sonin.mn

УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан байгаль хамгаалах тухай ярьж, Монгол Улсыг тэр чигээр нь ногоон болгочихын дайтай амлалтаар Чингэлтэй дүүргээс сонгогчдын саналыг татсан. Өдгөө дөрвөн жил өнгөрч Г.Баярсайханаас Чингэлтэй дүүргийнхэн хийсэн ажлынх нь талаар ам асууж сууна. Учир нь "Улс төрд мод тарья" гэсэн шаггүй хөөрхөн уриа дэвшүүлж байсны хувьд өнөөдөр  Чингэлтэй дүүргийнхнийг "ногооруулчихсан" нь хаана байна вэ.

"Таны "ногоон" амлалт биелсэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад эрхэм гишүүн "Миний хувьд Чингэлтэй дүүргийн иргэдэд ямар үүрэг өгсөн гэхээр байгаль, уул, усаа хайрлан хамгаалаарай, шударга ёсыг сайн сахиж биелүүлээрэй гэж л захисан. Иргэдийн өмнө өгсөн амлалтаа хангалттай биелүүлсэн гэж бодож байна" гэж хээвнэг хариулсан байдаг. Цагтаа Иргэний зориг намын гишүүн байсан Г.Баярсайхан УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө гэнэтхэн намаасаа урван АН-д элсч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн далбаан дор Чингэлтэй дүүргээс сонгогдож гарч ирсэн.

Улс төрд олны танил хүлээн зөвшөөрөгдсөн их улстөрчийг дагаж, нэг тойрогт нэр дэвшиж суганд нь хавчуулагдан гарч ирдэг жишгийн дагуу мань эр явсан. Үнэндээ Чингэлтэй дүүргийн сонгогчдын хувьд Г.Баярсайхан гишүүн огт танигдаагүй цоо шинэ хүн байсан. Зөвхөн Чингэлтэй гэлтгүй Монголын ард түмэн, улс төрийн хүрээнд ч хийсэн ажил, амьдралаараа хэний ч анхаарлын төвд байгаагүй Г.Баярсайхан Ерөнхийлөгчийг даган гүйж яваад "ногоон" уриа гаргаж чамгүй мөнгөөр төрийн түшээгээр сонгогдсон "азтай" нэгэн.

Азтай гэхийн тухайд АН-д бэлтгэгдсэн гадаад, дотоодод сургууль төгссөн шижигнэсэн боловсролтой залуустай харьцуулахад баахан цагаан хунгийн дэргэд нугасны муухай дэгдээхэй шиг содхон харагдах вий. Ямар сайндаа УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг "Хуурамч доктор минь аятайхан байгаарай" гэж тавлаж суухав дээ түүнийг. ЭМШУИС-ийг хуурамч дипломаар төгссөн хэмээх шуугиан өнгөрсөн сонгуулийн өмнө ил яригдаж байсан.

Бүр баримтыг нь телевизээр олон нийтэд дэлгэж байсан санагдана. Харин энэхүү яриаг нам дарахын тулд Г.Баярсайхан УИХ-ын гишүүн байх хугацаандаа    чамгүй "боловсорчээ". Үүний баталгаа нь "Хүндэт профессор" цолтой болсон бөгөөд "Би доктор, профессор хүн. Тийм учраас Анагаах төгсөөгүй, хуурамч дипломтай гэх яриаг няцааж байна шүү" гэж хариулдаг. Эрхэм хүндэт цолыг жинхэнэ эрдэмтэнд олгодог болохоос биш Анагаах төгссөн эсэх нь эргэлзээтэй, УИХ-ын гишүүнд шууд ногоон гэрлээр олгодоггүй баймаар даа гэж эрүүл мэндийн салбарынхан ярьдаг.

Г.Баярсайхан гишүүн Монгол Улсын дээд боловсрол болон эрүүл мэндийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг төдийгүй ЭМШИУС-ийн тегсөгчийн нэр хүндийг өндөрт өргөж яваа нэгэн гэж үнэлэгддэг гэнэ лээ шүү. "Хуурамч доктор"-оороо УИХ дахь ангидаа адлагддаг Г.Баярсайхан гишүүн очир эрдэнийн орцтой "Concord" брэндийн 4000 ам.долларын үнэтэй цагаа ард түмэндээ тун гайхуулах дуртай. Муу хүн идэж ууснаа ярина гэдэг ардын онч үг шиг Г.Баярсайхан гишүүн брэндийн түрийвч, алтлаг забникаараа имиж стилиэ тодотгож байх зуур Чингэлтэй дүүргийн нэгч гэсэн иргэний амьдралд өөрчлөлт шинэчлэлт гарсангүй.

Чингэлтэй хайрханыг тахилгатай болгож хамгаалалтад авна гэсэн амлалт нь өнөөдөр хэрэгжсэн үү. Гишүүдийн тойрогт зарцуулагдах тэрбум төгрөгийг дорвитой ажилд зарцуулсан уу. Өнгерсөн сонгуульд нэр дэвшихийн тулд Г.Баярсайхан өөрийн эзэмшлийн "Найман зовхис" хэмээх I дунд сургуулийн урдах өндөр барилгыг 5.5 сая ам.доллараар бусдад зарсан гэдэг. Түүний өмнө Төрийн ордны зүүн талын "Хас банк"-ны байрыг мөн тус банкныханд чамгүй өндөр үнэр зарсан байдаг.

Тэрбээр овоо мөнгө цуглуулж УИХ-ын сонгуульд бэлтгэж орсноос биш төрийн хүний зангараг, боловсролоор имижээ тодотгосонгүй. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг мэргэжлийн сайн хуульч төдийгүй хуулийн салбарт чамгүй хувь нэмэр оруулж яваа нэгэн. Ч.Сайханбилэг гишүүн гэхэд интернэт гэрлийн хурдаар хөгжиж буй өнөө үед хөл нийлүүлэн яваа боловсролтой нэгэн.

С.Баярцогт АНУ-д боловсрол эзэмшсэн, Сангийн сайдын ажлыг сайн ч авч явж байсан нэгэн. Гэтэл Солонгост казинодож, архи ууж, зодолдсон гэх таагүй яриагаар Г.Баярсайхан гишүүн үеийнхэн дотроо тод ялгардаг. Тэрбээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зориггын ар өврөөр гүйж сэргээгдэх эрчим хүчний тендер авахаар оролдоод бүтээгүй учир дараа нь хувийн өс санаж Д.Зоригт сайдыг огцруулах өргөдлийг бариад гүйж явсан нь саяхан.

Ер нь УИХ-д шинэхэн гишүүний нэгд тооцогддог Г.Баярсайхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн муу боловсорсон гишүүнээр тооцогддог. Харин бусдын яриа, санааг хулгайлахдаа гарамгай нэгэн бөгөөд харагдсан камер болгоны өмнө хоолойгоо шахасхийгээд хамраа зантайлгаад нүдний шилний дээгүүрээ хямсгархан харах нь "Нянгар хаданд гарсан нь" хэмээх     инээдмийн эмгэнэлийн төрөлд багтах уран сайхны гол дүртэй тун адилхан төрхтэй.

"Сонгууль хаяанд ирж дээ. Телевиз асаахад өнөө л Г.Баярсайхан юу ч хамаагүй үсчиж ярьж байх юм" гэж Чингэлтэйн хөгшүүл өөр зуураа ярилцаж суудаг болжээ. Бүр шинэ жилээр өвлийн өвгөний хувцастай алиалах нь хэрээс хэтэрсэн талаар хэвлэлийнхэн чимхээд байсан. УИХ-ын 2008 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэг намаас буюу АН-аас хамт нэр дэвшиж өрсөлдөж байсан "Сонгогчдын боловсрол" төвийн тэргүүн Бурмаагаа ч өөд уруугүй хэвлэлээр муулж байж гарч ирсэн гэж яригддаг.

Маапаантай замаар, хуурамч дипломтойгоо төрийн өндөрлөг өөд тэмүүлж яваа Г.Баярсайхан гишүүний эх дэлхийгээ хайрлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх уран сайхан үгтэй уриа ард түмнийг нэгэнтээ уяраасан, татсан. Одоо эрхэм гишүүнээс сонгогчид амлалтыг нь нэхэж байна. Хэрэв та ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхгүй юм бол дор хаяж таны шүтдэг Есүс бурхан харж байгаа байлгүй дээ. Есүс бурханд итгэгчийн хувьд байгаль эх дэлхийгээ ногооруулах сайн үйлсийг ярьж явааг тань дэмжих хүн уг нь олон.

Одоо УИХ-ын 2008 оны сонгууль шиг "Ярих биш. Хийх үлдлээ". УИХ-ын гишүүн болсныхоо дараахан "Мөрөөдлийн минь нэг хэсэг биеллээ" гэж хөөрч байсан бол бас хариуцлага давхар үүрдэг гэдгийг эрхэм гишүүн та мартаагүй биз ээ. Г.Баярсайхан гишүүн "Таны "ногоон" амлалт хэрэгжсэн үү?" гэсэн асуултад "Өөртөө сайн гээд дүн тавьчихвал ёсгүй асуудал болох байх" гэж ирээд л өөрийгөө дөвийлгөж, худлаа магтсан байна лээ.

Гэтэл Чингэлтэйнхэн таны хийж буй ажлын үр дүнг амьдрал дээр нэг л харахгүй байх чинь. УИХ дахь хамгийн "ногоон гишүүн" хэмээн өөрийгөө тодорхойлох дуртай Г.Баярсайхан гишүүн та амьдрал дээр өөрөө ногооноооро үлдчих вий дээ. Нянгар хаданд авирсан ч нисч унадаг юм билээ.

Б.Наран
Эх сурвалж: "Нийслэл таймс"