sonin.mn
Ус зөөх, түлээ хагалах, нүүрс түлэхээс ангид өссөн гулжганасан төрийн томчуудыг хараад заримдаа ой гутах шиг. Өвлийн хүйтэнд бээрч үзээгүй, үсрээд л бичгийн цаас өргөдөг цагаан захтнууд өвдсөн гэхээр өмнөөс нь ичиж үхэнгээ алдах юм.
 
Дүн өвлийн хүйтэнд дийлэнх айл голомтдоо ганц ширхэг түлээгүй, амнаас нь уур савсан байхад татварын мөнгөөр тансаглаж давхидаг том хар машин нь зуны улирал шиг дулаахан байдаг биз дээ.
 
Үгээгүй хоосонд төрөөгүй, дутагдаж, гачигдах зүйлгүй сайхан амьдралд өссөндөө талархах ёстой байтал, улам бүр шунахайрч улсын мөнгө шамшигдуулж, эцэст нь шоронд орж байгаа бол хохь чинь гэж хэлмээр байна.
 
Гэвч тэрбум, тэрбумаар нь зусалчихаад, эцэст нь өвдөж, хавдсан шалтгаанаар эдгэрэх бус, эрүүгийн хуулиас мултрах арга сүвэгчилдэг сулбагар бас шалчгар авлигачдын гай энгийн иргэдийг илүүтэй хохироодог нь харамсалтай.
 
Ханаж, цаддаггүй шунаг сэтгэлийн гайгаас үүдэж баян, хоосон гэх хоёр нийгэм алсарч, бараг л балартах дөхжээ, жим нь. Тиймээс авлигачийг өршөөх нинжин сэтгэлийг ул мөргуй устгах хэрэгтэй.
 
Урд хөршөөс жишээ татан өгүүлэхэд, эрх мэдлээ хэтрүүлж, хээл хахууль авсан хэрэгт буруутай Хятадын Төмөр замын сайд асан Лю Жизюнд авлига авсан хэргээр цаазын ял оноосон. Улмаар ялыг хөнгөлж, бүх насаар нь хорих ял болгосон гэдгийг дэлхий даяар нухацтай хүлээн авлаа.
 
Энэ шийдвэр ганцхан авлига авсан Лю Жизюнд оногдуулсан ял бус Хятад улсын хөгжлийн замд тээг болсон авлига гэгчийг шийтгэсэн, сануулсан том цохилт болсон юм. Харин манай улс авлига, хээл хахуулийн хэрэгт төдийлөн олон жилийн ял оноодоггүй байсан.
 
Дуулиант МИАТ-ийн хэрэгт холбогдолтой, хэрэгтнүүд л түүхэндээ анх удаа 10 гаруй жилийн ял сонссон. Харин экс ерөнхийлөгч Н.Энхбаяр 2.6 жилийн ялыг биеэр эдэлж байна. Түүний хэрэгт холбогдолтой этгээдүүд ч гэсэн ч хийсэн үйлдэлдээ тохирох ялаа эдэлнэ гэдэгт итгэлтэй байна.
 
Тэдний нэг нь НИТХ-ын дарга асан Т.Билэгт. Тэрбээр өөрийг нь урт хугацааны турш дэлхий даяар эрэн сурвалжилж байгааг мэдээгүй, бас л эх орноосоо оргон зайлаагүй, өвдөж хавдаж яваад ирсэн гэдэг. Тэрбээр АНУ-аас энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ирж, маргааш нь АТГ-ынханд ачигдсан "гэм хоргүй" нэгэн.
 
Угтаа Т.Билэгт гэх эрхэм нисэх онгоцны буудлаас баригдаж, шууд л шоронд явах учиртай байсан. Гэвч тийм зүйл болоогүй нь Н.Энхбаярын араас арай хөнгөн ял авах тохироо байсан талаарх сэжүүр болсон. Энэ нь ч сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлаас харагдах болж.
 
Түүний мэдүүлгийн дагуу, Н.Энхбаярын гэр бүл, худ нарын гэрийг нь хүртэл шалгаж, битүүмжилсэн. Харин Т.Билэгт өдгөө өөрөө гэртээ амарч байна. Тодруулбал, түүнийг сэжигтнээр тооцон хорих хугацаа дууссан, мөн эрүүл мэндийнх нь байдал муу байгаа шалтгаанаар батлан даалтад гаргасан байна.
 
Гэтэл тэрбээр энэ сард Хууль зүйн сайдад хувийн захидал хүргүүлэхдээ, эрүүл мэндээ эмчлүүлж байсан, бүх асуудлаа шийдсэн учраас өөрөө эх орондоо очиж байна гэх утгыг илэрхийлсэн билээ. Товчхондоо, эрүүл саруул болсон хэмээж байв.
 
Аргагүй ч үгүй биз, хоёр жилийн турш АНУ-д эмчлүүлсэн юм чинь. Хууль, хяналтын байгууллага хүртэл түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорихоос татгалзах үндэслэл байхгүй хэмээн мэдэгдэж байв.
 
Гэтэл "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар таймс" сонины байрыг хууль бусаар хувьчилж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгг сэжигтэн, холбогдогчоор татагдсан Т.Билэгтийн эрүүл мэнд муудах гэж үү.
 
Хийсэн хэргээ хүлээж, тансаг зэрэглэлээсээ түр ч атугай хөндийрөхөд эрх, мэдэлтэй нэгний эрүүл мэнд нь мууддаг бололтой. Тиймээс тэдэнд хамгийн их зохих ажил нь иргэдийн татварын мөнгийг шамшигдуулж, идэж уугаад сууж байх бололтой.
 
Үнэхээр эрх мэдлээ урвуулан ашигласан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон авлигачдын хэргийг эргээд харвал эрүүл мэнд нь муудаагүй нэг ч тохиолдол байхгүй байгаа нь хачирхалтай шүү.
 
 
А.Чилүгэн
 
Эх сурвалж: