sonin.mn

Хувь заяаны эрхээр хорвоогоор нэг тархан суурьшсан Монгол туургатан Ижил мөрний Торгууд монголчуудын дотроос төрсөн сод билэгтэн олон байдаг билээ. Тэдний нэгэн болох Европын алдарт зураач, сийлбэрч, Бадены герцогуудын ордны зураач Федор Иванович Кальмык (1763-1832 он)-ийн тухай товч өгүүлье.

Халимагийн хээр талаас 7 настай монгол жаал хүүг Петербургт авчирч, Хатан хаан Екатерина II түүнд Федор Иванович Кальмык гэдэг орос нэр өгчээ. Ингээд Хатан хаан түүнийг Германы Бадений Амалий Фредерик нэрт гүнжид өгсөн ажээ.

Федор Рейн мөрний ойролцоох Карлсруэ хотын зургийн сургуулийг төгсөөд ордны зураач Меллитийн шавь болжээ. Багшаа насан өөд болсны дараа уран зургийн галерейн захирал Беккерийг дагалдан ажилласан байна.

Мөн Итали, Грек, Англид очиж эртний Грек, Ром болон сэргэн мандалтын үеийн урлаг соёлтой танилцаж, сийлбэрийн урлагийг төгс эзэмшжээ. Федор Иванович Кальмык нь Гомер (1), Фидии (2), Пракситель (3), Гиберти (4), Микеланжело(5) зэрэг алдарт яруу найрагч, уран барималч, зураачдын нэрт бүтээлүүдийг сийлбэрт мөнхөлснөөрөө Европод төдийгүй, дэлхийд алдаршсан уран бүтээлч юм. Эдүгээ түүний 80 гаруй сийлбэр Британий музейд (6) байдаг гэнэ.

Тэр дунд 40 орчим насны, сахалтай, элдэв чимэглэл, чамирхал, гоёлгүй монгол хүний сийлбэр байдаг нь Федорын өөрийнх нь хөрөг ажээ. Түүний энэхүү хөргийг нэрт хөгжим, урлаг судлаач В. В. Стасов: "Энэ бол сийлбэрийн урлагийн гайхалтай бүтээл мөн" гэж тодорхойлсон байдаг.

Блюменбахын 1810 онд Гёттингенд хэвлүүлсэн Байгалийн түүхийн зургууд гэдэг номоос Федор Халимагийн хөргийг үзэж болно. Алдартай бүтээл нь "Галатеин ялалтын баяр", "Вакханали" (7), "Марс Венера хоёр", "Гебелийн хөрөг" зэрэг болно.

Федорын хамгийн алдартай уран бүтээл нь Карлсруэ-ийн төв сүмд байх Иисүс Христийн амьдралаас сэдэвлэсэн барельеф юм. Федор нь герман, итали, англи хэлийг төгс эзэмшсэн боловч, монгол, орос хэл мэдэхгүй байлаа. 1813 онд оросын цэрэг Наполеонтой байлдаж, ялан Германы нутгаар дайрч явахад оросуудтай уулзаад хэл нэвтрэлцэхгүйдээ харамсаж байжээ.

Федор Халимаг 1832 онд Карлсруэд нас барсан бөгөөд түүний дурсгалд зориулж, хөшөө босгожээ. Гёте түүний тухай бичихдээ: "Агуу төгс сайхан бүтээлүүд нь сэтгэл зүрх, оюуныг минь догдлуулдаг, асар сод авьяастан бол Федор Халимаг юм" гэжээ.

1972 онд Лондонд зохион байгуулагдсан "неоклассицизмийн зуун" үзэсгэлэнд Федорын Швейцари, Дани, Герман, Английн уран зургийн галерейд хадгалагдаж буй бүтээлүүдийг нь дэлгэн үзүүлжээ.

Тэдгээрийн дунд мөн алдарт Гомерын өв бүтээлд зориулсан сийлбэрүүд байжээ. 2011 онд Халимагийн Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас Федор Халимагийн нэрэмжит дүрслэх урлагийн шагналыг бий болгожээ.

Гун-Аажав овогтой Галсанжамцын Уламнэмэх
2014 онь 1 дүгээр cap

Эх сурвалж: "Хөх толбо" сонин