sonin.mn

30 жил дуулж саяхан төрдөө үнсүүлж гавьяат цол хүртсэн дуучин Н.Төмөрхуягийг ямар ч байгууллага хамт олноос гавъяатад тодорхойлоогүй байхад нь Ерөнхийлөгч сэтгэлээсээ гавъяат цолыг нь өгчихсөн гэнэ.

Түүнийг тодорхойлох шаардлагагүй тодорхой нэгэн учраас төрийн тэргүүн маань ийм огцом бөгөөд ойлгомжтой шийдвэр гаргасан бололтой. Үнэхээр нүдээ олсон шагналын нэг бол энэ байсан. Төрдөө үнсүүлсэн Төмөрхуягийг үнссэн төр нь ч үзэж баярласан түмэн нь ч юм үнэртүүлчихсэн байдагт нь эмзэглэж өдий хүрсэн.

Тиймээс түүнийг гавъяатын цол тэмдгээ зүүгээд гарч ирэнгүүт амралт сувиллын газар луу шууд аччихжээ. Гавъяатын угаалга, мялаалганы асуудалд нь анхаарал "хандуулж" байсан зарим нэг уран бүтээлч энэ гэнэтийн үйлдлээс болж жийгдсэн байна. Сайн дуучныг сайхан болгох гэж байгаа нь тэр.

Бас түүнд хандив өргөж тоглолт зохион байгуулах гээд буй. Тоглолтын орлогоор нэрт дуучинд хоёр өрөө байр авч өгөх зорилготой. Гитараа үүрээд Монголоо хүртэл тойрч үзсэн түүнийг урлагийн Янжинлхам бурхан ивээж авъяасыг харамгүй хайрласан шигээ аз жаргалыг дундуургүй өгөөсэй гэж залбирах хүн цөөн бус.

Ардчилсан Ерөнхийлөгч гэх Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа нэр дэвшиж байхдаа "Би Адарсүрэнгийн гавьяат цолыг өгч чадна" гэж байсан. Гэхдээ яагаад энэ амлалтаа өдий хүртэл хэргжүүлээгүй нь сонин.

Ерөнхийлөгчийн санаачлагаар алдарт дуучин Адарсүрэнгийн дуунуудыг алдаршуулан сануулах арга хэмжээг хүртэл хүү нь зохион байгуулж байсан удаатай. Тийм атлаа гавъяатыг нь өгөөгүй байгаа нь хачирхалтай.

Эх сурвалж: "Болсон явдал" сонин