sonin.mn
Бид заримдаа телевизийн зохиомжит нэвтрүүлгүүдээс хардаг хөгжилтэй агшин амьдралд тохиолдож байдаг. Тэр бүх зүйл гагцхүү амьдралаас л урган гардаг. Ингээд шинэ жилтэй холбоотой хөгжилтэй явдлуудаас хүргэе. 
 
Өвлийн өвгөн галд өртсөн нь
 
1950-иад онд Төв аймагт нэгэн сумын клубт шинэ жил тэмдэглэх болжээ. Юм ховор нандин байсан цаг. Цагаан цасыг илэрхийлж хөвөнгөөр чимэглэл хийдэг байж. Өвлийн өвгөн сахал үс, дээлийнхээ энгэр заамыг хөвөнгөөр эмжчихсэн их л додигор олны дундуур нааш цааш алхалж явна гэнэ. Тэр үед гэрэл гэж байсан биш дээ, энд тэндгүй лаа асаачихна. Нэг мэдсэн өвлийн өвгөний дээл лааны галд авалцаад бөөн гал олны дундуур дайран үүдээр гарч одоход араас нь хүмүүс хөөж барьж авч унтраасан гэдэг. Түүнээс хойш нөгөө өвгөн болсон нөхрийг "гал" гэж нутгийнхан хочлох болсон түүхтэй.
 
Жил нь баярын заалыг бусниулав
 
Явган ярианаас сонсох нээ бас нэгэн сумын дарга үг хэлээд "ёлка" эхэлтэл алиалагч нь үхэр хөтлөөд орж. Тэр жил нь үхэр жил гарч байсан юмсанж. Нөгөө үхэр нь олон хүний шуугианаас дайжаад явж өгөхгүй байснаа клубын зааланд баачихаж. Үүнээс болж сумын хоёр дарга үзэл сурталгүй ёлка тэмдэглэсэн гэж аймгийн намын хорооноос "донгодуулсан" түүхтэй.
 
Өвлийн өвгөн эрүүлжүүлэхэд хоносон нь
 
1980-аад онд нэгэн аймаг спорт зааландаа нэгдсэн шинэ жилээ тэмдэглэж гэнэ. Театрынх нь жүжигчин өвлийн өвгөн болж. Тэр нөхөр архинд дуртай нэгэн байсан учир баяр тарангуут өвгөнийхөө өмсгөл хувцастай айл хэссэн гэнэ. Айлууд ч шинэ оны босгон дээр өвлийн өвгөн орж ирсэнд бэлэгшээн багагүй дайлж, цайлаа биз. Удалгүй нөгөө өвлийн өвгөний бор дарс нь хэтрээд гудамжинд уначихсан байсныг эргүүлийн цагдаа нар олж эрүүлжүүлэхэд аваачсан туд "өвлийн өвгөн эрүүлжүүлэхэд хоносон гэнэ" гэсэн яриа тархаж, нөгөө жүжигчин ажлаасаа халагдсан бодит түүх бий.
 
Онцлог 
 
-Яагаад гадаадын Санта нар ганцаараа бэлэг тараагаад явдаг байхад манай өвлийн өвөө болохоор цасан охин, шинэ он энэ тэр гэсэн наян дагуултай явдаг юм бэ?
-Үндэсний онцлог. Тэдний Санта нь шинэ он гарсны дараа өөрөө гэртээ харьчихдаг. Харин манай Өвлийн өвөөг хоёроос гурван хүн дамжлахгүй л бол болохгүй шүү дээ...
 
 
Өвлийн өвөөгөө чангалсан нь
 
Би 5-6 настай байсан шиг санагдана. Шинэ жилээр манайд Өвлийн өвөө ирэх юм боллоо. Бид бүгдээрээ, манай дүү, эгч.., сэтгэл хөдөлчихсөн, хаалганы хонх дуугарахыг хүлээгээд сууж байсан сан. Нэг их удалгүй баахан сахал болсон Өвлийн өвгөн аав том ууттай бэлгээ үүрээд л ороод ирлээ. Хүүхдүүд баярлалдаад дор дороо цовхорцгоогоод , алга ташаад л. Харин дүү маань айж, бидний араар нуугдаад уйлж байсан санагдах юм.
 
Өвлийн өвөө, бүдүүн дуугаар бидний нэрийг дуудаад бэлэг өгч эхлэв. Өвөө үнсэхээр тонгойход сахал нь жинхэнэ биш, гэдгийг би мэдлээ. "Өвөө таны сахал яагаад ийм байгаа юм бэ?" гэв. Тэгээд нөгөөх сахлаас нь татаад үзтэл ээж хажуунаас хашгираад гарыг маань бариад авч билээ. Бид өвлийн өвөөгийн өгсөн бэлгийг тэр дор нь задаллаа.
 
Бэлэг нь манай хажуугийн 60 дугаар дэлгүүрт байдаг бор цаасан ууттай. Тэр бэлгийг би сайн мэднэ. Аав тэр дэлгүүрт ажилладаг, тэр бэлгийг боож байхад би хажууд нь байж, харж байсан юм. Ингээд дахиад хэрэг мандах нь тэр. "Өвлийн өвөө та яагаад евлийн орноосоо бэлэг авчраагүй, аавын дэлгүүрт байдаг бэлэг авчирсан юм бэ. Өвлийн өвгөний орноос л авчирсан бэлгийг л авна" гээд уйлаад суучихав.
 
Уг нь, Тэр өвлийн евгөнийг нэг их цастай, том том ууттай бэлэгнүүд нь гацуур модноос дүүжлээстэй, цасан ширхэг байнга хаялж байдаг газарт амьдардаг, тэндээсээ бидэнд бэлэг авчрах л юм ойлгоод байсан шиг байгаа юм. Аав, ээж хоёр маань ч бас яг ингэж бидэнд ойлгуулсан. Ээж, "Өвлийн өвөө уг нь, бэлэг авчирсан чинь замдаа дуусчихаад, тэгээд аавынх нь дэлгүүрээс нэмж бэлэг авсан юм" гэж намайг аргадлаа.
 
Би бууж өгөхийг хүссэнгүй. "Яагаад замдаа бэлгээ дуусгачихсан юм" гээд уурлаж гарав. Үүнийхээ хүчинд хоёр гурван бэлэг нэмж авсан. Удалгүй Өвлийн өвгөн манай өвөөгийн өмсдөг үстэй дээлийг өмсчихсөн байхыг анзаарав. Тэр дээлийг сайн мэдэхийн учир нь, Хайлаастад байх өвөө аавындаа очих бүр өвөө намайг тэр дээлээр байнга хучиж унтуулдаг Хормойг нь би галд хүргээд бага зэрэг шатаачихсан, өнгө нь гандмал цэнхэр даалимбан дээл л дээ.
 
"Өвөө, Та манай өвөө аавын дээлийг яагаад өмсчихсөн юм бэ?" гэж асуутал "Өвөө нь аваагүй ээ, аваагүй Танай өвөөгийн дээл биш гэж байна". Би ч "Мөн" гээд л зүтгэчихлээ. Түүнээс болсон уу, удалгүй Өвлийн өвгөн явах болов. Би ч евөөгийнхөө дээлийг өгөхгүй гээд, хормойноос нь зууралдаад уйлаад суучихсан даа. Манай гэрийнхэн энэ явдлыг шинэ жил бүрээр л дурсан ярьж хөгжилддөг юм. Тэр Өвлийн өвөө нь аав байсан юм билээ.
 
/Д.Энхтайван/
 
Нөхөрсөг шогоос үүдсэн сургамж
 
Олон жилийн өмнө хөдөөгийн нэгэн суманд болсон нэгэн явдлыг дурсая. 1980-аад он. Шинэ жил хөдөө сумын төвд болдог хамгийн сайхан баяр байлаа. Одоо тийм сайхан баяр болдог үгүйг хэлж мэдэхгүй юм. Тэр баяраар оныхоо шилдэг сайчуудыг шагнана, өвлийн өвгөн цасан охид, 12 жил болно гээд бөөн юм болно. Багт наадам, ханын сонин, зурагт хуудасны уралдаан зарладаг байв.
 
АСК гэгддэг асуулт хариултын тэмцээнд сумын хэдэн "сэхээтнүүд" баг болж өрсөлдөнө. Бүжиг, наадам бол ёстой л тасархай. 1989 он шиг санагдана. Миний бие шинэ жилийн нөхөрсөг шог зургийн уралдаанд оролцсон юм. Манай бригадын төдийгүй сумын хамгийн сайн малчдын нэг "Өндөр" хочтой Догмид гэдэг торчгор жижигхэн үрчгэр хөгшин байх. Тэгэхэд "Өндөр" ах 50 гаруй настай байсан ч 20 дөнгөж гарч байсан надад хөгшин л харагддаг байж.
 
Догмид ахын өндөр нь үсрээд л 150 см орчим болов уу, их намхан болохоор нь нутгийнхан өхөөрдөж "Өндөр" гэсэн аж. "Өндөр" ах үнэхээр малч хүн. Тэр жил улсын аварга малчин болсон байсан. Догмид гуайн бойжуулсан хурга нь бараг л төлөг шиг. Тэгээд энэ сайн талыг нь баахан дөвийлгөх санаатай Догмид ахыг хургыг нь унаад, эхийг нь дүүрээд инээчихсэн давхиулж яваагаар зурлаа даа. /Далан худалчийн үлгэрт гардаг Ботгыг нь унаад, эхийг нь дүүрээд явдгаас сэдэв авсан нь тэр/.
 
Хэрэндээ л хичээсэн учир овоо сайн зураг болов. Харсан хүн бүр л "Үгүй энэ өндөр Догмидыг ээ, яг шүү" гэж дуу алдахаар...
Зурагныхаа доод талд нь Догмид ахын бойжуулсан хурга нь эхийгээ эзэнтэйгээ тээгээд явчихаар тэнхээ чадалтай төрдөг, тийм сайн, мундаг малч хүн дээ гэсэн санаатай шүлэг ч хүртэл бичиж хавсаргалаа. Бас ч хэд хэдэн хүний нөхөрсөг шог зураад амжив. Би ч "бүтээл" -ээ түрүүлнэ гэдэгт итгэлтэй байв. Энэ маань ч талаар болсонгүй. Нөхөрсөг шог зургийн уралдаанд түрүүлдэг юм байна.
 
Тэр шинэ жилийг чимсэн нэг зүйл нь миний тэр хэдэн зурагнууд байсан юм. Үзсэн бүхэн л цагаахнаар инээн, дуу алдацгааж, би ч сэтгэл хангалуун байсан. Гэтэл шинэ жилийн дараа би хүсэн хүлээж байснаасаа огт өөр үр дүнг үздэг байгаа. Догмид ах надад гомдоод, уурлаж, бүр уйлж байна гэж дуулдлаа. Өөрийг нь аймшигтай муухайгаар доромжилсон гэж үзэж байгаа гэнэ. Би ч яаран тэднийхийг зорив.
 
Уулзаж, ярилцаж, санаа сэтгэлээ нээлцэх хэрэгтэй биз дээ. Намайг гэрийнх нь доод хошуугаар гараад ирэхээр Догмид ах морио унаад хойд уул өөдөө давхичихна. Гэргий нь уг нь их сайхан цайтай, ид уу болсон сайхан хөгшин. Өмнө нь би тэднийхээр олонтаа орж гарч, идэж ууж явсан. Гэтэл надтай хүний урманд хар цагаан ч дуу байдаггүй шүү. Бүр харах ч үгүй. Би яалтай ч билээ.
 
Догмид ахтай уулзахаар отож байгаад хониных нь бэлчээр дээр давхиад очихоор хонио хаяад зугтаачихна. Нэг удаа сумын тев дээр Хоршооны дэлгүүрт санамсаргүй тааралдсан чинь гялс эргээд гараад явчихдаг байгаа. За, ингээд би гэдэг хүн, хүн хөгжөөх, хөөргөх гэсэн биш баахан сэтгэлийн зовлонтой явах болов оо, хөөрхий. Тайлбарлаж ойлгуулахаар бригадынх нь даргыг, хүний бага эмчтэй нь Догмид ахынх руу явууллаа. Сонсдоггүй гэнэ дээ.
 
Догмид ах "Тэр хүү намайг аймар муухай доромжилсон, түүнд муу юм хийгээгүй л юмсан, ёстой муу хүүхэд" гэж хэлж байна гэнэ. Сүүлдээ "Би ямар доромжилсон биш, иймхэн нөхөрсөг шогийг ойлгохгүй, зөнөгтөөд байхдаа яахав дээ" гэсэн шүү юм бодогдож, уур ч хүрэх болов. Бас нэг бодлын их хөгжилтэй ч юм шиг, эсхүл эмгэнэлтэй ч юм шиг. Гэтэл түүнээс бүр ч хачин явдал болов.
 
Нэг удаа хөдөөгүүр тэнэж яваад Догмид ахын ойр хамаатан "ишиг" хочтой Балжирынд очив. "Өндөр" Догмидын садан төрөл биш гээд байгаа юм шиг яг л хатиартсан ишиг шиг бас нэг жижигхэн нөхөр байх. Намайг ирсэнд Балжирийнх нэлээд хөл алдаж байна. Хонь муулж, нэрмэл гаргалаа. Хоноод яв, гэснээр нь Балжиртай нэг хоёр шил нэрмэл "султгаж" хонов.
 
Өглөө мордохдоо, сайхан дайлж цайлсанд нь баярласнаа хэлбэл Балжир "Чи цаад муу Догмидийг нохойг ганц сайхан чадсан шүү. Бараг жил гаруйн дараа Догмид ахтай нэлээд халамцуу явахад нь таарав. Энэ хугацаанд би Догмид ахтай хэрхэн харьцах учраа, өөрөөр хэлбэл, тэрхүү нөхөрсөг шог зургийг нөхөрсөг гэдэг утгаар нь тайлбарлаад огтхон ч хүлээж авахгүй, ойлгох ч үгүй юм байна.
 
Тэгснээс зүгээр л би таныг тийм муухай доромжилсон юм аа, миний буруу, гэмшиж байна, буруугаа хүлээж байна, уучил, өршөө, энээ тэрээ гэвэл хүлээж авах юм байна гэдгийг ойлгоод байсан юм. Тэгээд Догмид ахын өмнө "буруугаа" наминчилж Догмид ах асгартал уйлаад, намайг тэврээд авав. Тэгээд хоёулаа Ар Тармын гурав голыг шувтартал, Ар Цайдмыг сэнсэртэл долоо хоног наргисан даа. Харин тэр цагаас хойш би аливаа хүнийг явуулж, шоглож наадахдаа баахан болгоомжтой болж билээ. Хошигнолыг огт ойлгодоггүй хүн бас байдаг юм шүү.
 
/Б.Номинчимэд/
 
Эх сурвалж: “Ганзам” сонин