Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ. Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ.

Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, "Намайг хамт аваад яваач" гэж гуйхад Шунал "Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга" гэлээ.

Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр "Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно" гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр "Чамтай хамт явья" гэхэд хариуд нь "Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна" хэмээв.

Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй. Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. "Хайр минь, хүрээд ир би чамайг авч явья". Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ.

Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хичнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс "Надад хэн тусласан юм бэ?" гэж асуув. Тэр "Цаг хугацаа" гэж хариулжээ. "Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?" Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь "Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог" гэжээ.

Эх сурвалж: "Булганы мэдээ" сонин