sonin.mn

Цагдаа нар өчигдрөөс эхлэн шинэ дүрэмт хувцсаа өмсч эхэллээ. Тэд энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн шинэ хуулиа мөрдөх болсон. Өнгөрсөн онд Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталснаар энэ салбарт олон өөрчлөлт гарсан юм.

Тухайлбал, он гарсаар цагдаагийн төв байгууллагын бүтэц, алба хэлтсүүд болон хаяг байршил нэр хаягаас өгсүүлээд багагүй өөрчлөгдсөн. Хамгийн сүүлд гэхэд хуулийн дагуу Цагдаагийн сүлд чуулга болон дотоодын цэргийн ангийг татан буулгасан билээ. Тэгвэл хуулийн өөрчлөлтийн нэг хэсэг нь цагдаа нарын шинэ хувцас болж байна.

ЦЕГ-аас санал оруулж, Ерөнхийлөгчийн баталсны дагуу алба хаагчид ийнхүү шинэ хувцастай болж байгаа юм. Шинэ дүрэмт хувцасны давуу тал нь цагдаагийн албан хаагчдын ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг хангасан, чөлөөтэй, хөнгөн, шинэлэг төрх бүрдүүлэх гэж албаныхан тайлбарлаж байгаа.

Мэдээж цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэхэд хувцас нь садаа болохгүй, биед эвтэйхан байх ёстой. Энэ шаардлагыг шинэ дүрэмт хувцас хангасан бол талархууштай. Гэтэл уг хувцасны материалын хувьд хуучнаасаа ялгарахааргүй аж. Түүнчлэн цагдааг төрийн хүн гэдэг утгаар нь хэн хүнгүй хүндэтгэдэг. Ингэх нь ч зөв.

Гэтэл ийнхүү шинэ дүрэмт хувцсаа өмсөн зам дээр зогсох цагдаа нарыг харахад уур, инээд хоёр зэрэг хүрэх. Учир нь тэдний хувцас эгээ л хөдөө хээр мөөг түүхээр эсвэл загас агнахаар яваа хүнийх мэт харагдах нь инээд хүргэм. Гэтэл үнэндээ энэ бол инээхээсээ илүү уурлах асуудал мөнөөс мөн.

Учир нь эрх баригчид түмний халааснаас бүрдсэн төсвийн мөнгөөр олон нийтэд хүртээлтэй, эзнээ олсон зөв ажил хийх учиртай. Гэтэл энэ мэтээр цагдаа нарын хувцсыг сольж, мөрдэс зүүсэн төрийн хүмүүсийг их багагүй шоолох ажил сэдэх ч гэж. Шинэ дүрэмт хувцастай цагдаа нар ямар ч сүр сүлдгүй харагдахаас гадна төрийн хүн гэж хүндлэх сэдэл төрүүлэх нэг ч зүйл өнөөх хувцсанд нь алга.

Цагдаа нарын шинэ дүрэмт хувцсанд 5-6 тэрбум төгрөг зарлагадсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн энэхүү шинэ дүрэмт хувцас цагдаагийн бие бүрэлдэхүүнд улсын төсвөөс зарцуулах зориулалтын зарим хэсгийг танахад хүргэсэн гэдэг.

Өөрөөр хэлбэл, төсвөөс цагдаагийн бүрэлдэхүүнд зориулж буй мөнгөний зориулалтын жагсаалтаас алба хаагчдын байр болон өөр зарим нэг шаардлагатай хөрөнгийг хойшлуулаад байгаа юм билээ. Ингэж зарим хэрэглээг нь хассанаар шинэ дүрэмт хувцсанд зарцуулах төсөв "босч" байгаа юм байна.

Гэвч төдийлөн ач холбогдолгүй энэ хувцас бэлэн болсон. Нэг нь өмсч, нөгөө нь өмсүүлэхээс өөр аргагүй.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин