sonin.mn

Байгаль орчны ТББ-уудын төлөөлөл хүмүүс хэвлэлийн хурал хийлгэлээ. Тэд, нэр дэвшигч сонгууль болоогүй байхад мөрийн хөтөлбөрөөсөө ухрах явдал гарсныг хэлж, Урт нэртэй хууль, цөмийн асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлээд дараахь мэдэгдлээ танилцуулсан юм:


"Саяхан, 2013 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжихээ илэрхийлж, ТББ-ууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын байгаль орчны иргэний зөвлөлд (МБОИЗ) гэхэд 700 гаруй байгаль орчны (БО) ТББ багтдаг, өөр ч ийм эвслийн, нэгдлийн чанартай ТББ-ууд Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжсэн.


МБОИЗ мөн нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой байгаль орчны (БО) чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, санамж бичигт гарын үсэг зурсан. МБОИЗ-өөс нэр дэвшигчдэд санамж бичгийн нэг л эхийг өгсөн атал, үзэглэгдсэн эхүүд их л өөр өөр болсон нь санаа зовниулж байна. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ МБОИЗ-ийн санал болгосон санамж бичгийн эхийг өөрчлөлгүй гарын үсэг зурсан нь БО-ынхны талархлыг аргагүй хүлээсэн. Урьд нь МБОИЗ-ийн "Эко элч" шагналыг хүртэж, МБОИЗ-ийнхөнтэй хамтран ажиллаж ирсэн ч хүн. Монголын БО-ыхон Б.Бат-Эрдэнийг "Greenpeace"-ийн шагналд тодорхойлсон, "Greenpeace" ч нааштай хүлээж авсан болно.
Харин нэр дэвшигч Ц.Элбэгдорж санамж бичгийн төлөвлөгдсөн анхны эхээс 1-рт, Урт нэртэй хуулийн тухай зүйл, 2-рт, Цөмийн хөнөөлийн эсрэг зүйл зэргийг хассан зэргээр өөрчилсөн байна. Ийм нөхцөлд тус нэр дэвшигчийн намтай МБОИЗ санамж бичиг байгуулах ёсгүй байсан юм. Ноднин жил АН МБОИЗ-тэй санамж бичиг байгуулсан ч, засгийн газарт ороод шар нунтаг үйлдвэрлэх, уран олборлохыг төлөвлөх зэргээр санамж бичгийнхээ үзэл санааг зөрчиж байсан гашуун сургамж бий. Ийм атал, санамж бичгээсээ өнөөгийн тулгамдсан 2 гол чухал асуудлыг хасуулан байж, гарын үсэг зурж байх ямар шаардлага байв аа? Санамж бичгээс, Урт нэртэй хуулийг дэмжих, Цөмийн хөнөөлийг эсэргүүцэх санаануудыг хасуулж байгаа хүнийг цаашид юу гэж ойлгох вэ? Мөрийн хөтөлбөртөө тусгасан санаануудтай нь энэ нь эсрэг тэсрэгээр зөрчилдөж байна.


Саяхан засгийн газрын төвшинд Урт нэртэй хуулийн үйлчлэлийг хоёр жилээр зогсоох асуудал яригдсан. Нөхөн төлбөрийн хүндрэлтэй байна гэсэн үндэслэлгүй шалтаг заасан. Монголын газар нутгийн 46 хувь ашигт малтмалын лицензээр олгогдоход хүргэж, БО, хүн ард, нийгэмд туйлын сөргөөр нөлөөлж байсан хэт уул уурхайжилтын үзэгдлийг эрс багасгаж, 12 хувь болтол нь бууруулж чадсан Урт нэртэй хуулийг үгүй болгохыг БО-ы ТББ-ын бид бүхэн яавч зөвшөөрөхгүй.
Цөмийн хөнөөл Монгол оронд асар хүндэрч, Дорноговийн Улаанбадрах хоёрдахь Хонгор болж, тэнд гажигтай төл олноороо төрж, мал сүрэг хиарч, хүний эрүүл мэнд доройтож, байгаль орчин сүйдэв. Дорнод, Дундговь, Сүхбаатар, бусад аймгуудад ч  цөмийн зөрчил их байна. Ийм атал цөмийн хөнөөлөөс нийгмийн анхаарлыг холдуулах, ураны сөрөг нөлөөг хаацайлах үйлдлүүдийг байгаль орчны ТББ-ын бид мөн яавч зөвшөөрөхгүй.


1.    Урт нэртэй хуулийг түдгэлзүүлэхийг бүү дэмжигтүн!
2.    Цөмийн хөнөөлийг эсэргүүцэх байр суурин дээр хатуу зогсогтун!
3.    Сонгууль ч болоогүй байхад сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө бүү ухрагтун! гэж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд шаардаж байгаагаа байгаль орчны ТББ-ын бид мэдэгдэж байна. Хэрэв энэ шаардлагыг үл ойшоох аваас бид тэмцлийн дараа дараагийн шат, арга хэлбэрүүдэд шилжих болно.

Байгаль орчны ТББ-уудын хэсэг нөхөд
2013.6.19
Улаанбаатар хот



"Монголын дуу хоолой" ТББ-ын тэргүүн Ш.Түвдэнбалжир:


-Урт нэртэй хууль бол нийгмийн захиалгаар гарсан, байгаль орчны хамгийн ач холбогдолтой хууль. Үүний ачаар лицензийн тоо, лицензээр олгогдсон нутгийн хэмжээ буурсан. Гэтэл 6 дугаар 6-нд Засгийн газарт Урт нэртэй хуулийг 2 жилээр түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх асуудал яригдсан. Үүнтэй зэрэгцээд Туул голын дагуу элс хайрга олборлох явдал сэргэж, Өлзийтэд асар их тоосжилт үүсч байна. Туул, Сэлбэд хууль бус өрөмдлөг хийсэн асуудлыг бид АТГ-т өгөөд 60 хоносон ч, хариу өгөхгүй байна. 6 дугаар сарын 25 хүртэл хариу өгөхгүй бол бид очиж хариугаа нэхнэ.
Энэ бүхэнтэй зэрэгцээд Ц.Элбэгдорж нэр дэвшигч санамж бичгээс урт нэртэй хууль, цөмийн асуудлыг хассан нь их сэтгэл түгшээж байна. Ногоон ерөнхийлөгч гээд байдаг, яагаад эднийг хасч байна вэ.


Хэт уул уурхайжилт гээд аюултай асуудал байна. Нэг жишээ хэлэхэд, Оюутолгойд флотацийн аргыг хэрэглэж, Ази даяар тоосжилт үүсгэх гэж байна. Гэтэл энэ нь Монголын байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд тусгагдаагүй. Ийм байхад нэр дэвшигчид байгаль орчны төлөө, хэт уул уурхайжилтын эсрэг л явах ёстой. Сонгууль болоогүй байхад мөрийн хөтөлбөрөөсөө ухарч болохгүй гэв.


Байгаль орчны ногоон парламентын гишүүн Б.Дүгэржав:
-Урт нэртэй хуулийг төрийн түшээд огт хэрэгжүүлэхийг хүсдэггүй. Хэрэгжих гэхээр л тээг тавьдаг. Ингэсээр байтал болиулна гэсэн уурхайнууд олборлолтоо хийгээд дуусч байгаа. 2 жил түдгэлзүүлвэл бүр юу болох вэ? Хэрэв Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй бол дараа дараагийн шатны арга хэмжээнд орно шүү, бид гэв.