sonin.mn
Хэдхэн жилийн өмнө Япон  улсад болсон газар хөдлөлт дэлхий нийтийг төдийгүй монголчуудад ч нэгийг бодогдуулсан. Тухайн үед хүн бүр л “Улаанбаатар хотод хүчтэй газар хөдөлбөл хэдэн байшин үлдэх бол” хэмээн бодлоо чилээж байсан цаг саяхан.
 
Харин манай орны хувьд түрээд ороод ирэх далай тэнгис, цунами, хуй салхи байхгүй ч түүнээс дутахааргүй аюул дээд цэгтээ тулсан нь барилгын салбарын балагтай барилгуудаас үзэгдэнэ.
 
Учир юу гэвэл, барилгын компаниуд гэх хавтастай төсөл барьсан хэдэн нөхдүүд бүтээн байгуулалт гэх нэрийдлээр “бүтэн өнчрөл”-ийг бий болгох болсон нь өдгөө хүн бүрийн ундуйцлыг төрүүлж буй. Арга ч үгүй биз.
 
Нэг өглөө сэрэхэд л баталгаатай, баталгаагүй нь үл мэдэгдэх өндөрт сүндэрлэсэн “шавар овоолго”-ууд энд тэндгүй баригдаж, хэзээ хаанаас төмөр унаад ирэх бол гэсэн айдсаар дүүрэн өдрүүд үргэлжилсээр буй үед энэ асуудлыг дорвитойхон шийдвэрлэсэн зүйл алга.
 
Нийслэлд алга дарамхан газар харагдах юм бол кран “сойгоод”, блок өрөөд эхэлдэг нь Монголын барилгын салбарт ердийн үзэгдэл болчих¬сон. Өдгөө нийслэл дэх 110 мянга гаруй байшин, барилгын 300 гаруй нь газар хөдлөлтөд тэсвэргүй, тусгай зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангадаггүй гэдгийг албанынхан мэдээллэсэн.
 
Тодруулбал, эдгээр барилгын 90 гаруй нь одоо ч нурахад бэлэн болсон гэнэ. Манай улсад хүчтэй газар хөдөлбөл төдий л олон байшин тэсч үлдэхгүй гэдгийг холбогдох албаныхан болон ашиглалтад дөнгөж орсон мөртлөө хана нь цуурсан байшингууд “хэлээд” өгдөг нь нүднээ илт.
 
Гэтэл өдгөө өчнөөн олон гэр бүлийн амьдын хагалцалд өнчрүүлж, түмэн иргэдийн халаасыг хоосолсон буруу мөртэй барилгын компаниудыг хазаарлаж, дэгэнд оруулахгүй өдийг хүрсэн нь сонирхол татаад болдоггүй.
 
Хүний амь, хүүхдийн нулимс үзэж байж гэмээнэ үүргээ ухамсарлаж, ажлаа оромдсон болдог эрх мэдлийн суудалд өгширтлөө суудаг эрхмүүдийн ажлыг хийлгэж, хэрэг хийхдээ гаршсан компаниудын барилгын салбараас арчиж, газартай нь тэгшилж иргэдийнхээ гомдлыг тайлахгүй бол болохгүйдэг.
 
Угтаа бол нэгэн цагт хотын дарга барилгын салбарын 44 “багийн алуур”-уудыг тоглолтоос гаргах шийдвэр гаргаж, дорвитой ажил хийхээр ханцуй шумалсан ч удалгүй уг шийдвэр нь ул мөргүй алга болж, ганц барилгын насыг гүйцээсэн.
 
Гэтэл өдгөө хотын дарга дуусгаагүй ажлаа дуусгахаар төлөвлөж, Улаанбаатар хотод баригдаж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцэлж, хуулийн дагуу шийдвэрлэхээр захирамж гаргаж холбогдох албаныханд үүрэг өгч эхэлжээ.
 
Энэ ажлын хүрээнд есдүгээр сарын 10-ны өдөр “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” захирамж гаргасан бөгөөд тус захирамжийн VI,VII заалтаар зарим зөрчилтэй барилгын ажлыг зогсоож, хуулиас дээгүүр эрх мэдэл гарган ямар ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын норм хангаагүй зарим барилгыг нураахаар болсон байна.
 
Тухайлбал, 90 гаруй зөвшаарөлгүй барилгын жагсаалт гаргаж, батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, барилгажих талбайн хэмжээг томруулсан Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэр, “Урт цагаан” үйлчилгээний төвийн хойно иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар “Сүмбэр цамхаг” ХХК-ийн барьж буй үйлчилгээтэй орон сууцны барилга, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бямбасүрэнгийн захиалгаар барихаар зохих зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэсэн үйлчилгээтэй орон сууцны барилга, мөн барилгын салбарын акул гэх Ноёд,
 
Таван богд, Бүрд, Зуншин, Орчлон компаниудын байгууламжийн угсралтын ажлыг түр хугацаанд зогсоож, анх олгогдсон газрын хэмжээ, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон гэв.
 
Угтаа бол эл шийдвэрээр барилгын салбарыг цэвэрлэх гэж буй нь сайшаалтай ч чихэнд дуулгаад өнгөрөх бус нүдэнд үзэгдтэл хийвэл хэн хэндээ тустайсан. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, барилгын ажлын улирал дуусах үед ийм шийдвэр гаргадаг нь хотын удирдлагуудын гэм биш зан бололтой.
 
Анхнаас нь зах хязгааргүй олон тендер зарлаж, сарвайсан болгонд газар өгч, зөвшөөрөл олгоогүй бол өдгөө хоёр ажил хийх шаардлага гарахгүй баймаар. Их хотыг хэрсэн зөвшөөрөлгүй барилгуудад хэнбугай гэгч ноёнтон хэдэн жил дугаарлаад олдоггүй газрын зөвшөөрөл түмэнд тараадаг байна аа.
 
Бэлэн идээнд амташсан компаниудын толгойг илж, барилгын салбарт эрхлүүлчихээд эцэст нь нялцгай гурил шиг арга ядсан ийм ажил эхлүүлж байгаа нь хэнд ашигтай вэ. Урд нь ийм шийдвэр гаргачихаад гүйцэтгэлгүй орхисон нь цаанаа улс төр яваад байгаа юм биш биз дээ гэх хардалт үүсгэж байна.
 
Уг нь бол хотын дарга болсон даруйдаа Үүл баатар барилгын салбарынхантай дайн зарлаж, зах зухаас нь эмхэлж, цэгцэлж эхэлсэн салбар бол барилга. Тэр дундаа чанаргүй болон зөвшөөрөлгүй, нийтийн эрх ашгийг зөрчин барилга барьж буй компаниудтай тэмцэж эхэлсэн явдалд иргэд эхэндээ ам сайтай байсан.
 
Гэсэн хэдий ч өдгөө түүнээс ажлаа хийж, амлалтаа хэрэгжүүлэхийг шаардах хүн олон болсон. Өөрөөр хэлбэл, эрхэм Хотын дарга ажлаа авсан даруйдаа барилгын салбарынхныг ёстой л нэг шууруулж эхэлсэн дээ.
 
Түүний энэхүү үйлдэлд иргэд алга хавсран баярлаж байсан ч хэсэг хугацааны дараачаас эхлэн чимээгүйхэн болчихсон нь дээрх хардалтыг улам лавшруулах мэт. Аль хэдийнэ баригдаад эхэлсэн барилгыг нураах шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй шийдвэр гэх мэтээр нэр бүхий компаниуд хотын мээрийг шүүмжилж байсан цаг саяхан.
 
Ямартай ч түүний зөв ч байсан буруу ч байсан барилгын салбарынхныг хазаарлаж, эмх цэгцэнд нь оруулахаар сэдэж, хийж эхэлсэн нь үгүй мөн болж байна шүү.
 
Ж.Эрдэнэчимэг
 
Эх сурвалж: