sonin.mn

Бид стратегийн ордуудын талаар том гүрнүүд ямар бодлого баримталдгийг өнгөрсөн зууны 70-аад оны дунд үеэс л анзаарч эхэлсэн. Том гүрний удирдлага, ялангуяа Зөвлөлтийн дээд удирдлага Эрдэнэтийн алт, мөнгө, зэсийн орд дээр манай эрх баригчдын санаанд оромгүй нууцлаг бодлогын хувилбарыг тун чадмаг амилуулсан.

1978 оны зун Эрдэнэтийн хамтын үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлтэй холбогдсон 60 боть материалыг улсын төлөвлөгөөний комиссын нэгдсэн төлөвлөгөөний хэлтсийн мэдэлд өгч, улмаар миний ширээн дээр зориуд талбисан нэгэн түүхэн агшныг би сонордуулж хэлэх нь зүйтэй гэж үзэв.

Миний бие энэ 60 ботиос зөвхөн нэгдсэн ботийг нь л сонирхсон. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны эдийн засгийн гол үзүүлэлтүүд эцсийн дүнд Монгол улсын эдийн засгийг бие даасан голдрил руу зүглүүлэх шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг хийлээ. Эрдэнэтийн УБҮ бүрэн ашиглалтанд орсноор Монгол улсын үндэсний орлого 5 дахин өсөх нь байтугай, хоёр дахин ч өсч чадахгүй болчихсоныг олж мэдэв.

Үндэсний орлого ердөө л хорьхон хувиар нэмэгдэв. Тийм л тооцоо техник-эдийн засгийн үндэслэлд тусгагдсаныг анхаарч Эрдэнэтийн стратегийн ордын валютын орлого 5:95 гэсэн шалгуураар ЗХУ-ын хувьд нэн их ашигтайгаар хуваарилагдах нь тодорхой болсон. Хожим нь улс ардын аж ахуйн 5 жилийн телөвлөгөөнд тодотгол хийх явцад Эрдэнэтийн үйлдвэрийн жинхэнэ дүр төрх илчлэгдсэн гэлтэй. Эрдэнэтийн үйлдвэрээс болж Зөвлөлтийн дээд удирдлагын баримталдаг бодлого жинхэнэ социалист бодлого биш гэдэг нь илчлэгдэж эхэллээ.

Бид бас нэг баримтыг сонордуулъя. 1978 оны 12-р сард төлөвлөгөөний төв байгууллага Зөвлөлтийн төлөвлөгөөний хороотой Улс ардын аж ахуйн төлөвлөгөөний зохицуулалт хийсэн. Ийм зохицуулалтын нэгдсэн хуралдаан дээр СССР-ийн Улсын төлөвлөгөөний хорооны Нэгдсэн төлөвлөгөөний хэлтсийн орлогч дарга товч үг хэлэв. Урьд нь олон удаагийн зохицуулалт хийхэд иймэрхүү оршил үгийг Зөвлөлтийн талаас ер нь хэлж байгаагүй.

Монгол улсын үйлдвэрлэсэн үндэсний орлого Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтанд орсноор олон дахин нэмэгдэж чадахгүй гэсэн үзэл санааг хэлтсийн орлогч дарга анх удаа албан ёсоор дурьдсаныг миний бие анхааралдаа авч л таараа. Дээрхи оршил үг надад үнэхээр хачин өөр сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бол эхний анхааруулга байв.

Дараагийн үйлдэл нь юу байсныг би "Хөх толбо" сонины 2014 оны 4 дүгээрт дурдсаныг дахин дурьдъя:"Зөвлөлтийн гол гол мэргэжилтнүүд Зөвлөлт гүрний жинхэнэ улс төрийн статусыг Монгол улсаас хамгийн түрүүнд намайг олж харсан гэдгийг анзаарч надад хандах урьдын хандлагаа эрс өөрчилж эхэлснийг би анзаарсан гэлтэй. Тэд: "Нэргүй доктор оо, Та биднийг, бидний үзлийг зад шүүмжлээд өгөхгүй юу" гэхэд нь "Би та нарын төлөвлөгөөндөө гол болгож баримталдаг үзлийг арван жилийн дараа илчилж, ёстой шүүмжилсэн шиг шүүмжилнэ шүү" гэсэн хариултыг өгөхөд тэд: Арван жил гэдэг нэн урт хугацаа юм. Тэр үед бидний ихэнхи нь хорвоог орхичих болов уу даа" гэж хэлж байсан.

Монголчууд бидэнтэй Улс ардын аж ахуйн төлөвлөгөөний зохицуулалтаар байнга хамтарч ажилладаг Зөвлөлтийн сүрхий нэг мэргэжилтэн бий. Түүнийг Е.И.Савенков гэдэг. Зөвлөлтийн төлөвлөгөөний хороонд Монгол, Вьетнам, Куба улсыг хариуцсан тасаг байдаг бөгөөд энэ тасагт Савенков Монгол улсын төлөвлөгөөний зохицуулалтыг хариуцсан гол мэргэжилтнээр ажилладаг. Тэрбээр 1979 оны зун гэнэт миний ажилладаг өрөөнд орж ирээд надаас хоёр асуудалд хариулт авах гэж оролдсон.

Эхний асуудал нь нефтьтэй холбоотой байсан бол, хоёр дахь асуудал нь ерөнхий төлөвлөгөөг зохиохдоо чухам ямар макро үзүүлэлтүүдийн шүтэлцлийг нийгэм-эдийн засгийн бодлоготой яаж холбодог арга зүйтэй уялдаж байв. Савенков ямар зорилгоор дээрхи хоёр асуудлыг надаас зориуд ирж асуусан учрыг миний бие мэдэж байсан учраас би хариултыг шууд л түүнд тулгаж хэлсэн. Ер нь нефтиэр Монгол улсын өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн балансжилтыг барьцаалдагаа болих хэрэгтэй.

Нэгдсэн төлөвлөгөө, нийгэм-эдийн засгийн бодлогын шүтэлцлийг миний бие товч хөндөөд л орхисон. Ер нь Зөвлөлт нөхөд Эрдэнэтийн стратегийн ордоос болж Зөвлөлт төрийн эдийн засгийн бодлогыг Монголын зарим эрдэмтэд, тухайлбал, доктор П.Нэргүй урьд урьдынхаас үлэмж өөр өнцгөөс танддаг  болсныг анзаарлаа. Хэзээ нэгэн цагт Зөвлөлт төрийн том бодлого бидний өмнө гол гол чиглэлүүдээр илчлэгдэх учиртай байв.

Бидний саяын хөнддөг гурван үйлдэл ямарч л байсан намайг гадаад бодлогыг, ялангуяа Монгол улс руугаа хандсан Зөвлөлтийн гадаад бодлогыг Монголын ард түмний язгуур эрх ашигтай уялдуулж төрийн бодлогын гол гол чиглэлүүдийг тандахад онцолж анхаарахад хүргэсэн гэлтэй. Ер нь тэгээд 1979 оноос эхлээд л надад харьцдаг байдал 180 хэмээр өөрчлөгдсөн гэж хэлж болно. Ялангуяа бүр дээрээс намайг намын бодлогод харш хүн гэж үздэг үнэлгээ цөөнгүй хүмүүсийг надаас зайгаа барихад хүргэсэн.

Намайг гарал үүслээр нь далимдуулж Хятадын тагнуулаар өргөмжилж явсаар энэ асуудал Улсын прокурорт хүрч эцэст нь намайг хэзээ ч Хятадын тагнуул байгаагүй гэдэг нь нотлогдсоны дараа намайг намын бодлогод харш хүн гэсэн мундаг томъёолол 1990 он хүртэл яригдсаар миний хийсэн том судалгааны гол үр дүн болж өгсөн. Ардчилсан хувьсгалын онол, үзэл, бодлогыг албан ёсоор батлуулсны дараа намын бодлогод харш хүн гэсэн улиг домог болсон яриа эцэслэж өндөрлөсөн юм.

Намын бодлогод харш хүн гэсэн томъёолол санаандгүй гарсан зүйл огт биш. Над мэтийнхнийг өндөр албан тушаалд очихоос айж урьдчилгаа цохилтуудыг өгөх хувилбар далдуур хэрэгжиж байсныг миний бие гадарлаж явдаг байсан. Намайг аспирантурт 3 жил суралцахгүйгээр дэд эрдмийн зэрэг хамгаалсныг, докторантурт 4 жил суралцахгүйгээр докторын зэрэг хамгаалсныг олон хүн таашаан хүлээж авлаа.

Гэвч зарим том даргуудад миний эрдмийн зэрэг хамгаалалт огт таалагдаагүй гэдгийг ч би хувьдаа анзаарч байсан. Ялангуяа Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга, дэд эрдэмтэн П.Жасрай, түүнийг дагаж тус комиссын дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Содном хоёр намайг өндөр албан тушаалд залрахаас эмээж миний нэр төрийг гутаах элдэв оролдлогуудыг хийж байв.

Миний эсрэг 1979-1983 онд тэд бараг таван жилийн турш хор найруулж, хуйвалдаан өрнүүлж бүр сүүлд нь Намын хянан шалгах хороогоор, Улсын прокуророор миний асуудлыг шалгуулж өс хонзонгоо авах гэж мөн ч их чармайн ажилласан даа. Энэ бүгдийг миний бие 30 гаруй жилийн турш хэнд ч цухуйлгаж ярихгүй явсаар эцэст нь чухам юу болсоныг дурьдах шаардлага зайлшгүй гардгийг миний бие гүнээ ухааран ойлгож, надад учирсан "адал явдлууд"-ыг зүгээр нэг хүүрнэх биш чухамдаа нийгэм-эдийн засгийн бодлоготой, түүхэн замналтай, Ардчилсан хувьсгалтай, онол-улс төрийн тэмцэлтэй холбон судалж том том асуудлуудыг зон олонд толилуулах нь зүйтэй болов уу гэж боддогоо шууд хэлчихье.

Надаас өрсөж том албан тушаалд очих гэсэн лут хүсэлдээ хөтлөгдсөн мундаг даргууд хамгийн эцэст Ерөнхий сайдын албыг хашсанаар Монгол улсад ямар гай тарьж нүгэл үйлдсэнийг нь товч боловч тодруулж айлтгах нь зүйтэй гэж би үздэг.

1970-аад онд намайг Улсын төлөвлөгөөний комисст Нэгдсэн хэлтсийн даргаар ажиллаж байхад тус комиссын байршилын хүрээлэн БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний хөгжил байршилын Ерөнхий схемийг Зөвлөлтийн эрдэмтэд мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулсан. Уул схемийг Улсын төлөвлөгөөний комиссын удирдлага бүхий л талаар дэмжин ажилладаг байлаа.

Энэхүү Ерөнхий схемийг зориуд Нэгдсэн төлөвлөлтөөс, Улсын ардын аж ахуйн төлөвлөлтөөс дээгүүр өргөмжилж сурталчилдаг айхавтар хандлага бий болов. Ерөнхий схем нь ямар ч нөхцөлд нийгэм-эдийн засгийн төлөвлөгөөг, улс ардын аж ахуйн төлөвлөгөөт балансыг орлож чадахгүй гэдгийг бид анхааруулдаг байсан. Зарим хүмүүс үйлдвэрлэх хүчний хөгжил байршилын Ерөнхий схемийг дөвийлгөж 1980-аад онд арван жилийн турш уул схемийн тоон үзүүлэлтүүдийг зогсоо зайгүй сурталчилсаар яваад эцэст нь Ерөнхий схемийн "толгой"-г том өөрчлөн байгуулалтын шуурганаар залгиж тонилгов.

Бид үйлдвэрлэх хүчний хөгжил байршилын Ерөнхий схемийг улс төрийн том бодлогын төвшингөөс цэгнэдэг байсан болохоос биш, салбарын болон нутаг дэвсгэрийн өндөрлөгөөс, салбар хоорондын уялдааны өнцгөөс дүгнэж байгаагүй. Ерөнхий схемийг цэгнэж дүгнэх эрх Улсын төлөвлөгөөний комиссын Нэгдсэн төлөвлөгөөний хэлтсийн даргад байдгийг тус комиссын удирдлага, байршилын хүрээлэнгийн эрдмийн зөвлөл ойлгоогүй явсан гэлтэй.

Ийм үнэлэлт дүгнэлтийг бид "Хөх толбо" сонинд хэд хэдэн удаа хөндөж бичсэн ч гэсэн зарчмынхаа дүгнэлтийг дахин дуулгах нь зүйтэй гэж үзэж байна. Үйлдвэрлэх хүчний хөгжил байршилын Ерөнхий схем нь үйлдвэрлэх хүчний далд колоничлолын Ерөнхий схем болчихсон байсныг би хувьдаа оношилж тогтоосон. Тийм ч учраас миний бие далд колончлолын Ерөнхий схемд нэн тааламжгүй хандаж байсныг Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Содном, Төрийн сайд П.Жасрай мэдэхийн дээдээр мэдэж байв. Далд колоничлолын талаар хоёр том дарга ямар ч ойлголтгүй явж ирсэнийг түмэн олонд би хэлэх ёстой.

Нэг хэсэг хугацаанд Ерөнхий схем Улсын төлөвлөгөөний комиссын дээд удирдлагын төвшинд онол-бодлогын зөрөлдөөн болон хувирч байсныг хэлэхийн ялдамд улс орны хувь заяаг шийддэг бас нэг лут асуудал гарч ирсэн нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр байлаа. Эрдэнэтийн алт, мөнгө, зэсийн орд бол Монгол улсыг жинхэнэ бие даасан улсын төвшинд өргөмжилж сүндэрлүүлэх тийм аугаа стратегийн орд байсан гэж миний бие дүгнэж цэгнэдэг байв.

Зөвлөлтийн дээд удирдлага Эрдэнэтийн стратегийн ордыг огт өөр өнцгөөс харж байсныг манай нам төрийн эрх баригчид ухаараагүй байсан бөгөөд одоо ч нэг л ойлгохгүй явсаар байгаад нь би харамсдаг. Эрдэнэтийн стратегийн ордын жинхэнэ нууц нь юу байсан бэ гэдгийг Зөвлөлтийн дээд удирдлага манай эрх баригчдад хэлэхгүй явсаар өнөөг хүргэсэн. Тэр тусмаа ийм нууцыг олж илчлэх чадвар даан ч том дарга Д.Содномд, П.Жасрайд заяагаагүй байв. Эрдэнэтийн ордын нийт валютын орлого нь зүй нь 95:5 гэсэн шалгуураар Монгол улсын хувьд, өмчийн эзний хувьд Монголын ард түмэнд ашигтайгаар хуваарилагдах ёстой байв.

Гэвч улс төрийн эдийн засгийн ухааныг эзэмшээгүйгээс болж Эрдэнэтийн стратегийн ордыг улс төрийн аугаа бодлогын төвшинд биш, зөвхөн улсын нэгдсэн төсвийн зиндаанд буулгаж үздэгээс тус ордын их баялагийн 95 хувийг хойд хөршдөө алдаж монголчууд бид зөвхөн 5 хувийг нь л хүртэх хувь заяатайгаа золгосон аж. ЗХУ-ыг социалист их гүрэн хэмээн ойлгосоор, ЗХУ-ын коммунист намыг жинхэнэ далд колониалист нам болчисоныг Содном, Жасрай хоёр олж харахгүй явсаар Монгол улсыг 1981 онд эдийн засгийн нууцлаг хямрал руу түлхэж орууллаа.

Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн онол арга зүйг огт мэдэхгүй тийм даргуудыг намын томилолтоор Улсын төлөвлөгөөний комиссын өндөр албан тушаалд илгээдэг практик нэн буруу байсныг хэлэх ёстой. Содном ч тэр, Жасрай ч тэр, аль алин нь нийгэм-эдийн засгийн төлөвлөлтөөр, төлөвлөгөө бодлого хоёрын уялдаа шүтэлцэл зохицуулалтын талаар ямар ч мэдлэггүй байсан билээ. 1968 оны эцсээр Д.Содномыг Сангийн яамны сайд байхад нь түүнийг Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч даргаар, Төрийн сайдаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо томилсон.

Ер нь Улсын төлөвлөгөөний комисс 1965-1966 онд, Д.Содномыг Улсын төлөвлөгөөний комисс руу илгээхээс гурван жилийн өмнө Улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөг том бодлогын төвшинд боловсруулах өндөр зиндаанд хүрч очсон байв. Ийм өндөр зиндаанд Улс ардын аж ахуйн төлөвлөгөөг зохиоход ЗХУ-ын Улсын төлөвлөгөөний хорооны гол гол мэргэжилтнүүдийн бүлэг туслаж байсныг бид зүй ёсоор үнэлдэг. Үүнээс гадна Улсын төлөвлөгөөний комиссын их ажил үйлсийг бадраахад, төлөвлөгч-эдийн засагчдыг бэлтгэж дадлагажуулахад Улсын төлөвлөгөөний комиссын хоёр том дарга (Т.Рагчаа, Б.Ринчинпэлжээ) жинтэй хувь нэмэр оруулсныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Улсын төлөвлөгөөний комисс жинхэнэ төлөвлөлтийн комисс болж хувирсанаас хойш, төлөвлөлт, бодлого, зохицуулалт, хяналт цэгцэрсэнээс хойш Д.Содномыг Улсын төлөвлөгөөний комиссын өндөр албанд томилсон явдлыг уучилж болшгүй алдаа байсан хэмээн би дүгнэж явдгаа хэнээс ч нуугаагүй. Намын төв хорооны хэлтсийн эрхлэгчээр П.Жасрай ажиллаж байгаад Улсын төлөвлөгөөний комисст нэгдүгээр орлогч даргаар, Төрийн сайдаар томилогдон ажилласнаас хойш тус комиссоос орлогч даргууд нь, хэлтсүүдийн дарга нар зугтдаг болсныг миний бие "Хөх толбо" сонины түрүү түрүүчийн дугаарт толилуулсан.

Улсын төлөвлөгөөний комисс нь нийгэм-эдийн засгийн болон соёлын төлөвлөгөөг төрийн бодлоготой шүтэлцүүлэх ажлыг зөвхөн жилээр төдийгүй, бас таван жилээр, хэтийн төлвөөр хийж хэрэгжүүлдэг байгууллага гэдгийг Содном, Жасрай нар зүрх сэтгэлээрээ, оюун ухаанаараа ойлгож чадаагүй явсаар том алдаа хийчихсэн билээ.

Содном цаг ямагт Сангийн яамыг Улсын төлөвлөгөөний комиссоос дээгүүр өргөмжилж, Улсын нэгдсэн төсвийг нийгэм-эдийн засгийн болон соёлын хөгжлийн төлөвлөгөөнөөс өндөрт магтан дөвийлгөж явдгийг нь тус комиссын цөөнгүй хүмүүс элэглэн дооглодгийг миний бие мэддэг байсан. Тийм ч учраас бүхэл бүтэн эдийн засгийн тогтолцоог зөвхөн улсын төсвийн шалгуураар цэгнэдэг явдал Д.Содномд эдийн засгийн бодлогыг бүхэлд нь тандаж дүгнэх чадварыг эзэмших боломжийг олгоогүй ээ. Нийт улс ардын аж ахуйн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг төлөвлөгөө зохиолтын эцсийн шатанд заавал төсвийн эх үүсвэрээр барьцаалж дөвчигнөдөг практикийг чухамдаа Д.Содном л төлөвшүүлсэн шүү дээ.

Нийт хөрөнгө оруулалтын санхүүжилтэнд төсвийн хөрөнгө 10 гаруйхан хувийг эзэлдэг ч гэсэн улсын төсөв эдийн засгийн аугаа хөшүүрэг мөн гэдгийг л нотолгоожуулах гэж чармайж байсныг Улсын төлөвлөгөөний комиссын хэлтсүүд болон гол мэргэжилтнүүд мэдэж түүнийг Сангийн яамныхаа өлгийнөөс мултраагүй пацаан гэж хочилдог байв. Нийт хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хангахад улсын төсвийг бодвол улсын санхүүгийн нэгдсэн баланс гоц үүрэгтэй байсныг Д.Содном байнга үгүйсгэж явдаг байлаа.

Хэрэв Эрдэнэтийн цогцолборыг Зөвлөлтийн эрх баригчид Монгол улсыг далдуур колоничлох хүчит зэвсэг болгосныг Содном, Жасрай хоёр ойлгоогүйгээс гайтаж Монголын эдийн засаг бүхэлдээ лут хямралд 1981 оноос өртсөнийг тэр хоёр дарга хэзээ ч олж харж чадахгүй гэлдэрсээр 1990 онтой золгосон билээ. Бид Монгол улсаа, Монголынхоо эдийн засгийг зөв голдрилоор урагшилж байна уу, эсвэл буруу голдрилоор хямран гэлдэрч байна уу гэдгийг дүгнэж тогтоодог шалгуурыг бүр 1965-1966 оноос хэрэглэдэг болсон.

Ийм мундаг шалгуур нь чухамдаа нийт хөрөнгө оруулалтыг жижиглэнгийн бараа гүйлгээнд харьцуулсан харьцамж байсан юм. Энэ тухай бид "Хөх толбо" сониноор олон удаа зон олонд сонордуулсан учир уул харьцамжтай холбогдсон нэг л асуудлыг товч хөндье. Үүнийг бид юуны өмнө өөрчлөн байгуулалттай уялдуулж ярих хэрэгтэй байсан. Содном, Жасрай хоёр төрийн өндөр зиндаанд оччихоод хөрөнгө оруулалтыг жижиглэнгийн бараа гүйлгээний 95 хувь дээр, дараа нь 80 хувь дээр буулгах чиглэлийг өөрчлөн байгуулалтын зарчмын чиглэл болгон сонордуулах ёстой байв.

Яагаад гэвэл жижиглэнгийн бараа гүйлгээнд үнийн өөрчлөлтийг чандлан барьдаг лут оньс манай улсад олон жил ашиглагдаж байсан бөгөөд ийм нь оньс нь Монгол улсын,.. Төв банкны кассын төлөвлөгөө, Улсын төлөвлөгөөний комиссын боловсруулдаг хүн амын мөнгөн орлого зарлагын баланс хоёрын огтлолцлын цэг дээр амилж үйлчилдэг. Харин хөрөнгө оруулалтын цаана далд инфляци хэрэгждэг байсныг Содном, Жасрай хоёр зүй нь илчилж тэмцэх ёстой байлаа. Гэвч тэдний анхаарал Улсын төлөвлөгөөний комиссын гол гол хүмүүсийг зайлуулж улмаар Улсын төлөвлөгөөний комиссыг Моломжамц-Содномын бүлэглэлийн гap хөл болгоход чиглэсэн байжээ.

Улсын төлөвлөгөөний комисс нь улс орны хөгжил дэвшлийг төлөвлөн хөтөлж залуурддаг төв байгууллага байсан болохоос биш янз бүрийн бүлэглэлүүдийн хүчийг зузаалж улмаар засгийн дээд эрхийг атгах гарцыг нээж өгдөг байгууллага биш гэдгийг бид хэлэх ёстой. Тус комисс Моломжамц-Содномын бүлэглэлийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалж улмаар тус бүлэглэлийн гишүүдийг нам төрийн өндөр албанд томилуулдаг дамжлага бааз биш гэдгийг Содном, Жасрай нар мартсан. 1984 онд болсон далд хуйвалдаанаар Д.Содном Сайд нарын Зөвлөлийн даргаар өргөмжлөгдөж Улс төрийн товчооны гишүүн болов. П.Жасрай Улсын төлөвлөгөөний комиссын дарга, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар шат ахив.

Моломжамц-Содномын бүлэглэл Засгийн эрхийг гартаа оруулж авах тэмцэлд лут ялалт байгуулж өөртөө Дэжид-Лхамзавын бүлэглэлийг хамсаатан болгосон. Хамгийн гол нь маршал Ю.Цэдэнбалыг бүх тушаалаас нь огцруулахдаа түүнийг мартамхай болсон гэдгээр шалтаглаж Москвад Кремлийн хатуу хяналтын доор цөлсөн төдийгүй, бас Жалан-Аажавын бүлэглэлийг, Майдарын бүлэглэлийг Монголын улс төрийн тавцангаас тонилгож чадлаа.

Ийнхүү засаглалын дээд эрхийн төлөө тэмцэлдэж байхад манай эдийн засагт том хэмжээний далд хямрал үргэлжилсээр байсныг дарга мяндагтнууд олж хараагүй байв. Яамд газруудад ажиллаж байсан Зөвлөлтийн олон зөвлөх мэргэжилтнүүд 1981 оноос эхэлсэн хямрал эрч хүчтэй өрнөж байсныг огт зүүдлээгүй явснаа хожим хүлээн зөвшөөрсөн шүү.

Миний бие 1980 оноос гэрийн хорио гэгч үл үзэгдэх гянданд гавлагдаж судалгаа хийх эрхгүй болж, хичээл заах эрхээ хасуулж, цалин пүнлүүгээ зад бууруулж мундаг хэлмэгдэлтэнд өртсөн ч гэсэн МАХН-ын Төв хорооны, түүний Улс төрийн товчооны, Засгийн газрын, Моломжамц-Содномын хүчирхэг бүлэглэлийн огт мэдээгүй, огт зүүдлээгүй нууцлаг аюулууд (далд колоничлол, 1981 оны эдийн засгийн хямрал, 1984 оны улс төрийн хямрал)-ыг олж харсан төдийгүй, эдгээр аюулаас Монгол улсаа яаж аврах вэ гэсэн лут асуудлуудтай шууд нүүр тулгарсан билээ.

Нам засгийн эрх баригчид онол-улс төрийн мэдлэгээр нимгэн, бас марксизм-ленинизмийн диалектик арга зүйг эзэмшээгүйгээс болж нийгмийн амьдралд үүссэн зөрчил, хямралуудыг олж харах оюуны мэлмийгүй болчихсон байлаа. Өндөр албан тушаал авах, өндөр хангамж эдлэх, алдар нэр олох явдал манай дарга ангийн гурван чухал шалгуур болж хувирав.

Өндөр зиндаанд очихын тулд хүмүүс том даргыг бараадах, түүний ивээлд багтах, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлэх, үнэнч гэдгээ байнга нотлохын төлөө зүтгэдэг боллоо. Өөрчлөн байгуулалтыг өрнүүлэх чиг шугамыг ЗХУ-ын коммунист нам бусад намууддаа зөвлөж шуурхайлахыг шаардаж байсан. Өөрчлөн байгуулалт Монгол улсад ернөхдөө социализмын элдэв гажуудлуудыг засаж, социализмыг бүхэлд нь сайжруулж эрүүлжүүлэхэд чиглэгдсэн байв.

Өөрчлөн байгуулалтыг МАХН-ын Төв хороо гардан зохион байгуулж явсаар эцсийнхээ шатанд орохдоо МАХН-ыг төр засгийн эрх мэдлийг атгадаг гол хүч хэвээр байлгах зорилгоосоо ухраагүй байжээ. Социализмыг авч үлдэхийн тулд МАХН-ыг гол удирдан зохион байгуулагч хүч хэвээр байлгах хэрэгтэй болсон. Үүнтэй уялдаж залуучуудыг Ардчилсан хөдөлгөөнд хамруулж Улс төрийн товчоог огцруулах, Сайд нарын Зөвлөлийг татан буулгах гэсэн хоёр гол шаардлагыг гаргаж тавьлаа.

Ийм шаардлагыг өөрчлөн байгуулалтыг гардан удирдаж байсан Намсрай-Жамсранжавын бүлэглэл дэвшүүлсэн. Энэ шаардлагадаа уул бүлэглэл эцсээ тултал үнэнч үлдсэн билээ. Намсрай-Жамсранжавын бүлэглэлтэй сөргөлдөж Моломжамц-Содномын бүлэглэл улс төрийн өөр шаардлагыг илүү чухалчилдаг болжээ. Эл бүлэглэл Сайд нарын Зевлөлийг огцруулахыг эрс эсэргүүцдэг бөгөөд харин улс төрийн товчоог огцруулах нь зүйтэй гэж дэмждэг.

МАХН-ын доторхи ийм хоёр том бүлэглэл сүүлдээ айхавтар зөрчилддөг болж уул зөрчлөө шийдвэрлэхийн тулд Моломжамц-Содномын бүлэглэлээс Бямбасүрэн, Очирбат, Зардыхан гурав МоАХ-г гуравдугаар сараас эхлэн хагаралдуулж улс төрийн өлсгөлөнгөөр далимдуулж хамгийн сүүлийн мөчид ганцхан шаардлагаар, өөрөөр хэлбэл улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагаар бамбайлж улс төрийн өлсгөлөнг зогсоолгож улмаар Ардчилсан хувьсгалын зарчмын чиг шугам хэрэгжлээ гэсэн зальт аргаар олон түмнийг төөрөгдүүлж чадлаа. Өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулайг устгах аргыг Моломжамц-Содномын бүлэглэл хэрэглэснээс Намсрай-Жамсранжавын бүлэглэл улс төрийн тавцангаас арчигдаж харин МоАХ БОЗ-ын залиланд өртөлгүй мултарч МоАН-ын анхдугаар их хурлыг тун яаралтай хуралдуулах бэлтгэл ажилдаа орсон.

Моломжамц-Содномын бүлэглэл нь өөрчлөн байгуулалтын үйлсэд, ялангуяа Ардчилсан хувьсгалын өрнөлтөд ёстой бөөн садаа хийснийг бид илчилж дурьдах учиртай юм. Моломжамц- Содномын бүлэглэлээс аажмаар БОЗ-ын бүлэглэл улам тусгаарлах чиг шугамийг хэрэгжүүлж эхэлсэн. Нэгэнт сайд нарын зөвлөлийг тараалгалгүй амьд авч үзсэн явдал хожим БОЗ-ын бүлэглэлийн Эвслийн Засгийн газрыг байгуулахад нэн тустай зүйл болсон аж.

МАХН өөрчлөн байгуулалтын гол удирдагч Намсрайг зайлуулж Моломжамц-Содномын бүлэглэлийг ивээлдээ байлгаж БОЗ-ын бүлэглэлийг улс төрийн манлай хүчний зиндаанд өргөмжилж улмаар Ардчилсан хувьсгалыг нугаслах далд хуйвалдааныг сүрхий зохион байгуулсан гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. 1990 оны 4-р сарын 27-ны далд хуйвалдаан эцсийн дүнд МоАХ-г, МоАН-ыг, МСДН-ыг, МҮДН-ыг БОЗ-ын тугийн дор хөл нийлүүлж Улсын бага хурлыг тэд нараар зөвшөөрүүлж өндөр албан тушаалуудыг хувааж авах замыг нээсэн гэлтэй.

МоАХ-ны болон МоАН-ын гол гол даргууд өндөр албан тушаалд санаархаж Ардчилсан хувьсгалын үйл хэрэгээс урвасан учир 1990 оны 5-р сарын 6-нд бид Улсын бага хурлыг Ард түмний онц зөвлөлийн эсрэг сөргүүлж тавьсаныг гол шалтгаан болгож Ардчилсан хувьсгалыг зогсоолгосон. Бидний дээр дурьдсан чухал үйлдэл баримтуудыг хураангуйлвал ер нь Содном Жасрай гэсэн том том даргууд Монгол улсын язгуур эрх ашгийн төлөө биш өөрсдийн өндөр албан тушаал, цалин пүнлүү, алдар нэрийн төлөө улайран зүтгэж улс оронд маань далд колоничлол сүндэрлэснийг олж хардаггүй, эдийн засгийн лут хямрал дэгдсэнийг мэддэггүй, нууц хуйвалдааныг, төрийн далд эргэлтийг сийхгүй хэрэгжүүлдэг харгис хүч болж хувирсныг хэнбугай ч олж харах байх.

Хамгийн аймшигтай үйлдэл юу байсан бэ гэвэл Моломжамц-Содномын бүлэглэл Ардчилсан хувьсгалыг үзэн ядаж энэхүү хувьсгалыг нугасалж дарахын төлөө бүхий л арга саамыг хэрэглэсэн бөгөөд ялангуяа БОЗ-ын бүлгийг мангар бороохой болгож ашиглахдаа Шинжлэх ухааны социализм бол явуургүй социализм мөн гэсэн Д.Бямбасүрэнгийн үзэл томъёоллоор халхавчилж МАХН-ыг ч, МоАН-ыг ч, МСДН-ыг ч, МҮДН-ыг ч түүхэн их төөрөгдөлд умбуулж хорлонт бодол тэмүүллээ хэрэгжүүлж амжлаа.

Бид бас нэг баримтыг толилуулъя. Бүхэл бүтэн улс төрийн намыг, бараг 70 жил улс орныг удирдан зохион байгуулж байсан лут намыг мангартуулж байгаад гол үзэл, номнолоос нь урвуулж чаддаг лут ид шидийг чухамдаа Д.Бямбасүрэн 1990 оны Ардчилсан хувьсгалын үеэр харуулсан. Польшийн болон Унгарын эрдэмтдийн дэвшүүлсэн "социализм бол явуургүй нийгэм мөн" гэсэн улс төрийн томъёоллыг Д.Бямбасүрэн чухамдаа МАХН-д тулгаж эл мундаг намыг марксизм-ленинизмээс татгалзуулж чаджээ.

МАХН-ын гол удирдагчид далан жилийн турш марксизм-ленинизм гэж худлаа лоозогнож, хөдөлмөрчин ардын тархийг ёстой угаасан шиг угааж номхон, хүлцэнгүй, дуулгавартай иргэд болгон хувиргаж тэднээр тоглоом тохуурхал хийсээр яваад адаг сүүлд нь МАХН-ыг марксизм-ленинизмээс гарамгай урваж чаддаг улс төрийн хүчин болгож хувиргасан аж.

Марксизм-ленинизмийн далд нууцыг, диалектик арга зүйн агуулгыг ухаараагүй явсаар, ажилчин ангийн язгуур эрх ашгийг эдийн засгийн, аж төрөх ёсны, соёлын, улс төрийн бодлогоор хамгаалж баталгаажуулдаг гайхамшигт ид шидийг таньж мэдэхгүй мунхаглан гэлдэрсээр МАХН-ын дээд удирдлага, түүний дарга анги өөдгүй, хулчгар шаарууд, хов живийн тулмууд, албан тушаалын жинхэнэ хэнээтнүүд болсон нь бүрэн илчлэгдэв. Ийм балай хачирхалт үйл явдлын манлайд Моломжамц-Содномын бүлэглэл, БОЗ-ын нялханцар бүлэглэл алхаж явсан гэлтэй.

Хуучин МАХН-ын том том лийдэрүүд Зөвлөлтийн дээд удирдлагын ашиг сонирхлыг илэрхийлж хамгаалдаг бөгөөд Монгол улсын гол удирдагчаар хэнийг өргөмжлөх вэ гэсэн лут асуудлыг Зөвлөлт ах нараараа шийдүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл Монголын төрийн жолоо хаашаа, яаж хандахыг дотоод хүчин биш харин гадаад хүчин тодорхойлдог горим 20-р зууны эхэн үед төлөвшчихсөн байсныг бид товч боловч дурьдах хэрэгтэй болов уу.

Үүнтэй холбогдуулж Монгол улсын ирээдүй болон хувь заяа яаж шийдэгдэх ёстой вэ гэсэн асуудал хэнбугайн ч анхаарлыг татах байх. Юуны өмнө хаант Оросын том улс төрчдийн баримталдаг үзлийг дурьдах нь чухал шүү. Монгол улсын хувь заяаны асуудлаар гурван чиглэл гарч ирсэн. Эхний чиглэл нь бүх Монголыг нэгтгэн Хятадаас салгаж Их Орсын хамгаалалт авах явдал байв. Ийм чиглэлийг консул Шишмарев, Люба, эрдэмтэн түшмэл Котвич нар баримталдаг.

Монголыг Хятадаас салгахын тулд монголчуудын сэтгэлд нийцсэн зорилтыг тунхаглах учиртай. Тухайлбал Монгол улсад Хятад амбанг суулгахгүй, Монголд Хятад иргэдийг оруулахгүй, бас хятад цэргүүдийг байршуулахгүй гэсэн гурван зорилтыг дэвшүүлдэг байж. Монголчууд хэзээ ч Хятад улсад дагаар орохгүй гэдгийг Оросууд сайн мэддэг байжээ. Ер нь монголчууд"нь өөрсдийгөө хятадуудад ч, оросуудад ч устгуулахгүйн төлөө зүтгэдэг хүмүүс.

Ер нь монголчуудыг бороохойгоор л номхруулж болно гэдгийг оросууд нь ч, хятадууд нь ч мэддэг байв. Оросууд өөрийн элдэв балай шаардлагуудыг монголчуудад хүчээр сүрдүүлэн тулгаж гэрээ хэлэлцээр байгуулдаг нь нэгэнт тодорхой болжээ. Тэгвэл хоёрдахь чиглэл гэж бас гарч ирсэн. Энэ нь Орос, Хятадын дунд Монгол улсыг бамбай улс, жийргэвч улс болгох чиглэл юм. Ийм чиглэлийг Москвитин, Коростовец, Козин, Майский нар баримталж байжээ.

Энэхүү чиглэлийг Октябрийн хувьсгалын дараа Сталин болон түүний хүрээллийнхэн тууштай хэрэгжүүлж чадсан. Хоёрдахь чиглэл нь Монгол улсыг хаант Орос улсын болон Зөвлөлт гүрний хараат улс болсныг хэнд ч хэлэлгүй тас нуухыг эрхэмлэдэг. Бас хаант Орос улс, Зөвлөлт гүрэн нь Монгол улсын найдвартай өмөг түшиг мөн гэсэн үзэл санааг Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд төлөвшүүлэхийг нэн чухал гэж оросууд үздэг.

Хаант орос улсын эзэн хааныг шүтэн бишрэх, ЗХУ-ын гол удирдагчийг тахин шүтэх ёсыг түгээхийг оросууд эрхэмлэдэг юм. Үүнээс гадна Зөвлөлт гүрэнтэй холбож хоёр чухал уриаг байнга давтахыг сурталчилдаг. Нэг нь Зөвлөлтийн коммунист намыг, Зөвлөлтийн улаан армийг байнга магтах, байнга өргөмжлөх уриа юм. Нөгөө нь сэтгэл харамгүй тусламж, мөнхийн найрамдал гэдгийг үргэлж цуурайтуулах уриа байв. Ийм хоёр мундаг чиглэл Монгол улсын улс төрийн статустай уялдаж гарч ирсэн.

Тэгвэл бид дээрхи хоёр чиглэлээс огт өөр бас нэг гайхалтай чиглэл байдгийг хэлэх нь зүйтэй байх. Ийм чиглэлийг Зөвлөлтийн их удирдагч Ленин, Зөвлөлтийн гарамгай лийдэр Бухарин хоёр дэвшүүлжээ. Монгол улсыг колоничлуулахгүй байх, Их Монгол улсыг байгуулж сүндэрлүүлэх гэсэн улс төрийн аугаа чиглэлийг бид хэлж байгаа юм. Бид гурав дахь чиглэлийг "Хөх толбо" сонины өмнөх дугааруудад дурьдаж зон олондоо толилуулсан билээ.

Ленин, Бухарин хоёр Монгол улсын хувь заяаны асуудлыг Оросын ажилчин ангийн язгуур эрх ашгийг үндэслэж тавьсан юм шүү. Маркс, Энгэльс хоёр ч Монгол улсын ирээдүйг судалж дүгнэхдээ өс хонзонгоо тайлах тэр цаг мөчид оросууд асар их хэмжээний хулгайн өмчөө жинхэнэ эздэд нь буцааж өгөх ёстой гэж хэлж байжээ.

Монгол улс их улс байснаа түүхийн нугачаанд газар нутгаа алдаж эцсийн дүнд алдсан газар нутаг өмчөө буцааж авах ёстой гэсэн түүхэн үнэнийг бид чин үнэнээр нь ухаарч ойлгох нь чухал.

Доктор П.Нэргүй

Эх сурвалж: “Хөх толбо” сонин