Эрийн гурван наадмын зар түгсэн Монголын зун сайхан. Хөдөөд бүр ч тэнүүн, цэцэг ногоо дэлгэрсэн урин цагаар хүлэг моридын уяа сойлго жигдэрч, хүчит бөхчүүдийн бэлтгэл ханаад уяачид бөхчүүдийн галаар хууч хөвөрч, хүн малын зоо тэнийгээд амар амгалангийн анир сэрэх нь таатай.
 
Өнгөрсөн зууны үүх түүх, тухайн үеийн улс амьтны намтраас чамгүй мэдэхийн хэрээр ахмад настан миний бие нэг боловч сайн сайхан хүний тухай дурсан санаж, залуу хойч үеийнхэнтэйгээ хуваалцах нь зүйн хэрэг хэмээн сэтгэнэм.
 
Үүний учир аймгийнхаа 90-н жилийн түүхт их ойг тохиолдуулан Шүүхийн даргаар ажиллаж явсан, нэрт уяач Донойн Цэгмидийн талаар асууж сурч, явсаныхаа хэрээр бэсрэгхэн түх өгүүлье. Миний бие аймгийн шүүхэд алба хаших болж", 1983 онд төр албаны томилолтоор Хэнтийд ирсэн хүн.
 
Тэр цагаас нэр, алба нэгт нэгэн хүмүүний од хийморь, аз дуудсан авьяас чадварыг хүндэтгэн бишрэх болж билээ. Аливаа хүн хаа газар ажил алба гэж явахдаа өөрийнхөө өмнө ажиллаж байсан хүмүүсээс асууж сурагладаг нь гэм биш зан юм.
 
Би ч гэсэн үүний нэгэн адилаар урд өмнө нь Хэнтий аймгийн Шүүхийн даргаар хэн гэгч ямархан хүн ажиллаж байсан талаар асууж сураглаж яваад л түүний талаар мэдэх болсон билээ. Тэрбээр надтай нэр нэг Донойн Цэгмид гэх нутаг усандаа зартай уяач, бас ч гэж багагүй тамир тэнхээтэй сайн эр явжээ.
 
Хэнтийд ирсэн үеэсээ л аймгийн баяр наадмын хурдан морины комиссын бүрэлдэхүүнд орж ажилладаг байсны зэрэгцээ хөдөө сумдаар адуучид, уяачдаар их явдаг байсан тул чамгүй олон хууч, түүхээр сонороо мялааж явлаа.
 
Нэг удаа Насан-Очирыг аймгийн дарга байхад Дорнод, Сүхбаатар аймгийн уяачдыг угтах журмаар тосч уулзахад тэд "Хэнтийнхэн биднийг хүлээж авлаа" гэж хөөрцөглөж, маш урамтай байсан санагдана.
 
Тэдний ихэнх нь Цэцэн хан аймгийн Ёс бэйсийн хошуу хуучнаар "Жавхлант шарга" аймгийн хязгаар чиглэлийн "Матад, Тамсагийн  ар тал" "Дарьгангын бор толгод" гээд захын сумдын уяачид байлаа. Галшарын адуу, Донойн Цэгмидийн адууны уг угшил гээд их сонирхож байх юм.
 
Яриа ч халж , би ч бас мэдэмхийрэн худал үнэн юм багагүй ярьж суухдаа адуу малтай хувь заяагаа холбосон энэ алдарт хүний "Бөгөн хул, Анхсай саарал" азарганы үр төл шинэ адууны тухай сонсож байсан юм. Тэр нь одоо ч хойч үед нь бий гэдэг шүү.
 
Үг нь үнэ цэнэтэй, сэтгэл нь сэвгүй тунгалаг хүн гэдэг ийм л гавьяатай, нэр хүндтэй байдаг аж. Амбан сэцэн хааны алдарт уяач Донойн Цэгмидийн гараар ороогүй, адуу зүүн гурван аймагт байхгүй хэмээн улс амьтан ярьдаг байж билээ.
 
Д.Цэгмид арван хэдтэйдээ хошуундаа "Улсын бичээч" гэгдэн төрийн алба хашиж эхэлсэнээр удалгүй аймгийнхаа шүүхийн даргаар томилогдож ажиллаж байгаад өөрийнхөө саналаар чөлөөлөгдсөн ажээ. Адуу малтай унаган мэдрэмж, хүсэл сонирхол нь адуу мал руу хөтлөө биз. Адууны тэнгэр ч дуудаа биз.
 
Ямар ч гэсэн хүлгийн жолоо атгажээ. Тэрээр тавиад оноос Хөдөө аж ахуйд нэгдэл гэдэг шинэ салбар бий болоход нэгдэл, бригадын даргын албыг олон хашсан бөгөөд цог золбоотой залуу насаа өөрийн өссөн төрсөн нутаг ус, аав ээжийн дэргэд, адуу малынхаа дунд тоосонд өнгөрөөжээ.
 
Хурдан адууны шинж, удам угшлыг бүр багаас нь сонирхон Харж мэддэг байсан тухай нь олон ч учир мэдэх улсаас дуулж явлаа. Тухайлбал, Д.Цэгмид нэг удаа нутгийн айлаар явж байхад нь хэсэг адуун дунд нялх унага эхийнхээ хажууд тэнцэн ядан байж гэнэ.
 
Цаг  үе  өдөр гариг, өнгө зүсийг бэлэгшээн бодож санаж явсаар дааганд нь худалдан авч наадамд уясан нь түрүүлж байж. Энэ бол хурдан адууг таньдагийн илрэл юм. Цэгмид гуай залуу зандан цагаасаа улсын наадмаас таван түрүү, есөн айраг авч нутаг усныхаа нэрийг дуудуулж, од хийморио гялалзуулж явжээ.
 
Хожим нь нутгийнхаа "Дэлгэрцогт" уулын тахилгын наадмаас зургаан түрүү авчихаад өөрөө барилдаж түрүүлээд шагналын долоон даагатай ирж байсан удаа ч бий гэдэг. Монголын төрийн сүлдэнд адуу, хүн хоёрт буян багтаж явдаг нь учиртай ажээ.
 
Дээр өгүүлсэнээс илүү ихийг нямбайлан цуглуулж, баяжуулж төдийлөн амжаагүйдээ багахан чамлаж л сууна. Ямартай ч Донойн Цэгмид гээч ийм л цоглог золбоолог, хийморьлог монгол эрсийн нэгэн байжээ.
 
Тухай тухайн үеийн төрийн араншинд захирагдан, цаг цагийн эринд нийцүүлэн, үе үеийн шийдлийн дагуу дундаа гучаад жилийн зайтайгаар Хэнтий аймгийн шүүхийн даргын суудалд сууж, төрийн тамга атгаж явсан хоёрын нэг нь нөгөөгөө санан дурсаж хүндэтгэн ийнхүү сийрүүллээ.
 
Үүнийг Цэгмид гуайнхаа гэгээн дурсгалд зориулж бичсэн юм шүү гэж үр хойчид нь дуулгая.
 
 
 Хэрлэн сумын өндөр настан И.Цэгмид
 
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ" сонин