sonin.mn
Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа Монголын ард түмэн хэдхэн хоногийн дараа тэмдэглэх гэж байна.
 
Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, найруулж ажилдаа орсон.
 
Энэ жилийн наадмыг үндэсний язгуур урлагийг дээдэлсэн, монгол бахархлыг төрүүлэхүйц зохион байгуулах гэсэн төлөвлөгөө байгааг зохион байгуулах комиссынхон нуугаагүй. Тиймээс Ардын язгуур урлагаар тоглолтоо бүрэлдүүлж байгаа нь өмнөх жилийн наадмын тоглолтын үйл ажиллагаанаас онцлог болж байна. 
 
Тухайлбал 2222 морин хуурч хуурдаж, 999 дуучин уртын дуугаа уянгалуулж, 999 бүжигчин үндэстэн ястнуудын бие биелгээ бүжгийг бүжих зэрэг олон үндэсний урлагийн сор болсон үзүүлбэрүүд багтжээ.
 
Баяр наадмын босгон дээр баяр наадмын найруулагч гавъяат жүжигчин Д.Сосорбарамаас наадмын урлагийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бэлтгэлийн талаар цөөн хором ярилцлаа.
 
 
-Жил бүрийн баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан туг залж, наадамчин олон нааддаг. Энэ удаагийн баяр наадмын үйл ажиллагаа үндэсний урлагийг дээдэлсэн бахархсан байх төлөвлөгөөтэй байгаа. Наадмын тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
 
-Наадмын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтыг үндэсний өв уламжлалыг хадгалсан, дээдэлсэн урлагийн тоглолтуудыг барихаар бэлтгээд байна. 2222 морин хуурч хуурдаж, 999 уртын дуучин дуулж, 999 бүжигчин хөөмийчид, ястнуудын биелгээ зэрэг дандаа үндэсний урлагийг тоглолтодоо оруулж байгаа.
 
 
-Монголчууд амны бэлгээс ашдын бэлэг хэмээн бэлэгшээдэг. Энэ жилийн наадамд оролцох ардын язгуур урлагийн бүрэлдэхүүний тоо монголчуудын хувьд аз одтой тоог бэлэгшээсэн гэж ярих юм?
 
-Монголчууд есийн тоог их бэлэгшээдэг. Тийм ч учраас есөн хөлт цагаан тугаа шүтэж, хүндэтгэдэг. Их баяр наадмаараа ч есийн тоог бэлэгшээж, үндэснийхээ урлагийн дэмжиж, олон хүмүүсийг татаж оролцуулах зорилгоор энэхүү 999 уран бүтээлч оролцож байгаа юм.
 
 
-Эдгээр үндэсний урлаг дундаас халх, буриад, барга, цаатан гэх зэрэг олон ястнуудын бие биелгээ онцлогтой байгаа. Таван мянган ястнуудын бие биелгээчин цугларч, нэгэн зэрэг бийлж, байгаа нь томоохон онцлог байна?
 
-Долоон сарын 10-нд Сүхбаатарын талбайд таван мянган биелгээчин биелж, гиннессийн амжилтыг тогтоож ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болсон. Энэ нь манай үндэсний урлагийн хувьд томоохон арга хэмжээний нэг юм.
 
 
-Таван мянган бие биелгээчин аль аймгуудаас оролцож байна вэ. Энэхүү ажлыг ямар байгууллага зохион байгуулж байгаа вэ?
 
-Таван мянган бие биелгээг “Хөг сүү” чуулгын хамт олон зохион байгуулж байгаа. Төв, Увс, Баянхонгор, Дорнод, Дундговь, Дархан зэрэг аймгуудын биелгээчид оролцож нэг зэрэг бийлэх юм. Энэ ажлыг амжилттай зохион байгуулахын тулд Монголын ард түмний сэтгэл зүрх их хэрэгтэй байгааг онцлон хэлье.
 
 
-Нээлт хаалтад үндэсний урлагыхнаас гадна рок попын уран бүтээлчид оролцох уу?
 
-Рок попын уран бүтээлчид дуучид оролцохгүй. Зөвхөн дээр дурьдсан үндэсний урлагийнхан оролцоно.
 
 
-Энэ жилийн наадмын урлагийн тоглолтын онцлог, ач холбогдол юу вэ?
 
-Үндэснийхээ урлагаар бахархаж, дээдэлсэн наадам болгох онцлогтой. Монгол түмний үндэсний их баяраар үндэснийхээ урлагаа дэлхийн нийтэд танилуулж, сурталчилж, бахархах сэтгэл наадамчин олонд төрүүлж, хамтдаа дуулж, хуурдаж өнгөрүүлэх юм.
 
Нөгөөтэйгүүр одоогийн нийгэмд залуус хойч үе маань Монголынхоо өв соёлыг мартаж, гадны соёлыг тахин шүтэж байгаа нь аюул занал учруулах хэмжээнд хүрч байна. Монгол омогшил, Монгол бахархал төрүүлэх, өв соёл заншил, үндэсний хувцас, ардын язгуур урлаг ямар гайхамшигтэй гэдгийг таниулах, ойлгуулах ач холбогдолтой.
 
 
Ш.Отгонцэцэг
 
Эх сурвалж: