sonin.mn

Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа “Х-ТҮЦ” продакшны Ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийг урьж ярилцлаа.

-“Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид жилийн өмнө Дорно дахины сонгодог бүтээлийн нэг “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт дра­мын жүжгийг үзэгчдийн хүр­­тээл болгосон. Нэг хэ­сэг үзэгчдийг хуйлруулж бай­сан эл жүжгийг өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн дахин тайз­наа амилуулах болсон нь ямар учиртай юм бэ?

-Монгол Улсад орчин цагийн театрт урлаг үүсээд 80 гаруй жил болж байна. Манай ахмад үеийн уран бүтээлчид театр урлагийг мэр­гэжлийн түвшинд өв­лүүлж үлдээсэн. Бүр дэлхий дахинд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөгддөг онол, дэг жаягаар нь өвлүүлсэн. Энэ ч утгаараа Монголын театр урлаг өрнө дахины зарч­маар хөгжиж ирсэн гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл өнөөгийн театрынхан урлагийн ачааг ну­руундаа үүрч өр­нө дахины онол, прак­ти­кийг дорно дахины их сан хөмрөгтэй холбож олон сайхан жүжиг туурвиж бай­на. Олон улсын театр суд­лаач, мэргэжилтнүүд “Мон­го­­лын театр бол өрнө, дорно дахины уулзвар юм” гэж ярьж бичдэг.

Энэ ч үүднээс XX зууны Хятадын шилдэг “Шүэ Ки бүсгүй” бэсрэг романыг жүж­­­гийн хэлбэрт хөрвүүлэн тайзнаа тавьж байна. Хэ­дийгээр дорно дахины сон­годог зохиол боловч жү­жигч­дийн ажиллагаа, най­­руу­­лагчийн тавилт зэрэг нь Оросын школоор хийгдэж байгаагаараа онцлогтой.

-Дэлхийн аль ч театрт “Сэрүүн хасын нууц” жү­жиг тавигдаж байгаагүй гэдэг юм билээ?

-Бид дорно дахин, тэр тусмаа Хятадын алдарт эмэгтэй зохиолчийн бэсрэг романыг дэлхийд анх удаа жүжгийн зохиол болгон тавьсан. Уг роман өөр хаана ч, ямар ч орны театрт жүжгийн зохиол болж тавигдаагүй. Уг жүжгийн зохиолч нь өөрөө их адармаатай амьдралыг туулсан байдаг. Манайхан “Хуанжу гэг”, “Шиврээ бо­­роо шимшрэх сэтгэл” зэ­рэг олон ангит киноны зо­хио­­­лыг бичсэн гэдгээр нь андахгүй.

-Та тайз дэлгэцийн олон жүжиг, кино найруулсан туршлагатай, ахмад най­­руу­лагчдийн нэг. Най­руу­лагчаар 20 гаруй жил ажил­­лахдаа дорно дахины түүх соёл, уламжлалыг харуул­сан хэчнээн жүжиг тавьж байв?

-Их цөөхөн. Миний хувьд “Сэрүүн хасын нууц” эмгэ­нэлт драмын жүжиг гурав дахь бүтээл маань. Харин “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн хувьд олон зуун жилийн түүх соёлтой Хятадын ард түмний оюуны сан хөмрөгөөс түүн авч, сорчилж хийж байгаа хоёр дахь том бүтээл. Өмнө нь “Аянгын бороо” жүжгийг тайз­наа тавьж байсан. Жү­жиг ч амжилттай тоглогд­сон.

Харин өнгөрсөн хавар “Сэрүүн хасын нууц”-ыг тайзнаа амилуулсан. Тас­ралтгүй 28 хоног тоглогдсон байдаг. Жүжгийг маань үзэг­чид сайхан хүлээж авсан. Ам сайтай байдаг. Өрнийн ч бай, дорнын ч бай бүтээлийг тайзнаа амилуулахдаа тухайн ард түмэнд хүндэтгэлтэй хандах ёстой. Наад зах нь үндэснийх нь дэг жаяг, ёс заншлыг судлах хэрэгтэй. Жүжигт тоглож байгаа уран бүтээлчид тухайн орны зан үйл, онцлог, явдал суудал зэргийг мэдэж байх нь чухал.

-Дахин тайзнаа ами­луул­сан нь цаанаа ямар нэгэн учиртай байх. Магадгүй ирэх тавдугаар сард болох “Гэгээн муза” наадамд сойж байгаа ч юм билүү?

-Тийм. “Гэгээн муза”-д уралдуулахаар уяа, сойлгыг нь тааруулж байна.

-Хэр итгэлтэй байна?

-Итгэлтэй байлгүй яах вэ.

-Уг нь Шүэ Ки 20 орчим настай эмэгтэйн дүр. Шуудхан хэ­лэхэд эл дүрд МУГЖ И.Одон­чимэг арай л хөгшдөөд бай­гаа юм шиг ээ?

-Нэг үзэгдэлд л 20-иод насны бүсгүйн дүр бүтээнэ. Үйл явдал есөн жилийн дараа өрнөнө. Нэг үгээр хэлбэл 30 настай эмэгтэйн дүр бүтээж байгаа юм. Энд ямар ч асуудал байхгүй. Хэдэн настай нь чухал биш хүний амьдралын асуудал яригдаж байгаа шүү дээ.

Би тайзан дээр “Одноо хөгшин харагдаж байна” гэдэг үгтэй санал нийлэхгүй. Тэгээд ч уран бүтээлчдийн нас ахихаар оюун ухаан, ертөнцийг үзэх үзэл, дадлага, туршлага жигдэрдэг. Од­ноо маань бүх зүйл нь жиг­­дэрчихсэн насандаа яваа уран бүтээлч. Энэ л үед юм хийлгэх хэрэгтэй. Тог­лосон жүжгийг нь үз гэж зөвлөх байна. Та бүхнийг гомдоохгүй гэдэгт итгэлтэй байна.

Чи бод л доо. Дөнгөж СУИС-ийг төгсөөд ирж бай­гаа охид яаж 29 настай эмэгтэйн дүр бүтээх юм. Хүүхэд гаргаж үзээгүй, хүн хайрлаж мэдэхгүй жаахан охид Шүэ Кигийн дүрийг яаж гаргаж ирэх юм бэ. Шуудхан хэлэхэд Одноогийн хэмжээнд хүртэл тоглож, дүрээ урлаж чадахгүй. Тэр бол энэ дүрд нас туршлага, аливаа зүйлд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл, үзэгчдэд яаж хүргэх вэ гэдгээ мэддэг.

-Таны ярианаас жү­жиг­чин хүнд авьяасаас гадна туршлага байх ёстой гэж ойлгогдож байна?

-Тийм. Бас тэнхээ байх ёстой. Таван минут орилоод л хоолой нь сөөчихвөл яах юм бэ. Хэцүү шүү дээ. Дээр нь тухайн дүрээ бүх бие сэтгэлээрээ мэдэрч хийнэ гэдэг маш их тэнхээ шаардсан ажил байдаг. Амьдрал үзэж, нухлагдаагүй зүрх сэтгэлтэй хүн амьдралын тэр ачааг тайзан дээр тээж явна гэж байхгүй.

Шуудхан хэлэхэд үлгэр дээ. Тийм ч учраас тэр бүх­нийг тээх чадвартай жү­жигчин л Шүэ Ки шиг дүрд тоглодог жамтай. Энэ бол бичигдээгүй хууль.

-Ойлголоо. Ингэхэд жүж­гийн сайн зохиол олдохгүй байна гэж найруулагч бол­гон л ярих юм. Энэ нь бай­гаа нь юутай холбоотой юм бол?

-Олон шалтгаан байна л даа.

-Жишээ нь?

-Монголын төр мундаг зохиолчдынхоо сайн зохио­лыг муу үнэлж байна. Бараг үнэлдэггүй гэж ойлгож болно. Үнэндээ ганц сайн жүжгийн зохиол байхад л улсынхаа нэрийг дэлхийд гаргадаг л байхгүй юу даа. Англи орныг алдарт У.Шекспиргүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ.

-Тэр ч тийм шүү. Бараг л төсөөлөгдөхгүй дээ?

-Үнэн юм чинь. Гэтэл сайн зохиол урт настай бай­даг төдийгүй хүн төрөлхт­ний оюун санааг ундаалах мөнхийн шидтэй байдгийг манайхан мэддэггүй, ойл­годоггүй. Төр засаг нь ч харалган байдаг. Оюуны аливаа уран бүтээл тухайн хүнээсээ маш их ур, ухаан, авьяас, цаг хугацааг шаард­даг. Амьдралынхаа тодорхой цаг хугацааг зарцуулна шүү дээ. Нуулгүй хэлэхэд хоолны мөнгөөр тарчигхан амьдралд ямар хүн сайн уран бүтээл туурвих юм. Ганц л жишээ хэлье.

-Ямар?

-Хятадын ард түмнийг хар. “Аянгын бороо” жүж­гийн зохиолчийг зөвхөн тэр жүж­гийг бичсэнийх нь төлөө төр засаг нь ивээлдээ авч өөд болтол нь тэтгэсэн байдаг. Сайн материал бичих оюуны бүрэн чадвартай гэж үзсэн учраас л тэр. Ха­рамсалтай нь манайд эсрэ­гээрээ. Ийм байхад хэнд ч сайхан жүжгийн зохиол бичих сонирхол алга. Бо­ломж, бололцоо ч хомс байна. Үүнийг төр засаг ойлгож, хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Бүр бодлогоор зо­хицуулах шаардлагатай.

-Нөгөөтэйгүүр сайн зо­хиол байхгүйн адил театрт чадвартай залуу найруулагч алга?

-Тиймээ, үнэн. Сайн най­руулагч төрүүлэх эсэхээ бурхан л мэдэх байх даа. Энэ цаг үед бидэнд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн шиг хүнийг хэд заяах юм бол. “Тамгагүй төр”-өөс илүү жүжгийг хэдэн хүн, хэ­зээ бичих бол. Бид мэдэх­гүй шүү дээ. Тэгвэл театрын найруулагч яг адил­хан.

Дахин төрөх эсэхийг нь мэдэхгүй юм. Мундаг, сайн найруулагч төрдөг. Түү­нийг нь л бид олох ёстой. Харамсалтай нь олдохгүй байна. Гарч ирэхгүй байна шүү дээ. Мэдэхгүй юм даа, ойрын хэдэн жилдээ гарч ирэхгүй байхыг үгүйс­гэхгүй.

-Шалтгаан нь?

-Өнөөх л төр засгийн бод­лого шүү дээ. Хэрэв най­руулагч хүн ийм сайхан амьдардаг гэх амьдралын баталгаагаа олж харах аваас залуус хошуурна. Тэдний дундаас хэн нэг нь ялгараад л гараад ирнэ. Улмаар Мон­голын театр урлагийг өөд нь татна, хөгжинө. Энэ нь биднээс шалтгаалахгүй төр засгийн бодлогоос л ха­маар­на. Үнэнийг хэлэхэд хэн бүх амьдралаа театрт зориулчихаад бидэн шиг амьдрахыг хүсэх юм бэ. Хэн ч хүсэхгүй шүү дээ.

Тийм ч учраас залуучууд найруулагч бо­лохыг хүсэхгүй, мөрөө­дөхгүй байна. Тэр нь ч ха­рагдаж байна. Үнэхээр чин сэтгэлээсээ найруулагч болъё гэсэн залуус алга.

Б.Төрбат

Эх сурвалж: