Сүүлийн үед төр засгаас дэвшүүлсэн Аж үйлдвэрийн парк, Шинэ төмөр замын төслийн хүрээнд хэд хэдэн МСҮТ байгуулагдаж, хэдэн арван охид хүүхдүүд төмөр замчны мэргэжил эзэмшихээр суралцаж буй.
 
 
Үзлэгийн комиссыг Сумангийн зоо зөрлөгт ирэхэд тэрсхэн гурван охин нэг хүү өртөөний жижүүрийн өрөөнд эгнэн зогсож, хүндэтгэлтэйгээр угтсан нь Сайншанд дахь МСҮТ-ийн оюутнууд аж. Мөдхөн төгсөх гэж буй тэднээс өртөөний жижүүрийн зайлшгүй мэдэх ёстой мэдлэгийн зах зухаас асуухад хэн нь ч хариулсангүй.
 
 
Замын даргын үүрэг гүйцэтгэгч арга ядсандаа мэргэжлийн багшийг нь асуугаадхав. Их л энгийн асуулт ирсэнд баярласан тэд нэгэн нэрийг тун бахархалтай хэлсэн нь Сайншанд өртөөний жижүүр аж. Үүнээс үүдэн Сайншанд дахь МСҮТ-ийн багшлах боловсон хүчний тухай яриа хөвөрлөө.
 
 
Багш хүрэлцээгүйн улмаас Сайншанд өртөөний жижүүр, холбогч найруулагчид тус МСҮТ-д мэргэжлийн багшийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Уг нь болохгүй нь ч юу байх билээ. Гэхдээ л жижүүрийн наад захын мэдлэггүй шавь бэлтгээд байвал хүлээх хариуцлага гэж бас байдгийг мэдэж л баймаар сан даа. 
 
 
Эх сурвалж: “Ганзам”