sonin.mn

Манайд эх орончид зөндөө. Гэхдээ тэдний хайр нь ихэнхдээ уриа дуудлагаас хэтэрдэггүй. Эсвэл эх оронч уриа дуудлагаар хэн нэгэн авлигачаа айлгаж ашиг олоод таг чиг болдог юм болов уу. Эх орондоо хайртай байх нь хашгичиж цээжээ дэлдэхээс илүү өөрөө хийж бүтээхийн дээр эх орныхоо бизнес эрхлэгчдэд хайртай байхын нэр гэж ярьдаг хүн бий.

Харин манай зарим хүмүүс дайны талбарт гардан атакт орох гэж байгаа юм шиг уриа хашгираад хэн нэгэн рүүгээ довтолдог. Эдийн засагчид өнөөдрийн ам.долларын ханшийг бидний хэрэглээний гажгаас үүссэн гэж байгаа. Гадаад вальюттай харьцах төгрөгийн ханш ингэтлээ суларсан нь Монголбанк мөнгө үйлдвэрлээгүйгээс биш бидний хэрэглээнээс болсон хэрэг л дээ.

Гудамжны жагсагчид, УИХ гишүүд бүгд л эх орондоо хайртай гэх боловч гадаадын үнэтэй хослол өмсч, олон мянган ам.долларын төмөр хүлэг сойдог. Савлагаатай цэвэр ус уусан ч гаднын компанийнхыг авч чамирхдаг биш билүү. Энэ нь дотооддоо долларын эрэлт бий болгож үнийг нь өсгөхөөс гадна үндэсний үйлдвэрлэгчдийг
босгохгүйгээр дарж байгаа юм.

Нөгөө талаас ийм байдал үргэлжилсээр гадаад худалдааны тэнцэл асар зөрүүтэй болсон. Тиймээс төгрөгийн ханш унасан. Үндэсний үйлдвэрлэл сэргэхгүй байна хэмээн төртэй тэмцэж байгаа хүн өөрөө үндэсний үйлдвэрлэлийг дарж байсан гэсэн үг. Үр дүнд нь гадаадаас импортоор авдаг бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ.

Дундаж амьдралтай иргэд гадаад оймс, чихэр авахаа азнаад мах, гурилдаа санаа тавьдаг хандлагатай болчихлоо. Жинхэнээсээ эх орондоо хайртай байгаагүйнхээ гайг ингэж нийтээрээ хүртдэг юм байна.

Гэтэл бидний дургүй хятадууд бүгдийг өөрсдөө хийдэг. Солонгосчууд бол бүр ч аймаар. Гадаадад жуулчилж явсан ч өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэж, эх орон нэгтнийхээ буудалд байрладаг. Тухайн очсон улсынхаа хамаг сайхныг үзэж харсан хэрнээ улсдаа орлого оруулаад байдаг.

Тийм болохоор дэлхий нийт "царцаа жуулчид" гээд их л дургүй гэсэн. Тэд бидэн шиг хөх толбо энэ тэр ярилгүйгээр улс орноо хүчирхэг, баян болгочихож.

Ж.Баярсайхан

Эх сурвалж: