sonin.mn
Хоёр удаагийн дайнд оролцсон ахмад дайчин Доржийн Зундуйдагва гуайтай уулзаж дурсамж дүүрэн амьдралынх нь талаар сонсох ховорхон  завшаан тохиолоо. Баянцагаан уулын өвөрт нутаглах түүний намтар түүх, уран гар, ур авьяасаар нь бүтсэн музей хэн хүний сэтгэлийг эрхгүй татах ажээ.
 
Төр засгаас түүний байгуулсан гавъяа, хийсэн хөдөлмөрийг үнэлж "Цэргийн гавъяаны улаан тугийн одон ", "Алтан гадас " одон, "Бид ялав", "Чөлөөлөх дайны 30, 68 жилийн ойн хүндэт тэмдэг, "Байлдаанд оролцсон ахмад дайчин", ОХУ-ын "Запобейду над Японией", "Георгий Жуков"-ын нэрэмжит шагнал, "Ардын хувьсгалын ойн тэмдгүүд",
 
БНМАУ-ын "Тэргүүний анчин", "Тэргүүний ажилтан", "Улсын сайн малчин", "Нигүүлсэл" алтан медаль", Монголын улаан загалмайн нийгэмлэгийн тэмдгүүд, одон, медалиар шагнасныг ярилцлагын эхэнд дурдахад бахархалтай байна.
 
 
-Сайхан намаржиж байна уу, Бие тэнхээ сайн уу?
 
-Сайхан намаржиж байна. Энэ жил өвөл эрт эхэлж байна. Та нар сайн явцгааж байна уу, Хаанаас яваа хүүхдүүд вэ?
 
 
-Бид Дадалын отрядаас явж байна. Тантай уулзаж сонин сайхан сонсохоор зорьж ирлээ. Та аль нутгнйн хүн бэ, нас сүүдэр хэд хүрч байна вэ?
 
-Би Хан Хэнтий Уулын аймгийн Дадал сумын уугуул, одоо 97 нас хүрч байна даа.
 
 
-Бага залуу насныхаа дурсамжаас хуваалцаач. Таныг хоёр удаа дайнд оролцсон гэж сонссон юм байна.
 
-Би хүүхэд насаа мал маллаж өнгөрөөсөн. 1939 онд Дорнод аймгийн Матад сумын Баян цагааны дивизид цэргийн албанд татагдаж 5 жил алба хаагаад 1944 онд цэргээс халагдсан. 1939 оны Халх голын дайн, 1945 оны Их Хянганыг чөлөөлөх дайнд оролцож байсан. Бидний залуу нас их хэцүү үед өнгөрсөн дөө.
 
Хувьсгал анх үүсч байсан үе болохоор хэцүү үе байлаа. Өвөө нь их мартамхай болжээ. Дайны үед миний санахад цэргүүд оков ухаад л, энд тэндгүй бөмбөгдөөд л, оковны аман дээр бөмбөгний хэлтэрхийнүүд хөглөрсөн дүр зураг санаанд орж байна. Тэр үед ямар ч байсан айж сандарч байгаагүй санагдана.
 
Миний гол хүсэл бол энэ их үнэ цэнээр хамгаалж үлдсэн эх орон минь дайн дажингүй тайван байж үр хүүхдүүд, эх орны эзэд хойч маань байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж, харамлаж яваасай гэж хэлмээр, захимаар санагддаг.
 
 
-Дайнаас ирээд та ямар алба хашиж байв?
 
-Залуудаа улсын анчин хийж байлаа. Та нар намайг ан амьтан устгадаг гэж буруу ойлгож болохгүй шүү. Би улсын төлөвлөгөө биелүүлэх гэж улсаас өгсөн даалгаврын дагуу ан агнадаг байсан юм. Манай нутаг чинь ууландаа антай, усандаа загастай баян хангай. Манай нутаг үнэхээр баялаг Монголын Швейцарь ч гэж ярьдаг шүү дээ.
 
 
-Ямар ан агнаж байв даа?
 
-Энэ нутагт байдаг бүх л төрлийн анг агнасан даа. Харин загас л агнаагүй юм. Яагаад гэвэл загас урт настай, удаан амьдардаг, үржил сайтай амьтан шүү дээ. Ан гэдэг эр хүний хийморийг сэргээдэг бас нэг бахархал юм даа.
 
 
-Ан агнадаг арга барилаасаа, мөн өөрт тохиолдож байсан сонирхолтой үйл явдлуудаасаа сонирхуулаач?
 
-Миний хувьд ан амьтныг өөрийн дуу хоолойгоороо дуудаж ирүүлдэг байсан.
 
 
-Та амьтадын дууг дуурайж дуугардаг гэсэн үг үү?
 
-Тиймээ, дуугаараа дуудаж ирүүлдэг байсан. Үүнийгээ залуучуудад хэлдэггүй. Яагаад гэвэл ан амьтанаа хайрлаж байна. Сонирхолтой, гайхмаар үйл явдлууд их л тохиолдож байлаа. Нэг удаа чоно дуудахад сүрэг чоно 20 метрт ойртож ирээд би тэгэхэд огт сандраагүй тавыг нь буудаж агнаж байлаа.
 
Бас нэг удаа ойд явж байгаад гэнэт жимс идээд зогсож байгаа баавгайтай тааралдаад түүний хажуугаар өнгөрөхдөө дотроо "Би чамд хор хүргэхгүй, жимсээ тайван ид дээ" гэж хэлэхэд намайг сонссон юм шиг яагаа ч үгүй сонин юм шүү.
 
 
-Сүүлийн үед чоно ихсээд айл амьтаны хоттой малыг сүйтгэж байгаа дуулдах юм. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
 
-Залуучууд чоныг хурдан машины хүчээр алдаг болсоныг буруу гэж бодож байгаа. Чоно яахав байгалийн зохицлоороо гайгүй болох учиртай.
 
 
- Таны хамгийн хайртай ан чинь юу вэ?
 
-Үнэгэнд хайр хүрээд, өрөвдөөд байдаг юм. Үнэг тэнэг мөртлөө гэнэн амьтан, өөрийг нь алах гэж байгааг огт мэддэггүй.
 
 
-Танай хойморт өлгөөтэй байгаа нум саадаг, цахиур буунууд хэнийх вэ? Таны хэрэглэж байсан эд үү?
 
-Би Билгүүтэй баатрын удмын хүн байгаа юм. Өөрийнх нь хэрэглэж байсан нум саадгийг нь алдчихсан. Тэгээд л өөрийн нүдээр харж байсан болохоор дуурайлгаж хийсэн ухаантай юм. Цахиур бууны хувьд би энэ буугаар ан хийгээгүй, цахиур буу устаж үгүй болох ойрхон болсон учраас үр хойчдоо өвлүүлж үлдээх гэж байлгаж байгаа юм даа.
 
 
-Та хамгийн сүүлд ямар ан агнасан бэ?
 
-Би 75 настай байхдаа баавгай агнасан. Уулын өвөрт зогсож байсан баавгайг олж хараад "Би юуны төлөө Билгүүтэй баатрын үр удам билээ" гээд сумаа шившээд тавьсан чинь уулнаас баавгай өнхөрөөд орж ирсэн шүү. Тэр баавгайны арьсаар чихмэл хийгээд музейдээ тавьчихсан байгаа.
 
 
-Музейг хэдэн онд байгуулсан юм бэ, одоо ямар үзмэрүүд байна вэ?
 
-1980-аад оноос музейнхээ үзмэрийг хийж эхэлсэн. Тухайн үед Японы сэтгүүлчид ирж зургийг минь аваад сэтгүүлд тавьсан байлаа. Тэгэхээр нь урам ороод музейн үзмэрээ идэвхитэй баяжуулсан дай.
 
Миний музейд бүх төрлийн ан амьтаны чихмэл, сонин содон байгалийн тогтоцтой модны үндэс, мөчир, өөрийн гараар сийлж хийсэн амьтад, эмээл тохош, гадаад орноос найз нөхдийн авчирч өгсөн ховор зүйлүүд бий.
 
 
-Энэ нутагт хандгай байдаг биз дээ. Таны үзмэрт хандгай харагдахгүй байх юм?
 
-Хандгай бол дархан цаазтай амьтан. Тиймээс агнаагүй ээ. Миний Оросын генерал найз өөрөө хандгайн эврийг авчирч өгсөн. Улсын хилээр гаргахгүй байсан юм билээ. Тэгээд л тэр.
 
 
-Улсын хил гэснээс хилчдийн талаар таны бодлыг сонсох сайхан байна. Та манай отрядын хариуцсан хэсэгт он удаан жил амьдарсан байх. Энэ талаар сэтгэгдлийг тань сонсохыг хүсч байна?
 
Тэгэлгүй яахав. Өвөө нь хилчилдээ их хайртай. Хилчдийн талаар . үнэхээр сайхан "Гэгээлэг бодлыг тээж явдаг. Хилээ хамгаална гэдэг хүн болгонд тохиодоггүй сайхан хувь заяа шүү. Өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутгийг нүд цавчилгүй манаж, хамгаалж, хайрлаж яваа хилчдээрээ цаг үргэлж бахархаж явдаг.
 
Тийм ч учраас хилчдийнхээ ажилд нэмэр болох гэж орон нутгийнхаа нэгээхэн хэсэг газрыг ч гэсэн хамгаалалцаж явна гэж боддог. Хан Хэнтий Уул аймгийн хилчиддээ үргэлж баярлаж явдаг, миний музейг байгуулах, олны хүртээл болгоход нэлээд хувь нэмэр оруулсан улс шүү дээ.
 
 
-Манай ангийн байгалийн музейд зочилж байв уу?
 
-Танай ангийн  захирагч, хурандаа Ж.Жамсрандоржийн санаачлагаар байгуулагдсан байгалийн музейг үзэж байсан. Би энэ музейд нэмэр болгож, билэгдлийг бодож, өөрийн гараар хийсэн, эдэлж хэрэглэж байсан буриад нум саадаг бэлэглэсэн.
 
Хүнд хүртээлтэй, үр хойчдоо хэрэгтэй сайхан зүйл санаачилж хийсэн байна лээ. Цаашдаа энэ үзмэрээ баяжуулж явахыг хилчдээсээ хүсье. Нийт хилчиддээ Эх орон, дархан хилээ хамгаалах ариун үйлсэд тань амжилт хүсье дээ.
 
 
-Танд баярлалаа. Таныг төрийн дээд одон медалиудаар шагнасан байна. Энгэр дүүрэн одон тэмдэг дотор урлагийн авьяасыг тань үнэлсэн тэмдэг байх шиг байна. Та урлагийн ямар авьяастай хүн бэ?
 
-Надад онцлохоор урлагийн авьяас байхгүй. Би хоолойныхоо чадлаар ан амьтдыг дуудаж ирүүлдэг, мөн музейн үзмэрүүдээ бүгдийг нь өөрийн гараар хийхээс гадна мод, төмрөөр дарх хийдэг. Үүнийг минь үнэлж шагнасан юм.
 
 
-Та сайхан өндөр насыг наслажээ. Үүний нууц юу вэ?
 
-Нууц гээд байхаар зүйл байхгүй. Ирсэн хүн болгон л асуудаг юм. Би ууланд амьдарч, уулын ус ууж, ургамал, жимс идэж явсаны ид шид байх л гэж боддог. Бас нэг зүйл гэвэл хүн хоолыг зохицуулж хэрэглэх ёстой. Үүнд урт наслах учир байна. Баянцагааны агаар хүнийг эмчилдэг гэдэг. Та бүхэн байгалиа шүтэж яваарай.
 
 
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Та хойч үе бидэндээ үнэтэй сургамжаа хайрлана уу?
 
-Намайг хүндэтгэж ирсэн та нартаа баярлалаа. Эцэст нь хэлэхэд "Хойч үе, үр хүүхдүүд минь байгаль эх дэлхийгээ хайрлаж, түүнийгээ шүтэж амьдрах хэрэгтэй. Эрүүл энх байж, урт удаан наслахын нууц байгаль" гэж хэлэх байна даа. Баянцагаан ууланд ан амьтан, жимс жимсгэнэ элбэгтэй, онгон дагшин сайхан хангай шүү.
 
Энэ орон нутгийг хамгаалж яваа үр хүүхдүүд та нар минь энэ уулыг дархлах хэрэгтэй. Цаашдаа аялал жуулчлалын анхаарал татсан газруудын нэг болох ёстой. Хил хамгаалах үйлсэд хүчээ сорьж яваа дархан хилийн зоригт эзэддээ Хил тань амгалан байж, Хилийн тэнгэр цэлмэг байх болтугай гэж ерөөе.
 
 
-Ерөөл бат орших болтугай. Бидэнтэй сайхан дурсамжуудаасаа хуваалцсан танд маш их баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
 
Ярилцсан: Социологи, сахилга дүн шинжилгээний ажилтан Ахлагч З.Түмэннаст 
 
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ" сонин