УИХ-ын хаврын чуулганы хүндэт индрээс орон даяар түгсэн Ерөнхийлөгчийн үг ойрын өдрүүдийн онцлох нэгэн хэрэг явдал байлаа. "Эрх чөлөө эх орон хоёр минь бүтэн байг ээ..." хэмээх зүрх бялхам цохолсон гарчиг бүхий бичгийн А-4-ийн хэмжээний 15 хуудасны талбайд багтаасан 6380 үгтэй тэр хэлэхдээ нэг цаг орчим хугацаа авлаа.
 
 
Түүнийг сонсох гэж 2013 оны дөрөвдүгээр орын 5-ны тэр өглөө олон зуун мянган монгол хүний чих уралдсанд гайхах учир байхгүй. Ц.Элбэгдорж бол нэг ёсондоо Монголын хаан эзэн тавиланг олж сонсох гэж.
 
 
Хааныхаа тархи толгойд бичээтэй байгаа өөр өөрийн хувь заяаны ерөөл тавиланг олж сонсох гэж тийнхүү яарсан нь буруу бус. Хаанаасаа ухаантай иргэн хүн байх ёсгүй гэж үздэг эртний уламжлал бий.
 
 
Уран илтгэдэг хаан хүний ухаанд хорвоогийн үнэн тэр чигээрээ баригддаг гэж эртний Египетийн III Хети хаан өөрийн хүүд захиж үлдээсэн сургаал ч байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн үг хамгийн үнэн бөгөөтлөө албат иргэдийнхээ хувь заяаг алдаагүй зөв дэнсэлсэн байх ёстой болохоор хэн хүнгүй л анхаарлаа.
 
 
Сонсууштай эвлэгхэн үгтэй, утга тодорхой илтгэл юм байна. Энэ илтгэлийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч ч морилж явав. Бас Цахиагийн Элбэгдорж хэмээх хувь хүн ч алхаж л явлаа.
 
 
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлахаар зэхэж байгаа Ардчилсан намын улстөрч эрхмийн үгч цухуйж л харагдана билээ. Аргагүй дээ. Бидний хэн нь ч түүний тэнд байсан бол тиймэрхүү л үг цацах байсан биз.
 
 
Харин нийтэд нь багцлаад сонжвол Ардчилсан намын хуучин дарга бөгөөд мөнөөх хориод жилийн өмнө чанга яригч бариад гүйж явсан тэр давжаахан биетэй ч хэвлүүхэн зантай залуу л харагдаж байв.
 
 
Харин хорин хэдэн жилийн тэртээ тэр үеийн сайд дарга нарт атаархан бухимдаж явсан уур уцаар сайн намжаагүй байгааг нь хараад, мануусын төлөө л тийнхүү адгаж яваа ч юмсан уу, хэмээн бодож нэг уярлаа. Иргэн би бээр эзэн Ерөнхийлөгчийнхөө үгнээс өө сэв эрээгүй.
 
 
Харин өөрийнхөө амьдрал ахуйн өнөөдөр, маргаашийн өнгө төрхийг л хайж байгаа нь мэдээж. Би ахмад настай, ядуу амьдралтай эгэл нэгэн боловч ганцаархнаа биш ээ. Наад зах нь хоёр зуун мянган ойролцоо насны онжавууд бий. Надад болон миний үеийн буурлуудад нэг их сүртэй, үнэ цэнэтэй юм хэрэггүй.
 
 
Бид өнөөдөр байж л байвч маргааш байхгүй болчихож мэдэх тэрхүү шууд утгаар нь хэлбэл эрлэгийнх рүү цуварч явдаг холбооны аман дээр уяатай байгаа хүмүүс. Тиймээс нүд анихаасаа өмнө төр засгаасаа өнөөдрийн туслалцаа л горьдож суудгийг нуух юун.
 
 
Настны зовлонг настан аав ээжийгэө асарч халамжилж байгаа хүүхдүүд л гадарлана. Гэтэл сүүлийн үед томчууд маань өөрийнхөө цатгалан аав ээж, өвөө эмээтэйгээ адилтган эндүү андуу ойлгоод байх боллоо. Шуудхан хэлэхэд, баян тарган үр хүүхэд, ач зээ наргүй өвөө эмээ нарт эмний мөнгө, шөлний мах л хэрэгтэй байх юм.
 
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд тэтгэврийг нэм, зохиомол үнийн хөөрөгдлийг зогсоох хэрэгтэй гээд хэлж орхивол болоод явчих учиртай юмсан. Манай Ерөнхийлөгч манийхаа зовлонг нэвтэрхий сайн мэддэг бололтой.
 
 
"Бид уул уурхай, бүтээн байгуулалт, шинэчлэл гээд олон зүйл ярьж байна. Хүнээ хэзээ ярих юм бэ. Хавар цагт махны үнэр ч авч чадахгүй хонож байгаа айл олон байна. Намар болоход аяга самраас 10 төгрөг унагах гэж суудаг хүмүүсээ яах вэ.
 
 
Эмнэлгийн хонгил дүүрэн зулаад хэвтчихсэн өвчтэй, ханиадтай хүүхдүүдээ яах вэ. Нэг ангид 70, 80-аараа сууж хичээллэх сурагчдаа яах вэ. Цэцэрлэгт орж чадахгүй гэртээ цоожлогдон айж бүлтэгнэх нялхсаа яах вэ.
 
 
Төрөх газар ор олдохгүй өнөө маргаашгүй нярайлах гэж яваа тулгар биетэй сандарсан ээжийн зовлонг хэн нимгэлэх вэ. Харж хандах хүнгүй ганцаардлын галд унасан ахмадуудаа яах вэ.
 
 
Гудамжинд таних тэмдэггүй харанхуйд тэмтчиж яваа хараагүй, эсвэл өндөр шатнаас унаж гэмтэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ яах вэ" гэж ярилаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч маань харьцангуй залуу хүн боловч ийм л олон хэцүү зовлон байгааг мэддэг юм байна.
 
 
Зүй нь бид мэт нь энэ асуултыг асууж Ерөнхийлөгч өөрөө ажил үүргийнхээ үр дүнгээр хариулсансан бол маш сайхан амттай яриа болох байсан болов уу. За тийм илүү үгээр яахав гэж бодол сатаарсан боловч санамсаргүй нэгэн ухаарал сэр гээд явчихлаа.
 
 
Юу гэвэл Ерөнхийлөгч гэсэн нэг их том малгай, боломж нь огт олддоггүй нэг их том хүсэл тэмүүлэл хоёрыг олж харлаа. Эрх зүйт Монгол төрийн Ерөнхийлөгч маань чин үнэндээ тулахаар өнчин ишигний мэдэлгүй өрхийн тэргүүн гэх эрх үүрэггүй нэгэн юм байна.
 
 
Монголын Үндсэн хууль энэ хэсэгтээ нэлээн TOM цоорхойтой юм шиг байна. Түүнийг агаар мандлын озоны цоорхойтой зүйрлэсэн ч болох мэт. Учир нь Үндсэн хуулийн тэр цоорхойгоор орж ирсэн хэт халсан улс төрийн агаараар эрх зүйт Монгол төрийн тэгш дүүрэн байдал ууршин хуурайшиж төрийн дээд өндөрлөгт зөрчил гардаг юм шиг байна.
 
 
Ялангуяа тэр гурван суудалд гурвууланд нь нэг намын ноёд суухаар зөрчилдөөн ил тод гардаг байж магадгүй. 2000 оны эхээр яригдсан "Урт шар дээлтэй хүний тухай" үлгэр домгийг санаж байгаа байх.
 
 
Тэгтэл дараа нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч маань С.Баяр, Ц.Нямдорж хоёртойгоо хөөрөг зөрүүлж мэндийн солио хийх аргагүй болтлоо зөрчилдсөн гэж болно. Тэгтэл одоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг хоёрын хойно гурвын бөгсөнд орхих боллоо.
 
 
Н.Алтанхуяг гишүүнийг Ерөнхий сайдаар томилогдоод орж ирэхэд нь ямар сайхан эрүүл саруул чиг баримжаа хэлж өгсөн билээ. Түүнийг манай үзэгчид сайн анзаарч харсан.
 
 
Гэтэл дараа нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд маань ардчилсан Монголын түүхэнд байгаагүй ямар гээчийн данхар том Засгийн газар байгуулчихаад байж байгааг бас л цөмөөрөө харж байна. Ингэхээр өнөөдөр Монгол төр тэргүүнтэй байна гэж үү.
 
 
Байх ёсгүй юм шиг аашилж байна. Тэгж байх нь зөв юм шиг манайхан нүдэн балай сууж байна. Ямар сайндаа Ерөнхийлөгч маань "Бид төрөө засалгүй уджээ. Төр томорч байна. Улам өөхөлж байна. Бидний нэн даруй засах ёстой нэг алдаа бол энэ" гэж харамсангуй анхааруулав гэж.
 
 
Социализмын үеийн хоньчин баатар Очир, Жанар, Бэгз нар хонио оторлож өөхлүүлдэг шиг энэ удаагийн төр засгийг хэн ингэж өөхөн тарга суутал нь оторлож хариулсан байж таарах билээ.
 
 
Мэдээжээр нэг сайн "малчин" нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мөн шиг харагдавч жинхэнэ "баатар малчид" нь Ардчилсан намын алдарт Гобсекүүд.  Ц.Элбэгдорж бол төр засаг ийм хэт тарган байж болохгүйг сайн мэддэг, үе үе хурцхан шүүмжилдэг хүн.
 
 
Нам дотроо энэ тухай санаа бодлоо хэлсэн байхаас зайлахгүй. Гэвч аргагүй юманд арга байхгүй гэгч болсон байлгүй. Маш их өөхтэй тарган энэ шинэчлэлийн Засгийн газар гэдэг чинь одоо хуучин цагийн улс төрийн товчооноос дутуугүй эрх дархтай болоод байх шиг.
 
 
Зөвхөн төрийн тэргүүн төдийгүй УИХ-д ч томорч л харагдана. Бодсоноо хэлэхэд тэдгээр Гобсекүүдийн гинж Еренхийлөгчийнхөө хүзүүгээр нь бугуйлдчихсан болов уу гэмээр байна. Болохгүй бол бүр чангалж татаад боож унагах байлгүй.
 
 
Гобсекүүд оосроо чангалахаа мэдэхээс биш сулруулна гэж үгүй л дээ. Зарим нөхөд дунд сургуулийн ахлах ангид дэлхийн сонгодог уран зохиолын хичээл дээр үзээд өнгөрсен Гобсек зохиолыг мартсан байж болох туд энд нэг ишлэл сонирхуулъя.
 
 
"Та миний насан дээр хүрвэл хүн хүч чадлаа зориулбал зохих үнэ цэнэ нь үнэхээр тодорхой, ганцхан юм байдгийг мэдэх билээ. Энэ бол Алт мөн. Алт гэдэг чинь хүний хүч чадлыг шингээсэн хэмжүүр юм. Мөнгөний уутны ам тайлж боож байдаг над шиг хүний мэдэлд юм бүхэн байна.
 
 
Би сайд нарыг гартаа барин, жолоодогчдын бүх сэтгэл санаа, зарлигаас эхлэн тэдний янаг амрагийг нь хүртэл худалдан авч чадахаар баян хүн шүү. Энэ чинь эрх мэдэл биш гэж үү. Энэ чинь таалал биш гэж үү. Эрх мэдэл таалал хоёр энэ нийгэмлэгийн орших ёс биш гэж үү.
 
 
Парист над шиг хүн арваад байнаа. Бид бол та нарын хувь заяаг шийдвэрлэгч анир чимээгүй, үл мэдэгдэх хаад мөн. Арга мэх ямагт үр дүнтэйгээ зохицдогийг Та мэдэж ав. Учир нь Та мэдрэлийг утга санаанаас, сэтгэхүйг материас хэзээ ч салгаж чадахгүй.
 
 
Ийм учраас одоогийн нийгэмлэгийн оюун ухаан гэдэг чинь алт мөн" гэжээ. Энэ бол Гобсекийн хэлж байгаа үг. Үүнийг зохиогч нь XIX зууны Францын алдарт зохиолч Оноро де Бальзак гэгч нэгэн их ухаантан билээ. Тиймээс би өөрөө биш Бальзакийн ухаанаар энэ хэсгийг бичсэн тул тэр алдарт хүнд эрхбиш итгэнэ буй за.
 
 
"Хүнээ мартаад байна. Энд л бидний гол алдаа байна" Монголчууд бид чинь ийм л ухаалаг үг хэлдэг, хүмүүнлэг Ерөнхийлөгчийн ивээлд бүтэн дөрвөн жил бүүвэйлүүлсэн улс байна шүү дээ. Гэвч түүнд санаа байвч сачий дутаж байна.
 
 
Сэлэнгэ мөрөнд хоёрхон настай хүүхдээ хөхүүлэнгээ урсаад алга болсон тэр хөөрхий залуу ээжийг саяхны амралтын өдрүүдэд Бурхан Халдун ууланд хувь тавилангаа даатгуулах замдаа төөрч "түргэн" авсан Ерөнхий сайдын төлөө анхаарсан шигээ анхаарсангүй гэх зэмлэхийг сонслоо.
 
 
Хэрэв тэр цагт мэдээлэл шуурхай авсан бол өөрөө ч нисдэг тэргээр очиж мэдэх байсан нь энэ удаагийн үгнээс мэдрэгдэнэ. Харин зохих дээд удирдлагадаа тухайн тэр цаг минутанд нь шуурхай түргэн мэдээллээгүй нь чухам ямар учиртай, хэний юуны буруу байж таарна вэ.
 
 
Төр засгийн хариуцлагагүйн баримт юм биш байгаа. "Хүнээ хэзээ ярих юм бэ" гэсэн хэн нэгэнд цохож хаяглаагүй асуултыг тавиад нээлттэй орхисон байна. Тиймээс миний хувьд бол хүнээ ярьдаг цаг нь яг одоо мөн гэж хариу өчмөөр байна.
 
 
Ялангуяа хүний хөдөлмөр үнэгүйдсэнээс болж манай амьдрал өргөж даагдашгүй болтлоо хүндэрч улмаар улс төр улайдаж байгаа энэхүү цаг мөчид л хүнээ ярих ёстой. АНУ, БНСУ зэрэг оронд 5000 ам.доллараар үнэлэгддэг ажлыг Монголдоо хийсэн хүн сайн бол 500 ам.долларын цалин хөлс авч байна.
 
 
Түүнээс цааш нь илүү гаргаж үнэлэх гэхээр жижиг үйлдвэрлэл нь сөхөрчихнө гэх аж. Ажваас гурван ажилчин цалинжуулах хөрөнгө санхүүтэй байж арван ажилчин ажиллуулах жишээний байгаа жижиг аж ахуй чинь яаж хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс өгч дийлэх билээ.
 
 
Манайд чөлөөт зах зээлийн эрх чөлөөг ингэж мөлжлөгийн хэрэгсэл болгож байгаа учраас тэр нь ажилтай хүн цалин хөлсөөрөө үл хөдлөх хөрөнгө авч хүрэлцээтэй амьдрах хамаг боломжийг цоожилчихоод байна. Хөдөлмөр ингэж үнэгүйдсэний уршгаар аль сайн толгойтой, нарийн мэргэжилтэй нь харийн оронд гарчихаад байна.
 
 
Энэ бол үндэсний шинжтэй томын том гамшиг мөн гэлтэй. "Шударга ёс бол нэг намын, эсвэл нэг хүний баялаг биш. Энэ бол Монголын баялаг. Монголчууд гэртээ ороод ёс заншлаа дагадаг. Гэрээсээ гараад хууль дүрмээ дагадаг.
 
 
Энэ бол Монголыг өмнө нь ч авч явсан, одоо ч авч яваа үнэтэй ололт. Бидний ирээдүй ч үүнээс хамаарна. Монголын нэр төр дэлхийд ямраар гарах нь бас хамаарна. "Ерөнхийлөгч маань их оноч мэргэн хэлжээ.
 
 
Хууль дүрэм гэснээс үүдэн бодвоос өнгөрсөн намар Сэлэнгэ мөрөнд осолдсон тэр ээж хүүхэд хоёр Монгол Улсынхаа төр засгаар амь насаа хууль ёсоор хамгаалуулах тийм эрхтэй иргэд мөн байсан уу гэсэн асуулт хүн бүхний аюулхай цээжнээс ургаж байна.
 
 
Тэгэвч би хариулж чадахгүй байна. Мөн ч юм шиг бас хараахан үгүй ч юм шиг. Мөн гэж хариулбал манай төр засаг маань чимээгүй алуурчин болчих гээд байх шиг. Тийм-том эрх дарх тэдэнд байгаагүй гэвэл ардчилсан Монголынхоо нийт ард иргэд, хань нөхөд аав ээжээсээ харсаар байхад уйлан хайлан эцсийн зам руугаа их мөрний эрхшээлээр урсан хагацсан хөөрхий хоёр маань хүн биш мал, эсвэл өт хорхой болж харагдах гээд.
 
 
Энэ эх үр хоёрыг юм л бол эргэж сануулаад байгаа нь тэр гашуун эмгэнэлт хувь зохиол бол манай төр нийгмийн нүүр царайг толь шиг тольдсон байх тул мянга дахин сануулсан ч үл илүүдмой. Монголд хэний амь ямар үнэтэй байна вэ гээд эргэцүүлэх гэвэл бүр төөрөлдөж гүйцнэ.
 
 
Хулгайчийн хойноос хөөцөлдөж яваад амин тус газраараа буудуулж бурхан болсон төрийн цагдаагийн амь үсрээд үсрээд гурван сая бор төгрөг. Хүний амь сахин хамгаалдаг төрийн цагдаагийн амь шүү.
 
 
Мөнөөх хүүхдээ элгэндээ тэврэн хөхөө хөхүүлэнгээ "амь аваарай" хэмээн уйлж орилсоор урсаад явчихсан эх үр хоёрынх болохоор амь нас нь бүр сохор зоосны ч үнэгүй өнгөрсөн байдаг. Шудрага ёс гэж ер нь юуг хэлдэг байна вэ.
 
 
Авлигач гэх хэдэн этгээдийг шоронд хийсэн төдийгөөр тогтчихдог шавар овоолго биш биз дээ. Дотор үелзүүлсэн олон заваан баримт толгойд эргэлдээд байна. Ганц килограмм махыг арван мянга давсан үнэд хүргэж бүхий дамчин нь шударга уу.
 
 
Нэгэн бол Ерөнхийлөгчийн жишээлснээр "Хавар цагт махны үнэр ч авч чадахгүй хонож байгаа" айл өрхийн хүмүүс шудрага байна уу. Хэрвээ махгүй мацаг барьж буй ард түмэн шудрага ёсны шалгуур гэвэл Монгол од болж таарна.
 
 
Миний харж байгаагаар бол хэн шудрага нь хоосон хонож, хэн шудрага нь эмчилгээгүй үхэж байна. Шударга ёс хаана оршин байна вэ. Тэр алтнаас ч өндөр үнэтэй, эрдэнэсээс илүү ариун нандин эд чинь дээдсийн хүрээлэнд биш эгэл боргил олон түмний гэр оромжинд морилж байна гэвэл ингэж хэлсэн нь худалч болох уу.
 
 
Чингэхлээр шудрага ёсыг тогтооно гэхээсээ илүү шудрага ёсыг шуналын туламнуудаас хамгаалах нь чухал бус уу. Шулаачид нь шуучихдаггүйсэн бол шулуун шудрага явах шиг сайхан амьдрал хаанаас олдох билээ.
 
 
"Хүний амь, хүний эрх, хүний амьдрал үнэ цэнэтэйг төр нь ч, олон нийт нь ч ярьдаг боллоо" Ерөнхийлөгч нэг ийм үнэн үг хэлсэн байсан. Үнэн шүү дээ. Монголын төр чинь ярьдаг л төр. Ярих ярихдаа маш сайхан ярьдаг төр. Даан ч ярианаас хэтэрдэггүй төр.
 
 
Тэр цааш нь залгуулаад "Хуулийг хэрэгсдэггүй, хүний амийг тоодоггүй ёрын бодлого саяхан болтол газар сайгүй, хот хөдөөгүй ноёрхож байсан юм шүү" хэмээн тодотгосон байна Харин "саяхан болтол" гэдэг нь арай дутуудсан гэмээр байна.
 
 
Гэвч төр тэргүүлсэн ерөнхийлөгч хүн өнөөдөр миний үед ийм байгаа юм гэж хэлэлтэй биш. Хамгийн чухал нь хүний амийг тоодоггүй ёрын бодлого манай төрд бүр ардчилсан засаглалын үед ч байгааг зөвшөөрөн хүлээсэн явдал юм.
 
 
Ингэж хэлж зүрхэлсэн төрийн тэргүүн ховор шүү. Тэр цааш нь өөрийн бодол санааг үргэлжпүүлэхдээ "Төр бол завшдаг, хүн бол хохирдог. Ийм л замтай." гэжээ. Ийм л замтай гэдэг нь ийм л зүй тогтолтой гэсэн санаа мөн байх. Түүний хэлсэн үг хүн бүхэнд таашагдаж байх албагүй нь мэдээж.
 
 
Би энэ үгийн эсрэг бодолтой хүн. Өөрөөр хэлбэл төр заавал ард иргэдээ завшиж, ард иргэд нь төрөөсөө хохирч байх зүй тогтолтой гэж бодохгүй байна. Ард иргэд ямар нэгэн аюул хөнөөл, халдлага дайралтаас хамгааллуулах л гэж төрөө сонгодог, мөнгө санхүүгээр тэжээдэг.
 
 
Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол төрийн удирдагчид нь зайлдаг номтой бус уу. Хэрвээ төр нь заавал завшиж байх ёстой юм бол монгол төр өнөөдөр дэлхийн од болох байлгүй. Тэгэхлээр төр нь завшдаг биш харин төрд шургалсан дамшгууд нь завшдаг байж таарна.
 
 
Тэднийг төртэй адилтгаж болохгүй байх "Эсвэл идэх уухын донтнууд эмээл хазааргүй юм шиг аашилдаг. "Хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал дэлбэртлээ даамжирсан үе бас байсан юм шүү" гэсэн байгаа. Түүний орон цагийн таарцыг зөвшөөрч чадахгүй байна.
 
 
"Байсан юм шүү" гэх биш байгаа юм шүү эдүүгээ" гэсэн бол илүү олон хүний санаанд нийцэх байсан гэж бодно. "Одоо тийм адгийн ёс зүй бүрэн алга болоогүй ч хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургасан" гэсэн өгүүлбэр дараа нь бий.
 
 
Үүнийг тоймчид сэтгүүлчид эсэргүүцэхгүй байгаа байх. Гэвч хорхойтсон баавгай тэндээ улаан шоргоолжны хоол болоод дуусдаг уу эс бөгөөс хорхойгоо сэгсэрчихээд хэвийн болдог уу.
 
 
Өнөөдөр ингэж эмээл хазааргүй идэж байгаа болохоор маргааш улам л боловсронгуй нарийн аргаар иднэ л дээ. Тэгэхээр идээчидтэй хийх тэмцэл бол манай улсын хувьд бараг мөнхийн тэмцэл гэж хэлмээр байна.
 
 
Мартаж болохгүй, мартбал мад болох ноцтой аюул бол хүний амь нас үнэгүйдэж байгаа явдал гэдгийг эргэж нэг сануулъя. Тийм ээ, мөнөөх Сэлэнгэ мөрөнд урсаад явчихсан хоёрхон настай зулзган үрээ халуун элгэндээ тэвэрсэн тэр хөөрхий ээж амь эрсдэх эцсийн мөчид хэнээс ямар аврал горьдож явсан бол оо.
 
 
Булах нүхий нь өөрөөр нь ухуулсан нүхнийхээ аман дээр бууны сум хүлээн зогсож агсан Дэмид жанжны жирэмсэн эхнэр Навчаа бүсгүйгээс ялгарах юмгүй мөсөн доогуур орчихсон юм биш үү.  Даанч дээ. Монгол төрийн онцгой хамгаалалтынхны нүдний өмнө, гэгээн цагаан өдөр болсон хэрэг гэсэн биш үү.
 
 
Ийм өөдгүй төр хэнд хэрэгтэйг хэлж мэдэхгүй байна. Эс бөгөөс манай төр засаг суудалд нь салхи ордоггүй халаа сэлгээгүй хэдхэн хүний өмч болчихоо юу. Түмний төлөө хэлэх үг минь энэхэн. Харин өвгөн надад бол эмний хэдэн мөнгө, шөлний жаахан мах л давын өмнө хэрэгтэй байх юм.
 
 
Хорлоогийн Цэвлээ /Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч/