд авьяас сорьсон бол дараа нь хоёр хүний төрөлд, ганц хүний жүжгийн төрөлд гэх мэт?
 
-Уран бүтээлч хүн, тэр дундаа жүжигчин бол үргэлж өөрийгөө хурцалж, хөгжүүлж байх ёстой. Бид шинэ дүр авах бүртээ цоо шинэ ертөнц бий болгодог. Тэр хэмжээгээр хорвоо ертөнцийн мөн чанарыг таньж, мэдэж байдаг.
 
 
Нэг талаасаа жүжигчин гэдэг үнэ цэнэтэй бөгөөд их хувьтай мэргэжил. Уран бүтээлийн багш, найз, эгч маань болох МУГЖ Г.Уранчимэгийн шалгуур өндөр. Урнаа эгчийн шалгуурыг давна гэдэг хүнд шүү.
 
 
Өөрөө асар их хөдөлмөрийнхөө үр дүнд агуу жүжигчин болсон хүн. Оскарын шалгаруулалтад залуу арван уран бүтээлч шалгаруулаад хоёр cap бэлдэж шалгахад А.Ганчимэг, бид хоёр тэнцсэн. Бид гар нийлж, сэтгэл зүрх нэг байсан болохоор ийм том цомын эзэн боллоо.
 
 
 
-Сонгодог урлаг тэр дундаа анх удаа тавигдаж байгаа моно драмын төрлийг үзэгчид хэрхэн хүлээж авч байна вэ?
 
-Бид анх "Гамлет"-ыг тайзнаа тавихдаа болгоомжилж байсан. Сонгодог зохиол энгийнхээс үг хэллэгээсээ эхлээд өөр болохоор үзэгчид уйдах вий гээд л. Манайхан ашиг орлогоос илүүтэй үзэгчдийнхээ сэтгэл ханамжийг боддог.
 
 
"Гамлет" жүжгийг тоглоход үзэгчид таатай хүлээж авсан. Үүнээс харахад үзэгчдийн маань оюуны төвшин өндөр болсон нь ажиглагдаж байгаа юм. Аливаа театр улс орныхоо хөгжлөөс нэгээс хоёр алхам түрүүлж явах ёстой. Манай улсад ирсэн гадаадын хүмүүс Монголын ард түмэн ямар хөгжилтэй вэ гэдгийг харахын тулд театрт тоглогдож байгаа уран бүтээлүүдийг хардаг.
 
 
Тиймээс хүн төрөлхтөний хөгжлийн толь болсон театрын урлагтаа төр засгийн зүгээс анхаарал хандуулах шаардлагатай юм шиг санагддаг. Монгол хүн хүүхэд байхаасаа дуу, урлаг спортоор хүмүүждэг. Монголын шинэ залуу, шилдэг боловсон хүчинг бэлтгэхэд урлагийнхны гүйцэтгэх үүрэг асар их.
 
 
 
- Уучлаарай. Танаас нэг зүйлийг асуух гэсэн юм. "Намайг урлагийн тайзан дээр байхад хамгийн хайртай хүмүүс минь бурхан болсон " гэж нэг ярилцлагадаа дурьдсан байсан?
 
-Би өөртөө зориулж тэмдэглэлийн дэвтэрт үг бичдэг. Тэр үгсээ уншаад сууж байтал "Эмэгтэй хүн энэ хорвоод төрөхдөө өөрийнхөө төлөө бус бусдын төлөө амьдрах гэж төрдөг. Тиймээс бурхан эмэгтэй хүнд бусдаас илүү сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, уучлалыг өгдөг юм" гэсэн үг таарсан.
 
 
Энэ үг л миний амьдралын замналын үнэн түүх байх. Урлаг хатуу. Маш олон шалгалт авдаг. Би боддог юм. Урлаг өөртөө хамгийн хэрэгтэй гэсэн хүнээсээ хатуу чанга сорилтуудыг авдаг юм болов уу гэж. Би бүх хатуу сорилтыг сөрж гарсныхаа дараа "Одоо жинхэнэ урлагийн хүн байж чадах уу, үгүй юу" гэж асуудаг.
 
 
Театрт орсноосоо 13 жилийн дараа моно жүжигт өөрийгөө сорьж үзлээ. Хэрэв энэ уран бүтээлээ олигтой хийж чадаагүй бол урлагийнхаа тайзыг орхиход ч бэлэн байсан. Гэсэн ч уран бүтээлийнхээ үр шимийг хүртлээ.
 
 
Тэгэхдээ бүр олон улсын шүүгчдийн өндөр үнэлгээтэй хамт шагналаа авлаа. "Гэгээн муза"-гийн ёслолын арга хэмжээ эхлэхэд ОХУ-ын шүүгч надтай тааралдаад "Оскар мөн үү?" гэж асуусан. Мөн байна гэхэд "Чи өөр өөр дүрд чадварлаг хувирах юм.
 
 
Би чамд баярлаж байна. Надад бичлэгээ өгч явуулаарай. Орос орондоо заавал урина" гэсэн. Мөн ёслолын ажиллагааны өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 26-нд моно драмын шүүгчдийн хэлэлцүүлэг дээр Анжаллена Ростер гэдэг шүүгч "Бурханд илгээсэн захидал" жүжиг жинхэнэ жүжигчний уран чадварыг харуулсан уран бүтээл байлаа.
 
 
Нүүр, биеийн хөдөлгөөн, дотоод сэтгэл гээд бүх зүйлийг нэгтгэж чадсан гайхамшигтай бүтээл боллоо" гэж хэлэхэд надад "Гэгээн Муза"-гаас цом авахгүй байсан ч харамсах зүйлгүй мэт санагдсан.
 
 
-Таны бүтээсэн дур, хувь хүний үндсэн зан чанартай хэр зөрдөг вэ?
 
-Хүнд бүх төрлийн зан чанар байдаг. Гол нь хэдэн хувь нь давамгайлж байна вэ гэдэг л өөр болохоос. Ганцаараа байж юм бодох дуртай. Миний хувьд ганцаардах нь уйтгарлаж, гуниглахын шалтгаан биш. "Хэрэв ганцаардвал өөртэйгээ ярилцах завшаан олдлоо гэж баярла" гэдэг шүү дээ.
 
 
Хүн тэр бүр өөртэйгөө ярилцдаггүй. Ихэвчлэн хүний хэлснээр л явдаг. Жүжигчнийг хүн судлалын ажилтан гэдэг. Тэгэхээр өөрийгөө сайтар таньж мэдэх нь зүйтэй юм болов уу. Оскар гэх 10 настай хүүгийн дэргэд би бүү хэл өөр хүн ч хэн ч биш байсан. Энэ дүр надад эрч хүч өгсөн.
 
 
Гол дүрийн хүүд туссан цусны цагаан бөөм өвчнийг судлахын тулд олон эмчтэй уулзсан. Цагаан бөөмөөр өвдсөн хүн нүдээ ч хөдөлгөж чаддаггүй гэдэг. Гэтэл Оскар хүү өвчнийг сөрсөн. Тэмдэглэлийн дэвтрээ хараад сууж байхад 2013 оны нэгдүгээр сарын 12-нд "Цаг хугацаа гэдэг гэрлийн хурдаар урсан өнгөрөх юм.
 
 
Цаг хугацааг яагаад ч зогсоож чадахгүй. Өнгөрсөн бүх алдаагаа засаж залруулж, ирээдүйгээ сайхан болгохын төлөө хичээх ёстой. Бид цаг хугацаатай мөнх амьдрахгүй ч мөнхийн сайхан бүтээл хийж хэсэг хугацаанд хамт амьдарч болно.
 
 
Тэгэхээр цаг хугацаа гэдэг бидний мөнхийн өрсөлдөгч эсвэл мөнхийн үнэнч найз юм" гэж бичснээ уншаад энэ санаагаа жүжигтээ оруулсан. Өнөөдөр өрөөл бусадтай өрсөлдөх гэвэл тухайн хүн цагаа алддаг. Гагцхүү хэнийг ч анзааралгүй ажлаа сайн хийж байвал илүү их амжилтад хүрнэ. Үүнийг л хүмүүс ойлгоосой.
 
 
 
-Та чөлөөт цагаа ихэвчлэн юунд зарцуулдаг вэ?
 
-Би арван настай хүүхдийн дүрийг бүтээхийн тулд маш их судалгаа хийсэн. Нэгдүгээрт, хөнгөн хурдан хөдөлгөөнтэй байх ёстой. Би том хүүгийнхээ хөдөлгөөнийг хардаг байхгүй юу. Уурлахаараа, уйлахаараа яаж байна гээд л.
 
 
Өмнө нь "Онц сурлагатнууд орохыг хориглоно" жүжигт долоон настай хүүхдийн дүр бүтээсэн. Тэр үед хүү маань нэгдүгээр ангид байсан. Бас л хөдөлгөөнийг нь ажиглана. Энэ удаа фитнесс, бассейн, бүжгийн дасгалаар хоёр сарын хугацаанд тасралтгүй хичээллэсэн.
 
 
Тиймээс цаг зав ерөөсөө гараагүй. Зав гарлаа гэхэд хоёр хүүхэдтэйгээ ярилцаж суух дуртай, Хүүхдийн сэтгэхүй их сонин. Хоёр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг мэдэрч суух миний хамгийн жаргалтай мөч байдаг. Мөн ном унших дуртай. Ойрд ном унших зав гарсангүй. Яг одоо бол хоёр өдрийн турш сайхан нам унтах юмсан л гэж бодогдож байна.
 
 
 
-Цом авсан нь таныг амьдралдаа нэг шатаар өгсөхтэй төсөөлж болох байх. Дараагийн шат нь юу хүлээж байна вэ?
 
-Олон сайхан мөрөөдөл бий. Ойрд дэлгэцийн урлагт тоглосонгүй. МУГЖ Г.Уранчимэг, залуу жүжигчин А.Ганчимэг нартай хамтарч нэг уран бүтээл дээр ажиллаж байна.
 
Одоо зохиол нь ерөнхийдөө цэгцэрсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд "Гэгээн Муза" авснаар 2010 онд авсан төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоо бататгасан гэж боддог.
 
 
 
-Дэлгэцийн уран бүтээл гэснээс та телевизийн реалити шоуны шүүгч хийж харагдсан. Үзэгчиддээ үргэлж шүүлгэж байдаг бол өөрөө шүүгч хийх ямар санагдав?
 
-Их засаг их сургуулийн шилдэг оюутан шалгаруулах шоуг шүүсэн л дээ. Энэ хугацаанд тус сургуулийн залуусаас маш их эрч хүч олж авсан. Буцаад оюутан болоод энэ оюутантай өрсөлдөх юмсан гэж бодмоор дэндүү авьяастай оюутан олон. Шүүгч хийх амархан санагдаагүй.
 
 
 
-Ээж нь жүжигчин болохоор хөвгүүд нь жүжиг үззх дуртай байх?
 
-Миний том хүү театрт жүжиг үзэх дуртай. Тэр дундаас "Тэнгэрийн хүү Модун Шаньюу". Нэг удаа хүү маань жүжиг үзээд харих замдаа"Ээж ээ, бид ямар арчаагүй юм бэ" гэсэн. "Яасан бэ" гэхээр "Их хаан Модун Шаньюу дэлхийн талыг эзэлж, арвин их газар нутагтай үлдээсэн байтал одоо ийм бага нутаг Дэвсгэртэй үлджээ" гэж хэвлүүхэн ярьсан.
 
 
 
-Таны туйлын хүсэл, зорилго юу вэ?
 
-Хоёр хүүгээ эх орондоо хэрэгтэй хүн болгох. Тэгээд хүүхдүүдийнхээ хийсэн бүтээснийг хараад сууж байх үед л миний хамгийн том бахархал байна. Тэр цагт л туйлын хүсэл зорилго минь биелэх байх.
 
 
Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.
 
 
Энэ дашрамд би төмөр замчиддаа чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлмээр байна. Уран бүтээлчид бидний аян замд гарах гол унаа бол ямагт галт тэрэг байдаг.
 
Тав тухтай, аюулгүй өртөг зардал хямд унаагаар зорчиж байгаа маань төмөр замчдын л буян. Тиймээс театрын нийт уран бүтээлчдийн өмнөөс Монголын бүх ган замчдын ажил үйлст амжилт хүсэх нь зүйтэй болов уу.
 
 
Б.Дэлгэрхишиг
 
Эх сурвалж: “Ган зам” сонин